Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/208

 

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2310 00000 0511 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Н-ийн Н, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, дотор заслын мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг өршөөн хасаж, эдлэх ялын хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 1 жил 6 сар 13 хоногийг өршөөн хасч, суллагдсан;

Н.Н- нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ Б.Б-тай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “Ээжийг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт нь алхаар хоёр удаа цохиж, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд баруун зулай ясанд суман заадас хүрсэн шугаман, зүүн зулай ясны гадна ялтас цөмөрсөн хугарал, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйл болох алх хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Н.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Н-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Н-өд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-өөс 1.321.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй алх 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Н-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н- давж заалдах гомдолдоо: “...Би анхны мэдүүлгээсээ хэргээ үнэн зөв мэдүүлж, гэм буруу дээр маргаагүй. Би хохирогч Б.Б-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгсөн. Би хохирогчоос нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1.321.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би нийгэмд учруулсан хор уршгаа бүрэн арилгаж, буруугаа ухамсарласан. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэргийн нөхцөл байдлын талаар анхнаасаа үнэн, зөв мэдүүлж ирсэн. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгч Н.Н- нь эхтэйгээ хамт амьдардаг. Эх нь хүнд өвчтэй. Хохирол төлсөн баримт нь шүүгдэгчийн эхэд байдаг. Эхтэй нь холбогдож авч чадаагүй. Мөн хохирогч нь бас олддоггүй. Эдгээр байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Хүний биед хүнд хохирол учруулахдаа алх буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгээр хүндрүүлж гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Хохирлыг бодитой төлсөн гэх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Н.Н- нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ хохирогч Б.Б-тай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “Ээжийг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт нь алхаар хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун зулай ясанд суман заадас хүрсэн шугаман, зүүн зулай ясны гадна ялтас цөмөрсөн хугарал, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн: “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэрээд архи авч ирээд Н.Н-, Ш, Б нартай хамт уусан. Нэг мэдэхэд Н.Н- миний толгой руу алхаар цохисон. Би тухайн үед согтсон байсан учраас юунаас болоод намайг цохисныг мэдэхгүй байна. ...” /хх 15-18/,

гэрч С.Б-ын: “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ...архи уугаад сууж байсан чинь Б.Б Н.Н-тэй маргалдаад Н эгчийг янз бүрээр хэлээд байсан чинь Н.Н- уурлаад гал тогоо руу ороод шаргал өнгийн иштэй алхаар Б.Б-ийн толгой руу нь 2 удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан. ...” /хх 26-27/,

гэрч Б.П-ийн: “...2 шил архи авч ирээд С.Б, .Н- бид гурав хувааж уусан. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Тэгээд хүмүүс шуугилдаад байхаар нь сэрсэн чинь эмч ирж Б.Б-г аваад явсан. ...” /хх 29/,

шүүгдэгч Н.Н-ийн: “...Б.Б согтчихоод над руу дайраад “Чамайг гэрт чинь яаж л бол яаж чадна шүү” гэсэн чинь ээж Б.Б-г “Болиоч” гэхэд “Хөгшин авгай минь зүгээр байгаарай, өмхий үнэртүүлчихээд” гэхээр нь миний уур хүрээд гал тогооны өрөөнөөс алх аваад зочны өрөө рүү ороход Б.Б-г миний өөдөөс хараад сууж байхаар нь шууд толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд “Яаж байна аа” гээд миний урдаас босоод ирэхээр нь би шууд толгойны орой руу нь чиглүүлээд шидсэн чинь орилоод толгойгоо хоёр гараараа бариад газар унасан. ...” /хх 71/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн амь насанд аюултай баруун зулай ясанд суман заадас хүрсэн шугаман, зүүн зулай ясны гадна ялтас цөмөрсөн хугарал, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4190 дүгээр дүгнэлт /хх 31-32/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 6-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Н-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Н-ийн ахуйн хэрэглээний алхыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хууль зүйн техникийн хувьд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь алдаатай байх тул зөвтгөн өөрчлөлт оруулав.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Н- нь алхыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй байхад шийтгэх тогтоолын 3 дугаар талд “...Н.Н- нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна...” хэмээн хэргийн үйл баримтаас өөр зүйлийг дүгнэж бичжээ.

4. Шүүгдэгч Н.Н “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч О.Оюунчимэгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэм хэмжээг хэрэглэх урьдач нөхцөл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх учиртай.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 1.321.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаар дурдсан, шүүгдэгчийн өмгөөлөгч мөн  хохирлыг төлсөн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээний урьдач нөхцөл хангагдаагүй тул энэ зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэх хангах ажиллагааны журмыг хуульчилсан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрийн бүтэц, түүнд тусгах зүйлсийг мөн хуулийн 33.2 дугаар зүйлд тодорхой заасан.

Хэргийн 106 дахь талд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1892 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Н-ийн Н-д холбогдох эрүүгийн 2310000000511 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсүгэй.” хэмээн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх бус хэргийг шүүхэд шилжүүлснээр бичсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Хууль ёсны байх” зарчмыг тусгахдаа “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан бөгөөд шүүгч, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хуулийн энэхүү зарчмыг хэрэгжүүлж байх үүрэгтэй.

Иймд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх болон шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа бичвэр, хууль зүйн техникийн хувьд энэ мэт алдааг дахин гаргахгүй байхыг цаашид анхаарвал зохихыг магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А овгийн Н-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ