Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/223

 

Т.Г, А.Ц, М.А,

Э.Б, С.Б, Г.Г, Б.Г,

А.О, Н.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Я.Батханд,

шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч К.Манлай, Д.Мөнх-Очир,

шүүгдэгч С.Б-, А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.Г-ын түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Г.Тамир,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч К.Манлай, Д.Мөнх-Очир, шүүгдэгч Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.А-, Э.Б-, С.Б-, Т.Г-, Г.Г-, Б.Г-, А.О-, Н.Ц-, А.Ц- нарт холбогдох 2205 00000 1134 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн Т-ийн Г-, 1996 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж байсан;

2. Б овгийн А-ийн Ц, 1996 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

3. Т овгийн М-ын А, 1997 оны ... дугаар сарын ...-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн А сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

4. Х овгийн Э-ийн Б, 1997 оны ... дугаар сарын ...-ний өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

5. Б овгийн С-ын Б, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын машин ашиглалт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, гурван эгч, нэг дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

6. И овгийн Б-ын Г, 1997 оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

7. Б овгийн Г-ын Г, 1996 оны ... дүгээр сарын ...-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

8. Б овгийн А-ын О, 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 23 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

9. Б овгийн Н-ийн Ц, 1997 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, “Т” ХХК-д инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Холбогдсон хэргийн агуулга:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын цээжин тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж түүний биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ц, Т.Г, Г.Г, Э.Б, А.О, М.А нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ыг зодож түүний биед гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ц, Т.Г нар нь бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И" гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын толгойн зүүн зулай хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Г.Г, Н.Ц, Э.Б, Б.Г, А.О, Т.Г, С.Б, М.А, А.Ц нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөлд байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: А.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Г Т.Г, Э.Б, А.О, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.Г, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар,

Т.Г, Г.Г, Н.Ц, А.О, Э.Б, Б.Г, С.Б, М.А, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-эд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овогт А-ийн Ц-, Б овогт Т-ийн Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт А-ийн Ц, Б овогт Т-ийн Г, Б овогт Г-ын Г, Т овогт М-ын А, Х овогт Э-ийн Б, Б овогт А-ын О, И овогт Б-ын Г, Б овогт Н-ийн Ц, Б овогт С-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Г-ын Г, Х овогт Э-ийн Б, Б овогт А-ын О, Т овогт М-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 13 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Ц-, Т.Г-, Г.Г-, М.А-, Э.Б-, А.О-, Б.Г-, Н.Ц-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г.Г-, Э.Б-, А.О-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Ц-, Т.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Г-, М.А-, Э.Б-, А.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарт оногдуулсан 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г-, М.А-, Э.Б-, А.О- нарт оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г-, Н.Ц-, С.Б- нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон Т.Г-ын 198 хоног, Г.Г-ийн 172 хоног, М.А-гийн 193 хоног, А.Ц-ийн 200 хоног, Э.Б-гийн 116 хоног, А.О-ын 107 хоног, Б.Г-гийн 61 хоног, Н.Ц-ын 61 хоног, С.Б-ын 61 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар шүүгдэгч А.Ц-ээс 12.937.642 төгрөг, шүүгдэгч А.О-оос 9.693.198 төгрөг, шүүгдэгч Т.Г-оос 2.437.642 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г-, М.А-, Э.Б-, Б.Г-, Н.Ц-, С.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ц-, Т.Г-, Г.Г-, М.А-, Э.Б-, А.О-, Б.Г-, Н.Ц-, С.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдолдоо: “...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ангийнхантайгаа төрсөн өдөр тэмдэглэж, бааранд сууж байгаад хэрэгт холбогдон 2022 оны 3 дугаар сарын 20-нд цагдан хоригдож, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр батлан даалтаар суллагдан 20.16 дугаар зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. ...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл түр завсарлуулсан бөгөөд би 2022 онд цагдан хоригдсон хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д 7.000.000 төгрөг бодит хохиролд төлсөн. Үлдэгдэл 5.937.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулж, шүүх хуралдаанд хохирогч хохирол, гомдолгүй гэсэн тул анхан шатны шүүхээс 2 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би эхнэр, хоёр хүүгийн хамт хадам ахынхаа хашаа байшинд түр оршин суудаг, тогтвортой хаяггүй. Том хүү 5 настай, бага хүү 1 нас 5 сартай. Эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй. Би 21.000.000 төгрөгийн банк бусын зээлтэй, хувь хүнд 10.000.000 төгрөгийн зээлтэй тул эдгээрийг харгалзан үзэж, урьд авсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хасаж өгнө үү. Би ганцаараа ажил хийж, ар гэрээ авч явдаг тул хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Г- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх миний үйлдэлд тохироогүй зүйл, хэсгээр зүйлчилсэн гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, мөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээс харахад хохирогч Д.Х- нь тархины зүүн дулай хэсэгт авсан хүнд бэртлээс болж нас барсан гэж үзэж байгаа. Иймд би хохирогч Д.Х-ын зүүн зулай хэсэгт цохьсон зүйл байхгүй. Мөн гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар намайг зүүн талд нь цохьсон гэх зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтыг эсэргүүцэж, харин 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болон 11.6 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний үйлдэл болон А.Ц- нарын үйлдлийг ялгаж салгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа учраас хэргийг бүхэлд хянаж өгч шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

  1. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй.

8 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан 811 дугаартай 2022 дугаар сарын 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Дээрх үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой”, 8 дахь хэсэгт “...Аль хүнийх нь цохилт болон өшиглөлтөөр тухайн гавал тархины гэмтэл үүсгэгдэж байгааг мэдэх боломжгүй...” тухай дүгнэлтүүдийг хийсэн.

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл амь хохирогчийн толгойд үхэлд хүргэх гэмтлийг учруулсан этгээд нарыг тогтоох боломжгүй, цаашлаад үхэлд хүргэсэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн болох тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг зөвхөн 2 болон түүнээс дээш этгээдүүдийн хавсарсан цохилтоор хамтран үүсгэх боломжтой тухай дүгнээгүй тул уг гэмтлийг зөвхөн нэг хүн учруулсан байх боломжтой байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 27 дугаар хуудсанд “...Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой хоёр этгээд учруулсан...” гэж шүүхийн зүгээс дүгнэсэн.

Үхэлд хүргэх гэмтлийг нэг хүний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой буюу зөвхөн А.Ц эсхүл Т.Г-ын аль нэг нь дангаараа гэмтлийг үүсгэх боломжтой талаарх нөхцөл байдлыг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэм буруутайд буюу хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

  1. Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь зүүн зулай, шугаман хугарал, зулай, чамархай зэрэг нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, цохилтын чиглэл нь дээрээс доошоо чиглэлд үүссэн байна гэж үздэг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Т.Г- нь амь хохирогчийн баруун тал руу нь цохисон байдаг. Улмаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд Т.Г- амь хохирогчид дээрээс доош чиглэлд эсхүл зүүн талаас гэмтэл учруулсан талаар нөхцөл байдал нотлогддоггүй.

Цаашлаад 7 дугаар хавтаст хэргийн 161-р хуудсанд байх 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Икс-Эс” Шөнийн цэнгээний газрын хяналтын камераас бэхжүүлж авсан дүрс бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд “...Э.Б- нь амь хохирогч Д.Х-ыг чирээд явж байх үед яллагдагч М.А- наад талаас очиж хөлөөрөө бөгс орчимд нэг удаа өшиглөж, гараараа толгой орчим нэг удаа цохиж байгаа байдлыг...” гэж тусгасан. Үүнээс үзвэл амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг А.Ц-, М.А- хэн аль нь бие даан дангаар учруулсан байх боломжтой байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр гомдолтой байх тул хэргийг бүхэлд хянаж, шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Г-ын түүний өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерын бичлэгээс үзэхэд амь хохирогчид 7 хүн халдсан байдаг. Эдгээрээс 5 хүн нь талийгаачийн толгой болон бусад хэсэгт цохисон, хүрсэн байдаг. Гэтэл Т.Г-, А.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар ял халдаасан байдаг. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би найз Т.Г- дуудсанаар танхайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн газарт хамт байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. Гэтэл шийтгэх тогтоолын “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд” гэх хэсэгт хохирол, хор уршгийн төлбөрт 30.338.785 төгрөг, нийт 116.438.785 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлсэн төлбөрийг гаргуулах гээд би өөрт оногдох төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8.950.000 төгрөг, нийт 12.950.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би танхайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн газарт хамт байсан гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болсон өдөр хөнгөн хуумгай хандаж, өөрийн гаргасан үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Тус явдлаас хойш аливаад нухацтай хандах ёстойгоо ухамсарлаж авлаа. Энэ үйл явдлаас хойш эхнэр 2, 4 настай хүүхдүүдээ орлогын эх үүсвэргүй үлдээж байгаа нь миний алдааг ухааруулж байна. Эхнэр минь цаашид 2 жил 6 сарын туршид надгүйгээр бага насны хоёр хүүхдээ өсгөх хүнд нөхцөлд үлдсэн. Иймд энэ нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс дүгнэхдээ амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой хоёр этгээд учруулсан, бусад этгээдүүд зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй, харин зодоонд оролцсон бусад шүүгдэгч нарын үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн үйлдлээс шинж чанар, хохирогчид учруулсан гэмтлийн шинж зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь шударга ёсны зарчимд нийцэн гэж дүгнэсэн.

Хэрэв дээрх хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий гэж үзвэл нэр бүхий 9 шүүгдэгчийг нийтэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэдэгт эргэлзээ төрж байна.

Хэдийгээр Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан боловч шүүхээс гэмт хэргийн улмаас учирч буй хохиролд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон хэргийн зүйлчлэл нь 2 өөр боловч тухайн 2 зүйл анги нь бусдын амь нас хохирсон байх материаллаг шинжийг агуулсан байна. Гэтэл 1 удаагийн үйлдэлд амь хохирсон байх 2 гэмт хэргийн шинжийг агуулсан зүйлчлэл хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй гэж дүгнэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г-, Н.Ц-, С.Б- нар нь амь хохирогч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогддоггүй бөгөөд тухайн газарт байснаараа бусдыг амь хохирох нөхцөлд хүргэсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Г-гийн салгах үйлдэл хийж байсан нөхцөл байдалд анхан шатны шүүхээс ач холбогдол өгч, дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан сэдэлт, зорилго нь бусдын амь насыг хохирооход чиглээгүй байсан гэдгийг тодорхой харуулдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж буй Б.Г- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Ц- давж заалдах гомдолдоо: “...Би амь хохирогч Д.Х-т ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. Мөн камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа. Иймд би амь хохирогч Д.Х-ыг үхэлд хүрэхэд ямар нэг буруу байхгүй гэж үзэж байна. Мөн хохирогч А-д гар хүрсэн нь үнэн. А- надтай хамт явсан залуутай муудалцсан. Би тэднийг салгах гэж очтол А- намайг шууд цохисон. Өөр надад ямар нэг хууль бус үйлдэл гаргасан зүйл байхгүй. Иймд энэ хэрэгт оролцсон оролцоо гэвэл А-ыг нэг цохисон, амь хохирогчид ямар нэг байдлаар ойртоогүй. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэргийг тал бүрээс нь судалж, үнэн бодитой шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Энэ хэрэгт оролцсон оролцоог минь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн энэ зүйл ангийг тусгаарлан шийдэж өгнө үү. Би энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа. Би өндөр настай ээжийн хамт хоёулаа амьдардаг. Ээж минь үе мөч, зүрх нь өвддөг. Намайг хоригдсоноос хойш ганцаараа байгаа. Иймд ар гэрийн байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б, А.А-, гэрч Б.Ч, Ж.Б, Т.Ш, М.Б, Г.Э, С.Н, Я.О, Н.У, Б.М, Х.Б, Б.Ш, Г.Г, А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх бичмэл нотлох баримтуудын гэрч нарын мэдүүлэгт шүүгдэгч Н.Ц-ын үйлдлийг гэрчилсэн баримтууд байхгүй бөгөөд харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд “...яллагдагч Н.Ц- мөрнөөс гар руу дагасан гэрэл ойлгогчтой орж ирээд зодоон болж байгаа газар руу хараад сууж байгаа...", “...яллагдагч Н.Ц- босч ирээд А-ыг гараараа толгой орчим нэг удаа цохих бөгөөд М.А- А.А-ыг татаж буйдан дээр суулгаж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа...”, “...яллагдагч М.А- хохирогч А.А-тай юм ярьж байх бөгөөд түүн дээр яллагдагч Б.Г-, Н.Ц-, С.Б- нар очиж А.А-ы толгой хэсэгт Б.Г- гараараа 1 удаа, С.Б- зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж, М.А- хөлөөрөө нэг удаа өшиглөөд салж байгаа тэмдэглэлд тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 40 секундэд яллагдагч Н.Ц- хохирогч А.А-ы хоолойноос барьж аваад толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж, цээж хэсэгт нэг удаа өвдөглөж байх бөгөөд М.А-, Г.Г- нар салгаж байгааг тэмдэглэлд тусгав. ...” гэх баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд маргахгүй болно. Харин шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд Н.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Харин хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хүний амь насыг хохироосон гэх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд зөрж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэрэг гарах үед би зодоон дуусч байх явцад гаднаас орсон бөгөөд хохирогч Д.Х-ын биед гар, хөл болон ямар нэгэн эд зүйлээр цохиж, хүрсэн зүйл огт байхгүй. Харин үеэл ах болох Гансүхийг баарны гадаа байх үед цохиж зодож байсан А- гэх залуу сууж байсныг хараад хувийн сэдэлтэйгээр 1 удаа цохисон. Яг тэр мөчид миний утас дуугарч, баарнаас гарч гэртээ харихаар явсан. Эдгээр үйлдлүүд камерын бичлэгээр бүрэн нотлогдож байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөр болох 12.937.642 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би тэтгэврийн насны эцэг, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэвтрийн байнгын асаргаанд байдаг эх, эхнэр болон 0-5 настай хоёр хүүхдийн хамт амьдран, тэднийхээ амьжиргааг залгуулан ажиллаж, амьдардаг байсан. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөн бусадтай бүлэглэж хүний амь нас хохироох хэмжээнд танхайрсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйл анги, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б-, А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заагдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б- нь бусадтай бүлэглэж, хүний амь насыг хохироох нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй болох нь хангалттай нотлогддог юм. С.Б- нь бусдад зодуулж амь насаа алдсан хохирогч залууд огт гар хүрээгүй бөгөөд түүнтэй ямар нэгэн яриа өгүүлэл хийгээгүй байдаг. С.Б- нь зодоон болоод дууссаны дараа “И” цэнгээний газарт ороод 5 минут болоогүй буцаад гарч явсан нь камерын бичлэгээр хөдөлбөргүй нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-ын оролцоо, гүйцэтгэсэн үүрэг хангалттай нотлогдон тогтоогддоггүй.

  1. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг харгалзан үзэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна.
  2. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг харгалзаж харгалзан үзэж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч С.Б- нь бусдад зодуулж амь насаа алдсан залуугийн үхэлд ямар нэгэн хэмжээгээр буруугүй ч гэсэн 13.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгсөн байдаг. С.Б- нь дээд боловсролтой, сэхээтэн залуу бөгөөд түүний санхүүгийн орлогоор гэр бүл нь амьдардаг. Тэр ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба одоо эхнэр нь 6 сартай жирэмсэн юм байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар С.Б-т холбогдох зүйлчлэлийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Талийгаач Д.Х- нь “Гавал тархины гавлын оройн шар хальс хуйх булчинд цус хуралт, зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорх цочмог 140.0 мл цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархай дагзны аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи эрс хавагнаж хөөж дарагдаж нас барсан болох нь хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №811 дүгнэлтэд талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай, зулай, суурь ясны зүүн талын чулуулаг хэсгийн араар үргэлжилсэн шугаман хугарал тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан дээрх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ, дээрх үхэлд хүргэсэн гавал.тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, талийгаачийн биед учирсан гэмтэл нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.

2. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1019 дүгнэлтэд 2022 оны 12 дугаар сарын 05-ны шинжээч Б.Ариунзул, Б.Долгормаа, М.Золжаргал, С.Эрдэнэцэцэг, Б.Сэргэлэн /8хх 189-191/. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчдийн багийн 811 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавлын зүүн зулай ,чамархай,суурь ясны шугаман хугарал, архины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг механизмаар үүсгэгдсэн байна. Цохилтын хүч үйлчилсэн цэг зүүн зулай хэсэг, цохилтын чиглэл дээрээс доош чиглэлтэй байна.

3. Шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /хх 82/. Гавал тархины хугарал хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, хальс болон хуйхны цус хуралтууд тархийг хөөж хавагнуулсан нь үхэлд хүргэсэн байсан. Гавал тархины гэмтэл нь нэг хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүссэн. Талийгаач гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан. Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.Х- нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

  1. Гэрч Ж.Б мэдүүлэгт “...Өглөө 08 цагийн үед сэрсэн чинь эхнэр Ч ариун цэврийн өрөөний хаалга нүдээд Х хаалгаа онгойлгохгүй байна гэж хэлээд гар утас руу нь залгаж байсан. 09-10 цагийн хооронд би босоод ариун цэврийн өрөө орохоор хаалгыг нь тогшсон чинь Д.Х- хаалгаа онгойлгохгүй хаалганы гаднаас сонссон чинь хурхирах чимээ гарч байсан. ...” /1хх 75-76/,

гэрч Т.Ш-ийн: “...18-ны 11 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хэн ч байхгүй ариун цэврийн өрөө орох гэтэл дотор талаасаа цоожтой, би Д.Х-ын ээж рүү залгаад “Д.Х- гарч ирэхгүй байна ариун цэврийн өрөө агааргүй битүү шүү дээ” гэж хэлсэн чинь Т.Ц- “Яах вэ дээ удахгүй гараад ирэх байлгүй дээ” гэж хэлсэн /1хх 78-79/.

Гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Б, Б.Ч нар нь талийгаач Д.Х-ыг 00 өрөөнд ухаангүй олон цагаар хэвтэж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас талийгаач нас барсан болох нь тогтоогдож байх тул Ж.Б, Б.Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

  1. Хэргийн 156 дугаар талд: Тайлбар-8 бичлэг Э.Б амь хохирогч Д.Х-ын цамцны захнаас чирээд ширээний наад талаар татах үед яллагдагч М.А- амь хохирогч Д.Х-ын баруун талын хавирга хэсэгт баруун гараараа нэг удаа, баруун хацар, нүүр хэсэгт нэг удаа цохиж баруун хөлөөрөө ууц хэсэгт нэг удаа өшиглөж байгаа байдлыг тэмдэглэлд тусгалаа.

Тайлбар-9 Э.Б- хохирогч Д.Х-ыг чирээд ширээний булан орчим очиход яллагдагч Б.Г- амь хохирогч Х-ын нуруу хэсэгт нь нэг удаа баруун хөлөөрөө зүүн хэвлийн хэсэгт дэвсэж байгаа болон яллагдагч А.О- хохирогч Б-ын зүүн хөлөөс чирч байгаа байдал.

Дээрх нотлох баримтуудаар Э.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 .16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдаах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Б- нь Д.Х-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдоогүй , хавтаст хэрэгт Э.Б-г буруутгасан талаар нотлох баримт огт авагдаагүй. Э.Б- нь хохирогчид учирсан хохирлоос нийт 13 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзвэл шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил 4 cap 15 хоногийн хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсгийн “Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч нарын тухайд хэдийгээр зарим нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн боловч дээрх гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.” гэжээ. Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч К.Манлай би дээрх хэсгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай. бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Мөн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." гэж тодорхойлсон байна.

Миний үйлчлүүлэгч Э.Б- нь шүүх хуралдааны явцад өөрийн гэм бурууг хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан болно. Хэдийгээр шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ч гэсэн Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг хэрэглэж багасгах боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Э.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял болгон багасгаж өгнө үү.

Тиймээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.А- болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл тогтоогдсон. Мөн М.А- учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анх хохиролд 35.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өөрт оногдох хэсгийг миний үйлчлүүлэгч төлж барагдуулсан боловч анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч нараас гаргуулах мөнгөнөөс өөрт оногдох хэсгээс 9.137.642 төгрөгийг ар гэрийн шалтгаанаар төлөх боломжгүй байгаа тул давж заалдах гомдол гаргах хэрэггүй байх гэсэн байр сууриа үйлчлүүлэгч илэрхийлсэн тул давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй. Камерын бичлэгээс үзэхэд миний үйлчлүүлэгч А.А-, Д.Б гэх хүмүүс гар хүрсэн болох нь тодорхой харагдаж байгаа. Харин амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл буюу толгойд нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн хуульд заасны дагуу гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- 2 хүүхэд гарган өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд том хүү болох Д.Х-ыг өөрийнх нь түшиг тулгуур байсан, шүүгдэгч нарт маш их гомдолтой байгаа талаар өмгөөлөгчөөр дамжуулсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. 7 дугаар хавтаст хэргийн 150-180 дугаар хуудсанд хэргийн үйл явц, хэрэгт хэн хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тухайн бааранд шүүгдэгч М.А-, С.Б-, Т.Г-, Г.Г-, А.Ц- эхэлж ирсэн. Энэ хүмүүс олон удаа танхайрсан бөгөөд баарны хамгаалагч гаргахаар буцаж орж ирээд зодоон хийдэг. Дараа нь Э.Б-, А.О-, Б.Г-, Н.Ц- нарыг дуудсан. Эдгээр хүмүүс мөн л танхайрч, зодоон хийх гэж ирсэн. Шүүгдэгч нар бүгд гэмт хэрэгт оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн гол нотлох баримт болох хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хэрэгт хавсаргасан. Уг бичлэгт шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл зэрэг нь тодорхой тусгагдсан байдаг. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримтад маргахгүй байна гэж ойлголоо. Шүүгдэгч нар тухайн шөнийн цэнгээний газарт нэр бүхий 3 хүний биед халдаж, 1 хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч Д.Х-ын биед мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд нийт 3 удаа шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй гэх үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэсэн асуудал бус хэргийн үйл баримтыг тодорхойлох, тогтоох зорилгоор дахин шинжилгээ хийлгэсэн. Хохирогчийн аминд хүрсэн гэмтлийг хамгийн сүүлд хийгдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. Прокурорын зүгээс камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хохирогчийн аминд хүрсэн гэмтлийг учруулсан байж болох цохилт, өшиглөлтийг А.Ц-, Т.Г- нар хийсэн байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзээд А.Ц-, Т.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтад шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс хэн аль маргадаггүй. Гагцхүү хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэдэгт маргаж байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах сэдэл нь бусдын үл тоомсорлон, хохирол учруулахыг зорилго болговоос хүний амь, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлаж, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсэн атлаа тийм хор уршиг зориуд хүсэж, шууд санаатайгаар хэрэгжүүлсэн гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдлыг эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тул уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн бол хүндрүүлэн зүйлчилнэ.” гэж заасан. А.Ц-, Т.Г- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа амь хохирогчийн биед гавал тархины гэмтлийг учруулсан тул давхар зүйлчилсэн. Бусад шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа амь хохирогчийн нас барах нөхцөл байдлыг бий болгосон тул хүндрүүлэн зүйлчилсэн. ...Г.Г- хохирогчийг чирч буулгаж байхад нь М.А- биед нь халдсан. Хохирогчийг Э.Б- чирээд ширээний буланд аваачихад нь Т.Г-, Г.Г- нар дээрээс нь дэвссэн. ...Хэдийгээр сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогчийн амь насанд хүрсэн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдэг боловч анх гарсан шинжээчийн дүгнэлтэд энэ гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж гарсан. 3 удаагийн шинжээчийн дүгнэлт нэгийгээ үгүйсгээгүй, үндэслэлгүй гарсан гэж үзээгүй. Камерын бичлэгээс харахад А.Ц-, Т.Г- нар нь тухайн гэмтлийг дэвсэх болох өшиглөх үйлдлээр үүсгэсэн тул тэдгээрийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Зарим өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзан ялгамжтай ял шийтгэл оногдуулах санал гаргасан. Н.Ц-, С.Б-, Б.Г- нар амь хохирогчид гар хүрээгүй, анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг барагдуулсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заасныг хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ... А.А- хэрэг гарсан хугацаанаас хойш сар гаруй хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй алга болсон. Сарын дараа олдоод шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч дүгнэлт эргэлзээтэй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

  1. Шүүгдэгч Т.Г- А.Ц- нар нь бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын толгойн зүүн зулай хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож алсан болох нь:
  • хохирогч Д.Б-ын: “...10 гаруй залуучууд бид гурав дээр ирээд А.А-д нэг залуу нь “Би эргэж ирнэ гэж хэлээгүй юу, одоо үзье” гэж хэлээд шууд би гурвыг зодож эхэлсэн. би зодуулж эхлээд түр хугацаанд ухаан алдсан. ...Д.Х-ын зүүн талын чихнээс цус гарсан байсан. ...” /1хх 62/,
  • хохирогч А.А-ы: “...Би тэр хүмүүстэй барьцалдаж аваад байж байхад араас нь 10 орчим залуучууд орж ирээд Д.Б, Д.Х- ах нарыг чирээд, зодоод байсан. ...” /1хх 70/,
  • амь хохирогч Д.Х- нь гэртээ нас барсан талаар мэдүүлсэн гэрч Б.Ч, Ж.Б нарын мэдүүлгүүд /1хх 72-73, 75/,
  • “И” шөнийн цэнгээний газарт шүүгдэгч нар нь хохирогч А.А-, Д.Б, амь хохирогч Д.Х- нарыг зодсон талаар мэдүүлсэн гэрч Г.Э, С.Н, Б.М, А.Б нарын мэдүүлгүүд /1хх 89-91, 93-94, 104, 120/,
  • гэрч Я.О-ийн: “...Нас барсан ахыг хар хүрэмтэй, саарал футболктой, намайг сандлаар цохидог ах чирээд ирсэн. Тэгээд араас нь шар малгайтай цамцтай, хар саравчтай малгайтай ах дагаж ирээд гэдэс, хэвлий рүү нь өшиглөөд, саарал хантаазтай ах цээж орчим нь гараараа цохиод байсан. Пальтотой залуу нь ирээд бөгс, цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Хар хантаазтай болон шар малгайтай цамцтай, намайг сандлаар цохисон хар хүрэмтэй ах нар толгой дээр нь дэвсээд, элэгдээд, дээрээс нь шүлсээ хаяад, дээр нь гишгээд гараад явцгаасан. ...Д.Х-ын баруун шанаа хэсгээр хавдаж, цус гоожсон байсан. ...” /1хх 96/,
  • гэрч Н.У-ийн: “...Хамгаалагч, зохион байгуулагч бид гурав очоод харахад 10 гаруй эрэгтэй хоорондоо зодолдоод, нэгнийгээ газар унагаачихсан дээрээс нь дэвсээд, цохиод байсан. Би хагийн түрүүнд газар уначихсан, чирэгдэж байсан эрэгтэйг салгах гээд татсан боловч урт, бор пальтотой эрэгтэй хар цоохор өнгийн цамцтай эрэгтэйн цамцнаас татаад үүд рүү чирээд байсан. Тэр эрэгтэйн дээрээс цэнхэр сорочкатай, хар куртиктэй залуу хавирга хэсэг рүү нь 2, 3 удаа өшиглөсөн. ...Шар өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өмдтэй эрэгтэй хөл, бөгс, цээж рүү нь өшиглөж дэвсэж байсан. ...” /1хх 99/,
  • гэрч Х.Б-ын: “...2 залууг шалаар чирээд, үүдний хэсэгт авч ирээд дэвслээд зодоод байсан. ...Нэг хар хувцастай залууг шалаар чирч ирээд хэвтүүлж байгаад дээрээс нь дэвслээд гараад явсан. ...” /1хх 106/ гэсэн мэдүүлгүүд,
  • хэргийн газарт үзлэг хийсэн /1хх 30-36/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 37-41/,
  • камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2 цаг 6 минут 39-36 секундэд Э.Б- амь хохирогч Д.Х-ыг чирээд явж байх үед Т.Г- ирж амь хохирогч Д.Х-ын толгой хэсэгт 5 удаа дэвссэн,

            ...2 цаг 06 минут 50-07 секундэд Т.Г- эргэж хараад ...амь хохирогч Д.Х-ын дээрээс 2 удаа дэвссэн,

            ...2 цаг 07 минут 10-13 секундэд А.Ц-ийг хохирогч А.А-тай барьцалдаж аван ноцолдож байх үед хамгаалагч ирж салгах бөгөөд гарч явахдаа шалан дээр хэвтэж байсан амь хохирогч Д.Х-ын толгой дээрээс 1 удаа хөлөөрөө дэвссэн,

            ...2 цаг 08 минут 51 секундэд Т.Г- ирж амь хохирогч Д.Х-ыг газарт хэвтэж байхад нь ирж цааш нь чирсэн,

            ...2 цаг 09 минут 54 секундэд Т.Г- амь хохирогч Д.Х-ыг чирээд явж байх бөгөөд түүний араас А.Ц- ирж Д.Х-ын зүүн хэвлий хэсэгт зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн,

            ...2 цаг 10 минут 57 секундэд амь хохирогч Д.Х- үүдний хэсэгт хэвтэж, Т.Г- түүний дээр гишгээд гарч байх бөгөөд А.Ц- хохирогчийн цээж, толгой орчим 1 удаа цохиж, 1 удаа өшиглөөд гарсан...” гэсэн тэмдэглэл /7хх 149-180/,

амь хохирогч Д.Х- нь тархины гавлын оройн шар хальс, хуйх, булчинд цус хуралт, зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорх цочмог 140.0 мл цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархай дагзны аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи эрс хавагнан хөөж дарагдаж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаар дүгнэлт /1хх 122-128/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ө.Сарангэрэлийн: “...Гавал тархины хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, хальс болон хуйхны цус хуралтууд тархийг хөөж хавагнуулсан нь үхэлд хүргэсэн байсан. Гавал тархины гэмтэл нь нэг, хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гавал тархины гэмтэл нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй, харин гуталтай хөлөөр өшиглөх, дэвслэх үед үүснэ. Хатуу мохоо зүйл гэдэгт хүний гар, гуталтай хөл аль аль нь орно. Гавал тархины хатуу хальсан доорх дээрх цусан хураа хугарлын улмаас 140-150 мл хүртэл хэмжээ нэмэгдэж тархийг дарж хавагнуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 137-138/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаар дүгнэлт үндэслэлтэй, талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавлын зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг механизмаар үүсгэгдсэн, Цохилтын хүч үйлчилсэн цэг зүүн зулай хэсэг, цохилтын чиглэл дээрээс доош чиглэлтэй, Гавал тархины гэмтэл нь гараар цохих, эсхүл гуталтай хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой байдаг ба талийгаачид үүсэн гавлын зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа нь зүүн зулай хэсэгт өшиглөхөд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь үүсгэж байгаа цохилтын хүчийг тогтоох боломжгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1019 дүгээр дүгнэлт /8хх 188-190/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  1. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь шүүгдэгч Т.Г-, А.Ц- нарын амь хохирогч Д.Х-ыг бүлэглэн зодож алсан гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Б, А.А- , гэмт хэрэг үйлдэгдэх үед “И” шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан гэрч Г.Э, С.Н, Я.О, Н.У, Х.Б нарын мэдүүлгүүдээс гадна камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Т.Г-, А.Ц- нарын бүлэглэж, амь хохирогчийг хэвтэж байхад нь толгой руу нь дэвсэх, өшиглөх, хэвлий, цээж рүү нь өшиглөх, чирэх зэргээр зодсон нь хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд амь хохирогч Д.Х- нь шүүгдэгч нарын энэхүү үйлдлийн улмаас тархи, гавлын гэмтэл авч, улмаас тархи хавагнан хөөж, дарагдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх ба дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтойгоос гадна тэдгээрийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт алга.

Шүүгдэгч Т.Г-, А.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, гэмт хэрэгт оролцсон оролцоо нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс гадна хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

  1. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн, тэдгээрт дүгнэлт хийж шүүгдэгч Т.Г-, А.Ц- нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Амь хохирогч Д.Х- нь үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчингүй, харин шүүгдэгч Т.Г-, А.Ц- нарын дээрх үйлдлийн улмаас авсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор нас барсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 811 дүгээр дүгнэлтийн 7 дахь заалтад “Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” талаар тусгагдсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч уг гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой хүндрэл буюу гавлын оройн хальс, цус хуралт, зулай ясны хугарал зэрэг олон тооны гэмтлийн улмаас цочмог цусан хураа үүсч, тархи эрс хавагнан хөөн дарагдаж нас барсан байх тул хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

  1. Шүүгдэгч А.Ц, Т.Г, Г.Г, М.А, Э.Б, А.О, Б.Г, Н.Ц С.Б нар нь бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” нэртэй шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хохирогч Д.Х-ын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн болох нь:
  • хохирогч Д.Б-ын: “...Д.Х- бид хоёр тухайн баарнаас гараад харсан чинь гадна талд А.А-, Ш хоёр үл таних 7-8 хүнтэй зодолдож байхаар нь бид хоёр салгаад буцаад авч ороод сандал ирээд сууж байсан. ... Шинэбаяртай зөрөөд удалгүй 10 гаран залуучууд бид гурав дээр ирээд А.А-д хандаж нэг залуу нь “Би эргэж ирнэ гэж хэлээгүй юу муу нус минь одоо үзье” гэж хэлээд шууд бид гурвыг зодож эхэлсэн. ...” /1хх 61-62, 64/,
  • хохирогч А.А-ы: “...шар малгайтай цамцтай бүдүүн залуу намайг заамдаж аваад бид хоёр маргалдсан. Тухайн үед уг залуу 5-6 залуугийн хамт байсан бөгөөд хамт явсан хүмүүс нь намайг цохиж аваад байхаар нь нэг хар хувцастай залууг нэг удаа цохисон чинь араас Б, Х- хоёр ах гэрч ирээд бид нарыг салгаж нэг их зодоон болоогүй салаад баар руу орсон. ...пиво уугаад сууж байсан чинь гаднаас нөгөө надтай маргалдсан шар цамцтай бүдүүн залуу орж ирж гар бариад араас нь үгийн зөрүүгүй шууд пивоны шил авч зодоод эхэлсэн. Би тэр хүмүүстэй барьцалдаж аваад байж байхад араас нь 10 орчим залуучууд орж ирээд Д.Бүрнээбаатар, Д.Х- ах нарыг чирээд зодоод байсан. ...” /1хх 70/,
  • гэрч Г.Э-ын: “...Миний баарнаас гаргадаг 4 залуу дээр дахиад 3 хүн эрэгтэй хүн нэмэгдээд нийт долуулаа болоод шууд баар руу дайрч орж ирээд хоёр эрэгтэй хүн “хаана байна” гээд нөгөө зодуулдаг 4 залуугийн ширээ рүү гүйгээд очсон. Тухайн үед зодуулдаг залуучуудын 3 нь байсан, 1 залуу нь байгаагүй. ...Нэг залуу нөгөө 4 залуу дээр очоод “та нар амжихгүй шүү” гээд зодуулдаг 4 залуу дундаас арай махлаг биетэй залуутай гар бариад зогсож байхад нь 8 дугаарын зурган дээрх залуу гүйж ирээд арай махлагдуу залууг нь цохиж авсан. Би энэ үед тэр залуугаас 8 дугаарын зурган дээрх залууг салгах гэж байтал хамт явсан залуучууд нь бүгд гүйгээд хүрээд ирсэн. Би түр салгаж болиод голд нь зогсож байтал нэг залуу гартаа пивоны шил бариад хүн цохих гээд байхаар нь би тэр залууг нь бариад ширээнээс холдуулаад хоёр гарыг нь бариад хажуу ширээн дээр суулгаад эргээд хартал нөгөө залуучууд нөгөө 3 залууг 3 хэсэгт хуваагдаад зодож байсан 2 залууг нь газар шалан дээр унагаасан байсан. Махлаг залууг нь 9 дугаарын зурган дээрх залуу буйдангийн буланд шахаад толгой руу нь гараараа цохиж байсан. Харин нэг залууг нь сууж байсан ширээний хажууд нь газар унагаагаад 3, 7 дугаарын зурган дээрх залуучууд хоёр талаас нь өшиглөж зодож байхаар нь би голоор нь орж салгаад буйдангийн буланд махлаг залууг зодож байсан 9 дугаарын зурган дээрх залууг татаж холдуулсан. Тэгтэл нөгөө залуучууд бүгд нийлээд зодуулдаг 3 залуугийн арай махлаг залуу руу дайраад байсан энэ үед зодоон хийгээд байсан залуучууд дунд байсан 6 дугаарын зурган дээрх залуу найзуудыгаа салгаж холдуулсан. ...Тэр залууг энэ залуучууд бүгдээрээ л өшиглөж зодсон байх би тал талд зодоон салгах гээд яг сайн анзаараагүй. ...” /1хх 88-91/,
  • гэрч С.Н-ын: “...Тэр залуучууд руу явсан тэгээд очтол хэрүүл анх өдөөд байсан залуу тухайн жинсэн өмдтэй залууг доороо оруулаад хаа хамаагүй цохиж байсан. ... Бүгд дайраад сахалтай, шардуу царайтай залууг гараараа цохиж байсан. Өндөр туранхай залуу, бүдүүн, шар хавтгай малгайтай бордуу царайтай залуу хоёр салахгүй, тухайн жинсэн өмдтэй залуу хэвтчихсэн байхад толгой руу болон цээж рүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би хамгаалагчтай арай гэж тэр 7 залууг баарнаас гаргах гээд явж байсан чинь түрүүлж гарсан цагаан футболктой 178 орчим см өндөр туранхай залуу гадаа өндөр туранхай халзан залуутай зодоон хийж байсан. ...Тэгтэл ширээн дээр очоод цагаан футболктой залуу өндөр, улаан цамцтай залууг очоод пивоны шилээр цохиод авсан. Тэгээд тэнд байсан найз нь бүгд дайрсан. Бид хоёр болиулах гэсэн боловч хүч хүрээгүй. Тэгээд тэр залуучууд зодоон хийж байгаад гараад явах гэсэн. Миний хажуугаар жинсэн өмдтэй залууг чирээд үүдэнд авчирсан. ...Эргээд хартал тэр залуу дээр нөгөө 7 залуучууд гишгээд гарч байсан. Зарим нь толгой дээгүүр нь гишгээд байхаар нь би болиулж цааш нь түлхэж гаргасан. Согтолтын зэрэг бага байсан. ...” /1хх 93-94/,
  • гэрч Я.О-ийн: “...бөөн зодоон болох шиг болсноо текний урдуур хар цамцтай, Амараатай хамт явж байсан /нас барсан/ ахыг хар хүрэмтэй, саарал футболктой ах чирээд ирсэн. Араас нь шар малгайтай цамцтай, хар саравчтай малгайтай ах дагаж ирээд гэдэс, хэвлий рүү өшиглөөд, саарал хантаазтай ах цээж орчим нь гараараа цохиод байсан. Тэгээд байж байтал пальтотой залуу нь ирээд бөгс болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Хар хантаазтай, болон шар малгайтай цамцтай, намайг сандпаар цохисон хар хүрэмтэй ах нар толгой дээр нь дэвсээд, элэгдээд, дээрээс нь шүлсээ хаяад дээр нь гишгээд эргээд гараад явцгаасан. ...” /1хх 96/,
  • гэрч Н.У-ийн: “...7-8 эрэгтэй буцаж орж ирээд хойд талын ширээн дээр сууж байсан 3 эрэгтэй дээр очоод гэнэт л маргалдаж зодолдоод эхэлсэн бөгөөд пивоны шил хагарах чимээ гараад явчихсан. Тэгээд хойд ширээний хэсэг рүү хамгаалагч, зохион байгуулагч бид 3 очоод харахад бараг 10 гаруй эрэгтэйчүүд хоорондоо зодолдоод нэгнийгээ газарт унагаачихсан дээрээс нь дэвсээд цохиод байсан. ...Би ширээний наад талд зодолдож байсан залуучуудыг салгах гэсэн боловч тэнд байсан 7-8 эрэгтэй бүгдээрээ нэг нэгэн рүүгээ орилж дайраад шалан дээр уначихсан эрэгтэйг нэг нэгээрээ очиж өшиглөж цохиод байсан. ...” /1хх 98-100/,
  • гэрч Х.Б-ын: “...Зодуулж байгаа нь 3 залуу, зодоод байгаа нь 7-8 хүмүүс байх шиг байсан. Уг зодоон баарны цаад булангийн ширээ хавьцаа болсон болохоор сайн хараагүй. Харин 2 залууг шалаар чирээд үүдний хэсэгт авч ирээд дэвслээд зодоод байсан. Эхний залуу цагаан цайвар хувцастай байсан шиг санаж байна, үүдэнд хэвтэж зодуулж байгаад буцаад босоод явсан. Харин сүүлийн нэг хар хувцастай залууг шалаар чирч ирээд хэвтүүлж байгаад нөгөө зодож байсан хүмүүс дээрээс нь дэвслээд гараад явсан. ...” /1хх 106/,
  • гэрч Б.Ш-ийн: “...Би тэр хоёрыг салгаж хоёр тийш болгосон чинь нөгөө залуу намайг барьж аваад бид хоёр бие биесээ 1-2 удаа цохисон чинь баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаж авсан. Тэр үед уг хүмүүстэй хамт байсан 2-3 залуу А.А-ыг зодох гээд хөөгөөд А.А- зугтаж байгаад 1-2 залууг нь зохиж байгаа харагдсан. ...” /1хх 108/,
  • гэрч А.Б-ийн: “...Гаднаас 4-5 залуучууд орж ирээд А-ы ах нартайгаа сууж байсан ширээн дээр очиж тэд нарыг шууд зодож эхэлсэн. ...Уг хүмүүс ширээнд очиж А- болон нөгөө 2 ахыг нь шууд зодож пивоны шил авч цохиж, нөгөө хоёр ахыг нь газарт чирээд пивоны шилээр цохиод байсан. ...Манай баарны зохион байгуулагч, хамгаалагч нар тэр хүмүүсийг салгах гэсэн боловч дийлдэхгүй А- болон хамт явсан хоёр ахыг нь зодоод хаалга руу шалаар чирээд байсан. Тэгээд тэр хүмүүс зодож байгаад шууд гараад явсан. ...” /1хх 120/ гэсэн мэдүүлгүүд,
  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 30-36/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 149-180/ болон хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг зөрчөөгүй, эдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ба үйл баримтыг бүрэн нотолж чаджээ.
  2. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг шүүгдэгч нар урьдаас зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна.

            Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

            Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин Д.Х-ыг зодож, хүнд гэмтээн улмаар хохирогч нас барсан нь түүнд шууд чиглэсэн үйлдэл хийж, уг үр дагаврыг зориуд бий болгосон, тэдгээрийн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал нь хохирогчийн амь нас хохироход хүргэсэн байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул тус зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх, хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга, С.Б-, түүний болон А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

  1. Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдолдоо “...хүний амь нас хохироосон гэх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд заасан зөрж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй...” талаар давж заалдах гомдолдоо дурджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

Гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэхэд тэрээр бусад хамтран оролцогчидтой тодорхой гэмт үйлд урьдчилан тохиролцсон, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө халдах объект, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, гэмт үйлдлийн дүнд бий болох хор уршгийг тооцоолох, гэмт үйлдэлдээ хүч оруулах, өдөөн турхирах, гэмт хэргээ нуух арга замыг тодорхойлох, оролцогчдын гүйцэтгэх үүргийг хуваарилах зэргийг урьдчилан хэлэлцэн тохиролцсон асуудалд хамааралтай юм.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь амь хохирогчийн халдашгүй байдалд халдах, хохирол учруулах талаар урьдчилан төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг мөчид өөрсдийн хүчин чармайлтаа нэгтгэсэн, зөвхөн тэр цаг хугацаанд үйлдэл дээрээ санаатай нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

  1. Амь хохирогч Д.Х-ыг шүүгдэгч Г.Г- нь хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөх, шүүгдэгч Э.Б- нь чирэх, өшиглөх, шүүгдэгч А.О- нь хэвлий, цээж рүү нь цохих, шүүгдэгч М.А- нь  цээж, хацар, нүүр рүү нь цохих, хэвлийд нь дэвсэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд гялтанд цус хуралт, хоёр чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн мөр, цээж, баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тухайн шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан, мөн тухайн газарт үйлчлүүлж байсан иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг нарийвчлан харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-, Э.Б-, Г.Г-, А.О- нарын амь хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, тэдний хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар давхар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  1. Прокуророос шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцох хэм хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн байна.
  2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үздэг.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүнд ямар хор уршиг учирсан учирч болох байсныг тодруулах нь гэмт хэрэгт оролцсон этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ хязгаарын тухай асуудалд зөв дүгнэлт өгөх үндэс болно. Ингэхдээ нийгэмд аюултай гэмт хэргийн шинж чанар, хамтран оролцогч нэг бүрийн гэм буруу, оролцооны хэр хэмжээг нарийн тогтоосны эцэст тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарт тус бүр 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц-, Т.Г-, Г.Г-, М.А-, Э.Б-, А.О-, Б.Г-, Н.Ц-, С.Б- нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, Э.Б-, А.О-, М.А- нарт тус бүр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

шүүгдэгч А.Ц-, Т.Г- нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн эдлэх ялыг 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Г-, М.А-, Э.Б-, А.О- нарт оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, , гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Энэхүү хэргийн тухайд нэр бүхий шүүгдэгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар маргаагүй, баримтаар гарган өгсөн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн болно.

Иймд, “хорих ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч С.Б-, түүний болон А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч К.Манлай, Д.Мөнх-Очир, шүүгдэгч Б.Г-, Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

            11. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тусгагдсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан  бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:

“1.3. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”,

“2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

“2.5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж тус тус гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үндэслэл, журмыг зохицуулсан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас нас барсан хүнийг оршуулахтай холбогдсон зардал, мөн хамт амьдарч байсан хүний гэр бүлийн гишүүн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар, мөн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэжээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан боловч энэхүү хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа амь хохирогчийн төрсөн эх Т.Ц- хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь нас барсан ба гэмт хэргийн улмаас тэрээр сэтгэлийн хямралд орсон талаар тайлбарлан мэдүүлсэн зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж,

хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүдийг харгалзаж, Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх замаар хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 86.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

12. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч А.Ц- хохирогчийг цохиж, хүнд гэмтэл учруулсан гэм буруутай, шүүгдэгч Т.Г- хохирогчийн биед хүнд гэмтэл үүсгэхээр цохисон тул буруутай, шүүгдэгч Э.Б- өдөөн турхирсан, шүүгдэгч Г.Г-, А.О-, М.А-, Н.Ц-, С.Б- нар хөнгөн гэмтэл учруулсан тул гэм буруугүй, шүүгдэгч Б.Г- нь хөнгөн гэмтэл учруулсан тул гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан болохыг магадлалд дурдаж байна.

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч С.Б-, түүний болон А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, К.Манлай, шүүгдэгч Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч С.Б-, түүний болон А.Ц- нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, К.Манлай, шүүгдэгч Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.А-, Э.Б-, С.Б-, Т.Г-, Г.Г-, Б.Г-, А.О-, Н.Ц-, А.Ц- нарын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ