| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0005/З |
| Дугаар | 128/ШШ2025/0479 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х******* ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Х******* ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Х******* ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 382 дугаар Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр Х******* ХХК-д Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших Т нэртэй 37.02 га бүхий (СШ-57-5) талбайд ашигт малтмалын XV- дугаар тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар олгосон байна.
1.2. Ийнхүү дээрх талбайд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг нэхэмжлэгч Х******* ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга М.Эд хандан гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/4467 дугаар албан бичгээр заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргах байсан. Хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын XB- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар сарын зүйлийн 53.1.1-д заасан дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй үүгээр мэдэгдэж байна. гэсэн хариуг өгсөн байна.
1.3. Нэхэмжлэгчээс дээрх хариуг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр албан бичгээр дахин хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/4662 дугаар албан бичгээр ...Албан бичигт дурдсан асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/4467 тоот албан бичгээр танайд хариу хүргүүлсэн байх тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу уг асуудлыг дахин хянан үзэх боломжгүй байна. гэх хариуг өгсөн байна.
1.4. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10201 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.
1.5. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Х******* ХХК тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:
Манай компани дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарласан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 37.02 га газар бүхий Т нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-57-5 кодтой сонгон шалгаруулалтад манай компани оролцон 87.29 оноо авч шалгаран, сонгон шалгаруулалтын үнэ 310,000,000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын 100 тоот дансанд шилжүүлж тус тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. 2021-2023 оны Хайгуулын 3 жилийн хугацаандаа өөрийн хөрөнгөөр нийт 171,759,333 төгрөгийн Геологи, хайгуулын ажлыг М******* ХХК-тай хамтран амжилттай гүйцэтгэсэн.
Мөн 2024 онд одоогийн байдлаар 177,051,000 төгрөгийн хайгуулын ажил хийгдээд байгаа ба 2021-2024 онуудад нийт 3313.5 тууш метрийн өрөмдлөг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2021-2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангуудыг зохих хугацаанд нь хийж гүйцэтгэсээр байна. Тус ордын нөөцийн ур дүнгийн тайланг боловсруулах ажлыг дээрх Мөнгөнхатагин Консалтинг ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/01 дүгээр гэрээгээр 65,000,000 төгрөгөөр байгуулан ордны нөөцийг улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр ажиллаж байгаа.
Манай компани 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай хуульд заасан бүхий л баримтуудыг гаргаж өгсөн ба хугацаа сунгуулах хүсэлтээ тодорхой шалтгааны улмаас гаргаж өгч чадаагүй болно. Тухайлбал, манай компани Б.Б******* гэх 1 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлага болох Б.Б******* нь өөрийн болон өөрийн ээжийг эмчлүүлэхээр 2024 оны 05 дугаар сараас хойш Бүгд Найрамдах Солонгос Улс руу удаа дараа явж тухайн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Захирал Б.Б******* нь хамрын таславчийн хазайлт засах мэс засал, хамрын салстын үрэвсэл оношоор мэс засал хийлгэсэн бөгөөд улмаар хүндэрч дахин хамрын хэлбэр засах мэс засалд давтан орсон ба эдгээр баримтуудаа баталгаат орчуулгаар орчуулан нэхэмжлэлд хавсарган өгсөн болно. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана., 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. гэж заасны дагуу эмнэлгийн магадалгаа, Бүгд найрамдах Солонгос улс руу явсан баримт төлбөр төлсөн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг материалаа хавсарган хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа дурдаж хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга М.Э*******д 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Б*******д 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 121 дүгээр албан бичгээр мөн адил хүндэтгэн үзэх шалтгаанаа зааж хандсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/4662 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн юм.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэж байна.
1.Гомдол гаргах эрхтэй байхад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдал харгалзаж үзэж хариу өгөөгүй.
2.Төлбөрөө төлж нэг ч удаа зөрчил гаргаагүй хугацаа сунгуулахад шаардлагатай бүх баримтуудыг бүрэн хүргүүлсэн.
3.Хүндэтгэн үзэх шалтгаан байсан болохыг дүгнээгүй татгалзсан үйлдэл хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана., 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасны дагуу дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа зааж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Манай компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана., 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. гэж зааснаар дээд шатны албан тушаалтанд нь хандаж авсан хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандахаас өөр аргагүй болсон юм.
Түүнчлэн хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрөл дууссан талаар ямар нэгэн акт гаргадаггүй бөгөөд өөрийн систем дээрээ дуусгавар болгосон бүртгэл оруулдаг тул хариуцагчаас нотлох баримт ирсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах болно.
Иймд Х******* ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч компаниас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Хунт өгөөж ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмал газрын тосын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компанийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарласан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах 37.02 га газар буюу Т нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын дагуу 310,000,000 төгрөгийн төлж тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. 2021 оноос 2023 онд хайгуулын 3 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр нийдээ 171,759,333 төгрөгийн геологийн хайгуулын ажилд хийж гүйцэтгэсэн. 2024 онд мөн 177,051,000 төгрөгийн хайгуулын ажил хийсэн байгаа. Тус ордны нөөцийг боловсруулах ажлыг Мөнгөнхатагин Консалтинг ХХК-тай гэрээлсэн байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/01 дүгээр гэрээ байгуулж 65,000,000 төгрөг зарцуулахаар гэрээ байгуулсан, уг гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Манай компанийн зүгээс ямар үндэслэлээр сунгуулах хүсэлтээ гаргасан бэ гэхээр 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр буюу хугацаа дуусах өдөр нь хүсэлтээ Ашигт малтмал газрын тосны газар гаргасан байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй байна гэж хүсэлтийг хүлээж авахгүй буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлтийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Гэтэл Бор-Өндөр сумын Засаг даргаас 2 сар 9 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр менежментийн төлөвлөгөө баталж өгсөн. Түүнээс өмнө 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүсэлтээ гаргасан байсан. Заавал батлуулсан байдлаар байж байж хүсэлтийг хүлээж авна гэж манай хүсэлтийг хүлээж аваагүй. Хүсэлтээ хугацаандаа гаргасан боловч Ашигт малтмал газрын тосны газар хүлээж аваагүй. Энэ хооронд манай компани ганц хувьцаа эзэмшигчтэй, Б.Б******* гэх ганц хүн байдаг. Тэр хүн нь хамрын хагалгаанд орох гээд Солонгос улс руу эмчилгээнд явсан байсан. Эмнэлгийн магадалгаа болон эмнэлгийн бичиг, Монгол улсад ирж эмчлүүлж байсан эмчийн тодорхойлолт, акт зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ямар нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх вэ гэдгийг зааж өгсөн. Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 276 дугаартай тогтоол дээр өөрөө өвчтэй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар тооцно. Тухайн өвчтэй байсан гэдэг нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдож байгаа тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Нэхэмжлэгчид хуулиар оногдуулсан үүрэг боловч нэхэмжлэгч тогтоосон хугацаанд өргөдөл гаргасан боловч бүрдэлгүй хэмээн буцаасан үйлдэл нь хариуцагчийн буруутай үйлдэл гэж үзэж байна. Үүнийг хариуцагч захиргааны байгууллагын албан хаагчийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Өргөдлийг хүлээн авахгүй байх эрх хариуцагчид олгосон боловч менежментийн төлөвлөгөө батлуулаагүй нь хүлээж авахгүй байх үндэслэл байхгүй. Хариуцагчийн эс үйлдэхүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийн сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай зохицуулалт байхгүй. Харин өргөдлийг хүлээн авч хүсэлтийг хангахгүй орхих зохицуулалт байгаа. Гэтэл ямар хуулийн заалтыг баримталж өргөдлийг хүлээж авахгүй байгаа нь тодорхойгүй. Ашигт малтмал, газрын тосны газраас хариу өгөхдөө хугацаандаа гаргаагүй гэж хэлдэг, түүнээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу гэдэгт ямар нэг хариу өгөхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Мөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Үүргээ хэрэгжүүлсэн буюу Засаг даргад хандаж менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандаж байгаа. Засаг даргаас түүнийг нь хүлээн зөвшөөрч хариу өгч байгаа нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйлдэл байсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа.
Манай компани өөрсдөө хугацаагаа санаатайгаар алдсан бол өөр асуудал байх байсан. Гэтэл нэхэмжлэгч зүрхний үйл ажиллагаатай холбоотой хагалгаа байсан тул Монгол улсад хагалгаа хийх боломжгүй тул Солонгос улсад очиж хийлгэж байгаа. 8 сард хүсэлтээ гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулахад хүсэлтийг нь хүлээж авахгүй буцаасан байдаг. Х******* ХХК-ийн захирал нь Монгол ирэхдээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтээ өгчхөөд эмчилгээгээ үргэлжлүүлж хийлгэсэн. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд тогтвор суурьшилтай явуулж байсан болохыг харгалзаж үзэж шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч компанийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг 2 шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй дурдсан компанийн удирдлага буюу гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаантай буюу хүндэтгэнэ үзэх шалтгаантай байсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй байсан гэдэг нь Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Хоёрдугаарт, тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдөл гаргаж үүргээ биелүүлсэн. Энэ үүргийг биелүүлсэн гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгалт хариуцсан мэргэжилтэн А.Н******* гэх хүний гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн гэрчийн мэдүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Х******* ХХК-ийн зүгээс 1 сарын өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтээ гаргасан. Гэтэл тухайн хүсэлтэд хавсаргах ёстой байсан баримтууд нь ганц Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан гэдгийг гэрч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Менежментийн төлөвлөгөө байхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгч Х******* ХХК-ийн буруутай үйлдэл байгаагүй. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн сумын Засаг даргад хандаж менежментийн төлөвлөгөө батлуулахаар гаргасан байсан. Сумын Засаг дарга нь 2 сарын дараа тухайн менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн. Баталж өгсний дагуу дахиж хүсэлтээ гаргасан үйл явдал байгаа.
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлт гаргахад менежментийн төлөвлөгөө байхгүй байсан гэдэг нь хэдийгээр үнэн боловч тухайн менежментийн төлөвлөгөө байхгүй байгаа нь өргөдлийг хүлээж авахгүй буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасан төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авч өргөдөл өргөдөлд хавсаргасан баримтыг хянаж шалгаад, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар нэг бол хугацааг сунгаж хугацаа сунгасан талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх ёстой, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар тухайн өргөдлийг хянаж хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан буюу хавсаргавал зохих баримт дутуу байсан гэдэг үндэслэлээр хүлээж авахгүйгээр буцаах бус тухайн хүсэлтийг ямар ч тохиолдолд хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасан сунгах эсвэл сунгахаас татгалзах 2 шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой болохоос биш хүсэлтийг хүлээж авахгүйгээр буцааж явуулахыг төрийн захиргааны байгууллагад олгоогүй. Үүнтэй холбоотой Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 болон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 208 дугаар тогтоол байдаг. Тухайн тогтоол дээр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрх нь нээлттэй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч үүргийг 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон. Гэвч тухайн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан заалт нь захиргааны байгууллагын тухайн өргөдлийг хүлээж авахаас татгалзах, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл гаргах эрхийг нь хязгаарлах тийм эрх олгосон заалт биш. Зөвхөн 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гарга гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон заалт гэж Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол дээр энэ талаар тайлбарласан байдаг. Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр тогтоол байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1 сарын өмнө хүсэлт гаргасан ч бай, 1 сарын дараа хүсэлтээ гаргасан ч бай ямар ч тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон заалт байхгүй. Хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Тухайн хүсэлтийн хүлээж авч хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал гэж Улсын дээд шүүхийн 9 дүгээр тогтоолоор мөн адал тайлбарласан. Бидний зүгээс хуулийн хугацаандаа хүсэлтээ гаргасан боловч үндэслэлгүйгээр буцаасан эс үйлдэхүй байна. Мөн төрийн албан тушаалтан буюу сумын Засаг дарга нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаа алдаж баталж өгсөн. Мөн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдэг 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэхэмжлэгч компани нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар сонгон шалгаруулалтаар орж анх удаа 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан. 3 жилийн хугацаандаа хайгуулын ажлыг маш сайн хийсэн. Их хэмжээний зардал мөнгө гаргасан байгааг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү. Мөн гэрчийн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар хариуцагч захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь тогтоогдож байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үгүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын зөвхөн нэг үндэслэл байгаа. Хэрвээ анхан болон давж заалдах шатны шүүх Монгол улсын Дээд шүүхийн тайлбар тогтоолоос хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэх юм бол тухайн хэргийн Хяналтын шатны журмаар хүлээн авч хэлэлцэх асуудал байдаг. Үүн дээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг асуудлаа дурдахгүй хаяж хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас үл хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигчийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасныг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарласан байгаа. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр тогтоол хуулийн дээрх тогтоолоос үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага албан тушаалтанд олгоогүй. Харин эсрэгээрээ өргөдлийг хүлээн авч хянах эрхийг олгосон гэж тус тогтоолоор дүгнэсэн. Мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 болон 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 250 дугаар тогтоолоор ижил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр 3 удаа сунгуулах эрхтэй. Энэ тохиолдолд хэдийгээр сунгуулах өргөдөл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн боловч энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заалтыг нэхэмжлэгчид үүрэг болгосноос бус хариуцагчид эрх олгосон зохицуулалт биш юм гэдэг зохицуулалт байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхээс үл хамааран бид нэг сарын өмнө хүсэлтээ гаргасан ч бай, 1 сарын дараа хүсэлтээ гаргасан ч бай тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийн маягт буюу К-2 маягтыг бөглөж өгсөн байгаа тохиолдолд хүлээж авах ёстой. Кадастрын хэлтсийн дарга өөрөө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах уу, сунгахаас татгалзах уу гэдэг шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан болохоос тухайн тусгай зөвшөөрлийг сунгалт бүртгэл, өргөдөл хариуцсан мэргэжилтэн тэр талаар шийдвэрийг гаргахгүй. Улсын дээд шүүхийн тайлбараас анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж шийдвэрлэх юм бол тухайн хэрэг нь хяналтын шатны шүүхээр хянагдах үндэслэл болдог тул тус тогтоолуудыг харгалзаж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
...Тус газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 382 дугаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг Т нэртэй 37.02 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар Х******* ХХК-нд анх олгосон байна.
Х******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд гаргах хуулийн зохицуулалттай.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн. түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 1 сарын өмнө гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд эзэмшигч сунгуулах тухай өргөдлийг гаргах зохицуулалттай.
Дээрх хуулийн дагуу Х******* ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргах байсан. Гэтэл Х******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч Х******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бүрдсэн.
Хуулийн хугацаанд өргөдөл гаргаагүй шалтгаанд гадны хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй. Х******* ХХК-ийн захирал Б.Б******* нь өвчтэй байсан, Солонгос улсад өөрийгөө болон ээжийгээ эмчлүүлж байсан тухайгаа тус газрын Кадастрын хэлтэст мэдэгдсэн баримт байхгүй байна.
Улмаар хариуцагч төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд Х******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргаагүй тул ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл Х******* ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.
Мөн түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай Х******* ХХК-иас манайд хандсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг хүссэн албан бичигт Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/4467 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй. гэж, тус газарт Х******* ХХК-иас гаргасан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/4662 дугаар албан бичгээр ... албан бичигт дурдсан асуудлаар танайд хариу хүргүүлсэн байх тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу уг асуудлыг дахин хянан үзэх боломжгүй байна. гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байна.
Иймд Х******* ХХК-ийн гаргасан тус компанийн ХВ- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х******* ХХК 2021 оны 10 сард сонгон шалгаруулалтад орж, хайгуулын талбайг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 37.02 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 2021 онд сонгон шалгаруулалтаар авсан гэхээр эхний удаагийнх 3 жилийн хугацаатай байна. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэсэн үг. Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Х******* ХХК гэсэн мэдэгдэл байгаа. Тус мэдэгдэлд Х******* ХХК-иас гарын үсэг зурсан байгаа. Уг мэдэгдлийн 6 дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг өгөх ёстой гэж байгаа. Нэхэмжлэгч талаас эхний жил хайгуулын ажлыг хийж байсан талаараа хэлдэг. Мөн дараагийн компанитай гэрээ хийгээд явж байсан талаар хэлдэг. Дахин 3 жил хугацаагаа сунгах нь тодорхой байсан байна. Энэхүү мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан зааврын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг хүчин төгөлдөр байхаас 1 сарын өмнө гэж оруулж өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч болгонд байхгүй байж болно. Лиценз авсан хүн би тусгай зөвшөөрөл эзэмшигч болчихлоо эзэмшигч хүн ямар үүрэгтэй вэ гэдгийг харах хэрэгтэй. 3 жилийн хугацаа дуусвал, дуусах хугацаанаас 1 сарын өргөдлөө өгөх юм байна гэдгээ мэдэж гарын үсэг зурсан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын өмнө гэхээр 2024 оны 09 дүгээр сарын 04 өдөр байгаа. Зайлшгүй 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сунгуулах ёстой биш. Түүнээс өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргах эрхтэй. 3 жилээр 3 удаа сунгаж болдог. Гэтэл нэхэмжлэгч талаас 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Кадастрын нэг цэг дээр очсон гэж хэлдэг. Сунгуулах өргөдлийг доод нэг давхарт буюу нэг цонхны үйлчилгээ дээр авахгүй. Нэхэмжлэгч талаас авах ёстой байсан гэж маргаж байна. Кадастрын нэг цэг дээр биш бичиг хэрэг дээр өгсөн бол шууд авах байсан. Яагаад Кадастрын нэг цэг рүү гаргаж байгаа вэ гэхээр хуульд тодорхой заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааж өгсөн. Сунгуулж хайгуулын ажил үргэлжлүүлж хийнэ гэж ганц өргөдөл өгөх асуудал биш. Өргөдөл хариуцсан мэргэжилтэн дээр очиж хавсаргасан материал, маягт зэргийг бөглөж өгдөг. Хавсаргасан материалыг өргөдөлдөө хавсаргаж өгөх ёстой. Сунгуулах өргөдөлд хавсаргах материалд орон нутгийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө байдаг. Орон нутгаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж ирээгүй бол цааш нь сунгах асуудал байхгүй. Иймд бүрдэл дутуу гэж өргөдлийг буцаадаг. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр буцаасан. Сүүлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 сард батлуулчхаад дахиж өргөдлөө өгсөн гэж нэхэмжлэгч талаас хэлж байгаа. Систем дээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан. Эхний удаа сунгуулж байгаа гэдгийг нь ойлгож байна. 2, 3 удаа сунгуулж байгаа бол туршлагатай байх байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хайгуулын хэлтэст тайлангаа гаргаж өгөх, хугацаагаа анхаарах ёстой байсан. 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлөө батлуулах ёстой гэж үзэж орон нутагт эрт байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах ёстой байсан. Бид нараас шалтгаалаагүй үйлдэл байна. Төрийн захиргаан байгууллагад гомдох асуудал харагдахгүй байна. Ашигт малтмал газрын тухай хуулийг хэрэгжүүлж сууж байгаа тул байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй өргөдлийг бүртгэх ямар ч боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х******* ХХК-иас манай компани 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай хуульд заасан бүхий л баримтуудыг гаргаж өгсөн ба хугацаа сунгуулах хүсэлтээ тодорхой хугацааны улмаас гаргаж өгч чадаагүй, Х******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Б******* нь өөрийн болон өөрийн ээжийг эмчлүүлэхээр 2024 оны 5 сараас хойш Бүгд найрамдах Солонгос Улсруу удаа дараа явсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн хариуцагч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хугацаа сунгуулах өргөдлөө өгөхөөр очиход хүлээж аваагүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 05-нд хүргүүлсэн боловч баталж өгөөгүй гэж, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу сунгуулах өргөдлөө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас 1 сарын өмнө гаргаагүй, хавсаргах шаардлагатай баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 382 дугаар шийдвэрээр Х******* ХХК-д Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших Т нэртэй газарт 37.02 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 8/4271 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж, Ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаатайгаар олгосон байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана; 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар , 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасан байна.
5. Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргасан байх, холбогдох баримтуудыг урьдчилан бүрдүүлж өргөдөлдөө хавсаргаж өгөх шаардлагатай байжээ.
6. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Б.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах К-02 маягтыг бөглөж, хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Н******* нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд баримтын бүрдүүлбэрээ хангаж ирүүлэхийг зөвлөж буцаасан болох нь түүний өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, сунгах болон сунгахаас татгалзах шийдвэрийг гаргаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэгээ хийх ёстой байсан гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.
8. Учир нь нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах үед тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрийг төлсөн, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор өндөр сумын Засаг даргаар батлуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг тухайн үед хүлээн авсан ч баримт дутуу байсан тул сунгахаас татгалзсан нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна.
10. Нэхэмжлэгч Х******* ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсны дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад 2024 оны 09 дүгээр сарын 18-нд Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө төлсөн хэдий ч Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /өөрийн болон өөрийн ээжийг БНСУ-д эмчлүүлэхээр удаа дараа зорчсон/ хоцроосон тул XV- тоот Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, сэргээж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэх албан бичгийг хавсралт баримтуудын хамт гаргасан.
11. Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/4467 дугаар албан бичгээр ... Х******* ХХК-ийн эзэмшиж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Т нэртэй 37.02 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах...-аар заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргах байсан. Хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг хүргүүлсэн.
12. Улмаас нэхэмжлэгч Х******* ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүсэлт гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/4662 дугаар албан бичгээр ...дахин хянан үзэх боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
13. Нэхэмжлэгчээс хайгуулын хүчин төгөлдөр байх хугацаанд хугацаа сунгуулах өргөлдлөө хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн өөрийн болон өөрийн ээжийг Бүгд найрамдах Солонгос Улсад эмчлүүлэхээр удаа дараа зорчсон, Хэнтий аймгийн Бор өндөр сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар өгсөн боловч засаг даргын ээлжийн амралт, орон нутгийн сонгуультай холбоотойгоор батлуулж амжаагүй гэж тайлбарлан маргаж байгааг мөн хүлээн авах боломжгүй байна.
14. Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/165 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Б.Б******* нь Чингис хаан агаарын замын боомтоор 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гарч, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гарч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарч, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орж ирсэн, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарч, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн байна. Дээрх мэдээллээс харахад Х******* ХХК-ийн захирал Б.Б******* нь 2024 оны 08 сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл 5 удаа Бүгд найрамдах Солонгос Улсруу зорчиж, ээжийгээ болон өөрийгөө эмчлүүлсэн байна.
| № | Чингис хаан агаарын замын боомтоор гарсан огноо | Чингис хаан агаарын замын боомтоор орж ирсэн огноо | БНСУ-д байсан хугацаа | Монголд байсан хугацаа |
| 1 | 2024.08.02 гарсан | 2024.08.08 орж ирсэн | 6 өдөр | 36 өдөр |
| 2 | 2024.09.14 гарсан | 2024.09.16 орж ирсэн | 2 өдөр | 11 өдөр |
| 3 | 2024.09.27 гарсан | 2024.09.29 орж ирсэн | 2 өдөр | 23 өдөр |
| 4 | 2024.10.06 гарсан | 2024.10.10 орж ирсэн | 4 өдөр | 8 өдөр |
| 5 | 2024.10.18 гарсан | 2024.10.20 орж ирсэн | 2 өдөр |
|
15. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг Х******* ХХК-д олгосон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулах ёстой боловч компанийн эрх бүхий этгээдээс итгэмжлэл авсны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаа сунгах өргөдлийг гаргах боломжтой талаар Ашигт малтмал, газрын тосны газрын цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Н******* гэрчийн мэдүүлэгтээ өгсөн.
16. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Х******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаа сунгуулах өргөдлийг гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.
17. Түүнчлэн нэхэмжлэгчээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь ээлжийн амралттай, орон нутгийн сонгуулийн ажилтай байсан тул байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулж чадаагүй гэж тайлбарлан маргаж байна.
18. Х******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсноос хойш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт Х******* ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах XV-01944 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус компани нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлуулах хүсэлтээ өгсөн боловч Засаг даргын ээлжийн амралт болон орон нутгийн сонгуулийн ажилтай холбоотой 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталсан болно гэх албан бичгийг хүргүүлсэн.
19. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх заалтад ...сум ...бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн., Жардугаар зүйлийн 1 дэх заалтад ...сум...нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн сумын ...Засаг дарга хэрэгжүүлнэ., Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтад энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сумын Засаг даргад хүргүүлж батлуулах;, мөн зүйлийн 38.1.4 дэх заалтад энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх; 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан нь сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртэй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах үүрэгт хяналт тавих төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд Хэнтий аймгийн Бор өндөр сумын засаг дарга нэхэмжлэгч Х******* ХХК-иас хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд баталж өгөхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүйтэй нэхэмжлэгч маргаагүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор өндөр сумын засаг даргад хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд баталж өгөхгүй байгаа талаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдэгдээгүй атлаа Х******* ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
20. Учир нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч Х******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдөлд хавсаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.4 дэх заалтад заасан баримт бичгийг хянах, зөрчилгүй эсэхийг тогтоохоор, харин мөн зүйлийн 22.1.3 дахь заалтад заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд батлуулсан байдлаар хавсаргасан байх ёстойг нэхэмжлэгчид хуулиар шууд үүрэг болгон хуульчилсан байна.
21. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн сум, дүүргийн Засаг дарга батлах бөгөөд эрх бүхий субъектээс баталсан баримт бичгийг хариуцагч Кадастрын хэлтэс болон тус хэлтсийн цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах, барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн дахин хянахгүй, харин байгаа эсэхийг шалгаж, хэрэв байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
22. Иймд нэхэмжлэгч Х******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Х******* ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Х******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Х******* ХХК-ийн ХВ- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АЗБАЯР