Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 305

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч С.Оюунжаргал,

шинжээч Р.Цогтоо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр /ҮД:0148/,

шүүгдэгч Б.С,

шүүгдэгч З.Э, тэдний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын С, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүдэн овогт Зын Э нарт холбогдох 1803000010057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын мэдэлэл хүлээн авагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бын С /РД:.../,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эрүүдэн овогт Зын Э /РД:РЮ.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү багаасаа сагсан бөмбөг тоглодог байсан, спортын дэд мастер зэрэгтэй, сагсан бөмбөгөөр улсын аварга болж байсан, Бээжин хотод Ази тивийн аваргын шагналт 5-р байранд орж байсан, Москва хот руу явж 7-р байранд орж байсан, ер нь их сайн сайхан хүүхэд байсан юм. ...Гэмтлийн эмнэлэгт очиход миний хүүгийн гар утсыг 1 намхан цагдаа барьсан зогсож байхаар нь “миний хүү хаана байна вэ” гэж асуухад “та тийшээ яв” гэж коридор руу заасан, тэгээд очиход нэг эмч бид нартай уулзаад “танай хүү аваарт орсон, толгойндоо хүнд гэмтэл авсан байна, зам тээврийн осол болсон газраас түргэний тэргээр хурдан хугацаанд ирсэн учир бид аль болох бүх арга хэмжээгээ авчихаад байна, гэхдээ таны хүү найдвар муутай шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш эмнэлэг дээр хийгдвэл зохих бүх эмчилгээг хийлгэсэн боловч 31-ний өглөө 06 цаг 20 минутанд нас барсан. Миний хүүг дайрсан цагдаад маш их гомдолтой байна, тэр цагдаа миний хүүг дайрчихаад тусламж үзүүлэхийн оронд өөрийгөө цагдаа биш гэж харуулах зорилгоор хувцсаа тайлаад майктайгаа зогсож байсан тухай гэрчийн өгсөн бичлэг дээр харагдаж байна лээ. Ганц сайхан хүүхдийг минь ид хийж бүтээх насан дээр нь согтуу цагдаа дайрч амь насыг нь авчихлаа, энэ асуудалд би үнэхээр гомдолтой байна. ...хүүгээ алдаж сэтгэл санаагаар маш их хохирч байна, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, буяны ажлын зардалд 15,002,000 төгрөг /баримттай/ нийт 35,002,000 төгрөгийг С болон түүний эхнэр З.Эрдэнэнцэцэг нараас нэхэмжилсэн, үүнээс 13, сая төгрөгийг авсан, одоо өмгөөллийн хөлс 2 сая, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх  мэдүүлэг /1 хх-ийн 118-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            1.2.Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн баасан гарагийн орой Найман шаргын ойролцоо байх “Амрита’’ бааранд ангийн хүүхдүүд болох Алтаншагай, Мөнхдаваа нарын хамт сууж пиво ууцгааж, 1 шил архи ууцгаасан. Тэнд сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад баарнаас гараад Хилчин хотхонд байх гэрлүүгээ ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 3-р эгнээгээр явж байсан. Саппорогийн үулзвараас Цамбагаравын уулзвар өнгөрөөд автобусны буудлын харалдаа төгсгөл орчимд замын тусгаарлах хэсэгт байх модон дундаас гэнэт эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн тормос гишгэж тэр залууг машины зүүн урд гуперээр мөргөсөн, тэр залуу машины зүүн тал руу газар унасан, би машинаа 1-р эгнээнд зогсоож осолын гэрэл асаачаад гүйгээд очиход өндөр түранхай залуу ухаангүй газар хэвтэж байсан. Тэр үед миний утас цэнэггүй байсан учир тэнд байсан 2 залууд хандаж хурдан түргэн дуудаад өгөөч би хүн мөргөчихлөө гэж хэлэхэд тэр 2 залуу утас байхгүй гэж хэлсэн. Тэгтэл эсрэг талын замаас нэг залуу гарч ирээд сая түргэн дуудчихлаа гэж хэлсэн, би өөрийнхөө гар утсыг машин дотор цэнэглэж байсан учир машин дотроос утсаа аваад түргэн рүү дуудлага өгсөн. Тэр үед эхнэрлүүгээ яриад би Цамбагаравын урд хүн мөргөчихлөө хурдан хүрээд ирээч гэж хзлсэн, тэгээд удаагүй байж байхад түргэний машин ирээд зам тээврийн осолд өртсөн залууг аваад явсан, түргэний машин яваад удаагүй байхад манай эхнэр такси бариад хүрээд ирсэн, тэгээд удаагүй байхад дуудлагын цагдаа, замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 5-7,8-10 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3.Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 хороо Цамбагарав автобусны буудлын дэргэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын хойд хэсэгт алхаж байтал гэнэт авто машины зам дээр маш хүчтэй түс тас хийх чимээ гарсан. Би юу болов гээд зам руу хартал автомашинд хүн мөргүүлээд зам дээр унасан байсан. Мөргөсөн автомашин нь нэлээд цаана очоод зогссон байсан, осол гаргасан автомашин нь ослын газраас ойролцоогоор 40 орчим метрийн цаана байсан учраас яг ямар хүн барьж явсныг мэдэхгүй байна. Харин автомашинаас цагаан саарал майктай 30 орчим насны эрэгтэй хүн хохирогч дээр гүйж ирсэн. Ослын газар байж байхад цагаан майктай залуу утсаараа 1 хүнтэй яриад хөгшин чинь хүн дайрчихлдаа гээд ярьж байхыг зурвасхан сонссон. Мөн тэр залуу цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгөөч гэж надад хэлсэн. Автомашинд мөргүүлсэн явган зорчигч замын 3-р эгнээнд хэвтэж байсан. Явган зорчигчийн үүргэвч замын 2, 3-р эгнээний  голын тасархай цагаан шугаман дээр зам дээр хэвтэж байсан. ...”  гэх мэдүүлэг /1 хх 50 х/ 

 

1.4.Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед Соос архи үнэртэж байсан. Мөн тэрээр дээгүүрээ саарал майктай, доогуураа цагдаа улаан кандтай жагсаал өмдтэй байсан, би ослын газар очих үед осол гаргасан автомашин нь ослын газраас 50-60 метрийн цаана замын 1-р эгнээнд ослын гэрэл дохиогоо асаасан, ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хараад зогсож байсан. Би очиж автомашиныг шалгаж үзэхэд дотор нь хүн байгаагүй. Харин автомашины зүүн талын салхины шил зүүн талдаа хагарсан байсан. С цагдаа Баярсайханд ярихдаа эхнэр унаж явсан гэж хэлсэн байсан. ...”  оны гэх мэдүүлэг /1 хх 51-52 х/ 

 

1.5.Гэрч Н.Алтаншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид 4 оройн цагаар “Амрита” бааранд суугаад архи хуваагаад ууж байсан юм. Тэгж байхад С араас ганцаараа орж ирсэн байсан бөгөөд намайг тамхи татах гээд явж байхад нэг пиво барьсан таарсан...”  гэх мэдүүлэг /1 хх 137-138 х/ 

 

1.6.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “Rich” баарны гадна талбайн хяналтын камерт бичигдсэн бичлэг харагдаж байх бөгөөд гадна талбайн цаана автомашинууд хөдөлгөөнд оролцож явж байв. Бичлэгийн 01:28:11-д зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байгаа автомашины урдуур тусгаарлах зурвастай хэсгээс явган зорчигч гарч ирэн автомашинд мөргөгдөн агаарт эргэн газар унаж  байгаа дүрс бичлэг байлаа. Харин камерийн бичлэгийг үзэхэд явган зорчийн тусгаарлах зурвастай хэсгээс гарч ирэн зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгсэлд мөргөгдөн агаарт унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. /1 хх 92-93 х/

 

1.7.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “2017.10.28-ны 02 цаг 50 минутад үйлдэж Б овогтой Сийг драгер багажаар шалгахад 1,02% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. гэх тэмдэглэл /1 хх 14 х/

 

1.8.Шинжээчийн 280 дугаартай дүгнэлт.

1.Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:28:10-аас 01:28:13 секүндийн дүрс бичлэгийг 2 дахин томруулж тодруулан, дүрс бичлэгийн хурдыг 3 дахин удаашруулан DVD дискенд хуулбарлан дүгнэлтэд хавсаргав.

2.Шинжилгээнд ирүүлсэн “came2_2017-10-28_01-24-58_02-0059_САМ2” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:28:12 секүндэд автомашин болон хүн огтлолцож буй хэсгийн дүрсийг мод халхалсан, автомашины их гэрэл камерийн эгц туссан гэрлийн цаад хэсэг хэт бараан дүрслэлтэй байгаа нь автомашин зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөсөн болон шүргэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн хурд саарахгүй, чиглэл өөрчлөгдөхгүй, нэгэн жигд хурдаар хяналтын камерийн дэлгэцийн урдуур явж өнгөрч байгаа зэрэг шинжүүдээрээ хурд сааруулж зогсоох арга хэмжээ аваагүй байна. гэх дүгнэлт /1 хх 202 х/

 

1.9.Шинжээчийн 2164 дугаар дүгнэлт:

1. Талийгаачид гавлын зүүн зулай, чамархай суурь ясны хугарал, зүүн зулай чамархай хатуу хальсан дорхи цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн тал бөмбөлгийн эдийн бүрэн няцрал, эвдрэл, иврэлт, баруун тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүлийн дорхи цус харвалт. Тархины зүүн зулаа хэсгийн тархмал хатуу хальс дорхи цусан хурааг авах мэс засал 2017.10.28. 2 нүдний торлогт цус харвалт, баруун хөлний шилбэ тахилзуурын доод 1/3-н далд үйрсэн спираль хэлбэрийн хугарал баруун мөрний мултрал бүхий гэмтэл үүсчээ.

2.7. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь автомашинд мөргөгдөх, унах үед үүссэн байх боломжтой

3. Талийгаачид архаг хууч өвчин үгүй байна.

4.Талийгаач нь амьдрах боломжгүй толгойн хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан бөгөөд 12618 тоот өвчний түүхэнд 2017.10.31-ны 06.20-д нас барсан гэж тэмдэглэжээ.

6.Цусны 3-р бүлэгтэй байжээ. гэх дүгнэлт /1 хх 147-149 х/

 

1.10.Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: “Уг автомашины урд салхины шил зүүн гар талын хэсэгт цацарч хагарсан эвдрэл гэмтэлтэй байлаа” гэх дүгнэлт /1 хх 174-180

 

1.11.Замын цагдаагийн албаны шинжээчийн 651 дугаар дүгнэлт.

“Зам тээврийн осол болоход Тоёото Приус маркийн 22-26 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох“ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Зам тээврийн осол болоход явган зорчигч Б.Лхагвадорж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш эгч хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.“ гэх дүгнэлт /1 хх 184-185 х/

 

            1.12.Шинжээч Р.Цогтоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хавтаст хэргийн материал, хэргийн газрын үзлэг, дүрс бичлэгийг үзэхэд жолооч саадыг осол гарсаны дараа мэдсэн, мөн бичлэгээс харахад жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогссон байдал нь харагддаг. Энэ нь  Замын хөдөлгөөний дүрмийн 2.7  дахь заалттай холбоотой, .. тус дүрмийн 9.2 дахь заалт нь “саадыг бий болохыг мэдсэн үедээ” гэж заасан. Бичлэг болон хэмжилтээс харахад явган зорчигч гэнэт гарч ирсэн, мөн тээврийн хэрэгслийн эвдрэл, шил хагарсан байдал зэргээс харахад саадыг урьдчилж мэдээгүй гэж дүгнэсэн ..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.13.2017 оны 11 дүгээр сарын 28-ны Зам тээврийн осол хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагарав худалдааны төвийн урд асфальтан хучлагатай, тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй, 6 эгнээ, шулуун, тэгш, халтиргаатай, хашлагатай, зорчих хэсгийн голоор хайстай, зорчих хэсгийн урд хойд хашлага дагасан хайстай, зорчих хэсгийн 100 метр дотор явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байхгүй, зорчих хэсгийн урд хойд талд явган хүний замтай газарт хэмжилт хийв. ...А цэгээс автомашин зогссон гэх цэгийг жолоочоор заалгаж Г үсгээр тэмдэглэн ертөнцийн зүгээр баруун тийш 61.6 метр, Г цэг хашлага хүртэл хойшоо 1.1 метр байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1 хх 95-102 х/ 

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1. Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 158 х/

2.2. Б.Сын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 хх 229 х/

2.3. З.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх 230 х/

2.4. З.Эийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 хх 231 х/

2.5. Б.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 233 х/

2.6. З.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 235 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оийн “...хүүгээ алдаж сэтгэл санаагаар маш их хохирч байна, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, буяны ажлын зардалд 15,002,000 төгрөг /баримттай/ нийт 35,002,000 төгрөгийг С болон түүний эхнэр З.Эрдэнэнцэцэг нараас нэхэмжилж байна. ...” гэх  мэдүүлэг /1 хх-ийн 118-124 х/

3.2.Хохирлын баримтууд /2 хх 25-67 х/

3.3.Хохирол төлсөн баримтууд /2 хх 94, 107-109, 214 х/

 

Дөрөв:Бусад нотлох баримтууд.

4.1.2017 оны 11 дүгээр сарын 28-ны Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн: “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагарав худалдааны төвийн урд замд гарсан байв. Жолооч З овогтой Э нь Т.Приус маркийн 22-26 УБЭ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд, явган зорчигч Г.Лхагвадорж нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарсан гэх. Явган зорчигчийг түргэнээр ГССҮТ рүү авч явсан учраас жолоочийг байлцуулан үзлэгийг хийв. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1 хх 6-10 х/

 

4.2.Шүүгдэгч З.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёр үлдээд хэсэг автомашин дотроо маргалдаж байгаад гэр рүүгээ харихаар би машиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 40 гаруй км/цагийн хурдтай явж байгаад баруун гар тийш саппорогоор эргээд ертийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гэрлүүгээ харихаар замын 3-р эгнээгээр Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт автомашины зүүн урд талд тас түс гээд явсан. Тэр үед манай нөхөр надад “чи хүн дайрчихлаа, зогсоорой зогсоорой” гээд хувцасны ар хэсгээс татсан тэгээд би цааш очоод 1-р эгнээгээр зогссон. Би 40 гаран км/цагийн хурдтай явж байсан. Би явган зорчигчийг огт хараагүй гэнэт автомашины зүүн урд талд түс тас хийх чимээ гарсан тэр үед манай нөхөр “чи хүн дайрчихлаа, зогсоорой” гэж хэлсэн. ...манай гэр бүлээс нөхөр Б.С ганцаараа ажил хийдэг, би өөрөө гэртээ 2 хүүхдээ хардаг юм. Манай гэр бүл 17-18 сая төгрөгийн өр зээлтэй, нөхөр маань ажилгүй болчихвол гэр бүлийн амьдрал бүхэлдээ зогсонги байдалд орж магадгүй гэж бодоод Замын цагдаагийн албаны байцаагч Энхболдод би машин барьж явсан юм гэж худал мэдүүлэг өгсөн юм. Тухайн зам тээврийн осол болоход би гэртээ 2 хүүхдийн хамт байсан, тухайн үед  манай нөхөр хууль сахиулах Их сургуулийн эчнээ ангид суралцдаг ангийн хүүхдүүдтэйгээ бааранд орчихоод гэр лүүгээ явж байна гэж ярьж байсан, тэгээд удалгүй зам тээврийн осол гараад хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь Цамбагарав руу такси барьж зам тээврийн осол гарсан газар очсон юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 31, 2 хх 14-15, 16-17 х/

 

4.3.Шүүгдэгч З.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. Бид 18,000000 төгрөгийн зээлтэй, би ажил хийдэггүй, гэртээ байдаг тул худал мэдүүлэг өгье гэж би өөрөө хэлсэн ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

4.4.Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дуудлагын дагуу ослын газар 01 цаг 05 минутын орчим очиход Цамбагарав автобусны буудлын хажууд манай цагдаагийн нэг албан хаагч болох С саарал өнгийн майктай их сандарсан, шокийн байдалтай зогсож байсан. Би тэр үед  жолооч нь байгаа юм байна гэж бодоод хэргийн газрын хамгаалалт авчихаад удалгүй осол гаргасан автомашин дээр очиж жолооч талын хаалгыг нээж үзэхэд жолооч нь байгаагүй, харин автомашины урд салхины шил хагарсан байсан. Ослын газар намайг очиход хохирогчийг түргэн тусламж ГССҮТ-рүү аваад явсан байсан.  ...тэгээд С ярихдаа “би нэг найзтайгаа бага зэрэг юм уугаад согтуу байсан болохоор эхнэрээ дуудаж автомашинаа бариулаад гэр рүүгээ харих замдаа бид 2 бага зэрэг маргалдаж, муудалцаад явж байтал гэнэт замын урд талаас нэг хүн гүйж гарч ирээд автомашинд шүргүүлчихлээ” гэж ярьсан. Мөн тэрээр ярихдаа ”осол болох үед би эхнэртээ чи хүн шүргэчихлээ зогс зогс” гэж хэлсэн тэр үед манай эхнэр балмагдаж шоконд ороод ослын газраа зогсож чадалгүй урагш очоод зогссон гэж ярьж байсан. Тэгээд би түүнээс автомашин чинь хаана байгаа юм бэ гэж асуухад зам дагуу зогсож байсан Приус-30 маркийн автомашиныг заасан. Би түүнээс эхнэр чинь хаана байгаа юм бэ гэж асуухад автомашин дотор жолоон дээрээ байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 53-54 х/

 

4.5.Гэрч Г.Батдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз 2003-2013 онд Сонгинохайрхан дүүргийн 81-р сургуулийг төгссөн. 2013-2017 онд Улаанбаатар Сан дээд сургуулийг банк санхүүгийн мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Бага насандаа спортоор хичээллэдэг спортлог залуу байсан. Найз нөхөд дундаа хамгийн даруу төлөв зантай, дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг байсан. Хүнтэй маргалдаж мууддаггүй төлөв томоотой залуу байсан юм. Талийгаач найз минь сагсан бөмбөгийн спортоор хичээллээд маш их амжилт гаргаж байсан, найз нөхдийнхөө дунд хамгийн ихээр хүндэтгэдэг найз минь байсан юм. ...”  гэх мэдүүлэг /1 хх 143-144 х/

 

4.6.Шинжээчийн 10093 дугаар дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

 “Ганболдын Лхагвадорж 21 настай, эрэгтэй биеэс авсан цус” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.  гэх дүгнэлт /1 хх 163 х/

 

4.7.Шинжээчийн 10094 дугаар дүгнэлт:

1. Г.Лхагвадорж гэж хаяглагдсан цус нь В/3/ бүлгийн харьяалалтай байна.  гэх дүгнэлт /1 хх 166 х/

 

4.8.Мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтас-240 х/, 

 

4.9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэтгэврийн дэвтэр, талийгаачийн эцгийн группийн дэвтэр, тэтгэврийн дэвтэрийн хуулбар /2 дугаар хавтас 86-87 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудсанд авагдсан Мөрдөгчийн магадлагааг прокурор яллах талын нотлох баримтаар тооцож шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан боловч уг магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасныг зөрчсөн гэж шүүх үзсэн.

 Дээрх гэмт хэрэгт холбогдсон Б.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөнийг тогтоолгохоор 2017 оны 12 сарын 08-ны өдөр шинжээч томилж, 12 сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1. “Уг шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэснийг зөрчиж Мөрдөгчийн магадлагаа гаргуулсан.

Мөрдөгчийн магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийн магадлагаагаар өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаар уг асуудлаар нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох шаардлагатай байсан тул Мөрдөгчийн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдийг зөрчиж цуглуулсан гэж үзээд шүүх нотлох баримтаар тооцоогүй, харин шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодорхойгүй асуудлыг тодруулах замаар дүгнэлт гаргасан шинжээч Р.Цогтоог шүүх хуралдаанд оролцуулан түүний мэдүүлгийг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,  прокуророос  шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.Эийг цагаатгах талаарх шүүхийн дүгнэлт:

З.Эийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “би автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 40 гаран км/цагийн хурдтай явж байгаад баруун гар тийш Саппорогоор эргэж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гэр лүүгээ харихаар замын гуравдугаар эгнээгээр Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт автомашины зүүн урд талд тас түс гээд явсан. Тэр үед манай нөхөр надад “чи хүн дайрчихлаа зогсоорой, зогсоорой” гээд хувцасны ар хэсгээс татсан. Тэгээд би цааш очоод нэгдүгээр эгнээнд зогссон. Би 40 гаруй км/цагийн хурдтай явж байсан. Би явган зорчигчийг огт хараагүй гэнэт автомашины зүүн урд талд түс тас хийх чимээ гарсан. Тэр үед манай нөхөр “чи хүн дайрчихлаа зогсоорой” гэж худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Улсын яллагчаас З.Эийг Худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж яллаж байгаа гол нотлох баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан З.Эээс мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзэхэд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авсан гэж  тэмдэглэлд тусгасан боловч эрх зүйн байдлын хувьд гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн аль нь болох нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, ... үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол ...” гэж уг гэмт хэргийн обьектив талын шинжийг тодорхойлж өгснөөс үзэхэд З.Эийн хувьд эрх зүйн байдлын хувьд түүнийг гэрч, хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан гэж үзэх боломжүй, гэрч, хохирогчийн хувьд Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийнхөө болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулаагүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасныг ноцтойгоор зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж З.Эийг Худал мэдүүлэх гэмт хэрэгт яллаж байгаа, мөн улсын яллагч гэрч Д.Алтангэрэл, Д.Чинзориг, Б.Баярсайхан нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа гэсэн боловч дээрх нотлох баримтуудыг З.Эийн “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй нотлох баримтууд гэж шүүх үзсэн учраас З.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 22 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цамбагарав” худалдааны төвийн автобусны буудлын зам дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.02 хувийн согтолттой үедээ “Тоёото приус-30” маркийн 22-26 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Аюул саад бий болсон нөхцөлд жолооч зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Лхагвадоржийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оийн “...Гэмтлийн эмнэлэгт очиход миний хүүгийн гар утсыг 1 намхан цагдаа барьсан зогсож байхаар нь “миний хүү хаана байна вэ” гэж асуухад “та тийшээ яв” гэж коридор руу заасан, тэгээд очиход нэг эмч бид нартай уулзаад “танай хүү аваарт орсон, толгойдоо хүнд гэмтэл авсан байна, зам тээврийн осол болсон газраас түргэний тэргээр хурдан хугацаанд ирсэн учир бид аль болох бүх арга хэмжээгээ авчихаад байна, гэхдээ таны хүү найдвар муутай шүү” гэж хэлсэн. ...” гэх  мэдүүлэг /1 хх-ийн 118-124 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Д.Алтангэрэлийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав автобусны буудлын дэргэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын хойд хэсэгт алхаж байтал гэнэт авто машины зам дээр маш хүчтэй түс тас хийх чимээ гарсан. Би юу болов гээд зам руу хартал автомашинд хүн мөргүүлээд зам дээр унасан байсан. Мөргөсөн автомашин нь нэлээд цаана очоод зогссон байсан, осол гаргасан автомашин нь ослын газраас ойролцоогоор 40 орчим метрийн цаана байсан учраас яг ямар хүн барьж явсныг мэдэхгүй байна. Харин автомашинаас цагаан саарал майктай 30 орчим насны эрэгтэй хүн хохирогч дээр гүйж ирсэн. Ослын газар байж байхад цагаан майктай залуу утсаараа 1 хүнтэй яриад хөгшин чинь хүн дайрчихлдаа гээд ярьж байхыг зурвасхан сонссон. Мөн тэр залуу цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгөөч гэж надад хэлсэн. ...”  гэх мэдүүлэг /1 хх 50 х/, 

Гэрч Д.Чинзоригийн “...Тэр үед Соос архи үнэртэж байсан. Мөн тэрээр дээгүүрээ саарал майктай, доогуураа цагдаа улаан канттай жагсаал өмдтэй байсан, би ослын газар очих үед осол гаргасан автомашин нь ослын газраас 50-60 метрийн цаана замын 1-р эгнээнд ослын гэрэл дохиогоо асаасан, ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хараад зогсож байсан. Би очиж автомашиныг шалгаж үзэхэд дотор нь хүн байгаагүй. Харин автомашины зүүн талын салхины шил зүүн талдаа хагарсан байсан. ...”  оны гэх мэдүүлэг /1 хх 51-52 х/, 

Гэрч Н.Алтаншагайн “...Бид 4 оройн цагаар “Амрита” бааранд суугаад архи хуваагаад ууж байсан юм. Тэгж байхад С араас ганцаараа орж ирсэн байсан бөгөөд намайг тамхи татах гээд явж байхад нэг пиво барьсан таарсан...”  гэх мэдүүлэг /1 хх 137-138 х/, 

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “Rich” баарны гадна талбайн хяналтын камерт бичигдсэн бичлэг харагдаж байх бөгөөд гадна талбайн цаана автомашинууд хөдөлгөөнд оролцож явж байв. Бичлэгийн 01:28:11-д зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байгаа автомашины урдуур тусгаарлах зурвастай хэсгээс явган зорчигч гарч ирэн автомашинд мөргөгдөн агаарт эргэн газар унаж  байгаа дүрс бичлэг байлаа. Харин камерийн бичлэгийг үзэхэд явган зорчигч тусгаарлах зурвастай хэсгээс гарч ирэн зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгсэлд мөргөгдөн агаарт унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. /1 хх 92-93 х/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “2017.10.28-ны 02 цаг 50 минутад үйлдэж Б овогтой Сыг драгер багажаар шалгахад 1,02% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. гэх тэмдэглэл /1 хх 14 х/,

 

Шинжээчийн 280 дугаартай дүгнэлт.

1.Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:28:10-аас 01:28:13 секүндийн дүрс бичлэгийг 2 дахин томруулж тодруулан, дүрс бичлэгийн хурдыг 3 дахин удаашруулан DVD дискенд хуулбарлан дүгнэлтэд хавсаргав.

2.Шинжилгээнд ирүүлсэн “came2_2017-10-28_01-24-58_02-0059_САМ2” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:28:12 секүндэд автомашин болон хүн огтлолцож буй хэсгийн дүрсийг мод халхалсан, автомашины их гэрэл камерийн эгц туссан гэрлийн цаад хэсэг хэт бараан дүрслэлтэй байгаа нь автомашин зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөсөн болон шүргэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн хурд саарахгүй, чиглэл өөрчлөгдөхгүй, нэгэн жигд хурдаар хяналтын камерийн дэлгэцийн урдуур явж өнгөрч байгаа зэрэг шинжүүдээрээ хурд сааруулж зогсоох арга хэмжээ аваагүй байна. гэх дүгнэлт /1 хх 202 х/,

 

Шинжээчийн 2164 дугаар дүгнэлт:

1. Талийгаачид гавлын зүүн зулай, чамархай суурь ясны хугарал, зүүн зулай чамархай хатуу хальсан дорхи цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн тал өмбөлгийн эдийн бүрэн няцрал, эвдрэл, иврэлт, баруун тал бөмбөлгийн тархмал аалзан бүрхүүлийн дорхи цус харвалт. Тархины зүүн зулаа хэсгийн тархмал хатуу хальс дорхи цусан хурааг авах мэс засал 2017.10.28. 2 нүдний торлогт цус харвалт, баруун хөлний шилбэ тахилзуурын доод 1/3-н далд үйрсэн спираль хэлбэрийн хугарал баруун мөрний мултрал бүхий гэмтэл үүсчээ.

2.7. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь автомашинд мөргөгдөх, унах үед үүссэн байх боломжтой

3. Талийгаачид архаг хууч өвчин үгүй байна.

4.Талийгаач нь амьдрах боломжгүй толгойн хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан бөгөөд 12618 тоот өвчний түүхэнд 2017.10.31-ны 06.20-д нас барсан гэж тэмдэглэжээ.

6.Цусны 3-р бүлэгтэй байжээ. гэх дүгнэлт /1 хх 147-149 х/,

 

Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: “Уг автомашины урд салхины шил зүүн гар талын хэсэгт цацарч хагарсан эвдрэл гэмтэлтэй байлаа” гэх дүгнэлт /1 хх 174-180/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 651 дугаар дүгнэлт.

“Зам тээврийн осол болоход Тоёото Приус маркийн 22-26 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох“ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Зам тээврийн осол болоход явган зорчигч Б.Лхагвадорж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш эгч хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.“ гэх дүгнэлт /1 хх 184-185 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Сод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж заасан, энэ уг хэрэгт нийцэж байна, иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх асуудлын талаар:

 

Шүүхийн дүгнэлт: Б.С нь Тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 3.4 дэх заалтуудыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь түүний согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн /жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний/ улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг” гэж зааж өгөөд “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь оршуулгын зардал 13 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нийт 35 сая төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс оршуулгын ажилд зарцуулсан зардлын 13 сая төгрөгийг төлсөн болох нь төлбөр баримтууд /2 хх 94 х, 2 хх 107-109 х, 2 хх 214 х/-аар тогтоогдож байгаа болно.

Харин өмгөөлөгчийн зардлын 2 сая төгрөгийг шүүхээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг өөрийн сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө  /хөлсөөр ажиллах гэрээний үндсэн/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. 

 

Амь хохирогч нь айлын ганц хүү байсан, эцэг, эх хоёр нь тэтгэвэр, группт байдаг /2 дугаар хавтас 86-87 х/ зэргийг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилснээс шүүх 10 сая төгрөгийг гаргуулж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн зардлын 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол нэхэмжилсний зөрүү 10,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт.

            Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу гарцгүй газраар зам гарч явсан нь энэ гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдлуудад тооцож харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогчийн талаас гарсан бодит зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ: Миний үйлчлүүлэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

            Дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй хэдий ч хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй, учир нь хохиролд материаллаг, материаллаг бус хохирол аль аль нь хамаарна, мөн хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх хууль зүйн боломжгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул Б.Сын 529407 дугаарын жолооны үнэмлэхийг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэг, HP маркийн 4GB хэмжээтэй флаш диск 1 ширхэг, шинжээчийн дүгнэлтийн хавсралт DVD 1 ширхэг зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, З.Эийн 873892 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, Б.Сын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүдэн овогт Зын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Боржигон овогт Бын Сыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Соос 10,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Өнөр хороолол ..тоотод оршин суух Х.О /РД:ШЕ../-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Б.С, З.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэг, HP маркийн 4GB хэмжээтэй флаш диск 1 ширхэг, шинжээчийн дүгнэлтийн хавсралт DVD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Хэрэгт хураагдан ирсэн Б.Сын 529407 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, З.Эийн 873892 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, Б.Сын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Э, Б.С нарт тус тус буцаан олгосугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, цагаатгагдсан этгээд түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүнйи өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ