Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/298

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2305 00000 1675 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б, 1991 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” зочид буудлын 12 тоот өрөөнөөс буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Д.А-ийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Note-20 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг "үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хулгайлах гэмт хэргийн суурь шинжийг зөв дүгнэсэн боловч хэргийн хүндрүүлэх зүйлчлэлийн шинжийг тодорхойлохдоо эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийхдээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хохирогч Д.А Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнд төлбөр төлж, үйлчлүүлж байсан ба харин шүүгдэгч Б.Б хохирогчийн үйлчлүүлж байсан өрөөний хажуу өрөө болох 13 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.А-ийн өрөөнд түүний зөвшөөрөлгүйгээр орсон тул дээрх үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж ойлгон гэж дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолд “1.3. Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тайлбарласан байна. Гэтэл энэхүү хэрэгт Б.Б нь өөрийн өрөөнөөс гарч коридорт байсан нийтийн нойлд ороод буцаж гарахдаа хаалга нь нээлттэй байсан 12 тоот өрөөнд ороод гарсан үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл өрөөнд орохоос өмнө санаа сэдэл үүссэн үү эсвэл өрөөнд орсны дараа унтаж байсан хүмүүсийн дэргэдээс гар утас авах санаа үүссэн үү гэдгийг дүгнэхгүйгээр тухайн зочид буудалд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт хийсэн байгаа нь хэргийн үйл байдалтай нийцэхгүй байна. Хууль бус нэвтрэлт гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгохоор тайлбарласан байдаг. /камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх 7-9/.

Б.Б-ыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс ял оногдуулсан байна. Гэтэл тухайн зочид буудалд төлбөр төлж хууль ёсны дагуу нэвтэрсний дараагаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдал нь энэ шинжид хамаарах эсэх нь эргэлзээтэй байна. Зочид буудлын өрөө нь үйл ажиллагаа явуулах орон байранд хамаарах эсэх талаар хуулийн албан ёсны болон казуал тайлбар огтоос байхгүй билээ. Өөрөөр хэлбэл 2002 оны эрүүгийн хуульд зочид буудлын өрөө нь хүн түр амьдрахад зориулагдсан оронд байранд хамаарч байсан бөгөөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд түр амьдрах орон байр гэх диспозиц шинжийг энэхүү зүйлчлэлээс хассан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн зүйлчлэлд хөнгөрүүлэх байдлаар өөрчлөлт оруулж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл болно гэж огт бодоогүй. Тухайн үед би бага зэргийн согтолттой байхдаа ариун цэврийн өрөө ороод гарч ирэхдээ онгорхой байсан өрүү рүү орж хохирогчийн гар утсыг авсандаа үнэхээр гэмшиж байна. Би хохирогчийн гар утсыг бусдад худалдаж, борлуулаагүй. Хохирогчид буцаан өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би ажил, хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь бөгөөд эхнэр минь 2 хүүхдээ асардаг тул ажил, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй. Гэр бүлийн минь байдал үнэхээр хүнд байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б нь тухайн зочид буудлын 13 тоот өрөөнд байрлахаар төлбөрөө төлсөн байдаг. Харин хохирогч Д.А нь тус зочид буудлын 12 тоот өрөөнд байрлахаар төлбөрөө төлсөн байсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.А-ийн эзэмшлийн өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй атлаа түүний байрлаж байсан өрөөнд нэвтэрч, улмаас хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Прокуророос Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Анх Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс буцаасан. Хэрэг прокурорт буцаж ирсний дараа манай дүүрэгт энэ төрлийн шийтгэх тогтоолууд байгаа эсэхийг шалгасан. Намайг шүүх рүү үндэслэлгүйгээр хэрэг шилжүүлсэн байна гэж зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Манай дүүрэгт энэ төрлийн 4 шийтгэх тогтоол байсан. Үүнээс гурван шийтгэх тогтоол нь нэвтэрсэн гэж, нэгийг нь нэвтэрсэн гэж үзсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байсан. ...Манай дүүрэгт байсан энэ төрлийн 4 шийтгэх тогтоолыг үзэхэд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэж, шийдвэрлэсэн байсан. Гэхдээ байнга амьдрах зориулалтай биш, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзсэн байдаг...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.Б 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудлын 12 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Д.А-ийн эзэмшлийн "Samsung Note-20 5G" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Д.А-ийн: “....2023 оны 8 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед ...Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй зочид буудлын 3 давхрын 12 тоот өрөөнд орсон. ...Би өөрийн гар утсыг оролдож байгаад өөрийн орны зүүн талд толгойн хажуу талд тавиад унтсан. ...2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед сэрээд өөрийн утсыг хайсан боловч байхгүй байсан. ...Камер шүүж үзэхэд манай хажуугийн өрөөнд байсан үл таних эрэгтэй хүн манай өрөөнд орж миний гар утсыг авсан байсан. ...” /хх 15-16/,
  • гэрч П.Б-ы: “...Би Б.Б руу залгаж “цагдаагаас залгаад утас алдагдсан асуудал дээр мэдүүлэг өг гэж байна, нөгөө хэд хаана байгаа вэ” гэсэн чинь "юу гэж байна” гэж асуухаар нь “цагдаад бичлэг байгаа гэнэ” гэж хэлсэн. Энэ талаар Б.Б сонсоод “тэр утас нь надад байгаа” гэхээр нь “чамд байгаа юм бол очиж уулзаж учраа ол” гэж хэлээд мөрдөгчийн дугаарыг өгсөн. ...” /хх 18-19/,
  • гэрч П.А-ын: “...Буудлын хяналтын камерыг шүүж үзэх үед хажуу өрөөнөөс үл таних эрэгтэй хүн ганцаараа гарч ирээд манай өрөөнд ороод гарч байсан бичлэг олсон. Тэгээд тухайн хүмүүсийн бүртгэлийг шалгуулж регистрийн дугаарыг нь авч цагдаагийн албан хаагчид өгсөн. ...” /хх 21-22/,
  • шүүгдэгч Б.Б-ын: “...Бид нар орсон өрөөндөө 2.5 литрийн 2 пиво хувааж уусан. Би өрөөнөөс гарсан чинь хажуу талын өрөөний хаалга онгорхой байхаар нь тухайн өрөөнд орсон чинь 2 эрэгтэй унтаж байсан. Газар гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад өрөөнөөс гараад явсан. Гарч ирээд сим картыг нь утаснаас нь салгаж хаяад утсыг халаасандаа хийгээд гэр рүүгээ харьсан. Өнөөдөр манай найз руу цагдаагаас залгасан байхаар нь би гар утсыг нь аваад ирсэн юм. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
  • сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, хохирогч Д.А-ийн эзэмшлийн гар утсыг 650.000 төгрөгөөр үнэлсэн “Хас Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх 29-32/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах шатны шүүхэд хандаж “...Б.Б зочид буудалд төлбөр төлж, хууль ёсны дагуу нэвтэрсний дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, ...өрөөнд орохоос өмнө санаа сэдэл үүссэн үү, өрөөнд орсны дараа гар утас авах санаа үүссэн үү гэдгийг дүгнээгүй...” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, шүүгдэгч Б.Б-ын “...би өрөөнөөс гарсан чинь хажуу талын өрөөний хаалга онгорхой байхаар нь тухайн өрөөнд орсон чинь 2 эрэгтэй унтаж байсан. Газар гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад өрөөнөөс гараад явсан. ....” /хх 42-43/ гэсэн мэдүүлгийн нотлох баримтуудаар Б.Б нь хохирогчийн хоноглож байсан өрөөнд андуурч орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тус зочид буудлын өрөөнөөс гарч, бусдын байрласан өрөөнд нэвтрэх эрхгүй атлаа нэвтрэн орж, хохирогчийг унтаж байхад нь гар утсыг нь мэдэгдэлгүй авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, ашиг хонжоо олох гэсэн сэдэлтийг нь нотолж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно. Харин байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэдэгт байшин, гэр, илүү гэр, пин зэргээс гадна автомухлаг, албан тасалгаа, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа, зочид буудлын өрөөг хамруулж ойлгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хэдийгээр тухайн зочид буудалд зохих төлбөрийг төлж нэвтрэн орсон боловч тэрээр зөвхөн зочид буудлын ажилтнаас өөрт нь хүлээлгэн өгсөн тэр өрөөнд хөлслөн авсан цаг хугацаанд оршин байх эрхтэй, харин бусад өрөө, тасалгаанд чөлөөтэй нэвтрэн орох, дотор байгаа эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхгүй юм.

Түүнчлэн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолд “1.3. Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино” гэсэн нь хулгайлах гэмт хэргийн объектив үндсэн шинжийн нэг болох бусдын эд хөрөнгийг “нууцаар” авах шинжийг тодорхойлон тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар багасган 1 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба энэ нь тус гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээ болно.

Иймд, “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх”-ээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ