Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00293

 
   

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын  ..дугаар баг, З..... ... дугаар гудамж, ..тоотод оршин суух Н.Х-ийн хүсэлттэй

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.Х нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. 

 

          1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Н.Х нь 1990 оноос хойш А аймгийн Ө суманд мал маллан амьдарч байгаа. 1998-2000 онуудад мал маллаж байсан боловч тухайн цаг хугацааны А данс архивт хадгалагдан үлдээгүйгээс шалтгаалан түүний мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл зэрэг байгууллагад мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт, гомдол гаргасан боловч тогтоох боломжгүй...” гэсэн хариу ирүүлсэн. Иймд Н.Х-ийн 1998-2000 онд мал маллаж байсан байдлыг шүүхээр “тоолгох хүсэлттэй байна....” гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.. Х. нь 1990 оноос хойш Ө суманд мал маллаж байгаа. 1995-2000 оны хоорондох малын А данс олдохгүй болсон. Үүнтэй холбоотойгоор мал маллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа. Энэ талаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар нийгмийн даатгалын байгууллагуудад хандсан. Он дарааллын бичиг баримт байхгүй учраас тогтоох боломжгүй  гэдэг. А аймгийн архивын тасагт 1998-2000 оны А дансны лавлагааг авахад энэ цаг хугацаанд байхгүй гээд нэр нь бичигдсэн мөртлөө малын тоо тавигдаагүй байдлаар лавлагаа гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд том охин нь сурагч болсон. Сурагч болоод сургуулийн журнал, баримт дээр малчин гэдэг тэмдэглэл хийгдсэн байгаа. Шүүхэд хүсэлт гаргах журмаар Үндэсний төв архивын лавлагаа авахуулсан. Үндэсний төв архивын лавлагаа дээр өөр ажилтай дэлгүүрт зөөгч гэсэн зүйл гарч ирсэн байдаг. Өөрийнх нь тайлбараар цаг зуурын шинжтэй өвөл 12 сард тооллого явдаг. Энэ үед нь хүүхдээ сумын төвд оруулж ирээд байж байх үедээ дэлгүүрт 1, 2 сар түр хугацаагаар хувийн хэвшилд  ажиллаад нийгмийн даатгалд хамрагдахгүйгээр явж байх цаг хугацааны юм орсон байх. Түүнээс дэлгүүр хоршоонд ажиллаж байгаагүй гэдэг тайлбар хийж байгаа. Шүүхэд гэрчээр  асуулгагдсан 2 гэрч нь энэ хүнийг  мал маллаж байсан юм. Ойролцоо айл, аймаг байсан гэдгийг гэрчилж хэлж байгаа ийм нөхцөлүүд байгаа. Өөрөөр энэ хүнтэй холбоотой бичгийн баримтуудыг хаанаас ч гаргах боломжгүй нөхцөл байдал байгаа. Тиймээс  зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалах байгууллага шүүхийн байгууллага учраас шүүхэд энэ хүсэлтээ гаргаж байгаа. Аль ашигтай байдлаар нь шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэйгээр 1998-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг дэмжиж байна гэв.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

- А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 15/152 тоот албан бичиг,

- Гэгээрлийн яамны 1997-1998, 1998-1999 оны 2а, 3а ангийн бүртгэл,

- А аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаар “малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: А аймгийн Ө сумын Зэгстэй багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:А...... Н-ийн Х-ийн мал маллаж байсан хугацаа 1998, 2000, 2007-2008 он/ гэсэн баримтуудыг өгсөн болно.

 

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Ш.Т-ийн шүүхэд өгсөн “Н.Х нь 1990 онд гэр бүл болоод үүнээс хойш А аймгийн Ө суманд мал маллаж байсан. Одоо ч гэсэн хувийн малаа маллаж байгаа. Миний бие А аймгийн Ө суманд хувийн малаа маллаж амьдардаг. Н.Х-ийнх 1998 оноос 2000 оны хооронд Т-ын голоор нутаглаж байсан. Одоо ч мөн Т-ын голоор нутаглаж байгаа. Бид хоорондоо ойролцоо байдаг учраас Н.Х-ийн мал маллаж байсан байдлыг сайн мэднэ. Н.Х-ийнх нь хонь, ямаа, үнэр, адуу малладаг. Одоо ч гэсэн энэ малаа маллаж байгаа. Өөрийн гэсэн амьжиргааны малаа малладаг” гэх мэдүүлэг,

          - Гэрч Д.О-ийн шүүхэд өгсөн “Н.Х нь эхнэр Д.Г-тэй 1988 онд танилцаж 1990 онд гэр бүл болсон. Энэ хугацаанаас хойш хөдөө мал малласан. Н.Х нь Ө сумын Д багт мал маллаж байсан. Д.Г-ийн дүү нар нь мал олонтой тэд нартайгаа хамт мал маллаж амьдарч байсан. 1998 оноос 2000 он хүртэл Х нь хөдөө мал дээр байдаг байсан. Энэ хугацаанд дандаа хувийн малаа маллаж байсан. Миний хувьд тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарсан хөдөө хувийн малаа  маллаж байсан. Манайх болон Н.Х-ийнх нь айл саахалт байдаг байсан учраас Н.Х-ийн мал маллаж байсан байдлыг сайн мэднэ. Манайх 1998 оноос 2000 онд Ө сумын О багт нутагладаг байсан. Н.Х-ийнх .. охинтой. Хүүхдүүд нь одоо том болсон” гэх мэдүүлгүүд авагджээ.

           

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/472 дугаар албан бичгээр ирүүлсэн: 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

- А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаар тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 08-н өдрийн 130 дугаар тодорхойлолт,

- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн ...... дугаар албан бичигт: Тус газрын архивт Н-ийн Х /РД:А....../ нь 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна. 1995-2000 онд хаана ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно гэсэн лавлагаа зэрэг баримтууд цугларсан.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.Х нь А аймгийн Ө сумын Зэгстэй багт 1998 оноос 2000 оныг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг  шүүхэд гаргасан.

 

          Хэрэгт авагдсан дараах баримтууд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Үүнд:

 

- А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 15/152 тоот албан бичиг, ,

- Гэгээрлийн яамны 1997-1998, 1998-1999 оны 2а, 3а ангийн бүртгэл,

- А аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаар “малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: А аймгийн Ө сумын Зэгстэй багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:А...../ Н-ийн Х-тийн мал маллаж байсан хугацаа 1998, 2000, 2007-2008 он/ гэсэн.  

- Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/472 дугаар албан бичгээр ирүүлсэн: 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлаа,

- А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаар тодорхойлолт,

- А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 08-н өдрийн 130 дугаар тодорхойлолт,

- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 01/225 дугаар албан бичиг, гэрч Ш.Т, Д.О нарын мэдүүлэг зэрэг болно.

 

3. Шүүх хүсэлт гаргагч Н.Х эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг сэргээн тогтоолгох буюу А аймгийн Ө сумын Зэгстэй багт 1998-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Учир нь:

Хүсэлт гаргагч Н.Х-ийг 1998-2000 онд мал маллаж байсан гэж түүний төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг ба Гэгээрлийн яамны 1997-1999 оны сурагчдын тухай дэлгэрэнгүй бүртгэлд Х-ийн Х-ийн эцэг малчин гэж, А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Засаг даргын 130 дугаартай тодорхойлолтод Н.Х нь 1998-2000 он хүртэл Ц гэх газар мал маллаж байсан нь үнэн гэж тодорхойлсон, гэрч Д.О, Ш.Т нар Н.Х-ийг мал маллаж байсан гэж тус тус мэдүүлдэг боловч

энэ байдал нь хүсэлт гаргагч Н.Х-ийн малчин даатгуулагчид олгох А аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар А аймгийн Ө сумын Зэгстэй багийн малчин өрхийн тэргүүлэгч /РД:А.../ Нүрзэдийн Хишигтийн мал маллаж байсан хугацаа 1998, 2000, 2007-2008 он/ гэсэн лавлагаанд 1998, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн маягт №1-т түүнийг 1998-2000 онд мал тоолуулсан талаар баримт гараагүй,

Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын маягт ХАОСТ-1 дүгээр баримтанд Н-ийн Х-ийн эрхэлдэг ажлыг зөөгч, үйл ажиллагааны чиглэлийг худалдаа үйлчилгээний газар гэж бүртгэгдсэн,

А аймгийн Нийгмийн даатгалын газарт ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбоотой өгсөн баримтанд А аймгийн Ө сумын Засаг даргын 431 дугаартай тодорхойлолтод “Н.Хийг 1990 оноос хойш өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй” гэж тодорхойлсон зэрэг баримтуудаар тус тус няцаагдаж, мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

 

          2. Хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овгийн Н-ийн Х-ийн А аймгийн Ө сумын Зэгстэй багт 1998-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОРХОНТАМИР