Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 002

 

                                 Б.Я-н  нэхэмжлэлтэй,  СҮА ШШГГ-т     

                               холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Б.Я-н давж заалдах гомдлоор түүний “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй СҮА ШШГГ-тхолбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Я шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 15224728 төгрөгийн өр төлбөртэй. Миний өөрийн өмчлөлийн .............. тоот дугаартай БУ сумын .... дугаар баг, ............ тоотод байрлах үйлчилгээний төвийг 34534708 төгрөгт, ............ тоот дугаартай БУ сумын ..... дугаар баг, ............ тоотод байрлах 64 мкв талбайтай орон сууцыг 74000000 төгрөгт, ............ дугаартай БУ сумын .... дүгээр баг, ............ тоотод байрлах 49 мкв талбайтай орон сууцыг 45000000 төгрөгт тус тус үнэлсэн болно. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эхний байр болох Ш-н зүүн тал урдаасаа 2  дугаар хаалга дахь үйлчилгээний зориулалттай байрыг 2 давхар руу гарах шат гаргаж маш их засвар хийсэн. Зах зээлийн ханшаар үйлчилгээний төв байршлаасаа хамаарч мкв нь 2000000-аас 3000000 төгрөг байна. Миний өөрийн үнэлгээгээр байршил сайтай мкв нь 2300000 төгрөгт тооцож 80500000 төгрөгт байраа үнэлж байгаа. Мөн Залуус хотхоны байраа шинээр баригдаж ашиглалтад орох үед нь худалдан авч өндөр өртгөөр орчин үеийн шийдэл бүхий засаж байсан. Миний өөрийн үнэлгээгээр мкв нь 1400000 төгрөг, нийт 89600000 төгрөг болж байгаа, мөн 1 дүгээр багт байршилтай Худалдааны 8 айл 2 тоот дахь 49 мкв талбайтай 3 өрөө байранд засвар хийсэн байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 1150000 төгрөг нийт 56360000 төгрөг болж байгаа тул миний байрыг маш багаар үнэлсэн. Иймд .............. тоот дугаартай БУ сумын 7 дугаар баг ............ тоотод байрлах үйлчилгээний төвийг 34534708 төгрөгт, ............ тоот дугаартай БУ сумын .......дугаар баг, ............ айлын орон сууцны ............... тоотод байрлах 64 мкв талбайтай орон сууцыг 74000000 төгрөгт, ............ тоот дугаартай БУ сумын ......... дүгээр баг, ............ тоотод байрлах 49 мкв талбайтай орон сууцыг 45000000 төгрөгт үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СҮА ШШГА П.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар Сүхбаатар аймгийн БУ сумын 7 дугаар багт оршин суух Б.Я БУ сумын 1 дүгээр багт оршин суух Г.Батбаатар нараас зээлийн гэрээний үүрэгт 184660169 төгрөгийн төлбөрийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй Сүхбаатар аймгийн БУ сумын ........ дугаар баг, Ш зочид буудлын байранд байрлах 35 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дугаар баг, .............. тоотод байрлах 64 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр баг, ............ тоотод байрлах 49 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20170169/06, 07, 08 дугаартай хураах тогтоол үйлдэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин М.Т-г томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Б.Я нь үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй юм. Иймд СҮА ШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх гурван объектод үнэлгээ гаргасан. Барилга хот байгуулалтын сайдын 1996 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар гаргасан байдаг. Үнэлгээ бол эрх зүйн акт дээр түшиглэж гардаг. Үүн дээр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг байшингийн ашиглалтаас хамаарч дээд тал нь 1268039 төгрөг, доод тал нь 737043 төгрөгөөр тооцож гаргадаг. Нийт хандлагыг орлогын хандлага, өртгийн хандлага, зардлын хандлага гэсэн 3 хандлагаар үнэлдэг. БУ суманд байгуулагдсан жиших барилга байгаагүй. Сүүлд ашиглалтад орсон барилга дээр жишиж, үнэлгээ гаргасан байдаг. Ш-н барилга бол жиших барилга байхгүй. Энэ хоёр байрыг зах зээлийн хандлагаар үнэлж байгаа. Өнөөдөр зах зээлд ямар үнэтэй байна бэ гэдгээр үнэлдэг. Үнэлгээ хууль зөрчөөгүй гэв.

 

  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан СҮА ШШГГ-тхолбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Я-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1787 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах,  хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Я давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ш-н зүүн талын урдаасаа 2 дахь хаалганы үйлчилгээний зориулалттай байрыг 2 давхар руу шат гарган их мөнгө зарж засвар хийсэн. Мөн үйлчилгээний зориулалттай ашигтай байрлал буюу А зэрэглэлийн байршилд байдаг, төвийн шугам сүлжээнд холбогдсон. Зах зээлийн өнөөдрийн ханшаар үйлчилгээний төв байршлаас хамаарч манайх шиг А зэрэглэлийн газартай үйлчилгээний зориулалттай байр мкв нь 200000-300000 төгрөгийн хооронд байгаа. Гэтэл миний үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор засвар хийж хөрөнгө мөнгө зарцуулсан байрыг маш хямдхан үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн ............ айлын 1 дүгээр байрны 6 тоотод байрлах орон сууцыг 74000000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийн ханшаар шинэ орон сууц аймагт мкв нь дунджаар 1400000 төгрөг болсон. Мөн ............ тоотод байрлах 2 өрөө байрыг 45000000 төгрөгөөр үнэлсэн. Энэ байрны хувьд нэг давхарт байршилтай учраас үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой.  Орон сууцыг бага үнэлгээгээр үнэлсэн учир үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 54 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.Я-н гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Я нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан БУ суманд байршилтай ............ тоотын 49 мкв, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 45000000 төгрөгөөр,  Ш-н зүүн талын урдаасаа 2 дахь хаалганы үйлчилгээний зориулалттай, 35 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэгдсэн байрыг 34534708 төгрөгөөр, “Залуус” хотхоны орон сууцны 1 дүгээр байрын 3-6 тоотын 64 мкв  үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй орон сууцыг 74000000 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс маш хямдаар үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн “үнэлгээг хүчингүй болгуулах” талаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлжээ.

            Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай, Г.Б, Б.Я нараас 184660169 төгрөг гаргуулж Голомт банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, түүний үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудсыг 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар ажиллагаа хийж шинжээчийн дүгнэлтийг 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад танилцуулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдлоо шүүхэд 7 хоногийн дотор  гаргахаар байхад Б.Я 14 хоногийн дараа гомдлоо гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, үнэлгээчин  М.Т нь хөрөнгийн  үнэлгээг гаргахдаа Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, үнэлгээний олон улсын стандартад зааснаар орлогын, өртгийн, зах зээлийн хандлагаар эрх зүйн баримт бичигт үндэслэн үнэлгээг хийсэн болох нь үнэлгээний тайлангуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ............., ............, Ү-............  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хямдаар үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.    /хх-41, 70, 6-33 /

        Талуудын маргааны зүйл болсон  үл хөдлөх эд  хөрөнгүүдийн  үнэлгээг зохигчид тохиролцоогүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9,10,11 дүгээр тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин М.Т-г шинжээчээр томилсон байна. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний олон улсын стандартын дагуу өртгийн болон зах зээлийн хандлагыг хэрэглэн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлон үнэлгээний 20-060, 20-061, 20-062 дугаартай тайланг  09 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлснийг шийдвэр гүйцэтгэгч мөн өдрөө зохигчдод танилцуулан, тэмдэглэл хөтлөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг эс зөвшөөрвөл танилцуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандахыг тайлбартаа дурджээ. Нэхэмжлэгч Б.Я нь шүүхэд гомдлоо 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн ба ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурдаагүй байгаа нь шүүхэд гомдол гаргах хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ.        

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэв.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.БАЙГАЛМАА

 

                                               ШҮҮГЧИД                    О.БААТАРСҮХ

 

                                                                              С.ОЮУНТУНГАЛАГ