| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00325/И |
| Дугаар | 301/ШШ2025/00278 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00278
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 301/ШШ2025/00278 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С овогт Н.Ц-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Ц миний бие 1965 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн М үйлдвэрт нормчноор тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн М үйлдвэрт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд модны үйлдвэрт ажиллаж байсан. 1985 онд цэрэгт явсан. 1992 он хүртэл ажиллаад тарсан. Ө хоршоололд ажиллаж байсан тушаал байхгүй байсан. Шүүхээс бичиг авч байсан. Би ажилласан жилээ тогтоолгож өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Ц-т түр ороод гарсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 356 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа М үйлдвэрийн1983 оны баримтыг шүүн үзэхэд Н.Ц-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 360 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа М үйлдвэрийн1989 оны баримтыг шүүн үзэхэд Н.Ц холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шагнах тухай” 121 тоот тушаалд 1. ОМАҮ-р үүсч хөгжсөний 60 жилийн ойг угтаж амжилт бүтээл гаргасан болон ойн байгууллагат он удаан жил идэвхи зүтгэл гарган ажилласан дор нэр бүхий ажилчдыг шагнаж урамшуулсугай, нэрсийн жагсаалтын 31-т Ц, рамчин гэсэн,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 99 тоот тушаалд 1. 1985 оны цэргийн ээлжит татлаганд орж тэнцсэн дор нэр бүхий ажилчдыг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн ... зааснаар 1985 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй, нэрсийн жагсаалтын 5-т Н.Ц, рамчин гэсэн,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд авч ажлаас чөлөөлөх тухай” 89 тоот тушаалд 1. Доорхи ажилчдыг ажилд авч ажиллуулсугай, Үүнд: нэрсийн жагсаалтын 20-т Н.Ц-ийг 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр боловсруулах цехэд ажилчнаар /үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан/ гэсэн,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Жилийн эцсийн үр дүнгийн шагналыг олгох тухай” 199 тоот тушаалд 1. Жилийн үр дүнгийн шагналыг шагнал олгох зааврын дагуу тухайн жилд ажилласан хугацаанд нь 10-26 хоногоор бодож олгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 60-т Н.Ц, 18 хоног гэсэн,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 02 тоот тушаалд 1. Боловсруулах үйлдвэрт зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан зарим ажилтан, ажилчдын ажлыг өөрчлөн ажиллуулсугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 19-т ... Н.Ц ... нарыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс унины суурь машины ажилчнаар гэсэн,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Н.Цийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А, Ц хот, 1965 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ажилладаг байгууллага-А аймгийн М боловсруулах үйлдвэр, эрхэлдэг ажил-норм, ажилд орсон-1983, эрхэлж эхэлсэн он-1983, бүртгэсэн 1988.11.18 гэсэн,
- Н.Цийн гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр Н.Ц, А Ц хот, боловсрол-үгүй, ажилладаг байгууллага-МБҮйлдвэрт, эрхэлдэг ажил-нормчин, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн гэсэн,
А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 41 тоот албан бичгээр ирүүлсэн
- А аймгийн Өмч хувьчлалын комиссын “Жагсаалт батлах тухай” тогтоолд 1. Төрийн өмчид үлдэх болон төрийн өмч давамгайлсан байдлаар хувь оролцох, хувьцаалах, бага хувьчлалд хамаарагдах үйлдвэр, аж ахуйн байгууллагуудын жагсаалтыг хавсралтаар баталсугай, тушаалын хавсралтад Хувьцаанд хамрагдах байгууллагууд, М боловсруулах үйлдвэр гэсэн,
- А аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хувьчлах тухай” тогтоолд 1. Аймгийн ой модны нэгдлийг Ар хөвч хувьцаат компани болгон өөрчилж, хувьчлагдах хөрөнгийг 7577.1 мянган төгрөгөөр тогтоосугай гэсэн,
- Н.Цийн цэргийн албанд тэнцэгчдийн анкетад: Н.Ц, 1965 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, халх, А аймгийн Ч сум, 1984 оноос М боловсруулах үйлдвэрт, 1983 онд 8 дугаар анги төгссөн, ам бүл 8, Н, малчин, ээж Л тэтгэвэрт, Ах Ж, Ж 21 настай, 4 дүү сурагч гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Цийн А аймгийн М үйлдвэрт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 356 тоот тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 360 тоот тодорхойлолт,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шагнах тухай” 121 тоот тушаал,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 99 тоот тушаал,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд авч ажлаас чөлөөлөх тухай” 89 тоот тушаал,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Жилийн эцсийн үр дүнгийн шагналыг олгох тухай” 199 тоот тушаал,
- А аймгийн М үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 02 тоот тушаал,
- Н.Цийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягт,
- Н.Цийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- А аймгийн Өмч хувьчлалын комиссын “Жагсаалт батлах тухай” тогтоол,
- А аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хувьчлах тухай” тогтоол,
- Н.Цийн цэргийн албанд тэнцэгчдийн анкет, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Ц нь А аймгийн М үйлдвэрт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт Н.Ц-ийн А аймгийн М үйлдвэрт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН