Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 004

 

Ц.Г-н  нэхэмжлэлтэй,

Г.Э-нд холбогдох

иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ц.Г

хариуцагч Г.Э

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.Э-ы давж заалдах гомдлоор “эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 728668 төгрөг гаргуулах тухай” Ц.Г-н нэхэмжлэлтэй Г.Э-нд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 02-ны хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дээд давхарын айл болох Г.Э-с 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ус алдсан. Миний бие маргааш нь гадагш ажлаар явах байсан тул ус алдсан талаар тэр дор нь мэдэгдсэн. Ингээд ажлаар 14 хоног яваад иртэл сантехникийн шугамаа засаагүй, ус алдсаар байсан тул дахин сануулж хэлээд өнгөрсөн. Ингээд хүлээсээр байтал шугамаа засуулахгүй ус алдсаар 10 хоног болсон. Үүний улмаас манай гал тогооны өрөөний хана, тааз чийг даан шарлаж, ханын обой нь хуурсан. Эд хөрөнгийн хохирлын үнэлгээ гаргуулахад 668668 төгрөгний хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үнэлгээ гаргуулах ажлын хөлсөнд 60000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Г.Э-с эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нийт 728668 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд эвлэрэх, нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгах боломжтой талаар санал гаргасан боловч хариуцагч санаачлага гаргаагүй гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай гэрээс 2020 оны ус алдаагүй гэдгийг аймгийн "Д" ОНӨҮГ-ын ус, дулаан хариуцсан жижүүр, слесарь Э, А нар тогтоосон. Ер нь миний бие ч өөрөө гэртээ ус алдсан, алдаагүйг мэдрэх мэдрэмжтэй хүн. Манайхаас ус алдсан гэх ямар ч нотолгоо алга. Тийм учраас нэхэмжилж байгаа 728668 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаар шийдвэрт: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 668668 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулах ажлын хөлс 60000 төгрөг, нийт 728668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 22038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-д олгож шйдвэрлэжээ.

 

            Хариуцагч Г.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан. “Д” ОНӨҮГ-ын слесарь Р.Э, Ч.Э нараас тайлбар аваагүй, шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй, инженер Б нь шинжээчээр ирээд үзэхэд ус алдаагүй, бохирын хоолой шаралсан,  байна гэсэн. Г-г орж үзэхэд хана дагасан булангийн обой хуурсан байдалтай гэсэн боловч хуурай байсан гэсэн дүгнэлт гаргасан. Б нь хоёр ах тохирно байгаадаа гэж зөвлөгөө өгсөн. Манайд тэр үед ТМС-д сурдаг Н.С дүү байсан болохоор энэ талаар бүгдийг гэрчилнэ. “Д” ОНӨҮГ-ын дэд захирал, ерөнхий инженер Ч.А-н шүүхэд гаргасан албан бичгийг үндэслэн Ц.Г-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Г нь “гэм хорын хохиролд 668668 төгрөг, үнэлгээний хөлсөнд 60000 төгрөг, нийт 728668 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд ирүүлснийг хариуцагч Г.Э “манайх ус алдаагүй учир зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

           

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Г-н “Г.Э-ы гэрээс 2020 оны 08 дугаар сарын 3-ны үдэш ус алдсан. Маргааш өглөө нь ажлаар гадагш явах байсан тул ус алдсаныг тэр дор нь Э-нд мэдэгдэж үзүүлсэн. Ингээд ажлаар 14 хоног яваад иртэл шугамаа засаагүй, ус алдсаар байсан тул дахин сануулахад засуулсан гэж хэлээд өнгөрсөн. Хүлээсээр байтал 10 хоног болсон. Учирсан хохирлоо үнэлүүлэхэд 668668 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ гарсан. Үнэлгээний төлбөрт 60000 төгрөг төлсөн. Нийт 728668 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл, тайлбар /хх 1, 58/,

хариуцагч Г.Э-ы “Д компанийн слесарь Э, А нар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирээд “Танай гэрээс ус алдаагүй байна” гэж хэлсэн. Миний бие ч гэртээ ус алдсан, алдаагүйг мэдрэх мэдрэмжтэй хүн. Манайхаас ус алдсан гэх ямар ч нотолгоо алга. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар /хх 25-26/,

            “ИЭ”  ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай, “нэхэмжлэгчид учирсан хохирлын үнэлгээг 668668 төгрөг”  гэж тооцсон  үнэлгээний тайлан, хавсаргасан зургууд /хх 2-8, 10-12/,

үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх 9/,

үнэлгээний төлбөрт 60000 төгрөг төлсөн баримт /хх 13/,

шинжээч Б.Б-н 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  “.............  тоот байруудад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шугам сүлжээний үзлэг шалгалт хийхэд цэвэр усны шугам сүлжээнээс ус алдсан гэх ул мөргүй, ус алдаагүй, харин бохир усны Ф50 мм голчтой хуванцар шугам бөглөрсөн, тосгуурын сифон хоолой мултарснаас болж бохир ус доод айл руу нэвчсэн байна” гэх дүгнэлт, түүнд хавсаргасан зургууд /хх 38-40/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 03-ны оройноос эхлэн 20 гаруй хоног хариуцагч Г.Э-ы гал тогооны бохир усны шугамаас ус алдаж, доод талын айлын буюу нэхэмжлэгч Ц.Г-н гал тогооны өрөөний тааз  норж, ханын цаас хуурсан, нэхэмжлэгч ус нэвчин гоожиж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн боловч шугамыг засуулах арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцэж байна.

 

            Анхан шатны шүүх 302 тоот орон сууцны өмчлөгч болох хариуцагч Г.Э-г Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т заасан “бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ” зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэж, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

            Нөгөө талаас хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрчээр Э, А нарыг асуулгах болон дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 –д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 03-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 28038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                     О.БААТАРСҮХ

                                                                                С.ОЮУНТУНГАЛАГ