Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/297

 

Т.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын өмгөөлөгч Т.Сайнбаяр,

шүүгдэгч Т.П-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.П-д холбогдох 2303 00410 0446 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Т-ын П, 2004 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн 2 дугаар түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Т.П нь 2023 оны ... дугаар сарын ...-ны шөнийн 03:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Эбо” төвийн зүүн дамд “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг болсон; мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг мөргөсний улмаас Б.Э-ын амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Т.П-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овогт Т-ын П-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Т.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.П-аас нийт 216.380.814  төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхин цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.П- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хар өнгийн хуванцрын хагархай 16 ширхэг, тунгалаг өнгийн хуванцар хагархай 2 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалган, №1111111 дугаартай шүүгдэгч Т.П-ы жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Т.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Мөн сурч, хөдөлмөрлөх насандаа өөрийн анхаарал, болгоомжгүй байдлаас болоод гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би урьд ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Мөн би Улаанбаатар их сургуульд Санхүүгийн 2 дугаар курст суралцдаг байсан. Мөн амралтаараа барилгын болон бусад ажил хийж, ээж, аавдаа нэмэр болдог байсан. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг ямар нэг байдлаар нөхөн төлнө гэдгээ ухамсарлаж, ойлгож байгаа. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би цаашид ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, хичээж явах болно. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.П-аас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтооно гэж заасан. Гэтэл шинжилгээгээр тогтоогоогүй байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Харин иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүхэд гаргаж байсан саналаа дэмжиж байна. ...Гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Т.П-аас хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Амь хохирогчийн гэр бүл, төрөл садны хэнийх нь сэтгэцэд ямар хор уршиг учирсан болохыг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “заавал шинжээч томилуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийг тогтоох ёстой” гэж илэрхийлсэн боловч үүнийг шүүх хүлээж аваагүй. Шүүгдэгч Т.П- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль зөрчсөн үйлдэл байсан. Тодруулбал, тухайн үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан нөхцөл байдал байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү. Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь үндсэн ялын төрөлд багтдаг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай. Хэрэв шүүгдэгч Т.П-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал тэрээр ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг барагдуулахад чухал ач холбогдолтой. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “...хүний амь нас хохирсон, хохирогчид туслалцаа үзүүлэхгүйгээр ослын газрыг орхин зугтаасан, ..хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй" гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Т.П-ы хувьд анх удаа болгоомжгүй /27.10/ гэмт хэрэг үйлдсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" гэсэн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүхээс ял хариуцлага оногдуулахдаа харгалзан үзсэн "хохирогчид туслалцаа үзүүлэхгүйгээр ослын газрыг орхиж явсан хүнлэг бус үйлдэл гаргасан" тухайд Т.П-ы гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд “маш их айж балмагдсан тухай"-аа мэдүүлдэг ба дээрх үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулдаг ба хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээж байгаа билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-т “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх Т.П-аас нийт 249.380.814 төгрөгийн хохирол гаргуулж шийдвэрлэснээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 33 сая төгрөгийг төлсөн, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сая төгрөгийг нийт 36 сая төгрөгийг төлсөн байгаа. Хохирлын үлдсэн хэсгээс төлөөд явж байгаа ба цаашид төлөхөө илэрхийлж байгаа юм.

Т.П-ы хувьд Олон улсын ... их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан бөгөөд 3 хүүхэдтэй айлын том хүү юм. Сургуулиа төгсөж, аав ээждээ тус болж, хоёр дүүгээ сургаж авч явах үүрэг хүлээж, хичээн суралцаж байх үедээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн буруутай үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирсонд туйлын харамсаж, гэмшиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ байдлаа тогтвортой мэдүүлж ирсэн. Хэрэг учрал болох цаг хугацаанд Т.П- нь 19 нас 1 cap 20 хоногтой байсан. Т.П- нь хэдийгээр 19 нас хүрсэн боловч сэтгэхүйн хувьд өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн харьцаатай байсан гэх үндэслэл харагддаг. Маш их айж сандарч, яах учраа олохгүй, айж зугтаж байгаа үйлдэл нас, сэтгэхүйн байдалтай холбоотой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 “шүүхээс 18 насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "зорчих эрхийг хязгаарлах ял" гэж зохицуулсан байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсч байна. Түүнчлэн анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.П-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан. Заавал шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Учир нь, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд түүний эцэг,эх, 3  хүүхэд нь байгаа юм. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн “хохирогчийг согтуурсан үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан” гэж тайлбарладаг. Мөрдөгчийн дүгнэлттэй хохирогч тал огт маргадаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “тухайн үед зогсоод анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн бол, хүн ёсоор нэг удаа зогссон бол...” гэж гомддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “2 үйлдлийг нь хүндрүүлж шийдвэрлэсэн” гэдэг. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болоход амь хохирогчийн гэр бүлтээ уулзаж, уучлалт гуйгаагүй. Хүн ёсоор харьцаж, хандаж байсан бол асуудал арай өөрөөр яригдах байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. Гэтэл энэ гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан. Энэ заалт нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний хууль шинээр батлагдсантай холбоотойгоор хуульд нэмэлтээр орсон. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Иймд энэ гэмт хэргийн хувьд хуулийг буцаан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Бусад хохирлын тухайд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирол, хор уршгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. ...Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Гадаад хэлнээс орчуулагдахдаа сэтгэцэд учирсан хор уршиг гэж байгаа боловч бидний хэлж заншсанаар энэ бол сэтгэл санааны хохирол юм. ....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Т.П- нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 03:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Эбо” төвийн зүүн замд “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-д тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон,

улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 3.5.б, 3.5.г-д тус тус заасныг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын: “...2023 оны 6 дугаар сарын 12-ны өглөө манай дүү Энхбаяр над руу залгаад ах нас барсан байна гэж хэлсэн. ...” /1хх 37/,
  • гэрч С.Н-ийн: “...Би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд гадаа байсан таксины жолооч надад “найз чинь зам гарч байгаад машинд мөргүүлчихлээ” гэсэн. ...Намайг гүйгээд очиход Б.Э- зам дээр ам нь ангайсан байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 173/
  • гэрч Ж.М-ийн: “...Удалгүй Давка буцаж орж ирээд “Б.Э- машинд  дайруулчихлаа” гээд ороод ирсэн. ...” /1хх 177/,
  • гэрч Т.Б-ын: “...Нөгөө ах зам хөндлөн гарч явах үед урдаас хойш чиглэлд явж байсан саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлчихсэн. Тэр машин нь их хурдтай явж байсан ба тоормос гишгээгүй, тэр хүнийг мөргөчихөөд зогсохгүй тэр чигээрээ цаашаа давхиад явчихсан. ...Би машинаас буугаад ослын газарт очиход хүн мөргөсөн машин цаашаа яваад, шинэ замаар баруун гар тал руу  эргээд явж байгаа харагдсан. Харин явган зорчигч эрэгтэй замын урдаас хойш чиглэлийн 1 дүгээр эгнээнд дээшээ харсан, толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 182/,
  • гэрч С.А-ийн: “...Т.П- “Би 7-буудлын энд нэг юм мөргөчих шиг боллоо” гэсэн. Би сандраад Т.П- руу залгаж “чи юу мөргөснөө шалгасан нь дээр байх” гэхэд “би зугтаачихсан, айгаад байна, буцаж очоод юу мөргөснөө шалгаад эргээд залгая” гээд утсаа салгасан. ...” /1хх 184/ гэсэн мэдүүлгүүд,
  • амь хохирогч Б.Э-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүссэн, тэрээр гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1655 дугаар дүгнэлт /1хх 189-193/,
  • шүүгдэгч Т.П- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ойролцоогоор 93.2 км/цаг дундаж хурдтайгаар явж байсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2683 дугаар дүгнэлт /2хх 30-32/,
  • шүүгдэгч Т.П-ы жолоодон явсан 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал, зүүн талын их гэрэл нь стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 999856 дугаартай дүгнэлт /2хх 42-45/,
  • явган зорчигч буюу амь хохирогч Б.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.а-д заасныг зөрчсөн, шүүгдэгч Т.П- нь мөн дүрмийн 12.3, 12.4, 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3., 3.5.а, 3.5.б, 3.5.г-т тус тус заасныг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсныг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгчийн магдлагаа /2хх 58-61/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
  1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг болсон;

3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэж тус тус заасан.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.П-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.П-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Түүний замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, улмаар хэргийн газрын зориуд орхин зугтаасан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр гаргасан шүүгдэгч Т.П-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүх ийнхүү ял оногдуулахдаа хуульд зааснаас өөр нөхцөл байдлыг харгалзан үзэж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг бөгөөд энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг “...хүн ёсны үүднээс хохирогчид туслалцаа үзүүлэхгүйгээр ослын газрыг зориуд орхин зугтааж, хүнлэг бус үйлдэл гаргасан...” хэмээн хуульд заагаагүй нөхцөл байдлаар дүгнэлт хийснийг магадлалд дурдаж байна.

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол оршуулгын зардал болон бусад зардал баримтаа бүрдүүлэн нэхэмжилснээс анхан шатны шүүх нийт 133.880.814 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааруулан шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүгдэгч Т.П-аас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 82.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад анхан шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ.

Иймд, шийтгэх тогтоолын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг,

мөн шүүгдэгчээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.П-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан “Ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...216.830.814 төгрөгийг...” гэснийг “...133.880.814 /нэг зуун гучин гурван сая найман зуун наян мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Шүүгдэгч Т.П-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д гэм хорын хохиролд 7.000.000 /долоон сая/ төгрөг өгсөн болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Т.П-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ы 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ