| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00345/И |
| Дугаар | 301/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2025/00299
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 301/ШШ2025/00299 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б. Б холбогдох,
13,235,101.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М банк” ХК 13,235,101.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000207007 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 13,218,101.27 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 13,235,101.27 төгрөгийг хариуцагч Б. Б-с гаргуулах гэв.
2. Нэхэмжлэгч байгууллагаас
- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- банкны зөвшөөрлийн гэрчилгээ
-итгэмжлэл
-М ХХК-с үйлчилгээ авах, хүсэлт зөвшөөрөл
-2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн МО0142635 дугаартай Хувь хүнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ,
-2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн LO0140437 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ,
-2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6000207007 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХК-иас хариуцагч Б.Б-д холбогдуулан үндсэн зээл 12,184,867.59 төгрөг, зээлийн хүү 989,537.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,696.11, нотариатын зардал 17,000 төгрөг нийт 13,235,101.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000207007 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 13,218,101.27 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 13,235,101.27 төгрөгийг хариуцагч Б. Б-ээс нэхэмжилж байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч М ХХК-с 2024 оны 06 сарын 12-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 14,990,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тохиролцож зээлж авчээ.
Нэхэмжлэгч “М” ХК, хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д “эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба иргэн Б.Б нь гэрээнд гарын үсэг зурсан, мөнгөн зээлийг хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч М ХК, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6000207007 дугаартай “цахим зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1-т нийцсэн байна.
Хариуцагч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 14,990,000 төгрөгийг авч, буцааж нийт 4,505,550 /үндсэн зээл 2,805,132.41 төгрөг, хүү 1,700,417.59 төгрөг / төгрөгийг төлсөн, үлдэгдэл үндсэн зээл 12,184,868 төгрөг, үндсэн хүү 989,537.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,696.11 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд бичигдсэн утсаар холбогдож дуудуулахад шүүхэд ирээгүй, нэхэмжлэлд бичигдсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио 10-7А тоотод оршин суух хаягаар нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тодорхойлолтыг ирүүлсэн.
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1433 дугаар шүүгчийн захирамжаар Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас Б.Б-ийн оршин суух хаягийн бүртгэлтийн лавлагааг гаргуулахад Б.Б Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2 дугаар баг, Арслан цохио 10 гудамжны 7А тоотод оршин суудаг” гэх лавлагааг ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. 754.4 Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4, 754.2, 754.3-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.Бат-Эрдэнийн хувийн цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн байгаа нь хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б ийн цахим шуудангийн хаягаар хуульд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн эсэх талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул М ХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Б зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 17,000 төгрөг төлсөн болох нь нотариатын үйлчилгээний төлбөрийн баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж тооцох тул уг 17,000 төгрөгийн зардлыг хариуцагч Б.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс үндсэн зээл 12,184,867.59 төгрөг, зээлийн хүү 989,537.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,696.11 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 13,235,101.27 төгрөгийг гаргуулан “М” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,125.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 224,125.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс үндсэн зээл 12,184,867.59 төгрөг, зээлийн хүү 989,537.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,696.11 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 13,235,101.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,125.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 224,125.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН