| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06510/И |
| Дугаар | 192/ШШ2025/04153 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04153
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **** дүүрэг, *** дүгээр хороо, **** байрлах, И газар /рд: *****/
Хариуцагч: ******** дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, *** **** дугаар байр *** тоотод оршин суух, Ц овогт П-ийн Д /рд: ************/
Хариуцагч: ******* дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, ********* байр, ** тоотод оршин суух, Х овогт Б-ийн Г /рд: *******/
Нэхэмжлэлийн шаардлага: 50,928,756.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагч нарын өмгөөлөгч Х.М,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И газар нь П.Д , Б.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус газар нь иргэн П.Д ийг Оросын Холбооны улсын Москва хотын Санхүүгийн их сургуульд Тээврийн эдийн засагч мэргэжлээр 3 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, тус гэрээний батлан даагчийн гэрээг Б.Г-тэй 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан. И газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 15,063 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна. Гэвч П.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.9 дэх “Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг И ГАЗАРТ буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нараас хариу тайлбартаа: П.Д миний бие ОХУ-ын Москва хотын Санхүүгийн Их сургуулийг 2014 оноос 2018 оны хугацаанд бакалаврын зэрэгт ОХУ-ын тэтгэлгээр амжилттай сурч төгссөн. Сурч байх хугацаандаа амьжиргааны тусламж авахаар И газартай И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээг 15600 ам.долларын дүнтэйгээр 2015.11.18-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд сургалтын хугацаан дахь байр, хоол, тээврийн зардлууд багтсан. Харин дээр дурдсанчлан тэтгэлгээр сурсан тул сургалтын төлбөрийг И газраас гаргуулаагүй. 2018 оны 6 дугаар сард сургуулиа амжилттай төгсөж ирмэгц гэрээнд заасны дагуу И газарт ажилд орох өргөдлийг 2018.07.18-ны өдөр өгсөн боловч ажлын байраар хангах боломжгүй, орон тоо байхгүй гэх шалтгаанаар намайг ажилд аваагүй, 4 сар хүлээсний эцэст Худалдаа, хөгжлийн банкнаас ажилд орох санал ирснээр 2018.11.19-ний өдрөөс Кастодиан үйлчилгээний хэлтэст Банкны ажилтан албан тушаалд томилогдон ажилд орсон. Мөн 2024 оны 3 дугаар сард И газраас ажлын ярилцлагад дуудахдаа санал болгосон ажлын байр нь миний эзэмшсэн мэргэжил, мэдлэг туршлагад нийцэхгүй гэж үзсэн тул ажиллах боломжгүй байсан. Түүнчлэн гэрээний зардал болох 15063 ам.долларыг 2024 оны 2-р улирлын Монгол банкны хаалтын ханшаар нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-той зөрчилдөж байна. Хэрвээ И газар гэрээнийхээ дагуу тухайн хүсэлт гаргаж байгаа иргэнийг шууд ажилд нь томилчихсон 2018-2023 он хүртэл хугацаанд ажиллаад энэ гэрээ дуусах байсан. Гэтэл гэрээ хэрэгжихгүй ийм нөхцөл байдалд орсон шалтгаан И газраас 100 хувь шалтгаалсан. Мөн нэхэмжлэл дээр бичсэн байдаг, авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийн дагуу авлигатай тэмцэх газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 01/7902 дугаартай зөвлөмж хүргүүлсэн гэдэг. Зөвлөмжийн хавсралтаар нийт И газрын зардлаар суралцсан суралцагчдын мэдээллийг ангилаад ирүүлчихсэн. Хавтаст хэргийн 164-172 дугаар талд гэрээ зөрчсөн, 5 жил ажиллаагүй суралцагчдын нэрсийн жагсаалтад хариуцагч П-ийн Д нэр байхгүй байгаа. Гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гээд заачихсан. Мөн хуулийн 76.4 дэх хэсэгт шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоглоно гээд нарийвчилсан заалттай. Үндсэндээ нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол уг үйлдлийг хийх ёстой байсан үе гэдэг хууль зүйн ойлголт байна. Тэгэхээр 2018 оноос тооцохоор хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрчихсөн. Гэрээний үүргийн зөрчил гэхээсээ илүү хөөн хэлэлцэх хугацаагаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд өнөөдрийг хүртэл гэрээний нөгөө тал үүргээ биелүүлээгүй буюу П.Д ийг ажилд томилсон тушаал огт гараагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3/, И газрын №01, №02 мэдэгдэх хуудас /хх 4, 5/, Тэмдэглэл /хх 6/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7-8/, И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ /хх 9-11/, И газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/708 дугаар Байгууллагын зардлаар суралцуулах тухай тушаал /хх 12/, П.Д ийн гадаад паспортын хуулбар /хх 13, 34/, П.Д , Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 14, 33, 39/, Настоящий диплом свидетельствует о том, что /хх 15-19/, Diploma /хх 20-23/, Справка /хх 24/, Өргөдөл гомдлын хяналтын карт /хх 25/, П.Д ийн И газрын дарга Л.Б-д өргөдөл гаргах нь /хх 26/, И газрын Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын 05/73 тоот албан бичиг /хх 27/, Барьцааны гэрээ №040/2015 /хх 28-29/, Зөвшөөрөл /хх 30/, Ж.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 31/, итгэмжлэл /хх 32, 35-36/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 37/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 38/, Төлбөрийн даалгавар /хх 40, 42, 44, 48, 50, 53/, ХХБ-ны дансаар олгох оюутануудын жагсаалт /хх 41, 43, 45, 49, 51-52, 54/, 2018 оны 1 дүгээр улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байр, эрүүл мэндийн зардал /хх 46-47/, И газар Дансаарх өглөгийн ваучер /хх 55, 58/, И ГАЗАР-ын зардлаар суралцаж буй оюутнуудын тэтгэлэг байрны төлбөр 2016 оны 4, 5, 6-р сар /хх 56-57/, 2016 оны 4 дүгээр улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байрны зардал /хх 59-61/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 69/, Настоящий диплом свидетельствует о том, что /хх 70-73/, Төрийн албан хаагчийн анкет /хх 74-77/, И ГАЗАР-ын дарга Л.Б-д өргөдөл гаргах нь /хх 78/, И газрын Захиргаа, удирдлагын газрын 141 тоот албан бичиг /хх 79, 116/, И газрын Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын 05/73 тоот албан бичиг /хх 80/, Санхүү хөрөнгө оруулалтын газар /хх 81, 115/, Орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /хх 82-86/, Ипотекийн гэрээ /хх 87-89/, ЗГ1305013797 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хавсралт /хх 90-91/, Зээл болон барьцааны гэрээ, хавсралт /хх 92-95/, Цалингийн зээлийн гэрээ /хх 96-98/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 106-108/, итгэмжлэл /хх 117-118/, Бүртгэлийн хуудас /хх 119/, Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 120/.
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр И газрын даргын А/44 дугаар Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал /хх 126/, И газрын даргын А/51 дугаар Орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 127-130/, И газрын даргын А/65 дугаар Зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 131-132/, И газрын даргын А/86 дугаар Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 133-134/, И газрын даргын А/146, А/155, А/304 дугаар Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалууд /хх 135-137/, И газрын даргын А/391 дугаар Бүтэц шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 138-139/, И газрын даргын А/399 дугаар Орон тоо нэмэгдүүлэх тухай тушаал /хх 140/, И газрын даргын А/403 дугаар Орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 141-144/, И газрын даргын А/443 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 145-150/, И газрын даргын А/853 дугаар Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал /хх 151/, Авилгатай тэмцэх газрын 01/7902 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 152-174/, И газрын даргын А/161 дугаар Орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал /хх 175/, И газрын даргын А/259 дугаар Орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 176-180/, И газрын даргын А/382 дугаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 181-186/, И газрын даргын А/289 дугаар Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 187-208/, И газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт /хх 209-211/, Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын нягтлан бодогчийн түр сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах зар /хх 212-213/, Авилгатай тэмцэх газрын 03/8975 тоот албан бичиг, хавсралтаар Авилгатай тэмцэх газрын 01/7902 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 214-236/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.9-д заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлөх.
3. Хариуцагч нараас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэргийн 9 дүгээр талд нэхэмжлэгч И газар болон хариуцагч П.Д , Б.Г нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ авагдсан. Уг гэрээгээр П.Д ийг ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуульд Тээврийн эдийн засагч мэргэжлээр 3 жилийн хугацаатайгаар, нийт 15600 ам.долларын зардалтайгаар суралцуулах, гэрээний нөхцөлд заагдсан хугацааг дуустал буюу сургууль төгсөөд тус газраас хэрэгцээ, шаардлагатай газарт томилогдон ажилласан 5-аас доошгүй жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх, нэхэмжлэгч нь П.Д ийг ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуульд Тээврийн эдийн засагч мэргэжлээр 3 жилийн хугацаатайгаар, суралцах хугацааны байр, хоолны зардлыг сар тутам жишигт заасан тарифаар тээврийн зардлыг 1 удаа Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцохоор зардлыг хариуцан гэрээний 1.1-д зааснаар нийт 15600 ам.долларын зардалтайгаар хариуцан сургах, суралцагч сургалтын хөтөлбөрийг дүүргэж, мэргэжлээ эзэмшин төгсмөгц боловсролын бичиг /диплом/-ийг И ГАЗАР хүлээн авах бөгөөд суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусмагц түүнд хүлээлгэн өгөх, суралцагч буюу хариуцагч нь суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчилна суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 % хангаж, энэ гэрээний 2.1-д зааснаас бусад бүх зардлыг өөрөө хариуцан суралцах, сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллах, энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг И ГАЗАР-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгох, суралцагч эх орондоо байхгүй байсны болон бусад шалтгааны улмаас энэ гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүний батлан даагч Б.Г хариуцан гүйцэтгэхээр тохиролцсон байна.
4.2. Зохигчид И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээг байгуулсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.
И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Түүнчлэн, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.4-т зааснаар шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.
И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний 2.5-д суралцагч сургалтын хөтөлбөрийг дүүргэж, мэргэжлээ эзэмшин төгсмөгц боловсролын бичиг /диплом/-ийг И ГАЗАР хүлээн авах бөгөөд суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусмагц түүнд хүлээлгэн өгнө гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч П.Д ийг сургууль төгсмөгц гэрээний дээрх шаардах эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан И ГАЗАР-ын дарга Л.й өргөдөл гаргах нь гэх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч П.Д ийг ОХУ-ын Москва хотын Санхүүгийн их сургуулийг 2018.06.30-нд Санхүүгийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн талаар мэдсэн байх бөгөөд хариуцагч П.Д ийн өргөдөл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тооцогдоно.
Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх бөгөөд П.Д , Б.Г нартай байгуулсан И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хариуцагч П.Д , Б.Г нар нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч И газрын хариуцагч П.Д , Б.Г нарт холбогдуулан гаргасан 50,928,756.15 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заасныг баримтлан хариуцагч П.Д , Б.Г нарт холбогдох 50,928,756.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН