| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0048/З |
| Дугаар | 123/ШШ2025/0046 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 123/ШШ2025/0046
2025 06 13 123/ШШ2025/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.М**********р,
Хариуцагч: Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын сонгуулийн хороо байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М**********р, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч А.Гантулга, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах.
Хоёр. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариу тайлбар түүний үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч А.М**********р шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, орон нутагт давхар нэр дэвшиж иргэдийн итгэлийг хүлээж хоёуланд нь сонгогдсон. Тухайн үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд давхар сууж болохгүй гэсэн тул хүсэлт өгч сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас чөлөөлөгдсөн. Тэр өдөр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн талаар мэдээгүй байсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжууд хэрэгжих боломжгүй учраас сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сууя гэсэн хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу сонгогдсон учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргээ хэрэгжүүлье гэсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Сумын Сонгуулийн хороо байгуулсан тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн. Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд бусад гэдэг асуудал дотор оруулж ирсэн. Ямар асуудал хэлэлцэх нь тодорхой бус байсан. Ажлын 3 хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч нарыг хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалаар бүрэн хангах ёстой. Гэтэл Сонгуулийн хороо байгуулах болон Үндсэн хуулийн цэц дээр маргаж байгаа асуудлын талаар судалж үзэх боломжоор хангаагүй, төлөөлөгч нарын мэдэх эрхийг олгоогүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад Сонгуулийн хороо байгуулсан нь надад үндсэн хуулиар олгосон сонгогдох эрх маань зөрчигдөж байна....Би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаагүй...Сонгуулийн хороо байгуулсан нь хүчин төгөлдөр бус. Тухайн үед би сумын Засаг даргын хувьд хуралдаанд сууж байсан. Санал 9, 9 болж тэнцсэн. Уг нь 50+1 гэсэн үндэслэлээр дэмжигдэх ёстой учраас Сонгуулийн хороо байгуулах асуудал дэмжигдээгүй. Төв аймаг Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах тухай” 4 дүгээр тогтоолын хүчингүй болгож өгнө үү гэв.
2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М**********р Төв аймгийн Э*********** сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар сонгогдсон. Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдаад А.М**********рын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан. Түүний дараагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаад давхар баталгаажуулсан байдаг. Ингээд тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсээгүй байсан тул эрх зүйн ухамсар бусад нөхцөл байдлуудыг удирдлага болгоод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад хурлын шийдвэрээр чөлөөлсөн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 155 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу өөр шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхыг хориглох гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар маргаан үүссэн. Энд маргаан үүссэн даруйд А.М**********р өөрийгөө чөлөөлсөн тогтоолд холбогдуулж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг яаж тайлбарлах бэ гэхээр өөрийг нь чөлөөлсөн тогтоол нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус акт хэлбэртэй байна. Одоо бол би энийг тодорхойлох боломжгүй, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Магадгүй Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг асуудал автоматаар ийшээ орж ирнэ. Ийм учраас энэ илт хууль бус акт хэлбэрт гомдол гаргах хугацаа байхгүй. Яагаад гэхээр гарсан цагаасаа эхлээд хэлбэрийн хувьд үр дагаваргүй байдаг. Хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргавал актад гомдол гаргах хугацаа байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2-ын асуудал ярьж байна. А.М**********рын хувьд Э*********** сумын Засаг даргын хувиар тухайн сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд оролцдог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2 бол 47.1-т заасан тооцоо судалгааг ажлын 3 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараана гэж байгаа юм. Нэхэмжлэгч өөртөө тараасангүй гэж байгаа юм биш. Тухайн Э*********** сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд орсон 18 төлөөлөгчид 47.2-т заасан шаардлагыг хангаж Сонгуулийн хороотой холбоотой мэдээлэл, тооцоо судалгааг тараагаагүй гэдгийг л хэлж байгаа юм. Хамгийн гол нь яагаад 47.2-ыг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд бичээд байгаа бэ гэхээр энэ Э*********** сум Сонгуулийн хороогоо байгуулах тооцоо судалгаа, эрх зүйн үндэслэл бүх асуудлыг хангалттай судалж хуралд оролцож байгаа 18 төлөөлөгчдөдөө урьдчилж тараагаад тэр төлөөлөгч нарын санал, хүсэлтийг аваад уг асуудлыг судлах эрхээр хангах ёстой байсан. Тэр төлөөлөгч дотор хурлын дарга шиг биш өөр санал бодолтой хүн явж байгааг үгүйсгэхгүй ш дээ. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явж байгаа юм биш үү, шүүх дээр хэрэг түдгэлзсэн байгаа юм биш үү тэр асуудлыг шийдвэрлэх хүртэл Сонгуулийн хороо байгуулах ёстой юм уу үгүй юм уу гэдгийг төлөөлөгч нар судлах субьектив эрхэд нь халдсан байгаа байхгүй юу. Үндсэн хуулийн цэцэд миний бие гомдол гаргасан, шийдвэрлэгдэхгүй уддаг юм байна, хурал зарлаагүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү...гэв.
2.3. Хариуцагч Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Гантулга шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр А.М**********раас гаргасан “Төв аймгийн Э*********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, А.М**********р, О.М******** нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр аймаг болон сумандаа давхар сонгогдож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөллөө хэрэгжүүлэх болсон учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр төлөөлөгчийн бүрэн эрхээ дуусгавар болгож чөлөөлүүлэх хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан. Уг хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, А.М**********р, О.М******** нарыг Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөх тухай 07 дугаартай тогтоол гарсан. Гэтэл А.М**********р, О.М******** нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч атлаа буцаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр давхар бүрэн эрх хэрэгжүүлэх тухай хүсэлтэй байгаагаа 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралд танилцуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаар хуралдаанд түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр давхар бүрэн эрх хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул хэлэлцээгүй. Уг шийдвэрийн талаар А.М**********р, О.М******** нарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04/18 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх"-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглосон байдаг тул дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар албан бичиг, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар "Нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоол, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор сумын Сонгуулийн хороог байгуулсан. Иймд А.М**********рын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн. Чөлөөлсөн тухай асуудлаа нэхэмжлэгч өөрөө мэдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц дээр 27-ны өдөр маргаан үүссэнийг мэдээд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд сууя гэдэг хүсэлтээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байдаг. Нэхэмжлэгч аймгийнхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суугаад сумынхаа иргэдийн хуралд оролцохгүй явж байгаа. Нэхэмжлэгчийг чөлөөлсөн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар акт хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол энэ актын талаар гомдлын шаардлага гаргах ёстой байсан. Энэ акт хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгч сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч биш гэсэн үг. Энэ актын гаргаснаас хойш сарын дараа холбогдох байгууллага болон шүүхэд гомдол гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэл гаргах хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь сумын сонгуулийн хороо байгуулах тухай 4 тоот тогтоол хүчингүй болгох гэсэн байдаг. 04 тоот тогтоолоос өмнө сумын нөхөн сонгуулийн товлох тухай 1 дугаар тогтоол гарсан байдаг. Үнэхээр би чинь энд эрхээ хэрэгжүүлээд байгаа юм шүү дээ, нөхөн сонгууль явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа бол 04 тоот тогтоол биш 01 тоот тогтоолд гомдол гаргах ёстой байсан. Тэгэхээр хоорондоо холбогддоггүй. Мөн энэ тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээ иргэдийн хурлын дэгийн 4.4 дэх хэсэгт “...Хуралд хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Төлөөлөгчдийн тоогоор хэвлэж өгнө” гэсэн байна. А.М**********рын хувьд төлөөлөгч байх эрх нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолоор чөлөөлөгдсөн байгаа учраас энэ хүнд хэвлэж өгөх эрх байхгүй. Иймд тухайн асуудлыг хэвлэж өгөөгүй. Өөрт хамааралгүй асуудлаар өөрийнх нь эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн “Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны акт: Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн сумын нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн буюу Өлзийбатын Машбаяр нарын нэр бүхий төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан..
2.2. А.М**********р нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “Миний бие 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зэрэг нэр дэвшиж хоёуланд нь гарсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөсөө татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаснаар тус Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор А.М**********рыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлжээ.
2.3. А.М**********раас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөллөө хэрэгжүүлэх” хүсэлт гаргахад, тус Хурлын даргаас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/19 тоот албан бичгээр “сумын ИТХ-ын төлөөлөгчөөр суулгах хуулийн үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн.
2.4. Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хороог байгуулжээ.
Гурав. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
-Миний бие 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, орон нутагт давхар нэр дэвшиж хоёуланд нь сонгогдсон. Тухайн үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд давхар сууж болохгүй гэсэн тул хүсэлт өгч сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас чөлөөлөгдсөн. Тэр өдөр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн талаар мэдээгүй байсан, маргаан үүссэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжууд хэрэгжих боломжгүй, сумын Сонгуулийн хороо байгуулсан тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн,
- Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу сонгогдсон учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төлөөлөх үүргээ хэрэгжүүлье гэж сумын хуралд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй,
- иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хэлэлцэх асуудалд Сонгуулийн хороо байгуулах тухай асуудал ороогүй, Хуралдаанд энэ асуудлыг шууд оруулж хэлэлцсэн, хуралдаанаар Сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэхэд санал 9, 9 болж тэнцэж, асуудал дэмжигдээгүй, иргэдийн итгэлийг хүлээж төлөөлөгчөөр сонгогдсон миний болон иргэдийн эрх зөрчигдсөн гэж тодорхойлон маргажээ.
Хариуцагчаас, А.М**********р...нь 2024 оны сонгуулиар аймаг болон суманд давхар сонгогдож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөллөө хэрэгжүүлэх учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр төлөөлөгчөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлж 07 дугаар тогтоол гарсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар “Нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоол, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт..зэргийг үндэслэн сумын Сонгуулийн хороог байгуулсан гэж тайлбарлан маргажээ.
Дөрөв. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийн талаар авч үзвэл:
4.1. Нэхэмжлэгч А.М**********р нь 2024 оны орон нутгийн сонгуулиар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр мөн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус сонгогдон, тухайн Хурлуудаас түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг нь баталгаажуулсан.
4.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “Миний бие 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зэрэг нэр дэвшиж хоёуланд нь гарсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөсөө татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаснаар тус Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцэн 07 дугаар тогтоолоор түүний тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлжээ.
4.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно: 41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан” гэж зааснаар А.М**********рын чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу түүнийг Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, А.М**********р нь Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, түүнд тухайн эрх хадгалагдах хууль зүйн үндэслэлгүй болно.
4.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.” гэж, 34.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно.” гэж заажээ.
Хуульд эдгээр зохицуулалтуудаас үзвэл, орон нутгийн Хурлын төлөөлөгчийг иргэд, сонгогчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуульд заасан журмаар сонгох эрхтэй, харин хэн нэг иргэн хүсэлт гаргаснаар тухайн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохоор боломжгүй байна.
4.5. Хариуцагчаас тухайн Хурлын орон гарсан төлөөлөгчийн сул суудлыг нөхөн зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Сонгуулийн хороог байгуулсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.”, 9 дүгээр зүйлийн 9.9-т “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна”, 9.10-т “Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй”, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.” 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн...олонхын саналаар батална.” гэж тус тус заасанд нийцсэн байна.
4.6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “иргэн Б.Баярмагнайгийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн” гэх гомдлоор маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан Б.Баярмагнай нь нэхэмжлэгч А.М**********рын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож, Цэц маргааныг шийдвэрлээгүй, хурал зарлаагүй” гэсэн тайлбарыг гаргасан.
4.7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан[1] буюу нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж заасан. Иймд, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн гэх үндэслэлээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь хүчин төгөлдөр бус” гэж дүгнэх, улмаас маргаан бүхий захиргааны акт буюу сумын Сонгуулийн хороо байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.
4.8. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.9. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул түүний “Сонгуулийн хороо байгуулах талаар Хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй, санал хураахад 9, 9 болж тэнцсэн...” гэх маргаж буй үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.М**********рын “Төв аймгийн Э*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН