Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0081/З |
Дугаар | 221/МА2017/0318 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2017/0318
2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2017/0318 | Улаанбаатар хот |
З.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ч.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.О-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Г холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.2.4, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг тус тус баримтлан иргэн З.О-ын нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн гаргасан актын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: З.О-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийн надад холбогдох хэсгийг бүрэн хянаж, шалгаагүй, өөрөөр хэлбэл нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаартай актыг ... тодорхой, актын заалтууд нь хоорондоо зөрчилдөөгүй, ойлгомжтой, агуулга тодорхой ... гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх актын З.О-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;-г шүүх анхаарч үзээгүй.
Дотоод аудитын албаны улсын байцаагчийн актад ... дарга Ю.Идэрцогт, нягтлан бодогч З.О нар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй төрийн захиргааны 7 албан хаагчид мэргэшсэн инженерийн нэмэгдэл 15 хувиар буюу нийт 4495.7 мянган төгрөг олгосон байна гэж ... нягтлан бодогч З.О нараар хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэтэл дээрх актын үндэслэлд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2-т Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ: ... 41.2.2.батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасныг тус тус зөрчсөн гэх бөгөөд эдгээр заалтууд нь төсвийн шууд захирагч буюу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хамааралтай, тодруулбал тус байгууллагын нягтлан бодогчид үүрэг хүлээлгэсэн заалт биш байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: ... 20.2.4.нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах; гэж зааснаас үзвэл нягтлан бодогч нь гаргаж байгаа шийдвэрээ Нягтлан бодох бүртгэлийн хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянахаас биш даргын гаргаж буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг өөрийн мэргэжлийн хүрээнээс хэтрүүлэн хянах үүрэггүй, боломж ч байхгүй юм.
Анхан шатны шүүх ... нэр бүхий төрийн захиргааны албан хаагч нарт мэргэшсэн инженерийн нэмэгдлийг олгож байсан хууль бус үйлдэлд акт тогтоосныг буруутгах боломжгүй байна. ... түүнийг арилгах арга хэмжээг авахуулахаар хууль тогтоомжид заасны дагуу үндэслэл бүхий актыг гаргасан тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх З.О-ын нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй ... гэж дүгнэхдээ дээрх үндэслэлүүдийг анхаарч үзээгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн С.Далхсүрэнд мэргэшсэн инженерийн зэргийн нэмэгдэл олгох тухайБ/44, мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.Лхасжавт мэргэшсэн инженерийн зэргийн нэмэгдэл олгох тухай Б/25, түүнчлэн 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Б-т мэргэшсэн инженерийн зэргийн нэмэгдэл олгох тухай Б/82 дугаар тушаалууд болон бусад төрийн захиргааны албан хаагчдад зэргийн нэмэгдэл олгосон тушаалууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг /33.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ/, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт /16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;/, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.
Улмаар тушаалын 1 дэх заалтаар төрийн захиргааны албан хаагчдад мэргэшсэн инженерийн зэргийн нэмэгдлийг тооцон олгохоор, 2 дахь заалтаар ерөнхий нягтлан бодогчид нэмэгдлийг тооцож олгохыг зөвшөөрсний дагуу дээрх албан хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тооцон олгож байсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасан, төрийн захиргааны албан хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шийдвэрийг байгууллагын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж, нягтланд үүрэг болгосон зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийвэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэх заалтыг нягтлан бодогч З.О-д холбогдуулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 01 дүгээр зөвлөмжийн 2 дахь заалтаар Хяналт шалгалтын баримт бичиг нь Улсын байцаагчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж, нэгдсэн дугаар авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт, торгууль, шийтгэвэр нь хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн албан хэрэг хөтлөлтийн журам, зааварт нийцэж, бичиг хэргийн стандартын шаардлага хангасан байх учиртай гэснийг харгалзаж үзээгүй, хэрэгт он, сар, өдөр, дугааргүй акт нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байхад түүнд дүгнэлт өгөхгүйгээр ... шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар бүхий нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий улсын байцаагчийн актыг хариуцагчаас гаргуулсан, шүүх хуралдаанд З.О нь он, сар, өдөр болон дугаар тавигдсан актыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан гэж тайлбар гаргаснаар дээрх мэтгэлцээн үгүйсгэгдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг дараа нь он, сар, өдөр, дугаартай болсон гэдэгтэй маргадаггүй, харин анх гарч, танилцуулагдсан акт нь он, сар, өдөр, дугааргүй байсан нь илт хууль бус гэж үзсэн байхад шүүх энэ үндэслэлийг няцаасан аливаа дүгнэлт хийгээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, актын надад холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актын нэг дэх заалтаар Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг үндэслэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй төрийн захиргааны 7 албан хаагчид мэргэшсэн инженерийн нэмэгдэл илүү олгосон 4495,7 мянган төгрөгийг дарга Ю.И, нягтлан бодогч З.О нараар хуваан төлүүлэхээр, хоёр дахь заалтаар дээрх 4495,7 мянган төгрөгийг 000000 регистрийн дугаартай Нийслэлийн Дотоод аудитын албаны Нийслэлийн төрийн сангийн төсвийн орлогын 200051088 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны дотор оруулахыг, гурав дахь заалтаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу 4495,7 мянган төгрөгийг нягтлан бодох бүртгэлд бүртгэн, санхүүгийн тайланд авлага, өглөгөөр тусгахыг дарга С.Ганбаатар, нягтлан бодогч З.О нарт хариуцуулсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх актын нэг дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандахдаа акт нь он, сар, өдөр, дугааргүйгээр тавигдсан гэж маргасан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нь он, сар, өдөр, дугаар тавигдсан актыг гардан авч гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр илт хууль бус гэж тайлбарлан маргах боловч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус гэж үзэх нөхцөл байдалд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн маргаан бүхий акт илт хууль бус гэх үндэслэл тодорхойгүйгээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны санхүүгийн тайланд аудит хийхдээ нийслэлийн Дотоод аудитын албаны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталсан 07 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн актаар нэр бүхий төрийн албан хаагч нарт мэргэшсэн инженерийн нэмэгдлийг олгож байсан хууль бус үйлдэлд акт тогтоосон хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ гэж заасныг зөрчиж, зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчдад л мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгодог байтал төрийн захиргааны албан хаагчдад олгон, төрд хохирол учруулсан байх тул хохирлыг буруутай этгээдээс барагдуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ