Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/209

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.М-д холбогдох 2303 00529 0448 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн М-, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тугай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан;

Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны ... дугаар сарын ... -ны шөнө 00:05 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд Вилла хотхоны хойд замд “Toyota Crown” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Т- жолоочтой “Toyota Harrier” загварын 00-00ХХХ улсын дугаартай автомашины араас мөргөж, зорчигч Г.Б-, Ж.Э- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э-ийн М-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Э.М- нь 13.356.805 төгрөгийг хохирогч Г.Б-ад, 1.545.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжлэлээс үлдэх 150.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б-, Ж.Э- нар нь эдийн бус хохиролтой холбоотой болон цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Э.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт Э.М- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Э.М- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хаягт байнга оршин суудаг ба мөрдөн байцаалтын үед “Улаанбаатар хотод байх хаягаа хэл” гэж мөрдөгч асуусны дагуу Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух төрсөн эгчийнхээ гэрийн хаягийг хэлж өгсөн. Төрсөн эгчийндээ Улаанбаатар хотод ирсэн үедээ орж, гарч явдгаас биш байнга оршин суудаггүй гэдгээ шүүх хуралдааны явцад хэлсээр байсан ба хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүгдийг барагдуулан хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан, ажил болон гэр бүл Замын-Үүд суманд байдаг талаараа, мөн оршин суух газарт ял эдлүүлэхийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэлсээр, хүссээр байхад анхан шатны шүүх Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Э.М- өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшдэг ба хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд гэм буруугийн талаар маргаагүй байхад шүүхээс түүнд хүлээлгэх ялыг Эрүүгийн хуулийн 55.1.3 дүгээрт зааснаар “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1,5 жилээр оногдуулж байгааг өмгөөлөгч миний зүгээс ял хүндэдсэн гэж үзэж байх тул ялыг хөнгөрүүлж 1 жил болгон өгч энэхүү ялыг шүүгдэгчийн оршин байх газар буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумд эдлүүлэхээр шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа. ... Албан ёсны хаяг Замын-Үүд. ...1,27 хувийн согтолттой байсан. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.М- нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суудаг гэх баримтаа бүрдүүлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ өгөөд зорчих эрх хязгаарлах ялын маршрутыг өөрчлүүлэх боломжтой. Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 06-ны шөнө 00:05 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны хойд замд “Toyota Crown” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ жолоодох,” “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Т- жолоочтой “Toyota Harrier” загварын 00-00ХХХ улсын дугаартай автомашины араас мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Б-, Ж.Э- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Г.Б-ын хүү Т.Т-ы хамт “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслээр зорчин явж байхад араас нь “Toyota Crown” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учирсан талаар мэдүүлсэн: “...Хүү Т.Т- автомашин жолоодоод, би хойд суудал дээр суугаад Яармагийн замаар явж байсан. Гэнэт л тас гэж дугараад манай машиныг өөр нэг машин мөргөх шиг болоод би урд суудал мөргөөд шалавч дээр унасан. Тэгэхэд суудал мултраад миний нуруу руу цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх 14/,
  • хохирогч Ж.Э-гийн шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодож, улмаар урдаа явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн, уг ослын улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, хагалгаанд орсон бөгөөд эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг Э.М- төлсөн талаар мэдүүлсэн: “...Э.М- бага зэрэг согтуу байсан. Тэгэхээр нь “Би машин жолоодоод явъя” гэхэд “Би зүгээр, бариад явчихна” гээд машинаа жолоодоод хөдөлсөн. ...Яармагийн замаар 2 дугаар эгнээгээр явж байтал хажуугаар жижиг машин шахаад орж ирсэн. Тэгэхэд өөр нэг машины араас тулаад л ороод ирсэн. Би бусад зүйлийг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 20/,
  • “Toyota Harrier” загварын 00-00ХХХ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад нь машин мөргөсөн талаар мэдүүлсэн гэрч Г.Т-ы: “...Зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт араас машин хүчтэй мөргөсөн. Би жолоодлого алдаад замын баруун тал руу хашлага даваад, мод мөргөөд зогссон. ...” гэсэн мэдүүлэг /хх 31/,
  • ослын улмаас Г.Б-ад 1.695.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн “...Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б- нь  Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.695.000 төгрөг гарсныг Э.М-гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хх 28/, энэ талаарх эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 24/,
  • шүүгдэгч Э.М-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Ахтай 1 литрийн хэмжээтэй архи уусан. ...Яармагийн замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчиж байсан. ...Тэгэхэд хажуугаар суудлын автомашин шахаж орж ирээд урд гараад явчихаар нь б урдуур нь ороод, урд, хойноо гараад явж байсан. Би 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороход урд явж байсан машин тулж орж ирсэн. Би тоормос гишгэсэн боловч гадаа бороотой байсан болохоор зогсож амжилгүй урд явсан машины зүүн хойд хэсгээс мөргөөд, тэр чигтээ урагш түрээд замын хажуу тийш гараад зогссон. ...” гэсэн мэдүүлэг /хх 186-187/,
  • Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас осол гарсныг тогтоосон, жолооч Т.Т- нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1028 дугаартай магадлагаа /хх 171-172/,
  • ослын улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд зүүн хоншоор ясны ханын хугарал, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, ууцны хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Ж.Э-гийн эрүүл мэндэд зүүн атгаал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9927, 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11080 дугаартай дүгнэлтүүд /хх 87-88, 96-97/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.М-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.М- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.Б-, Ж.Э- нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг давж заалдах шатны шүүхэд хандан “зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялыг Дорноговь аймгийн Замын -Үүд суманд эдлүүлэхээр өөрчлөлт оруулах”-аар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн үндэслэлийн талаар дүгнэхдээ “...Шүүгдэгч Э.М- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт баримттай гаргасан төлбөрийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал...” зэргийг харгалзан үзсэн талаар дурджээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан харгалзан үзэх ёстой нөхцөл байдлууд, эрүүгийн эрх зүйн суурь зарчмуудыг удирдлага болгон ийнхүү ял шийтгэснийг буруутгах боломжгүй, түүнд оногдуулсан ял тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос “Ялыг хөнгөрүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Харин, анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлын талаар буюу түүний оршин суугаа газрыг тогтоолгүйгээр яллагдагчаар өгсөн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт тусгагдсан хаягийг түүний оршин суугаа хаяг гэсэн өрөөсгөл дүгнэлт хийн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Тодруулбал, хэргийн 40 дүгээр талд авагдсан шүүгдэгч Э.М-гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаагаар тэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг талаар тусгасан байхад үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулан түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нь түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлоос “зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийг өөрчлөх” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэснийг “...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс...” гэж өөрчилсүгэй.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ