Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0490

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Б,
Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т, Х.А,
Маргааны төрөл: Татварын улсын байцаагч нарын татварын нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, хариуцагч Ц.М, У.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Нг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
1.    Нэхэмжлэгч “К” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.    Татварын улсын байцаагч Ц.М, У.О нар нь “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтын дагуу /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Иж бүрэн/ хяналт шалгалтыг хийж, тус татварын хяналт шалгалтаар “К” ХХК-д нийт 44,494,724,605.61 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж 2,523,114,862.49 төгрөгийн нөхөн татвар, 847,637,492.41 төгрөгийн торгууль, 1,034,064,011.13 төгрөгийн алданги, нийт 4,404,816,366.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр НА- тоот нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
3.    Нэхэмжлэгч дээрх нөхөн ногдуулалтын актын нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулсан 2,496,318,719.76 төгрөгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянаад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна. 
5. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
6. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус нөхөн төлбөрийн актаар тогтоосон зөрчлийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах борлуулалтын орлогод үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцож, татварын хяналт шалгалтаар үндэслэлгүй өндөр дүнтэй нөхөн төлбөрийн акт тавьсан болно. Энэхүү жишиг үнээр тооцож, өндөр дүнтэй акт тавьсан нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Тус компани нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүргэд нийт 4 гэрээний дагуу нийт 212.0 мянган тонн экспортолсон байдаг.
Дээрх экспортыг эхлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.3-т заасны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргыг ашиглан борлуулалтын үнэлгээг тодорхойлон 2019 онд шаардлага хангасан материалуудыг цаг тухайд нь бүрдүүлэн уг журмын 2.5-т заасны дагуу холбогдох борлуулалтын гэрээ болон нэмэлт материалын хамт Татварын албанд зохих журмын дагуу хүргүүлэн өгч, гэрээний буюу хэлцлийн үнийн үндсэн дээр зохих татвараа тооцоолон төлсөөр ирсэн.
Гэтэл дээр дурдсан эрх зүйн баримт бичгийн холбогдох заалтуудын дагуу үргэлжлэн хэрэгжиж байсан гэрээний дагуу 2020 онд тайлагнаж, төлсөн татварыг үндэслэлгүй гэж үзэн хяналт шалгалтын нөхөн төлбөрийн актаар Олон улсын жишиг үнээр тооцон өндөр дүнтэй нөхөн төлбөр тооцож ногдуулсан байна.
Ийнхүү ногдуулсан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй бөгөөд хяналт шалгалтад хамаарах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бид үзэж байгаа болно. Учир нь
- Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дугаар зүйлд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээнд үндэслэн тооцох”-оор заасан байдаг. Бид борлуулалтын үнэ болон төлбөр ногдох орлогыг энэ заалтын дагуу зөв тооцсон.
- Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-д заасны дагуу борлуулалтын үнэлгээний суурь болох гэрээний үнийг үндэслэн тооцуулах боломжтой гэж заасан.
Манай байгууллагын борлуулалтын гэрээний үнийг баталсан, баримтуудыг 2019 онд болон 2020 оны 1-6 сарын хугацаанд зөвшөөрөгдсөн гэж үзсэн тул дараагийн улирлуудад ч энэхүү зарчим мөрдөгдөх боломжтой. Учир нь бид худалдах, худалдан авах гэрээ болон бусад зардал тодорхойлох гэрээ болон баримтуудад өөрчлөлт орсон зүйлгүй болно. 
- Цаашилбал, Хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон үнэ болон олон улсын зах зээлийн нийтэд зарласан үнийн зөрүү нь Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан хязгаарт багтаж байсан. Тодруулбал, манай компанийн нүүрсний борлуулалтын үнэ болон нийтэд зарласан үнийн зөрүү 30%-иас хэтрээгүй тул 342 дугаар тогтоолын 2.4-т заасан үндэслэлээр жишиг үнэ ашиглах нөхцөл үүсээгүй болно.
- Мөн тус компанийн байгуулсан борлуулалтын гэрээ нь журмын 3.1-д заасан шаардлагад бүрэн нийцсэн. Иймд журмын 3.2-т заасанчлан нийтэд зарласан жишиг үнийг ашиглах шаардлага үүсээгүй байна.
- Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд манай байгуулсан борлуулалтын гэрээний үнэд ямарваа нэг өөрчлөлт ороогүй. Иймд Засгийн газрын 342 дугаар тогтоолын 5.5-т заасан нөхцөл байдал мөн адил үүсээгүй болно.
- Тус компани 2020 онд хамаарах мэдээ, мэдээллийг хүргүүлж байгаагүй гэдэг асуудал нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцох үндэслэл болон нөхөн төлбөрийн буюу зайлсхийсэн татварын ногдол гэж тооцож болохгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 9.12 дугаар зүйлийн дагуу буюу Татварын хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэдэг зохицуулалтад хамаарах ёстой. Манай байгууллагын зөрчил нь зөвхөн материал хүргүүлэхтэй холбоотой бөгөөд татвар дутуу төлөх, эсвэл орлогоо буруу тооцсон болон нуун дарагдуулсан зүйл огт байхгүй.
Дээр дурдсанчлан манай компани журмын материал хүргүүлэх тухай заалтыг хугацаанд нь мөрдөөгүй боловч энэ нь гэрээний хэлцлийн үнэд үндэслэн татвар ногдуулах журмын зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл биш гэж үзэж байна.
Иймд, татварын хэлтсийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох Татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгон хяналт шалгалтад хамрагдсан зөрчил тооцсон хугацааны хоорондох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.3 дахь хэсэгт заасны дагуу тооцохыг татварын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“К” ХХК нь 2020 онд 4 гэрээний дагуу нийтдээ 212,612 тонн нүүрсийг экспортолсон. 4 гэрээ нь гэдэг нь 2019 онд хийсэн 2 гэрээ 2020 онд хийсэн нүүрс экспортлох 2 гэрээ байгаа. 2019 онд байгуулсан 201913, 201915 дугаартай 2 гэрээгээр нийтдээ 141788 тонн нүүрс экспортолсон. 2020 онд байгуулсан 2020/С/03, 2020/А01 дугаартай гэрээгээр 70824 тонн буюу нийтдээ 212,612 тонн нүүрс экспортолсон. Үүнд аль аль тал нь маргаагүй. Компани 2020 онд экспортод орсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн аргаар тооцож нийтдээ 19,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн буюу 1,1 тэрбум төгрөгөөр 2021 оны 01 дүгээр сард тайлагнаж татвар төлсөн. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бөгөөд компанийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төлнө гэж заасны дагуу экспортод гарсан нүүрсэн бүтээгдэхүүнд ногдох татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих ёсоор тодорхойлж тайлагнан татвараа төлсөн байдаг ба тодруулбал 2020 онд үйл ажиллагаатай холбоотойгоор нийтдээ 3,5 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн. Үүнтэй холбоотой  баримтууд хэргийн материалд авагдчихсан байгаа. Татварын улсын байцаагч нь нөхөн ногдуулалтын актаар “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд 212,612 тонн коксжих боломжгүй, чанаргүй боловсруулаагүй нүүрс экспортод гаргахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэж татварын улсын байцаагч нар шалгалтаар тогтоогоод, дутуу мэдүүлсэн 16,2 тэрбум төгрөгийн борлуулалтад ноогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн торгууль алданги гэж нийтдээ 2,4 тэрбум буюу 2,496,311,719 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тавьсан. Компанийн зүгээс энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээр маргаж байгаа гол асуудал буюу 2 үндсэн агуулга байгаа. 1 дүгээрт нь сая тайлбарлаж байгаачлан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журмын 5.1-д заасан заалтыг зөрчсөн гэж татварын улсын байцаагч нар үзэж байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараах мэдээллийг дараа сарын 05-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгаа гэдэг байдлаар хэлж байгаа. Маргаантай холбоотойгоор шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудыг байлцуулж байгаад үзлэг хийсэн. Үзлэгээр “К” ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд цахимаар хүсэлт явуулж байгаагүй гэсэн үйл баримт тогтоогдсон. Гэсэн хэдий ч компанийн зүгээс нүүрс экспортлохын тулд Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол 2 дугаар хавсралтаар баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, үнэлгээ тооцох журмын 3 болон 5 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан. Журам дээр 3 болон 5 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан, холбогдох мэдээллийг агуулсан борлуулалтын гэрээ, гаалийн лабораторийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаалийн байгууллагад хүргүүлж байсан гэж байгаа. Шүүхэд гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн байгууллагад шүүхээс лавлагаа явуулаад үүнтэй холбоотойгоор “К” ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд явуулж байсан бүх мэдээллүүд хэргийн материалд авагдчихсан байгаа.
Үүнээс гадна бид татварын албанд хүргүүлсэн улирал, жилийн эцсийн тайлангаар мөн нотлогдоно гэж үзэж байгаа. Нэгдүгээрт гаалийн мэдээлэл, хоёрдугаарт бид улирал тутамд улирлын тайлангаа хүргүүлээд, мөн жилийн эцсийн тайлангаа хүргүүлсэн. 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 4.1-д нь санхүү төсвийн болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоо нь олон улсын зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч тухайн ашигт малтмалын үнийн хөдөлгөөн өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтын үнэлгээнд хяналт тавина гэж байгаа юм. Тэгэхээр бид хариуцагч нарын тайлбарлаж байгаа шиг сар болгон мэдээ эсвэл хүсэлт хүргүүлэхээсээ илүү гааль татварын байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцоод бидний удирдлагаар хүргүүлж байгаа тэр тайлан, жилийн эцсийн тайлангууд нь жишиг үнэтэй харьцуулахад 30%-иас их байна уу, бага байна уу гэдэгт дүн шинжилгээ хийнэ гэсэн заалт байгаа. Ийм байдлаар журамласан байгаа. Мөн журмын 4.5-д гаалийн байгууллага нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын лабораторийн дүгнэлтийг нэгтгэн татварын албанд дараа сарын 05-ны өдөр хүргүүлж байна гэж заасан. Үүнээс үзвэл сар бүрийн борлуулалтын үнэлгээнд гааль, татвар аль аль нь хяналт тавьж гаалийн байгууллагаас татварын албанд мэдээлэл хүргүүлж байхаар заасан гэж бид ойлгож байгаа. Бид гаалийн албандаа гаргуулж байгаа нүүрс болгоныхоо гэрээ, гаалийн лабораторийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ гэсэн баримтуудыг хүргүүлээд, гаалийн байгууллагаас татварын алба руу хүргүүлээд, мэдээллээ нэгтгэхээр журамд заачихсан байгаа. Энэ бүгдээс дүгнээд үзвэл компани сар бүрийн 05-ны дотор мэдээ тайлан, тайлбар хүргүүлсэн эсэхээс үл хамаараад төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох замаар хяналт тавьж татварын алба гэрээний үнээр эсхүл олон улсын жишиг үнээр тооцох эсэхийг шийдвэрлэж байхаар журамд тодорхой заасан. Засгийн газрын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3.6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээнд тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланг мөн журамд заасан мэдээ мэдээллийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар сар болгон гэдэг үг, үсэг огт байхгүй. Журмын 2.5, 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмалын борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд ирүүлсэн бол борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоо хийж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна гэж журмаар заачихсан. Үүнээс үзвэл хуулиас эш татаж буюу хуульд үндэслэн улирал, жилийн эцэст гэсэн хугацаанд тайлан мэдээлэл ирүүлэх талаар журамласан. 
Гэтэл журмын 5.1-д дараа сарын 05-ны дотор гэж заасан нь өөр хугацаа буюу хууль давсан зөрчилтэй заалт гэж үзэхээр зохицуулалт байна. Энэ зохицуулалтыг татварын улсын байцаагч нар буюу хариуцагч нар барьж тайлбарлаад нөхөн ногдуулалтын актыг гаргасан тайлбарладаг. Бид ч мөн ингэж үзэж байгаа. Мөн нэг зүйлийг тодруулахад Засгийн газрын 342 дугаар тогтоолын журмын 2 дугаар хавсралтад гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд хүсэлт гаргана гэж аж ахуйн нэгжид үүрэг болгосон нэг ч заалт, зохицуулалт байхгүй гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагчийн хэлсэн тайлбарт сар болгон ирүүлэх ёстой хүсэлтийг цахимаар ирүүлээгүй, гэрээний үнэ тооцуулахад ямар нэгэн хүсэлт ирүүлэх ёстой ч дээрх хүсэлтийг ирүүлээгүй гэдэг байдлаар тайлбар хэлдэг.
Мөн шүүхээс хүсэлт ирүүлж байсан эсэхийг шалгаж татварын албаны цахим сайтад үзлэг хийхэд “К” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд цахимаар хүсэлт ирүүлж байгаагүй гэдэг. Бид үүнтэй маргахгүй байгаа. Гэхдээ маргаж байгаа гол зохицуулалт нь журмын 5.1 гэх хариуцагч нарын бариад байгаа заалт нь хуулиас давсан журам юм. Хоёрдугаарт нь өмнө тайлбарласан журмын 2.2, 2.5 гэсэн хамгийн гол баримтлах заалт юм. Өөрөөр хэлбэл гэрээний үнээр ямар тохиолдолд тооцуулдаг талаар тайлангаа ямар хугацаанд ирүүлэх эсэхийг журамд заасан. Журмын 2.5 дээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 зүйлд заасан улирал, жилээр тайлангаа ирүүлнэ гэж заасан. Тэгээд улирал, жилээр ирүүлээд бид тайлан болон гэрээний үнээр тооцуулна гэсэн баримтаа хүргүүлчихээр татварын алба гаалиас ирүүлсэн мэдээлэл баримтуудаар үндэслээд олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцох ёстой юм уу, гэрээний үнээр тооцох үндэслэл болох юм уу, үгүй юм уу гэдгийг харьцуулж байгаад бидний хүргүүлсэн тайланг хүлээж авах үгүйгээ шийдэхээр энэ журамд тодорхой заасан. Хоёрдугаарт маргаж байгаа гол үндэслэлийн нэг нь Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.7-д заасан. Аж ахуйн нэгж экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалыг энэ журмын 2.3, 2.4-д заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт, 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно гэж заасан. Өөрөөр хэлбэл бидний гэрээний үнээр тооцуулахаар хүсэлт ирүүлж байгаа тооцоолол нь олон улсын жишиг үнээс 30%-иас их байна уу, бага байна уу гэдэгт гол маргаан явах ёстой. Үүнийг харгалзаад энэ журмыг хэрэглэх үү гэдэг нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл гэрээний үнээр тооцох уу, хүлээн авах уу гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Өмнө нь бүтэн шүүх хурал болоод аль аль талаас тайлбараа хэлсэн. Уг хуралд хариуцагч нар 30%-иас их байна уу, бага байна уу гэдэг асуудлыг бид акт гаргах үедээ тооцоолж үзээгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй гэж хэлсэн. Бид сүүлд нь тооцоолж үзэхэд 30%-иас их байсан. Тэгээд үүнтэй холбоотой баримтыг үзлэг хийх явцдаа гаргаж өгсөн. 30%-иас их байсан гэдэг тооцооллыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийсэн. Тэгвэл нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 05 дугаар сард буюу одоо жилийн өмнө хийсэн. Тэгэхдээ тооцооллоо хийгээгүй байсан. Хийсэн тооцоолол нь жилийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийнх байгаа. Ийм тооцооллыг өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн. Үүний дагуу шүүхээс холбоотой баримтыг ирүүлнэ үү гэсний дагуу бид тооцооллоо хийгээд хүргүүлсэн. Бидний тооцооллоор 30%-даа хүрээгүй, хүрэх боломжгүй гэдгийг хүргүүлсэн байж байгаа. Татварын улсын байцаагч нар энэ тооцооллыг хийхдээ олон улсын жишиг үнийг манай гэрээний үнэ хоёрыг шууд харьцуулаад энэ тооцооллыг гаргасан байсан. Гэтэл хууль болон журамдаа юу гэж заасан байдаг гэхээр Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.4 дэх хэсэгт гэрээний үнэд өртөг хүртэлх зардал, төлбөр буюу тээврийн зардал, баримт бичгийн бүрдүүлэлтийн зардал, ачих, буулгах, хадгалах шилжүүлэн ашиглах зардлыг нэмж тооцохоор журамласан. Өөрөөр хэлбэл жишиг үнэдээ хүрч байна уу, гэрээний үнээр тооцох үндэслэл нь байна уу, үгүй юү гэдгийг тооцохын тулд сая хэлсэн зардлуудыг оруулж тооцох ёстой. Татварын улсын байцаагч нар 2 үнийг хооронд нь шууд харьцуулаад тооцоолол ирүүлсэн. Тэр талаар баримтаа гаргаад өгчихсөн. Бидний хувьд энэ бүх зардлуудаа оруулаад тооцоод үзэхээр дээд тал нь 28% буюу 30%-даа хүрээгүй. Тэгэхээр Засгийн газрын 342 дугаар тогтоолыг хэрэглэх ёстой байсан, хэрэглэх ёсгүй байсан гэдэг дээр гол маргаан байгаа. Хариуцагч нарын хувьд та нар энэ журмын 2 дугаар хавсралтын 5.1 дэх заалтыг зөрчсөн, хугацаандаа буюу сар болгон ирүүлэх ёстой хүсэлтээ ирүүлээгүй гэдгээр тайлбар өгч байгаа. Бидний хувьд хугацаандаа ирүүлээгүй ч гэсэн улирал, жилдээ тайлангаа хүргүүлж байсан. Мөн гаалийн байгууллагад холбогдох мэдээлэл, гэрээ, лабораторийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ гэсэн холбогдох баримтуудыг бүгдийг нь хүргүүлж байсан. Гааль, татварын байгууллага төрийн байгууллагууд учраас хоорондоо мэдээллээ солилцоод “К” ХХК-ийн экспортолсон нүүрсэн бүтээгдэхүүнийг гэрээний үнээр тооцох юм уу, жишиг үнээр тооцох юм уу гэдгийг харгалзаад манай тайланг хүлээж авах эсэх асуудлаа шийдэх ёстой байсан гэж бид маргаж байгаа. Бид хууль, журамд заасны дагуу 30%-д хүрээгүй байсан учраас гэрээний үнээр тайлагнаж холбогдох татварыг төлж байсан. Шүүхэд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Мөн нэг зүйлийг тодруулаад хэлэхэд сая манай компаниас шүүхээс шаардсаны дагуу тооцоолол хүргүүлсэн. Үүний дагуу татварын улсын байцаагч нар буюу хариуцагч нар энэ тооцоолол дээр маргахгүй, гол нь та нар хугацаандаа хүсэлтээ ирүүлээгүй гэсэн. Энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгаа гэсэн тайлбар ирүүлж байгаа. Бидний хувьд 30%-д хүрээгүй байсан гэдэг л асуудал байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа.” гэжээ.
8. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газартай харьцдаг ******* тоот регистртэй “К” ХХК-ийн 2020-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тоот томилолтоор “Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн шалгалт”-ыг татварын улсын байцаагч Ц.М, У.О нар гүйцэтгэж, нийт 44,494,724,605.61 төгрөгийн зөрчил илрүүлэн 4,404,816,366.03 төгрөгийн төлбөр ногдуулж, татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №НА- тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
“К” ХХК нь 300,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, компанийн хувьцааг Монгол Улсын иргэн овогтой 35 хувь, ******* овогтой ******* 65 хувь эзэмшдэг ашигт малтмалын ашиглалт, төсөл боловсруулах, санхүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн. Ашигт малтмалын газрын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн MV-******* дугаартай ******* аймгийн ******* сумын *******тай нэртэй газарт ашигт малтмал ашиглах, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн MV-******* дугаартай ******* аймгийн *******, ******* сумын *******тай-2 нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай аймгийн сумын нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан.
“К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “татварын улсын байцаагчийн НА- тоот нөхөн ногдуулалтын акт”-ын 1 дэх хэсэг болох Татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, гомдлын үндэслэлд: “Тус нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Тодруулбал: 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах борлуулалтын орлогод үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцож, татварын хяналт шалгалтаар үндэслэлгүй өндөр дүнтэй нөхөн төлбөрийн акт тавьсан болно. Энэхүү жишиг үнээр тооцож, өндөр дүнтэй акт тавьсан нь хуулийн бодит үндэслэлгүй байх тул дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэсэн байна.
Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнд:
Нэг “К” ХХК нь 2020 оны 1-7 саруудад 212,612.5 тонн нүүрс экспортлон борлуулсанд ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Татварын албаны цахим тайлангийн /e-tax.mta.mn/ системд илгээн баталгаажуулсан байдаг. Гэвч тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж заасны дагуу
- Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 7-д БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (“http:en.sxcoal.com”),
- Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-д “Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III улирлын тайланд энэ журмыг баримтална”.
- Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2-д “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан гэсэн заалтуудыг баримтлаагүй, экспортолсон бүтээгдэхүүнийг гэрээний үнээр тооцож ашигт малтмалын төлбөр ногдуулсан байсан.
Хоёр. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д “Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” гэж заасны дагуу нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан байсан.
“К” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасныг зөрчсөн байсан. Өөрөөр хэлбэл “К” ХХК нь 212.6125 тонн нүүрс экспортлохдоо Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журмын тав. 5.1-д “Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараахь мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ” гэж заасны дагуу журамд заасан хугацаанд Татварын албанд ирүүлээгүй нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын “Эрдэс баялгийн хэлтэс”-т гэрээний үнээр тооцуулах хүсэлтийг хүргүүлээгүй байсан нь Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн хэлтсийн “Танилцуулга”-д хүсэлт ирүүлсэн аж ахуйн, нэгжийн нэрсийн жагсаалтад байхгүй байсан.
Татварын улсын байцаагч бид Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана” гэж заасны дагуу татварын алба хяналт шалгалт хийж хуулийг хэрэгжилтийг хангуулдаг. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү” гэжээ.
9. Хариуцагч У.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.5-д аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлага хангасан ашигт малтмал борлуулах гэрээ болон 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дүгээр хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна гэж заачихсан байгаа. Үүнд  ямар тооцоо хийх талаар 2.7-д дээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт, 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарлачихсан үнээс 30 болон түүнээс дээш хувиар байгаа бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1 буюу олон улсын зах зээлийн үнээр тооцно гэж тодорхой заагаад өгчихсөн. Татвар төлөгч маань сая хоёрдугаар үндэслэлээ хэлж байна. Манай зөрүү 30%-иас доош байсан гэж байна. Нэмэлтээр ирүүлсэн тооцооллыг нь бид 2 харсан. Гэтэл үүн дээр гэрээний үнэ гэнгүүтээ бусад зардлуудаа нэмээд 2020 оны 01 дүгээр сарынх гэхэд 339,28 юань гэснийгээ олон улсын жишиг үнэтэй харьцуулчихсан байна. Тэгээд энэ зөрүү нь 28% буюу 30%-иас доош гарч байна. Гэтэл татвар төлөгч маань өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан дээрээ 339,28 юаниараа биш, 220 юаниараа тайлагначихсан байгаа. 
339 юаниа танайх олон улсын жишиг үнэ 68 доллартой харьцуулчихсан байгаа. Долларыг харьцуулахаар 186,000 төгрөг байна. 339 юань чинь доод талын 134,000 төгрөг гарч байгаа. 134,000 төгрөгөөс 186,000 төгрөгт харьцуулаад 28% гаргачихсан. Гэтэл танайх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан дээрээ 220 юаниар тайлагначихсан. Энэ 220 юань чинь бид хоёрын ирүүлсэн баримтад 49.1% гэсэн тооцооллын ялгаа байна. Мөн эхний тайлбар дээрээ төрийн байгууллагууд ингээд хоорондоо мэдээллээ солилцоод гаалийн байгууллагаас мэдээлэл авчхаж болохгүй юм уу гэж байна. Үүнд тайлбар хэлэхэд гаалиас гаалийн лабораторийн дүгнэлт болон экспортын тоо хэмжээний мэдээллээр, Гэтэл журмын 5.1 дээр экспортлогч аж ахуйн нэгж сар болгоны 05-ны өдрийн дотор санал мэдээллийг ирүүлнэ гэж заасан. Гаалийн лабораторийн дүгнэлт, экспортлох тоо хэмжээнээс гадна өөр бусад гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг бусад мэдээлэл баримтуудыг ирүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл гаалиас авах мэдээлэл, татвар төлөгчөөс авах мэдээлэл хоорондоо өөр байдаг. Татвар төлөгч тэр хугацаандаа мэдээллээ ирүүлнэ. Тэр мэдээллийг нь үндэслээд татварын алба тооцоолол хийх ёстой байхад тооцооллоо хийлгээгүй гэсэн үг” гэжээ.
10. Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгч тооцооллоо өгсөн гэж байна. Танай тооцооллыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Бид хяналт шалгалтын явцад тухайн зах зээлийн үнэлгээ, экспортолсон нүүрсний тоо хэмжээ, зах зээлийн үнэлгээг баримталсан валютын ханшийн тооцоолол буюу тооцоолол дээр маргаан үүсээгүй гэдэг агуулга байгаа. Харин танай гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг туйлын үнэн биш, хяналт шалгалтын явцад ирүүлээгүй. Энэ тооцооллыг нягтлантай нь тулгаж үзээд бид сар болгон зарласан тооцооллыг мэдээж тухайн валютын ханшаар үржүүлнэ, юанийг доллар луу шилжүүлнэ гэсэн тооцоололд маргаан үүсээгүй. Татвар төлөгч гомдол дээрээ ийм зүйл байхгүй гэж байна. Архивын материал буюу хяналт шалгалтын акт гарсны дараа тооцоолол хийсэн гэж байна. Энэ бол маргаан бүхий актыг гаргахдаа бид архивын материалд дараа нь тооцоолол хэрхэн хийдэг вэ гэж өөрсөддөө зориулж бэлдсэн. Хоёрдугаарт татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд татвар төлөгч холбогдох төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй. Тэгвэл татвар төлөгч маань бид гэрээний үнэ дээрээ нэмэх нь буцаагаад тээврийн зардал, бусад шаардлагатай мэдээллүүдийг татварын албанд хугацаандаа ирүүлээгүй ч гэсэн татвар төлөгч учраас тайлагнах эрх нь хангалттай нээлттэй байсан. Татвар төлөгч маань зөвхөн гэрээгээ тавьж байж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нь учир дутагдалтай буюу бага төлбөрөөр ногдуулаад байна. Нэхэмжлэгч гэрээндээ тээврийн зардал, холбогдох мэдээ, шаардлага хангасан мэдээллүүдийнхээ дагуу тооцооллоо хийгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хүргүүлж байгаагүй. Тайлангийн явцад тайлан хүлээж авсан татварын байцаагч нар маань татвар төлөгчийг тайлангаа засаж ирүүлээч гэсэн комментуудыг өгч буцаасан үйл баримт байдаг. Хоёрдугаарт нь нэг зүйлийг нэмж хэлье. Татвар төлөгчийн үргэлжилсэн харилцаа гэдэгт бодитой жишээ харахад хувь хүний орлогын албан татварыг хөнгөлж үзвэл бид эхний нэг жилдээ хүүхдийг сургаж байгаад дараа жилд тэр хүүхдийг сурч байгаа гэдгийг хэн, юугаар нотлох вэ? Яагаад хугацаа заагаад байгаа юм бэ? гэдэг чинь энэ дээр үргэлжилдэг. Хүүхэд нь сургуульдаа сурч байна уу, үгүй юү гэдэгтэй адилхан таны гэрээнд өнөөдөр өөрчлөлт орсон уу, тээврийн зардалд өөрчлөлт орсон уу гэдэг мэдээллээ татварын албанд тогтоосон хугацаанд ирүүлснээрээ гэрээний үнээр тооцуулах эрхийн харилцаа үүсэж байгаа. Энэ харилцаа буюу гэрээ үргэлжлээд явж байгаа учир татварын алба маш олон аж ахуйн нэгжүүд байх боломжгүй учраас үүнийг тодорхой журмаар зохицуулж өгсөн.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн 2020 оноос 2020 оныг дуустал хугацаанд албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийгээд тус маргаан бүхий актыг гаргасан. Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд татвар ногдох зүйлийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг ашигт малтмалын нөөц зэрэгт татвар ногдоно гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж зохицуулсан. Тэгэхээр тухайн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулийн харилцаа байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хэн татвар төлөгч юм бэ? гэдгийг зохицуулж өгсөн. 47 дугаар зүйлийн 47.2-т борлуулалтын үнэлгээг яаж тооцохыг зохицуулж өгсөн. Өсөн нэмэгдэхийг 47 дугаар зүйлийн 47.5-д заасан байгаа. Тэгэхээр тус хугацаанд тухайн аж ахуйн нэгж маань гаалийн лабораторийн дүгнэлт болон гаалиар гарсан мэдээ, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем зэргийг харахад нийтдээ 212.6 тонн нүүрс экспортод гаргасан байдаг. Тэгэхээр экспортолсон буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч тухайн аж ахуйн нэгжийн экспортолсоор нь гаргаж байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг. Тэгэхээр экспортолсон этгээд гаалийн лабораторийн дүгнэлтээрээ тухайн 212.6 тонн гэж тогтоолгож байгаа. Татварын бүртгэл мэдээллийн системээс харсанчлан өөрсдөө мөн тайлагнасан. Засгийн газрын тогтоол буюу Засгийн газрын 81, 342, 465 дугаар тогтоолуудыг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа. Энгийнээр хэлбэл гаалийн лабораторийн дүгнэлт буюу гаалиар гаргасан тоо хэмжээнд нь үндэслээд олон улсын жишиг үнийг үндэслээд тайлан мэдээг гаргаж байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт хийж байгаа. Сая нэхэмжлэгчийн дурдаж байгаа журамд заасны дагуу татварын бүртгэлийг татварын албанд хүргүүлсэн гэж байна. Шүүхийн үзлэгээр тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний материалыг өгөх ёстой. Тухайн материалд шалгалт хийгээд хэрвээ хангаж байвал гэрээний үнээр, хангахгүй байвал жишиг үнээр авна гэсэн заалт юм. Тэгэхээр хангахгүй байгаа буюу материал ирүүлээгүй байгаа гэх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
1.    Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, У.О нарын үйлдсэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.    “К” ХХК-ийн 2020-2022 оныг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалт төлөлтийн байдалд, иж бүрэн шалгалт хийж, шалгалтаар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 44,494,724,605.61 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,404,816,366.03 төгрөгийн төлбөрөөс 12,079,955,659.13 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,908,497,646.27 төгрөгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн, харин 32,414,768,946.48 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,496,318,719.76 төлбөрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 
3.    Нэхэмжлэгчээс “... 2020 оны 1-7 сард экспортолсон нүүрсэнд Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2.4-д заасан хязгаарт багтаж байсан, нүүрсний борлуулалтын үнэ болон нийтэд зарласан үнийн зөрүү 30%-аас хэтрээгүй тул гэрээний үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулах ёстой байсан ...” гэж, хариуцагчаас “... энэ журмын 5.1-д заасан хугацаанд гэрээний үнээр тооцуулах хүсэлтийг Эрдэс баялгийн хэлтэст хүргүүлээгүй тул олон улсын зах зээлийн үнэд үндэслэсэн...” гэж тус тус маргаж байна. 
4.    Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:,” 47.16.2-т “экспортолсон;”, 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:” 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцохоор заажээ.  
5.    Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6/-д “нүүрс” Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” гэж үнийн эх сурвалжийг тодорхойлсон байна. 
6.    Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-д “Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны  81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ.” гэж тус тус зааж, уг журмаар экспортолсон нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа гэрээний үнэ буюу зах зээлийн үнийн эх сурвалжид үндэслэн борлуулалтын үнэлгээг тооцох харилцааг зааглан нарийвчлан зохицуулсан байна.
7.    Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно.” гэж зааснаар Ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн шаардлагад хамаарч байгаа тохиолдолд гэрээний үнийн дүнгээр тооцохоор зохицуулсан, харин уг журмын 2.6-д Аж ахуйн нэгжийн энэ журмын 2.1-д заасны дагуу тооцож, тухайн сард төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5-д заасны дагуу борлуулалтын гэрээний үнэд үндэслэж тооцсон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах, эсхүл суутган тооцуулна.” гэж нүүрс экспортлогч нь олон улсын зах зээлийн үнээр тодорхойлсон ч гэрээ нь журамд заасан шаардлага хангаж байгаа тохиолдолд гэрээний үнээр тооцох боломжтой болохыг заажээ. 
8.    “К” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаар актаар 16,207,384,473.24 төгрөгийн төлбөр тооцох үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зах зээлийн үнийн эх сурвалжид үндэслэн тогтоосон байдаг.  
9.    Нэхэмжлэгчээс олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжид үндэслэн тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрээний үнээр тооцох үндэслэл байсан эсэх талаар нэхэмжлэгч буюу хариуцагч нараас 2 өөр зөрүүтэй тооцоолол хийж, хэргийн материалд ирүүлсэн. 
10.     Нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоололд олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага борлуулалтын үнэлгээтэй гэдгээ нотолж тооцоолол хийсэн, харин хариуцагчаас тооцоолол дээр маргахгүй гэж тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хяналт шалгалт хийхдээ гэрээний үнээр тооцох хувьд хамаарахгүй гэдгийг тооцож үзээд акт тавьсан гэж тайлбарлаж, маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн огноо бүхий 30 хувиас илүү гарсан тооцоолол хийж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.
11.    Өөрөөр хэлбэл гэрээний үнийг тооцохдоо журмын 2.3-т “Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно.” 2.4-т “Энэ журмын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараахь зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно:” 2.4.1-д “тээврийн зардал;”, 2.4.2-т “тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.” гэж зааснаар хасагдах зардлуудыг хасаж тооцсон эсэх, хариуцагчаас холбогдох баримтуудыг бүрэн хянасан эсэх нь тодорхойгүй, талууд энэ үндэслэлээр тооцсон тооцоололд маргаантай, хяналт шалгалт хийсний дараа тооцоолол хийж, нотлох баримтаар ирүүлснээс үзэхэд Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, У.О нар хяналт шалгалт хийх явцдаа зах зээлийн үнийг баримтлан акт тавих хангалттай үндэслэл бүрдээгүй буюу бүрэн тогтоогоогүй гэж үзлээ.
12.    Хариуцагч нараас татварын хяналт шалгалт хийхдээ Засгийн газрын 342 тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна.” гэж зааснаар 5 дугаар зүйлд заасан мэдээ тайлан, тайлбарыг ирүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр актад зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид үндэслэн төлбөр тогтоосон. 
13.     Үүнээс үзэхэд гэрээний үнээр тооцохгүй байх хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй, тухайн гэрээ журамд заасан шаардлага хангаж байсан эсэх болон гэрээний үнээр тооцох хувьд хүрч байсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй нь учир дутагдалтай байна.
14.    Өөрөөр хэлбэл гэрээний үнийн дүн нь олон улсын зах зээлийн үнийн 30 хувиас их байгаа эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоолгон, тооцуулснаар маргаан бүхий актаар тогтоосон үнийн дүн өөрчлөгдөх боломжтой талаар нэхэмжлэгчээс “...өмнөх жилүүдэд гэрээний үнэд тооцуулж ирсэн, гэтэл хяналт шалгалтаар тавьсан актад тооцохдоо гэрээний бус зах зээлийн үнээр тооцсон, шалгаад үзсэн бол гэрээний үнээр тооцох бүрэн үндэслэлтэй байсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
15.    Хариуцагчаас энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч компанийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг журамд зааснаар зах зээлийн үнийн эх сурвалжид болон гэрээний үнэд үндэслэн тодорхойлох эсэхийг холбогдох баримтуудыг үндэслэн ялгамжтай тогтоож болохоор атал, уг ажиллагааг бүрэн шалгаж тогтоолгүй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тодорхой байх;”, 5.1.3-д “шударга байх;” гэж заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй байх тул үүнийг зөвтгүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.
16.    Хэдийгээр журмын 5-д заасан холбогдох баримтуудыг тухайн үед ирүүлээгүй гэх боловч журмын 4.1-д “Санхүү, төсвийн болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, тухайн ашигт малтмалын үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтын үнэлгээнд хяналт тавина.”, 4.3-т “Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж нь хувийн хэвшлийн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн гаалийн лабораторийн дүгнэлт гаргуулах тохиолдолд тухайн ашигт малтмалын лабораторийн шинжилгээний дүгнэлтийг ангилал тус бүрээр сар тутам гаалийн лабораторид хүргүүлнэ.” 4.5-д “Гаалийн байгууллага нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч этгээдийн тухайн сард экспортолсон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын лабораторийн дүгнэлтийг нэгтгэн Татварын албанд дараа сарын 5-ны өдрийн дотор хүргүүлж байна.” гэж тус тус заасан баримтуудыг хүргүүлж байсан нь хэрэгт Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар нотлогддог. 
16.1. Үүгээр “К” ХХК-ийн борлуулалтын үнэлгээнд гаалийн байгууллагаас  хяналт тавьж холбогдох баримт дүгнэлтийг Татварын албанд хүргүүлж байсныг тодорхойлох боломжтой бөгөөд журмын 5 дугаар “Мэдээ тайлан, тайлбар хүргүүлэх” тухай хэсгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг төлбөр төлөгч байгууллагаас татварын албанд хэрхэн мэдүүлэхтэй холбогдсон процесс ажиллагааг зохицуулсан зохицуулалт, харин маргаан бүхий актын хувьд хяналт шалгалт хийж тогтоосон зөрчил байдаг.    
16.2. Тодруулбал Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын тоот томилолтоор “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр НА- дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй зөрчилд нь торгууль алданги тооцож зөрчилд хариуцлага ногдуулсан боловч төлбөрийг ногдуулахдаа гэрээний үнийн дүнд үндэслэн тогтоох эсэхийг судлан бүрэн тооцоолол хийх бодит боломж байсныг хэрэгжүүлэлгүй холбогдох баримтыг ирүүлээгүй гэх шалтгаан зааж зөрчлийг бүрэн шалгаагүй нь хуульд нийцээгүй.    
17. Иймд Засгийн газрын 342 тогтоолоор 2 дугаар хавсралтаар батлагдсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох  журмын 2.3, 3 дахь хэсэг, 2.6-д заасан гэрээний үнэд үндэслэн тооцох нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж холбогдох анхан шатны баримтуудыг судлан үнэлж, борлуулалтын гэрээ нь журмын шаардлага хангаж байгаа эсэх, олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага буюу их эсэхийг бүрэн тооцож, тооцохдоо хасагдах зардлын баримтуудыг шалгаж тогтоох ажиллагааг хийх шаардлагатай, уг ажиллагааг татварын иж бүрэн шалгалтаар үйл баримтыг харьцуулан тогтоож, эргэлзээгүй талаас нь эцэслэн дүгнэж актыг дахин гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна гэж үзэж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1 дэх заалт, 47.6, 47.14, 47.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаа) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА- дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХДЭЛГЭР