| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0305/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энхоюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түшээгүн овогт Бгийн О-д холбогдох 1708021270408 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 5, эцэг, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Түшээгүн овогт Бгийн О /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр О над руу залгаад машинаа ирж ав гэж хэлсэн, тэгээд би нөхөртэйгээ багшийн дээд орчим уулзсан. Тэгсэн О Баянхошуу руу эгчийн гэрт хүргээд өг гэж хэлсэн, тэгээд би тэнд хүргэж өгсөн чинь намайг чи гадуур хонолоо гэж хэлэхээр нь би гадуур хоноогүй эгчийнхээ гэрт хоносон гэж хэлсэн чинь чи худлаа ярилаа гээд намайг машин дотор үснээс зулгайж, доош дараад гараараа миний толгой руу олон удаа цохисон, миний нүдний хөмсөг хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, мөр лүү мөн гараараа цохисон, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй. ...тухайн өдрөөс хойш намайг цохиж зодсон асуудал байхгүй. Оид гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 20-21, 56-57 х/
1.2.Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр болох Бтай 2009 оноос эхлэн хамтран амьдарсан. Бид 2 гэрлэлтээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй юм. Тэгээд 2017 оны 08 сараас эхлэж Б бид 2 тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдрах хугацаандаа Бтай байнга холбоотой байдаг байсан. Манай эхнэр Б нь эгч болох Бурмаагийнхаа гэрт амьдарч байсан юм. Тэгээд би 2017 оны 10 сарын 05-ны орой Бтай холбоо барих гээд чадаагүй бөгөөд манай эхнэр Б нь эгчийнхээ гэрт хоноогүй, өөр газар хоносон юм шиг байгаан, би утсаар ярих гэтэл утас нь холбогдохгүй, хаана хоносон нь тодорхойгүй байсан юм. Тэгээд тухайн орой нь Бтай холбогдоогүй бөгөөд маргааш нь буюу 2017 оны 10 сарын 06-ны өглөө нь гэрээс гарч 2 найз болох Баярбат, Аптангэрэл нартай уулзаж биокомбинат орж 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд тухайн архиа уучихаад би эхнэртэйгээ утсаар холбогдоод замын цагдаагийн орчим уулзаж манай эхнэр намайг баянхошууруу манай эгчийн гэрт хүргэж өгөхөөр явсан. Замдаа би Бг чи өчигдөр гэртээ хоноогүй хаагуур явсан юм бэ, гэтэл Б чамд хамаагүй гээд бид 2 маргалдсан юм. Тэгээд маргалдаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон чулуутын гудамжинд Б машинаа зогсоогоод бид 2 маргалдаад би машин дотор байхдаа уур хүрээд хажуунаас нь нүүрлүү нь 4-5 удаа гараараа цохисон юм. Тэгээд байж байгаад би машинаас нь буугаад өөрийнхөө эгч болох Цоожийн гэрт очсон. Тэгээд эгчийн гэрт очоод байж байтал нэг их удалгүй, хойноос манай эхнэр цагдаа дагуулаад орж ирээд намайг бариулсан юм. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирчихээд амралтын өдөр байсан болохоор яваад өгсөн юм. Өөр зүйл болоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 72-73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 10 сарын эхээр байхаа 11 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуулиас авах гээд гэрээсээ гараад явж байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансарын 2-р гудамжны харалдаа гудамжинд цагаан өнгийн суудлын автомашинд 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан. Тухайн үед тэр машиных нь жолоочийн талын хаалга нь онгорхой байсан, эмэгтэй нь жолоочийн суудал дээр эрэгтэй нь хажууд нь суусан байдалтай байсан. Тэр 2 хүн чанга чанга дуугараад маргаж байхад эрэгтэй нь эмэгтэйгээ нүүр, толгой орчим руу нь гараараа 3-4 удаа нилээн хүчтэй түг түг гэж дуугартал цохиод байсан. Тэгсэн чинь эмэгтэй нь “чи болиоч” гэж байснаа намайг хараад эгчээ туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би юу ч хэлэлгүй явж байгаад буцаад машиных нь дугаарыг харсан, мөн гудамжных нь дугаарыг хараад цагдаад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/
1.4.Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өдрийг нь одоо тодорхой санахгүй байна. 2017 оны 10 сард, цагийг нь бас санахгүй байна, өдрийн цагаар, манай эгч Б “цагдаа дуудаарай, нөхөртэйгээ муудалцсан. Нөхөр нь “зодсон” гэсэн утгатай юм ярьсан, өөр тодорхой зүйл яриагүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэтэл Б эгч өөрөө дуудлага өгсөн юм шиг байна лээ, цагдаа дуудлагаар очсон гэж хэлж байсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр асуудлын талаар мэдэх зүйл маань энэ л байна. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/
1.5.Шинжээчийн 12673 тоот дүгнэлт
1.Б.Бгийн биед тархи доргилт, зүүн шанаа, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, баруун мөрний үений суналт тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Б.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 х/
2.2.Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 х/
2.3.Гэрлэлтийн лавлагаа /хх-н 65 х/
2.4.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 66 х/
2.5.Цалингийн тодорхойлолт /хх 80 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд, архидан согтуурсан үедээ эхнэр Б.Бг “эгчийндээ хоносонгүй” гэх шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны “Сансар”-ын гудамжинд өөрийнхөө автомашинд гараараа болон толгойгоороо мөргөх зэргээр түүний толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шанаа, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, баруун мөрний үений суналт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Оийн “... 2017 оны 10 сарын 06-ны өглөө нь гэрээс гарч 2 найз болох Баярбат, Аптангэрэл нартай уулзаж биокомбинат орж 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд тухайн архиа уучихаад би эхнэртэйгээ утсаар холбогдоод замын цагдаагийн орчим уулзаж манай эхнэр намайг баянхошууруу манай эгчийн гэрт хүргэж өгөхөөр явсан. Замдаа би Бг чи өчигдөр гэртээ хоноогүй хаагуур явсан юм бэ, гэтэл Б чамд хамаагүй гээд бид 2 маргалдсан юм. Тэгээд маргалдаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон чулуутын гудамжинд Б машинаа зогсоогоод бид 2 маргалдаад би машин дотор байхдаа уур хүрээд хажуунаас нь нүүрлүү нь 4-5 удаа гараараа цохисон юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 72-73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.Бгийн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр О над руу залгаад машинаа ирж ав гэж хэлсэн, ... намайг чи гадуур хонолоо гэж хэлэхээр нь би гадуур хоноогүй эгчийнхээ гэрт хоносон гэж хэлсэн чинь чи худлаа ярилаа гээд намайг машин дотор үснээс зулгайж, доош дараад гараараа миний толгой руу олон удаа цохисон, миний нүдний хөмсөг хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, мөр лүү мөн гараараа цохисон, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй. ...тухайн өдрөөс хойш намайг цохиж зодсон асуудал байхгүй. Оид гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 20-21, 56-57 х/,
Гэрч Б.Байгалмаагийн “…2017 оны 10 сарын эхээр байхаа 11 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуулиас авах гээд гэрээсээ гараад явж байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансарын 2-р гудамжны харалдаа гудамжинд цагаан өнгийн суудлын автомашинд 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан. Тухайн үед тэр машиных нь жолоочийн талын хаалга нь онгорхой байсан, эмэгтэй нь жолоочийн суудал дээр эрэгтэй нь хажууд нь суусан байдалтай байсан. Тэр 2 хүн чанга чанга дуугараад маргаж байхад эрэгтэй нь эмэгтэйгээ нүүр, толгой орчим руу нь гараараа 3-4 удаа нилээн хүчтэй түг түг гэж дуугартал цохиод байсан. Тэгсэн чинь эмэгтэй нь “чи болиоч” гэж байснаа намайг хараад эгчээ туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би юу ч хэлэлгүй явж байгаад буцаад машиных нь дугаарыг харсан, мөн гудамжных нь дугаарыг хараад цагдаад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
Гэрч С.Энхтуяагийн “…Би өдрийг нь одоо тодорхой санахгүй байна. 2017 оны 10 сард, цагийг нь бас санахгүй байна, өдрийн цагаар, манай эгч Б “цагдаа дуудаарай, нөхөртэйгээ муудалцсан. Нөхөр нь “зодсон” гэсэн утгатай юм ярьсан, өөр тодорхой зүйл яриагүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэтэл Б эгч өөрөө дуудлага өгсөн юм шиг байна лээ, цагдаа дуудлагаар очсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,
Шинжээчийн 12673 тоот дүгнэлт
1.Б.Бгийн биед тархи доргилт, зүүн шанаа, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, баруун мөрний үений суналт тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөхөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б.О, хохирогч Б.Б нар эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 65 х/-аар нотлогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект болох Б.О нь эхнэр Б.Бгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Б.Б нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 20-21, 56-57 дугаар хуудаснууд дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Б.О-д холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, уг торгуулийн ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түшээгүн овогт Бгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.О-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.О-д мэдэгдсүгэй.
5.Б.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ