Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 003

 

У.Х-н  нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймгийн “Д” ОНӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т /цахимаар/

нарийн бичгийн дарга Э.Ганжуур оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Сүхбаатар аймгийн “Д” ОНӨҮГ-ын давж заалдах гомдлоор У.Х-н “нүүрс, түлшний үнэ 1824000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “Д” ОНӨҮГ-т холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч У.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д ОНӨҮГ-т 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20 тн нүүрс, 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 тн нүүрс, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 тн нүүрс, нийт 60 тн нүүрс буулгасан ба одоо болтол түүнийхээ үнийг авч чадахгүй байна. Би нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэж ташаа бичсэн байна. Эхний 20 тн нүүрсийг буулгахдаа ерөнхий инженер А-с зөвшөөрөл авч буулгасан. Нүүрс буулгасан талаар баримт өгч байгаагүй. Нүүрс тээвэрлэх талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй. Тээврийн хөлс авахгүй байхаар тохиролцож байсан. Нүүрс буулгахдаа нярав Н, Х нарт харуулж байгаад буулгаж байсан. 3 удаагийн явалтаар 150 л түлш зарцуулсан бөгөөд түлшний үнэ 372000 төгрөг болсон. Тийм учраас Д ОНӨҮГ-аас 60 тн нүүрсний үнэ 1452000 төгрөг, 150 л түлшний үнэ 372000 төгрөг, нийт 1824000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ОНӨҮГ-ын гүйцэтгэх захирал С.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь өөрийн 4 машинаараа “ТБ”-ийн уурхайгаас нүүрсээ тээвэрлэдэг бөгөөд гаднаас тээвэр авах шаардлагатай тохиолдолд тухайн жолоочтой албан ёсоор нүүрс тээврийн гэрээ байгуулж, түүнийгээ үндэслэн тээвэрлэлтийг хийлгэдэг бөгөөд тээвэрлэж ирсэн нүүрсийг Дулааны станцын ахлах инженер, ашиглалтын инженер нар харж шаардлага хангасан нүүрсийг хүлээн авдаг. Гэтэл У.Х нь ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд ачиж ирсэн гэх нүүрсээ манай холбогдох мэргэжилтэн, инженерүүдэд хүлээлгэн өгөөгүй, улмаар яг хэдэн тонн нүүрс ачиж ирсэн нь нотлогдохгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, станцын зуухны шаардлагад нийцэх эсэх нь мэдэгдэхгүй бөгөөд тухайн буулгасан гэх нүүрсийг манайх ашиглаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Х нь ерөнхий инженер А-с нэг машинаар 1 удаа нүүрс буулгах зөвшөөрөл авсан байсан. Уурхайгаас ачих нүүрс байхгүй учраас танай нүүрсийг ачъя гээд ачсан гэдэг. Нунтаг нүүрс буулгасан гэсэн. Дулааны станцын хашаанд машин орж нүүрс буулгасан л бол гарахдаа падаан авч гардаг. Падаанд тулгуурлаж оруулж гаргадаг. Харуулууд бол орсон гарсан машиныг бүртгэдэг. Манай 2 нярав бол дулааны станцаас тусдаа суудаг. Тэгэхээр хэдий хэмжээтэй нүүрсийг хэн гэдэг жолооч буулгаж байгаа талаар мэдэх боломжгүй. Сарын эцэст тоон хэмжээгээ тааруулж тулгадаг. Ашиглалтын болон технологийн инженерүүд энэ талаар бидэнд мэдэгдээгүй. Тийм учраас нэхэмжилж буй нүүрс болон түлшний үнэ нийт 1824000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар шийдвэрт: 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ОНӨҮГ-аас 60 тн нүүрсний үнэ 1452000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150 л түлшний үнэ 372000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Х-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ОНӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 38182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

   Хариуцагч “Д” ОНӨҮГ давж заалдах гомдолдоо: У.Х нь “ТГ” ХК-аас буталсан нүүрс аваагүй байж гүйцэтгэх захирал С.Ц-г гуйж шүүхэд нэхэмжлэл гаргаж байх хугацаандаа тодорхойлолт, падаан баримт нөхөн бүрдүүлсэн. Тухайн үед сум орон нутгийн нүүрс тээвэр гүйцэтгэж байсан бөгөөд сумдаас шигшигдсэн, шаардлага хангахгүй хогон нүүрсийг ачиж ирээд буулгасан байх магадлалтай. Дулааны станцын харуулын бүртэлд орсон, гарсан тухай тэмдэглэл байгаа хэдий ч нүүрс буулгасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй энэ хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна

 

Нэхэмжлэгч У.Х нь “Д” ОНӨҮГ-аас 60 тонн нүүрсний үнэ 1452000 төгрөг, 150 литр түлшний үнэ 372000 төгрөг, бүгд 1824000 төгрөг гаргуулахыг хүссэн” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

            Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 29, 31, 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд “ТГ” ХК-аас тус бүр 20 тонн нүүрс авч, тээвэрлэн “Д” ОНӨҮГ-ын Дулааны станцын хашаанд буулгасан болох нь зохигчдын тайлбар, гэрч М.Хүдэрчулууны мэдүүлэг, “ТГ” ХК-иас 3 удаагийн нүүрс ачсан баримт, тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн тодорхойлолт, Дулааны станцад нүүрс буулгасан тухай ашиглалтын инженерийн бүртгэл, тус байгууллагаас нүүрс болон түлшний үнийг аваагүй талаарх нэхэмжлэгчийн “Д” ОНӨҮГ-ын захиргаанд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичсэн өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцэж байна. /хх-8, 9, 21-23, 4, 27/

 

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “У.Х ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ачиж ирсэн нүүрсээ холбогдох инженерүүдэд хүлээлгэн өгөөгүй, хэдэн тонн нүүрс буулгасан нь тодорхойгүй бөгөөд уг буулгасан гэх нүүрсийг манайх ашиглаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нүүрс тээврийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нүүрс тээвэрлэхэд 375000 төгрөгийн 150 литр түлш зарцуулсан тухайгаа нотлох баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн Дулааны станцад буулгасан нүүрс зуухны шаардлагад тохирохгүй байгаа талаар түүнд гомдол гаргаагүй нь тус нүүрсийг зууханд хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч У.Х хуульд зааснаар нүүрс, түлшний үнийг  Д ОНӨҮГ-аас шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хуулийн үндэслэлгүй хөрөнгөжсөн тухай зохицуулалт нь зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд үүссэн харилцааг зохицуулдаг бөгөөд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцаан өгөх боломжгүй бол олж авсан этгээд үнийг төлнө.” гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн талаас буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан байх тул анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны эрх зүйн харилцааг хариуцагч байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хэргийг Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Д” ОНӨҮГ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 38182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                     О.БААТАРСҮХ

                                                                                С.ОЮУНТУНГАЛАГ