Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, сунгах өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, сунгах өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах-аар маргасан.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1.Д******* ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрших Х нэртэй 11248.06 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаатайгаар олгосон.

2.2.Д******* ХХК-иас тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн сунгалт хийлгэх хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.

2.3.Хариуцагчаас Д******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн.

2.4.Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08/25 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/1366 дугаар албан бичгээр ...гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.

2.5.Улмаар нэхэмжлэгч Д******* ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2734 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Д******* ХХК тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн сунгалт хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуулийн хугацаанд өргөдөл гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хянаж үзээд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 55 дугаартай шийдвэрээр 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэх үндэслэл дурдаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Уг шийдвэр мэдэгдлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн дарга бодит байдлыг тогтоогоогүй тусгай зөвшөөрлийн эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлын хамгаалаагүй, манай компанид тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, оролцоог хангаагүй шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байнаа гэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г******* даргад 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 08/25 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариу албан бичгээр Д******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэн, мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж хариу ирүүлсэн учраас уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар захиргааны шүүхэд хандаж байна.

Манай Д******* ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Х нэртэй газарт орших 11248.06 гектар талбайд XV- дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших шийдвэр гарсан цаг хугацаанаас Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль журамд заасан үүргээ бүрэн биелүүлж тухай талбай дээр жил бүр ажлын төлөвлөгөө, тайланг батлуулж, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр татвар төлж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн.

Манай компаний хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтийн дарга 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 55 дугаартай шийдвэрт дурдагдаж буй 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэж сунгахаас татгалзсан үндэслэл нь бидний буруугаас болоогүй манай компаниас гаргаж өгсөн нотлох баримтыг сайтар судлаж, биднийг дуудан учир шалтгааныг тодруулсан бол хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Тодруулбал 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг манай компани илгээсэн боловч Ашигт малтмалын газрын геологи хайгуулын хэлтэс хэрхэн яагаад хянуулаагүй бид мэдэхгүй. Зардлын тайлан баталгаажуулаагүй тухайд 2023 онд манай компани үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан Учир нь манай компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Б.С******* /РД:*******/ нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барж, компанийн эрхийг хэн шилжүүлж авах өвлөх асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал нэг жилийн хугацаа шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлын улмаас манай компанийн санхүүгийн тайлан болон бусад төрийн захиргааны байгууллагад цахимаар илгээх тайлан төлөвлөгөөг хүлээн авах программуудад нэвтрэх боломжгүй байсан.

Манай компанид учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаа бид Ашигт малтмал газрын тосны газарт удаа дараа тайлбарлаж холбогдох нотлох баримтыг өгч байсан боловч хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг татгалзан шийдвэрлэх захиргааны акт гаргахдаа энэ талаар огт хэлэлцээгүй мөн манай компанийг дуудаж хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүйд бид туйлын гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан нь захиргааны шийдвэр гаргаж буй этгээдэд үүрэг болгосон хэм хэмжээ юм. Гэтэл хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан, манай компаниас ямар хугацаанд ямар хэмжээний зардлууд болон хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж байсан талаар нэмэлт асуулт, мэдүүлэг авалгүйгээр тус хэлтсийн дарга 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 55 дугаартай шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн хуулиар олгогдсон захиргааны акт гаргах ажиллагаанд оролцох эрх, захиргааны акт гаргах хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн гэж ойлгож байна... гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2015 оны 6 дугаар сард лиценз авсан. Үүний дагуу байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг байсан. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр лицензийн 3 дахь удаагийн сунгалтын хүсэлтийг 15-ны өдөр материалаа өгч 14-ний өдөр тухайн жилийн лицензийн 9 дэх жилийн төлбөр болох төлбөр болох 87,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Энэ хугацаанд бүрдүүлэх материалыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүрдүүлж өгсөн. 2023 онд өрмийн компанид өрөмдлөг хийлгэж 70,000,000 гаруй төгрөгийн зардал гаргаж тухайн зардлаа санхүүгийн тайландаа тайлагнаж ашигт малтмалын хайгуулын зардлын тайланд мэргэжлийн хүн болох геологич зардлаа тайлагнаж явсан.

2023 оноос өмнөх тайланг https://etax.mta.mn/ сайтад нэвтрэх кодоор шууд ордог байсан бол 2023 оны тайланг Сангийн яам программаа шинэчилж заавал эрх бүхий буюу эцсийн өмчлөгчийн эрхтэйгээр нэвтрэх боломжтой болсон. Үүнтэй холбоотой 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бичгээр Төрийн сангийн яамны харьяа дүүргийн байцаагчид учир байдлаа хэлж 1 дүгээрт цаасаар баталгаажуулсан. Программд шилжүүлье гэхэд программ зохицуулалт хийгээгүй 2023 он болон 2024 онд программ нээлт хийгээгүй байсан тул жилийн эцсийн үеэр ирэх талаар хэлсэн. Жилийн эцэс болоход Санхүү төрийн сангийн ажилтанд Д******* ХХК-ийг нээлгүүлэх талаар хэлж тайлангаа шүүлгэж эрхээ авч хийсэн.

Манай тайлан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажсан тэр нь Санхүү төрийн сангийн тайлан дээр 2024 оны 1 дүгээр хагас жилийн нээлтийн тайлан гэдгээр зохицуулагдаж 2023 оны тайлан хоцорсон байгууллагууд гэсэн тайлбартайгаар оруулсан байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар баталгаажуулж 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баталгаажуулсан мэргэжилтнээрээ дахин скрин шот хийсэн хуудсан дээрээ дахин баталгаажуулав гэж гарын үсэг зурж тамга даруулж Д******* ХХК-ийн зардлын тайлан хянаж байсан мэргэжилтэн Б.С******* дээр өгч манай бүх зүйл болсон гэж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичиг хэрэг дээр нь материалаа өгсөн. н.Г******* дарга, Б.С******* мэргэжилтэн хоёр дээр байхад 2 дугаар сарын 13-ны өдөр манайхыг цуцалсан гэх мэдэгдэл ирсэн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дахь заалтаар манайд цуцалсан гэх сонсох ажиллагаа явагдаагүй, манайд мэдэгдээгүй.

Программд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр засварт буцаасан гэх тэмдэглэл байдаг. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манайх засварт буцаасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин илгээх гэхээр програм руу орох боломжгүй болсон байсан. Энэ байдлыг 2025 оны 2 сард мэдсэн. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн дарга н.Г*******т хэлэхэд манай программ хаагдсан. Программ нээгдэхэд танайхыг баталгаажуулах болно гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Д******* ХХК нь хуулийн хугацаандаа бүх тайлан, тооцоогоо хийдэг. Баталгаажуулахыг нь төрийн байгууллага хэзээ, яаж баталгаажуулах вэ гэдгийг нь мэддэг. Хоцорсон шалтгаан нь гүйцэтгэх захирал 2022 оны 8 сард нас барсан. Өв нээлгэх ажиллагаа явж 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр лицензтэй компани тул Том татвар төлөгчөөр дамжиж шилжиж 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.С******* гэх хүний аав Ш.Б******* гэх хүн албан ёсны хууль ёсны өмчлөгч болсон. Үүний үндсэн дээр Д******* ХХК нь захиралтай болсон тул эрхээ авах гэж Санхүү, төрийн сангийн газарт очиход программ нээгдэхгүй, бид мэдэхгүй, Сангийн яам мэддэг гэж хэлсэн. Цаасаар болон амаар, бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт өгдөг байсан. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг шийдвэрлэхдээ 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зардлын доод түвшин баталгаажуулаагүй байна гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан байдаг. Зардлын доод түвшинг баталгаажуулаагүй гол үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Учир нь Д******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь нас барснаас болж зардлын доод хэмжээг баталгаажуулах боломжгүй болсон нөхцөл байдалтай байсан. Д******* ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажлыг хийсэн. Хайгуулын ажлаар гарсан зардлаа тайлагнаж хуулийн хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн сан, Татварын алба, Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд илгээсэн байна. Ганц баталгаажуулах ажиллагаа хийгдээгүй. Үүнээс үүдэн тусгай зөвшөөрөл цуцлагдах буюу татгалзах нөхцөл байдалд хүрсэн байна. Гэвч цаасан хэлбэрээр 2023 оны тайлан 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баталгаажсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Цахим хэлбэрээр 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажсан байсан. Үүнээс харахад Ашигт малтмал, газрын тосны газар цахим хэлбэрээр баталгаажсан байхад баталгаажаагүй байна гэж хугацаа сунгах өргөдлөөс татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү.

Д******* ХХК цаасан хэлбэрээр баталгаажуулсан. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цаасан хэлбэрээр баталгаажуулж Ашигт малтмал, газрын тосны газарт бичгийн хэлбэрээр өгсөн. Хүлээж авсан боловч шийдвэрлээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар албан ёсоор баталгаажуулаагүй байхад гаргаж өгсөн боловч шийдвэрлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан зардлын доод түвшинг тухайн жилдээ гаргах ёстой, тус гаргасан зардлаа төрийн захиргааны байгууллагад тайлагнах гэдэг зохицуулалт байгаа. Бидний хувьд гаргасан зардлаа төрийн захиргааны байгууллагад тайлагнаж, төрийн сан баталгаажуулсан. Ашигт малтмал, газрын тосны газар яагаад баталгаажуулахгүй байгаа талаар ойлгохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэхдээ Кадастрын хэлтэс тусдаа, Геологийн хайгуулын хэлтэс тусдаа гэдэг зүйл хэлээд байна. Ямар ч уялдаа холбоо байхгүй тайлбар хэлж байна. Бүгд нэг цогц байгууллага тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар үндэслэлгүй.

Д******* ХХК нь тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгахын тулд 82,000,000 төгрөг төлж, холбогдох бүх материалаа бүрдүүлж өгсөн. Захирал нас барсан асуудал байгаа. Захирал нас бараагүй байсан бол санхүүгийн тайлангаа системд хугацаанд нь илгээх болно. Төрийн сан түүнийг нь баталгаажуулах боломжтой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар субъектив эрх хөндөгдсөн байх ёстой, мөн акт нь хууль бус байх ёстой гэсэн шаардлагыг шалгадаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан учир субьектив эрх хөндөгдсөн гэж үзэж байна. Мөн акт нь хууль бус гэдэг дээр сонсох ажиллагаа хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй байгаа нь харагдаж байна. Д******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан уу? байгаагүй юу гэдгийг тогтоогоогүй байж акт гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр дуудаж ирээд сонсох ажиллагаа хийсэн бол ийм зүйл болохгүй байсан. Захиргааны ерөнхий хуульд эрх нь хөндөгдөж байгаа хүнд сонсох ажиллагаа явуулна гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өдөр бүр ажилтан шиг төрийн захиргааны байгууллагаар явж байсан талаар хэлдэг. Энэхүү нөхцөл байдлыг Геологийн хайгуулын хэлтэс, Кадастрын хэлтэс мөн мэдэж байсан. гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрших "Х" нэртэй 11248.06 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг анх төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Д*******" ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:, 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заажээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй гэж мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна хэмээн хуульчилсан.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс нэхэмжлэгч Д******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн ЕХ-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд 2023 оны хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасан.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн дарга дээр дурдсан хуулийг хэрэгжүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийдвэрээр "Д*******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэн мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/348 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 55 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.111.1.7 заасан асуудлыг эрхэлнэ, 11.1.6-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих эрхтэй. Энэ нь зөвхөн Геологи хайгуулын хэлтсийн эрх үүргийн асуудал. Энэ заалтад Кадастрын асуудал хариуцсан хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1311.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ.

Ашигт малтмал, газрын тосны газрын нэг онцлог нь бусад бүх хуулиас өөр бөгөөд хэн ямар ажил хийх вэ гэдгийг нь зааж өгсөн байгаа. Нэг нэгж нь нөгөө нэгжийн ажилд оролцох эрх байдаггүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг заавал хавсаргах гэж зааж өгсөн. Тус баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн хайгуулын хэлтсээс авч хавсаргаж өгдөг. Гэтэл тус баримт нь байгаагүй. Зардлын доод хэмжээ баталгаажаагүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 55 дугаар шийдвэр гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд хайгуулын төлбөр, хайгуулын ажлын зардалтай холбоотой заалт байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, зөрчвөл цуцлах гэсэн заалт байгаа. Зардлын доод хэмжээг хангаагүй байвал татгалзсан шийдвэр гаргах эрхтэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааж өгсөн.

Төрийн захиргааны байгууллагын шийдвэр хууль бус гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Санхүүгийн тайлантай холбоотой зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан эсэхтэй холбоотой маргаан. Зардлын доод хэмжээ баталгаажуулсан эсэх нь өөр маргаан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга өөрийн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хэмжээнд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.13-11.23 дугаар зүйлд заасан үүргийн дагуу, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу татгалзсан шийдвэр болон 55 дугаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгааны талаар ярьж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зөвхөн нэг хүн нас барсан. Дараа нь нэг этгээд өв залгамжилж авсан талаар нотлох баримт байгаа болохоос төрийн байгууллагад энэ этгээд нас барсны улмаас тайлангаа төрийн захиргааны байгууллагад буюу татварын тайлан авахгүй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс хийсэн үзлэгээр зардлын доод хэмжээг төрийн захиргааны байгууллагын систем дээр баталгаажуулаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зардлын доод хэмжээ яагаад баталгаажуулаагүй вэ гэдгийг асууж болно. Б.С******* зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй, бид нар баталгаажуулах боломжгүй гэж хэлсний үндсэн дээр шийдвэр гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар тусгайлан хуулиар зохицуулсан харилцаанаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэдэг зүйл байгаа. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа тул мэдэгдэл хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс ямар ч хууль зөрчөөгүй гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрших Х нэртэй 11248.06 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг Д******* ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаатайгаар олгосон.

2. Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т ...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасны дагуу Д******* ХХК-иас өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ- тоот тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн сунгалт хийлгэх хүсэлтээ, хавсралт баримтуудын хамт 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасныг өргөдөл бүртгэлийн ЕХ-******* дугаарт бүртгэгджээ.

3. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзээд 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэж үзэн хариуцагч Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн болохыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/348 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

4. Нэхэмжлэгчээс ...2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг манай компани илгээсэн боловч Ашигт малтмалын газрын Геологи хайгуулын хэлтэс хэрхэн яагаад хянуулаагүйг бид мэдэхгүй, Зардлын тайлан баталгаажуулаагүй тухайд манай 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Б.С******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-нд нас барж, компанийн өвлөх эрхийг хэн шилжүүлэн авах нь тодорхойгүй байсан ба компанийн санхүүгийн тайлан болон бусад төрийн захиргааны байгууллагад цахимаар илгээх тайлан төлөвлөгөөг хүлээн авах программуудад нэвтрэх боломжгүй болсон, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа удаа дараа тайлбарлаж, холбогдох баримтуудыг өгч байсан боловч огт авч хэлэлцээгүй гэж тайлбарлан маргажээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гээд, мөн зүйлийн 22.1.2 дахь заалтад ... түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.4 дэх заалтад хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, 22.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заасан.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа бүрдүүлэх баримт бичигт хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт нь тус тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн бүрдүүлбэр болох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3 дахь заалтад заасан баримтуудыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө бүрдүүлж өгөхөөр, харин мөн хуулийн 22.1.2, 22.1.4 дэх заалтад заасан баримтуудыг хариуцагч буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өөрөө шүүн нягтлахаар байна.

7. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т ...Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэхийг хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлантай тулгаж баталгаажуулахаар зохицуулжээ.

8. Гэвч Д******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.С******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барж, өвлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэж, Д******* ХХК-ийн хувьцааг Шалхаан Б******* хүлээн авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулан бүртгэсэн.

9. Мөн Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02/6433 дугаар албан бичигт ...Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/43 дугаар тушаалаар И-Баланс системийн шинэчлэл хөгжүүлэлт хийгдэж, 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас эхлэн шинэчилсэн И-Баланс системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн, аж ахуй нэгж байгууллагын регистрийн дугаараар нэвтэрдэг байсныг өөрчлөн гүйцэтгэх захирлын регистрийн дугаараар нэвтэрдэг болж, хуучин нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч тайлангаа илгээх боломжгүй болсон, Д******* ХХК-ийн бүртгэлд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрчлөлт орж гүйцэтгэх захирлаар Ш.Б******* бүртгэгдсэн талаар дурдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн ...компанийн санхүүгийн тайлан болон бусад төрийн захиргааны байгууллагад цахимаар илгээх тайлан төлөвлөгөөг хүлээн авах программуудад нэвтрэх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

10. Түүнчлэн Д******* ХХК нь 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайланг цаасан хэлбэрээр 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлуулж, хугацаа сунгуулах хүсэлтээ хавсаргаж өгсөн байх бөгөөд санхүүгийн И-Баланс системд нэвтрэх эрхээ шинэчлэн авсны дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2024 оны 2-р хагас нээлтийн тайланд тайлангаа шивж илгээн батлуулсан болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн тайлангаар тогтоогдож байна.

11. Улмаар Д******* ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тайлан хүргүүлэх тухай 02/25 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтэст ...2023 оны санхүүгийн тайланд нэвтрэх эрх авч нөхөн тайланг Санхүүгийн программд цахимаар оруулсан, 2023 оны шинэчилсэн программд хоцорсон болон баталгаажуулаагүй байгууллагуудыг 2024 оны 02-р хагаст нээлтийн тайлан гэдэгт оруулан тооцохоор зохицуулалт хийсэн болно. Иймд манай 2023 оны санхүүгийн тайланг хүлээн авна уу гэх албан бичгийг хавсралт баримтуудын хамт хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс гаргасан баримтуудыг хянаж үзэлгүйгээр хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчиж захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

12. Түүнчлэн шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын http://gmis.mrpam.gov.mn сайтад Д******* ХХК нь 2023 оны геологи хайгуулын ажлын тайлангаа илгээсэн эсэхэд үзлэг хийхэд Д******* ХХК-иас илгээсэн тайланг 2024 оны 10 дугаар сарын 22-нд Санхүүгийн тайлангаа баталгаажуулаагүй байна гэх шалгаанаар, нэхэмжлэгчээс дахин илгээсэн тайланг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд дээрх шалтгаанаар тус тус засварт буцаасан байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан хуулийн зохицуулалт болон тайланг буцаасан шалтгаан зэргээс үзэхэд аж ахуйн нэгжийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг хайгуулын ажлын жилийн тайланд тусгагдсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн и-баланс системд шивэгдсэн санхүүгийн тайлантай тулгаж, хүлээн авч баталгаажуулдаг бөгөөд и-баланс системд санхүүгийн тайлан баталгаажуулаагүй нөхцөлд хайгуулын ажлын тайланг хүлээн авч баталгаажуулах боломжгүй нь харагдаж байна.

14. Иймд нэхэмжлэгч Д******* ХХК нь 2023 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд 2023 оны санхүүгийн тайлангаа И-баланс системд баталгаажуулан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин хүсэлтээ гаргасан боловч хянаж үзэлгүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.1.2, 22.1.4 дэх заалт, 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасах тухай 55 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д******* ХХК-ийн XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.АЗБАЯР