Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 319

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г-н овогт Т-ийн Б холбогдох 1808002390274 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл  аймгийн Тариалан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Мак ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Т-ийн Б /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад гэрт байсан 0,5 литрийн архийг ганцаараа уугаад орой 18 цагийн орчим гэрийн хойд талын хашаа болох Бат-Эрдэнийн гэрт орсон чинь гэрийн эзэн Б унтаж байсан. Найз Б зурагт үзээд сууж байсан. Ширээн дээр нь 0,5 литрийн хагас шил архи байхаар нь Б бид 2 хувааж уусан. Бид 2 архи уугаад нэлээн согтсон. Бид 2 согтуурхаж монголын түүхийн талаар ярьж байгаад маргалдаж, би ширээний ард жижиг модон сандал дээр сууж байсан чинь Б ажлын төмөр хатуулгатай гутлаараа миний уруул руу гэнэт өшиглөсөн. Нүүр манас хийгээд явчихсан. Би нүүрээ дараад тонгойсон. Уруулнаас нэлээн цус гараад би амаа таглаад төмөр сав руу цусаа гойжуулж угаасан. Гэртээ ороод цустай хувцсаа солиод хэвтээд өгсөн.  ...дүү Эрдэнэтунгалаг намайг гудамжинд саравчинд байхад ирээд Бийг барьж өгсөн. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /ХХ 18-21

            1.2.Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ он гарах гэж байна гээд Хулан эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-105 тоотод Э, Бат-Эрдэнэ, бид гурав 0.75 литрийн 3 шил архи хувааж уусан. Бат-Эрдэнэ согтоод унаад өгсөн. Би өөрөө нэлээн согтчихсон, зарим юмыг сайн санахгүй орж гарч санаад байгаа юм. Э бид 2 Монгол Улсын түүхийн талаар ярилцаж байгаад чиний хэлсэн буруу, миний хэлсэн буруу гэж маргалдсан. Тэрнээс хойш санахгүй байна. Нэг мэдсэн чинь маргааш өглөө болчихсон, Бат-Эрдэнэ бид 2 гэртээ байсан. Э яасан юм бол гэж бодоод гарч хүсний дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь Э гарч ирсэн. Эын уруул нь язарчихсан байсан. Э чи яагаад намайг өшиглөчихсөн юм бэ гэж хэлсэн. Ийм л юм болсон. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээж байна. Бид 2 сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            1.3.Гэрч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байсан чинь аавын төрсөн дүү Э-г утсаар залгаж аав Э чинь хүнд зодуулсан байна, гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байна гэхээр нь 14 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь аав Эын толгой, зүүн талын чих нь их хэмжээний цус болчихсон, дээд уруул нь сэтэрчихсэн, цус гарчихсан эмнэлэгт үзүүлээд байж байсан. Аав Э дээд уруул дээрээ дотор гадна оёдол тавиулсан. Эгчээс тодруулж асуусан чинь найздаа зодуулсан гэж хэлсэн. Цагдаа нартай хэрэг болсон гэх зүүн салаанд очсон чинь Б нь байсан. ... гэх мэдүүлэг/хх 25-26 х/

            1.4.Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчим ах Б-ийн найз Б гэдэг хүн миний утас руу ах Б-г чинь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү цагдаа аваад явчихлаа гэхээр нь би орой 21 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь ах Б байхгүй, 103-аар Цамбагаравын эмнэлэг рүү явчихсан байсан. Э Бт зодуулчихсан гээд байсан. Эаас юу болсон талаар асуусан чинь юу ч хэлээгүй, нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Би тэгээд Б рүү буцааж залгаад юу болсон талаар асуусан чинь Быг унтаж байхад нь Э архины шилээр толгой руу нь цохьсон чинь Б босож ирээд өшиглөсөн, өөр янз бүрийн асуудал болоогүй гэж хэлсэн. Эын дүү нь цагдаа дагуулж ирээд Бийг аваад явчихсан гэж хэлсэн. Би хамт Цамбагаравын эмнэлэг хүртэл дагаж явж байгаад салаад Цамбагаравын эмнэлэг орж ах Быг аваад гэртээ ирсэн. Этай байнга нийлж архи уудаг. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/

             1.5.Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ах Эыг би эмнэлэг рүү авч явж байхад ахын уруулыг язалчихсан байсан зургийг нь өөрийнхөө гар утсаар авсан. Мөн орой нь цагдаа нартай хамт зодуулсан гэх Х гэдэг айлын гэрт очиж, Бийг барих үед би өөрийнхөө гар утсаар тэр айлын шал, хивс төмөр савтай цусны зургийг авсан. Манай ах надад хэлэхдээ Б зодсон гэж хэлсэн. Э ах надад хэлэхдээ төмөр хатуулгатай гутал болоод уруул ийм болгочихпоо гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/

1.6.Гэрч Б.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э Б хоёрыг танина, манай гэрээр орж гараад явж байдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ хоёр архи уугаад манай гэрт Э Быг цохичихсон гэсэн. Би тухайн үед нь гэртээ байгаагүй миний хамтран амьдрагч Б согтуу хэвтэж байсан гэсэн. Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хэрэг болсны дараа Эын дүү гээд нэг эмэгтэй ирэхээр нь гэр оронд архи уугаад бие биенээ зодоод байх даа яадаг юм гэж уурлаад Э, Б, Б нарыг  загнаж Быг цагдаа нар аваад явсан. Эыг хэн яг яаж цохиж зодсон талаар огт мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/

1.7.Шинжээчийн 930 тоот дүгнэлт

1.Д.Э-н биед дээд уруулын няцарсан шарх, зүүн чих, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/

     Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Т.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/

     2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 х/

     2.3.Т.Батуягын ажлын газрын тодорхойлолт /хх 44 х/

            Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

     3.1.Хохирлын баримтууд /хх 59-61 х/

     3.2.“Хохиролд 300,000 төгрөг хүлээн авсан, ... өөр нэхэмжлэх зүйлгүй”  тухай хохирогч Д.Эын нотариатаар баталгаажуулсан баримт /хх 72 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,  прокуророос  шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

      Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

            Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 105-6 тоотод байрлах Б.Хулангийн гэрт архидан согтуурсан үедээ Д.Этай “Монголын түүхийн талаар ярьж байгаад маргалдан” түүний уруул хэсэгт нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “дээд уруулын няцарсан шарх, зүүн чих, гуяны цус хуралт” бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Эын “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... Бид 2 архи уугаад нэлээн согтсон. Бид 2 согтуурхаж монголын түүхийн талаар ярьж байгаад маргалдаж, би ширээний ард жижиг модон сандал дээр сууж байсан чинь Б ажлын төмөр хатуулгатай гутлаараа миний уруул руу гэнэт өшиглөсөн. Нүүр манас хийгээд явчихсан. Би нүүрээ дараад тонгойсон. Уруулнаас нэлээн цус гараад би амаа таглаад төмөр сав руу цусаа гойжуулж угаасан. ...” гэх мэдүүлэг /хх 18-21 х/,

            Гэрч Т.А-ийн “... 14 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь аав Эын толгой, зүүн талын чих нь их хэмжээний цус болчихсон, дээд уруул нь сэтэрчихсэн, цус гарчихсан эмнэлэгт үзүүлээд байж байсан. … Цагдаа нартай хэрэг болсон гэх зүүн салаанд очсон чинь Б нь байсан. ...” гэх мэдүүлэг/хх 25-26 х/

            Гэрч Б.Б-гийн “... Би тэгээд Бат-Эрдэнэ рүү буцааж залгаад юу болсон талаар асуусан чинь … Б босож ирээд өшиглөсөн, өөр янз бүрийн асуудал болоогүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/

             Гэрч Д.Э-гийн “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ах Эыг би эмнэлэг рүү авч явж байхад ахын уруулыг язалчихсан байсан зургийг нь өөрийнхөө гар утсаар авсан. ... Манай ах надад хэлэхдээ Б зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/

Шинжээчийн 930 тоот дүгнэлт

1.Д.Э-н биед дээд уруулын няцарсан шарх, зүүн чих, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар.

Хохирлын 300,000 төгрөг хүлээн авсан баримт /хх 72 х/-аар хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээний зардлыг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

             Эрүүгийн хариуцлагын талаар.        

             Т.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, уг торгуулийн ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

            Бусад асуудлын талаар:

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Г-н овогт Т-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Т.Б-т үүрэг  болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Б-т мэдэгдсүгэй.

5.Т.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 300, төгрөгийн хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ