Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/207

 

О.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/802 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.А-т холбогдох 2311 00821 1368 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын А, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаар Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч байсан;

О.А- нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Х-ийн эзэмшлийн ТҮЦ-ийн цоожтой хаалгыг эвдэн орж 642.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, бэлэн 370.000 төгрөгийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: О.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-ын А-ыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.А-т 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-аас 1.012.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний холбогдсон хэргийн хүндрүүлэн зүйлчилсэн шалтгаан нь нэвтрэлттэй гэх хулгай байдаг. Харин онгорхой байсан хаалгаар орсон бол эл хулгай. Би онгорхой үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-д үйлдсэн хэрэг байдаг. Хаалттай, цоожтой байсан намайг камерын бичлэг салгасан гэх хохирогчийн мэдүүлэг байгаа. Хэрвээ би хаалгыг эвдэж ороод утсыг салгасан бол би яагаад хаалга нь зүгээр байна, мөн камерын бичлэгийг салгах хүртэлх камерын бичлэг яагаад алга болов. Энэ нь хохирогч өөрийн эзэмшлийн ТҮЦ-ийн камерын бичлэгийг хэсэгчилж устгасан байж болзошгүй ба өөрт ашигтайгаар ашиглаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би учруулсан хохирол болох тамхиа хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч уг тамхины хохирлыг дахин нэхэмжилж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд би өөрт холбогдсон хэргийг хүндрүүлэн зүйлчилж, хэтэрхий нэг талыг барьж хангалттай нотлох баримтгүй ялласныг эсэргүүцэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч О.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинж болгодог. Харин Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тайлбарт орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг “түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх. хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим гэх мэт/-т хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй” гэж тайлбарласан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хавтаст хэргийн 15 талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэд нийтийн үйлчилгээний ТҮЦ-д орохдоо цонх, хаалга, түгжээг эвдсэн түлхүүр тааруулсан аргаар орсон нь тогтоогдож чадаагүй, хавтаст хэргийн 25-26 талд авагдсан гэрч Д.Чин-Уулын мэдүүлэг, хавтаст хэргийн 34-36 талд авагдсан камерын бичлэг зэрэг нотлох баримтуудад нийтийн үйлчилгээний газар болох ТҮЦ-д шүүгдэгч О.А- нь хулгайлах гэмт хэргийг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хэрхэн нэвтэрч үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай нотолж чадаагүй.

Хэдийгээр хохирогч Б.Х, гэрч Г.Т нарын мэдүүлгээр тухайн ТҮЦ-ийн хаалга цоожтой байсан гэж мэдүүлдэг хэдий ч Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний 16 дугаар тайлбарын 5.1.6-д “...Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино..."

1.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна.

1.11. “...Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино...

1.15. Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй 11 байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна

1.16. Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино гэж тус тус тайлбарласан.

Тодруулбал, хохирогч Б.Х, Г.Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, ойр дотны эхнэр, нөхөр хүмүүс, хувийн сонирхолтой этгээдүүд тул дээрх Улсын дээд шүүхийн тайлбараар хохирогч Б.Х, Г.Т нарын мэдүүлэг үнэн зөв гэхэд эргэлзээтэй, хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарч бусад нотлох баримтаар давхар нотлох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнх нь эх сурвалжийг хангалттай нотолж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, Б.Х, Г.Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хувийн сонирхолтой этгээдүүд байх тул хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь харилцан давхар нотолсон үнэн зөв гэхэд эргэлзээтэй нотлох баримт, тэднээс “...тухайн ТҮЦ-ийн хаалга цоожтой байсан..." гэж өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан мэдүүлгийнхээ эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай нотолж чадаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тухайн ТҮЦ нь түгжээтэй байсан эсэх, түгжээтэй байсан бол хэрхэн яаж нэвтэрсэн зэрэг нь эргэлзээтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ТҮЦ-д хэрхэн нэвтэрснийг тогтоож чадаагүй. Нийтийн үйлчилгээний ТҮЦ нь нийтийн үйлчилгээний газар байх бөгөөд шүүгдэгч О.А-, Д.Чин-Уул нар нь хууль ёсны дагуу нийтийн үйлчилгээний газарт үйлчилгээ авахаар нэвтрэн орсон бөгөөд ТҮЦ-д хүн байхгүй болохоор нь эргэж гарсан байдаг. Нийтийн үйлчилгээний газарт нэвтрэхдээ хууль бус үйлдлийн аргаар буюу түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг үйлдлийн аргыг хэрхэн хэрэглэсэн нь хангалттай тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.А- нь хууль ёсны дагуу буюу тухайн ТҮЦ-ээс тамхи авах зорилгоор нийтийн үйлчилгээний газарт нэвтрэн орсон байдаг. Харин тэрээр эзэнгүй, хүнгүй байгааг мэдсэнээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэнэт санаа үүсч, шунахайн сэдэлтээр хулгайлах сэдэл авч гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч О.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

2. Шүүгдэгч О А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бэлнээр 370.000 төгрөгийн хохирол, мөн ТҮЦ-д байсан тамхи алдагдсаныг “Дамно" ХХК-ийн үнэлгээгээр 642.000 төгрөгийн хохирол, нийт 1.012.000 төгрөгийн хохирол учирсныг шүүх шүүгдэгч О.А-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу үнэн зөвийг нь баталгаажуулаагүй, эх хувиар нь, эх хувиар нь авах боломжгүй бол мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэснийг зөрчжээ.

Мөн хавтас хэргийн 23, 28 дугаар талд гэрч н.Т-ын мэдүүлэгт алдагдсан гэх тамхины зарим хэсгийг, дараа нь дахин үлдсэн хэсгийг хүлээн авсан талаараа мэдүүлдэг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нь буцааж өгсөн эсэхийг тогтоогоогүй байх тул шүүгдэгч О.А-аас 370.000 төгрөгийг гаргуулж, 642.000 төгрөгийг хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэхээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэвтэрсэн хулгай биш гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс Улсын Дээд Шүүхийн 2006 оны тайлбарыг ярьсан. Шүүгчээс 2006 оны Улсын Дээд Шүүхийн тайлбар бол 2002 оны Эрүүгийн хуулийн тайлбар, 2015 оны Эрүүгийн хуулиар нэвтэрснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх тул дээрх Улсын Дээд шүүхийн тайлбар энэ хэрэгт хамаарахгүй гэж тайлбарлаж өгөөд шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан байдаг. Мөн хохирогч цоожлоод явсан гэж тогтвортой мэдүүлсэн. Энэ мэдүүлгээр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддог. Хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй гэж байна. Хэрэгт хууль зөрчиж ямар нэгэн хүний эрхийг хязгаарлаж авсан баримт байхгүй. “Дамно” ХХК-ийн үнэлгээ цахим хэлбэрээр ирсэн тул мөрдөгчөөс хэвлээд хэрэгт хавсаргасан байдаг. Албан ёсны үнэлгээ байгаа. Шүүгдэгчээс нийт 1.012.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. ... Мөрдөгч ач холбогдолтой хэсгийг тасалж авч хэрэгт хавсаргасан байдаг. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх О.А-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Прокуророос шүүгдэгч О.А-ыг “Хохирогч Б.Х-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох түргэн үйлчилгээний цэгийн цоожтой хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлж хохирол учруулсан” хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Х, түүний хамаарал бүхий этгээд гэрч Г.Т нарын мэдүүлгүүдэд үндэслэн шүүгдэгч О.А-ыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн 2023/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн шинж нь ашиг олох гэсэн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авахдаа тухайн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орох эрхтэй байсан эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдолтой байдаг.

Үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч эд зүйл хулгайлан авсан тохиолдол бүрийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл үйлчилгээний газар нээлттэй, ажиллаж байхад нь, эсхүл хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах шаардлагагүйгээр, хууль бус арга хэрэглэлгүйгээр түүнд нэвтрэн орсон бол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн үзэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлон тогтоох гэж буй үйл баримт бүр нотлох баримтад суурилах шаардлагатай, шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход үндэслэл болсон хохирогч Б.Х, гэрч Г.Т нар “...ТҮЦ-ээ цоожлоод явсан...” талаар хэн аль нь мэдүүлсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг судлахад шүүгдэгч О.А- нь хохирогч Б.Х-ийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгт Д.Ч-ын хамтаар хаалгаар орж буй нь бэхжүүлэгдсэн байх ба тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “түлхэж орсон” талаар тайлбарлажээ.

Анхан шатны шүүх түүнийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч орсон хэмээн “...өмгөөлөгчийн хэргийн үйл баримтыг няцаах үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тухайн түргэн үйлчилгээний цэгийн хаалга цоожлоогүй, онгорхой байсан гэх нь тогтоогдохгүй байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж авсан хохирогч Б.Х, гэрч Г.Т нарын мэдүүлгээр тухайн түргэн үйлчилгээний цэгийн хаалга цоожтой байсан нь тогтоогдож байна. ...” гэж зөрүүтэй дүгнэжээ.

Шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн үйл явдлыг харуулж буй камерын  бичлэг нь хэрэгт нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох хохирогч Б.Х, гэрч Г.Т нарын мэдүүлэгтэй зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг цоожтой байсан эсэх, цоожилсон боловч түлхэх, хүчтэй түлхэх, бариулыг хөдөлгөхөд онгойх боломжтой байсан эсэх талаар туршилт хийгээгүй, хаалга хэвийн ажиллагаатай, эсхүл эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхэд үзлэг хийгээгүй буюу нотлох ажиллагаа хангалтгүй хийгджээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нь тухайн түргэн үйлчилгээний цэгт нэвтрэн орох болсон зорилгыг бүрэн тогтоогоогүй, тэрээр анхнаасаа эд зүйл хулгайлах зорилгоор түргэн үйлчилгээний цэгт нэвтрэн орсон эсэх, эсхүл нэвтрэн орсны дараа эд зүйл хулгайлах санаа үүссэн эсэх нь нотлогдоогүй байна.

Ийнхүү, хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

  1. Харин шүүгдэгч О.А-ын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Х-ийн эзэмшлийн түргэн үйлчилгээний  цэг дотроос 642.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлэн 370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Х /хх 18-21/, гэрч Г.Т /хх 23/, шүүгдэгч О.А- нарын мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх 40-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон буюу шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
  2. Давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэм буруу зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
  3. Харин шүүгдэгч О.А- хохирогч Б.Х-ээс хулгайлан авсан 642.000 төгрөгийн үнэлгээ бүхий тамхийг хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч О.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

             1 дэх заалтыг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт О-ын А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдлуудыг хангасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ