Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 005

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дүгээр багийн иргэн Ц.Б-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн У.Б.Х-т холбогдох,

           Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “.............” хоршоог ........... регистрийн дугаартай “...............” ХХК болгосон улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд “Д.Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймагт 2011 оны 03 сарын 01-ний өдөр хот хооронд явах нийтийн тээврийг зохион байгуулахаар хэсэг бүлэг хүмүүс нийлж санал бодлоо солилцсон.    

Ингээд “Д.Ө” хоршоог сайн дурын үндсэн дээр 18 хүний гишүүнчлэлтэйгээр анх байгуулсан. Би тухайн хоршооны даргыг 3 жил гаруй хийсэн.

 

Ингээд 2018.08.20-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Д-г “Д.Ө” хоршооны гишүүн болгож, даргаар томилж, би хоршооны даргаас чөлөөлөгдсөн. Тухайн өдрөө буюу 2018.08.20-ны өдөр хоршооны дарга болсон Ш.Д-д би “Хөрөнгө болон, гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлийг” өгч байсан.

Улмаар Д-ыг хоршооны гишүүн, дарга биш гэж маргаан үүсэж, “Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгосон” тухай 2019.07.05-ны өдрийн 287 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.

 

Гэтэл Сүхбаатар аймгийн У.Б.Х нь 2020.07.03-ны өдөр   “Д.Ө” хоршооны хэлбэрийг нь өөрчилж, нэг хүний компани болгож, хууль бус үйл ажиллагаа хийсэн У.Б.Х хууль бус шийдвэрийг хэний хүсэлтийг үндэслэж гаргасныг би мэдээгүй.

 

Учир нь компани болгоход гишүүн тус бүрээс “Хөрөнгөнөөс, гишүүнчлэлээс татгалзсан, эсвэл өөр гишүүнд шилжүүлсэн өргөдөл бичгээр гаргах”, гэрээний үндсэн дээр, хуулийн дагуу явагдах үйл ажиллагааг зөрчсөн. Ингэснээр хоршооны гишүүн миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эрх бүхий байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас намайг хоршооны гишүүнчлэлээс хууль бусаар хассан.

 

“Д.Ө” хоршоог анх байгуулахад миний оруулсан эд хөрөнгө, оролцоо хүч хөдөлмөр, оюуны өмч, цаг хугацаа их бий. Миний оруулсан хувь нэмэр их байгаа энэ бүхний хүчинд, одоог хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

 

Би энэ хоршоог үүсгэн байгуулахад оруулсан эд хөрөнгө, оюуны хүч хөдөлмөрөө үнэлж, хоршооны гишүүн миний эрх ашиг зөрчигдөж байгаа тул шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 “Д.Ө” хоршоо 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 13 гишүүнтэй байгуулагдаж, улсын бүртгэлт бүртгүүлсэн байдаг. Үүнээс хойш өөрчлөлт хийгдэхгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сард өөрчлөлт хийж 9 гишүүн үлдсэн. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаан асуудлаа шийдвэрлүүлэхээр явсан. Сүүлдээ хоршооны хэлбэрийг өөрчлөөд иргэн Ц-ын нэр дээр компани болгосон. Үүнийг би хууль бус гэж бодсон. Яагаад гэвэл Улсын бүртгэлтийн хэлтсээс ирүүлсэн хоршооноос гарсан 8 гишүүн гэж байна. Гэтэл Б байхгүй, би ямар нэгэн өргөдөл өгөөгүй. Хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн өөрөө өргөдөл гаргах ёстой байдаг. Тийм учраас 8 гэдэг нь зөв юм уу, миний нэр ороогүй. Монгол улсын хэмжээнд Хоршоог ямар нэгэн хэлбэрээр зарж болдоггүй. Хоршоог шүүх татан буулгадаг эсхүл бүх гишүүдийн хурлаар л татан буулгадаг. Татан буулгасны үндсэн дээр компани болох асуудал мөн зөрчигдсөн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д-д Улсын бүртгэлд гэсэн хаягтай хөрөнгөнөөсөө татгалзсан бичиг өгсөн. Тухайн үед иргэн Д-д хоршоог өгч компани болгох асуудал яригдаад бүх гишүүн зөвшөөрч бичиг үйлдсэн. Энэ бичгийг Д-д л өгсөн Улсын бүртгэлд өгөөгүй. Алдаатай зүйл гэвэл тухайн бичгийн толгойн Улсын бүртгэл гэсэн байсныг Д, Ц нар ашиглаж миний нэрийг хасуулсан. Тухайн үед Д-д өгөх гэж байсан аж ахуй нэгжийг Цад өгөхгүй, хөрөнгөнөөсөө шилжүүлэхгүй, компани болбол би 51 хувийг нь эзэмшинэ гэсэн шаардлага тавьсан. 2018 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хоршооны хурал хууль бус болж энэ асуудал шийдвэрлэгдэж чадаагүй өдийг хүрсэн юм. Уг нь нэг хүн татгалзсан учир У.Б.Х өөрчлөлт хийж болохгүй байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард У.Б.Х маш хурдан өөрчлөлт хийснийг хууль бус гэж үзээд байна. Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан М нь 2018 онд миний хийж өгсөн бичгийг хүлээж авахдаа Ц.Б гэх хүн үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм уу гээд асууж болох байсан. Үүнийгээ мөн нотлуулах ёстой байсан. Хэн нэгэн хүний өгсөн өргөдөл, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг. Хоёр жилийн өмнөх бичгийг авч очихдоо Д, Ц нар надаас зөвшөөрөл аваагүй. Би Авто тээврийн үндэсний төв дээр очоод энэ талаар мэдээд Улсын бүртгэлийн Ерөнхий газар гомдол гаргасан. Тэгээд намайг хөрөнгө зарсан гэдэг, “Д.Ө” хоршооноос ямар хөрөнгө зарсан юм бэ, хоршоо бол хүн төвтэй, хэн нэг нь дур мэдээд зарчихаж болдоггүй. Намайг 2018 онд бүх юмаа өгөөд хоршооноос гарсан гэж ярьдаг. Гэтэл 2018-2019 онуудад иргэний хэргийн шүүхээр маргаан үүсгэж сүүлдээ Д-ын буруу болоод дууссан. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан гэж байхад хоршоог өөрчилж болохгүй байсан. 2020 онд Улсын бүртгэлийн хэлтсийн дарга солигдсоноор маш хурдан асуудал явагдсан. Ингэхдээ дандаа худал баримтууд бичигдсэн байна. Жишээ нь манайх ийм компани болж байгаа юм гэх санхүүгийн тайлан, хоршооны баланс, тайлан байх ёстой. Анх хоршоо байгуулагдахдаа хүн бүр 100.000 төгрөгийг хөрөнгө тушааж байсан. Сүхбаатар аймгийн У.Б.Х-т гэсэн ямар ч тамга тэмдэггүй бичиг, өргөдөл юм уу, хүсэлт юм уу мэдэгдэхгүй хууль бус баримтууд байна. У.Б.Х нь нэг хүний гарын үсэг дутуу байвал та энэ хүнээсээ зөвшөөрөл аваад ирээ гэдэг. Б 435.072 төгрөгийнхөө хөрөнгийг Ц-д шилжүүллээ гэсэн байна. Миний тушаасан мөнгөний баримт хаана байна вэ, уг нь дүрмийн санд байх ёстой. Д миний өмнөөс гарын үсэг зурчихсан баримт авчраад өгчихсөн. Зүгээр хоршооны хэлбэр өөрчилье гэдэг юм уу, зүгээр хурлын бичиг өгчихсөн. Компани болохоор бүрдүүлэх хуульд заасан баримтууд нэг ч байхгүй, ганцхан дүрэм л очсон байна. Тийм учраас хоршооны бүх гишүүдийн хөрөнгө ижил тэнцүү байх ёстой. Д нь хоршоонд ямар ч оролцоогүй хүн юм.      

 Иймд “Д.Ө” хоршоог 2020.07.03-ны өдрийн 3676056 регистрийн дугаартай “Д.Ө” ХХК болгосон улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Сүхбаатар аймгийн У.Б.Х-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Б-ын нэхэмжлэлтэй 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Д.Ө” хоршоог “Д.Ө” ХХК болгосон /3676056 регистрийн дугаартай/ улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Д.Ө хоршооны үүсгэн байгуулагч, дарга Э.Ц-аас 2020 оны 07 дугаар сарын 03-нд хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэсэн. Үүнд:

• Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны /гүйцэтгэх удирдлага/ өөрчлөлт

• Хоршооны хэлбэр өөрчлөгдсөн

• Үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийн өөрчлөлт

• Эцсийн өмчлөгчийн өөрчлөлт

• Хэлбэр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан оноосон нэрийн өөрчлөлт, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах, шинэчилсэн дүрэм, хуучин тамга тэмдгийг хүчингүй болгон шинээр хяналтын дугаар дахин авах гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг эцсийн байдлаар хүлээн авсан. Материалын бүрдлийг шалгахад:

1.Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа

2.УБ-05 маягт

3.УБ-12маягт

4.УБ-13маягт

5.Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг тушаасан орлогын мэдүүлэг

6.Оноосон нэрийн баталгаажуулалтын 500 төгрөг тушаасан орлогын мэдүүлэг

7.Албан тоот

8.Тогтоолууд (Хоршооны даргыг чөлөөлсөн, шинээр томилсон, хэлбэр өөрчилсөн, гишүүдийн хоршооны гишүүнээс хасагдаж, өөрсдийн хувь нийлүүлсэн хөрөнгөө Э.Цад шилжүүлэхийг зөвшөөрсөн, ХХК-ийн дүрэм шинэчлэн баталсан тухай тогтоолууд)

9.Хурлын тэмдэглэлүүд

10.Хоршооны гарсан 8 гишүүдийн гаргасан хоршооноос гарах шийдвэрүүд

/нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

11.УБХ-т гаргасан хүсэлт

12.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар 05-ны өдрийн 147/ШШ2019/00287 дугаар шийдвэр

13.Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 сарын 18-ны өдрийн 222/МА2019/00017 дугаар магадлал

14.Монгол улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн

001/Ш32020/00080 дугаар захирамж

15.Хоршоог хэлбэр өөрчлөн, ХХК болгосонтой холбоотой ХХК-ийн үүсгэн

байгуулах шийдвэр

16.Д.Ө ХХК-ийн дүрэм /2 хувь/

17.Татварын тодорхойлолт

18.Тамга тэмдэг хураалгах хүсэлт гэсэн нийт 47 хуудас баримт бичиг байсан.

1.Д.Ө хоршоо нь 2011 онд анх улсын бүртгэлд бүртгэгдсэн, Автомашины засвар үйлчилгээ, хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, нийт 9 гишүүнтэй, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 26,05 сая төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 26-нд хоршооны даргаас Ц.Б чөлөөлөгдөж, Ш.Д-ыг томилсон байсан.

Ингээд 2018 оны хоршооны дарга солих, гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулсан “Хурлыг хүчин төгөлдөр биш” гэж үзсэн хоршооны гишүүнээс Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тус шүүхээс хууль зөрчин хуралдсан гэж тогтоон шийдвэрлэж Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар 05-ны өдрийн 147/ШШ2019/00287 дугаар шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ: “Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг баримтлан Д.Ө хоршооны 2018.08.20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж тогтоосон байна. Хурлыг хүчингүй болгосон, гэвч бүртгэл хүчингүй болгосугай гэж тогтоогоогүй байсан.

2. Хариуцагч Ш.Д шийдвэрийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн эрүү,   иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 222/МА2019/00017 дугаар магадлал гаргасан байдаг.

3. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэн Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч боловч гаргасан гомдлоосоо татгалзсан тул 2020 оны 04 сарын 28-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Ундрахын “Хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай” 001/Ш32020/00080 дугаар захирамж гарсан.

4.Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Хоршооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдаж, хуралд 9 гишүүн ирсэн. Хурлаар хоршооны хэлбэрээ өөрчлөн, хувь нийлүүлсэн хөрөнгөө нэг гишүүнийхээ эзэмшилд шилжүүлэн ХХК болгох, даргаар Э.Ц-ыг томилох талаар асуудал хэлэлцсэн байдаг. Хурлын явцад Ц.Б хурлыг хаяж явсан тул тогтоолуудад гарын үсэг зураагүй.

 

Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.10, 23.5, 23.6, 23.11 дэх заалтуудыг үндэслэн хоршооны бүх гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэр гаргасан. Гаргасан тогтоол шийдвэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх баримт

бичиг хараахан бүрдүүлээгүй, бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө авах хэмжээнд тус хэлтэс дээр 2020 оны 5 дугаар сарын 20-оос хойш хэд хэдэн удаа ирж хяналтын байцаагч болон улсын бүртгэгч нараас зөвлөгөө мэдээлэл авсан байдаг. Тиймээс холбогдох материал, нөхцөл байдлыг судлан үзэж хяналтын улсын байцаагчаас дүгнэлт гаргах эсэх талаар асууж, шилжүүлсэн.

 

Хяналтын улсын байцаагч тухайн үеийн баримт бичиг, шүүхийн шийдвэрүүдтэй танилцан, улмаар Хяналтын газраас чиглэл авснаар 2018 оны бүртгэлийг хүчингүй болгох тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах шаардлагагүй, дараагийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг хийхийг зөвлөсөн. Мөн улсын бүртгэгчийнхээ хувьд Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Л-ээс утсаар заавар зөвлөгөө авч, хоршооны мэдээлэлд орсон өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материалуудыг нь жагсаалтаар өгч, баримт бичгээ бүрдүүлэх талаар Хоршооны дарга Э.Ц-д удаа дараа зөвлөгөө өгсөн байдаг.

 

Мөн тус хоршооны өмгөөлөгч Н.А-т бүртгэлд хийлгэхэд шаардлагатай бичиг баримтаа бүрэн зөв бүрдүүлж өгөхийг зөвлөсөн.

 

Тус хоршооны гишүүн Ц.Б нь 2018 онд хоршооны гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, хоршоог хэлбэр өөрчлөхийг үл маргах зарчмаар зөвшөөрсөн шийдвэрээ нотариатчаар гэрчлүүлсэн байдаг. Хоршооны гишүүдээс сонсох ажиллагаа хийхэд тухайн үед хоршооноосоо их хэмжээний мөнгө авч гарсан хэдий

ч харин одоо шийдвэрээсээ буцаж, хоршооны бүх гишүүдийн хуралд ирсэн хэдий ч

бусад 8 гишүүнтэй зөвшилцөхгүй, хурлыг хаяж гарсан нь бичлэгт хадгалагдсан.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Ц.М нь тус хуулийн этгээдийн баримт бичиг, нотлох баримтуудтай танилцан үзэж бүртгэл хийхдээ Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.10, 23.5, 23.6, 23.11 дэх заалтууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгон, татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн тул өөрийн эрх, үүргийнхээ хүрээнд тухайн бүртгэлийг хуулийн этгээдийн мэдээллийн санд бүртгэсэн болно.

 

           Жич: Иргэн Ц.Б нь манай байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан байдаг ба гомдлыг Хяналт шалгалтын газраас “Д.Ө” хоршоог “Д.Ө” ХХК болгосон бүртгэл, холбогдох нотлох баримтуудыг татан авч хянан үзээд Хяналт шалгалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8/7868, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 1/8344 тоот албан бичгээр хуулийн дагуу бүртгэл хийгдсэн байна, хууль зөрчөөгүй гэсэн хариу мэдэгдсэн байдаг.

Иймд Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. У.Б.Х хуульд заасан баримт материалыг “Д.Ө” хоршооноос авсан. Нэхэмжлэгч 9 гишүүнээс 1 татгалзсан гэсэн түүнийг та өөрийгөө гэж бодоод байна. Ц 9 гишүүн дотроо байгаа, татгалзахгүйгээр компани байгуулсан. Таны яриад байгаа өргөдөл нотариатчаар ороод батлагдсан хүсэлт байгаа. Энэ хүсэлтэд таны гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар байна. Хоршооны тухай хуулиар яригдаж байгаа болохоор шийдвэр нь дийлэнх олонхоороо шийдэгдсэн байна. Танай тогтоол, шийдвэрүүд хавтаст хэрэгт бүгд байгаа. Манай бүртгэгчийн хийсэн бүртгэл хууль зөрчөөгүй, хуульд зааснаар бүртгэлээ бүрдүүлсэн байна. Манай бүртгэгчийн хийсэн бүртгэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг танд өгсөн.  Мөн зөвхөн бүртгэл хянан шалгадаг газар маргаан бүхий бүртгэлийг шалгаад үнэн зөв, алдаагүй гэсэн шийдвэр гарсан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 гэсэн 9 гишүүнээс гаргасан таны гарын үсэгтэй хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол тамгатай, нотариатчаар баталгаажуулсан хуулбар байна. Ингээд та компаниа өөрчлөөд, компаниасаа гарахаа хүлээн зөвшөөрсөн нотлох баримтууд байгаа. Д-ын гэх хүнийг гишүүнээр элсүүлсэн, дарга болгосон тогтоол мөн хэрэгт байгаа гэв.

 

            Гуравдагч этгээд “Д.Ө” ХХК-ийн захирал Э.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь хуулийн этгээдийн У.Б.Х-т “Д.Ө” Хоршоог бүх гишүүдийн шийдвэрээр “Д.Ө” ХХК болгож өөрчлөн байгуулах хүсэлтийг хуульд заасан үндэслэл, шаардлага, нотлох баримтыг зохих хуульд нийцүүлэн бүрдүүлэн өгсөн.

 

Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн байцаагч нотлох баримт, гэрээ, шийдвэр, тушаал зэрэг хуульд заагдсан бүхий л нотлох баримтыг судлан хуулиар олгогдсон эрхийн дагуу Сүхбаатар аймгийн “Д.Ө" хоршоог, “Д.Ө” ХХК болгон өөрчлөн байгуулах хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэж 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гарсан нь үнэн болно.

 

Манай компани нь өмнөх хоршооны бүхий л гишүүдээс хуульд заасан үндэслэлээр худалдах худалдан авах гэрээ болон хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр компани болгон өөрчлөн байгуулсан. Нэхэмжлэл гаргаж буй иргэн Ц.Б нь нэхэмжлэлд өөрөө дурдсанчлан иргэн Ш.Д-тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж хоршооны гишүүний эрх болон хоршоонд эзэмшиж буй өөрийн бүхий л хөрөнгийг худалдсан байдаг. Тухайн иргэн хоршооны гишүүний эрх болон эд хөрөнгөө худалдсан учир хоршоог өөрчлөн байгуулах хурал болон хоршооны цаашдын үйл ажиллагаанд оролцох эрхгүйг “Хоршооны тухай хууль”-д заасан байдаг. Иймд хуульд заасан үндэслэлээр жинхэнэ гишүүн болох Ш.Д нь санал өгч хоршооны гишүүний эрхээ бидэнд худалдсан байдаг. Иргэн Б нь нэгэнт эрхээ худалдан хоршооны гишүүн байхаа больсон тул 2020 оны 07 сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр нь иргэн Б-ын хуулиар олгогдсон эрх ашгийг огт хөндөөгүй бөгөөд иргэн Бт огт хамаагүй харилцаа болно.

 

Тухайн нэхэмжлэх гаргаж буй иргэн Ц.Б нь өмнө нь өөрийн эрхээ худалдсанаа мэдсээр байж хоршооны үйл ажиллагаа болон шинээр өөрчлөн байгуулагдсан компанийн үйл ажиллагаанд байнга саад хийж хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан/гомдлыг хүлээж аваагүй/. Одоо захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж яваа нь иргэн Д-аас авсан мөнгө нь дуусаад биднээс давхар мөнгө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 1 эрхийг 2 удаа худалдах гэсэн зальжин, хомхой зан нь энэ болно. Хоршооны бүх гишүүд 30 сая төгрөгөөр эрхээ худалдаж бүгд гарын үсэг зурж хуулийн хүрээнд баталгаажуулж хоршоог өөрчлөн байгуулах хурал явагдаж байх үеэр орж ирэн 60 сая төгрөг дахиж нэхсэн увайгүй зан гаргаж байсныг хоршооны бүх гишүүд гэрчилнэ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Иргэн Ц.Б нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхээ 2018 оны 08 сарын 20-ны өдөр иргэн Ш.Д-д хоршооны гишүүний эрхээ худалдсанаар алдсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б нь хоршооныхоо бүрэн эрхээс татгалзаж байна. Би энэ асуудлаар цаашид үл маргах журмаар шийдвэрлүүлнэ гээд Д-д бүрэн эрхээ шилжүүлж байна гээд У.Б.Х-т хүсэлтээ явуулсан байна. Сүүлд “Д.Ө” хоршоог компани болгож өөрчилсөн асуудал байна. Б-ын ярьж байгаагаар татан буулгах асуудал бишээ. “Д.Ө” хоршоог компани болгож өөрчилсөн асуудал юм. У.Б.Х-т өгсөн хүсэлт дээр тамга дарна гэж байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн үл маргах журмаар гэсэн бичиг баримтаасаа татгалзаж байгаа бол 40,000,000 төгрөгөөсөө хэдийг нь эргүүлж өгсөн юм бэ гэж асуумаар байна. Одоо ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Та өөрийнхөө хийсэн үйлдлээс татгалзаж байгаа бол нөгөө хүнийхээ мөнгийг эргүүлж өгсөн үйлдэл байна уу, Д гэх хүнээс авсан мөнгөнийх нь баримт  байдаг. Та Д-аас авсан мөнгөө эргүүлж өгөөгүй байж миний бичиг хүчингүй гэж яагаад яриад байна вэ, Д танд мөнгөө өгөөд тухайн үйл баримт дууссан байхад 2 жил өнгөрснийх нь дараа илүү мөнгө авах гээд нэхэмжлэл гаргаад, гомдол гаргаад яваад байгаа асуудал байна. Манай зүгээс Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би хоршооны гишүүнээсээ үл маргах журмаар татгалзаж байна гэж итгэмжлэл бичээд Д-аас мөнгө авчихсан тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Д.Ө” хоршооны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны /гүйцэтгэх удирдлага/ өөрчлөлт, хоршооны хэлбэр өөрчлөгдсөн, үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийн өөрчлөлт, эцсийн өмчлөгчийн өөрчлөлт, хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан оноосон нэрийн өөрчлөлт, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах, шинэчилсэн дүрэм, хуучин тамга тэмдгийг хүчингүй болгон шинээр хяналтын дугаар дахин авах гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэсэн, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б-оос “компани болгоход гишүүн тус бүрээс хөрөнгөнөөс, гишүүнчлэлээс татгалзсан, эсхүл өөр гишүүнд шилжүүлсэн өргөдөл бичгээр гаргах, гэрээний үндсэн дээр хуулийн дагуу явагдах үйл ажиллагааг зөрчсөн, эрх бүхий байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас намайг хоршооны гишүүнчлэлээс хууль бусаар хассан гэж маргажээ.

            Ц.Б нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт маргаан бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж хуулийн дагуу бүртгэл хийгдсэн, хууль зөрчөөгүй гэсэн хариу авсан тул нэхэмжлэл нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангасан гэж үзлээ.  

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Д.Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор “Д.Ө” хоршоог үүсгэн байгуулахад нэхэмжлэгч Ц.Б оролцож, хоршоог хувь нийлүүлсэн үүсгэн байгуулагч, гишүүнээр бүртгэгдэж, улмаар хоршооны даргаар ажиллаж байжээ.

            Хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Ш.Д-ыг хоршооны даргаар томилж, Ц.Б-ыг хоршооны даргаас чөлөөлсөн бөгөөд тэр өдрөө Ц.Б нь хөрөнгө болон гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлийг хоршооны дарга Ш.Д-д гаргаж өгсөн байна.

            Энэ хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хоршооны гишүүн Э.Ц иргэний хэргийн шүүхэд гаргаснаар Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 278 дугаар шийдвэрээр Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг баримтлан “Д.Ө” хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч “Д.Ө” хоршооны давж заалдах гомдлоор хэргийг хянаад Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч бичсэн хяналтын гомдлоосоо “Д.Ө” хоршооны дарга Ш.Д татгалзсан хүсэлтийг   шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот захирамж гарснаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

            Хоршооны бүх гишүүдийн өмнөх хурлын шийдвэр шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан “Д.Ө” хоршооны бүх гишүүд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний болон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд хуралдаж хоршооны гишүүнээр Ш.Д-ыг элсүүлэх, хоршооны тэргүүлэгч гишүүдийг сонгох, хоршооны хэлбэрийг өөрчлөх, бусад асуудал гэсэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан бөгөөд энэ хоёр хуралд Ц.Б өөрийн биеэр оролцсон, мөн энэ хурлаас Ц.Б-ыг “Д.Ө” хоршооны даргаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул түүнийг маргах эрхгүй гэж үзэхгүй. 

            Ийнхүү “Д.Ө” хоршооны 2018 оны 08 дугаар 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу “Д.Ө” хоршооны бүх гишүүдийн 2020 оны 04 дугаар сарын 09-ний болон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хоршооны гишүүнээр Ш.Д-ыг элсүүлэх, хоршоог нэг хүний компани болгон хэлбэрийг өөрчлөх, гишүүд хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгөө Э.Цад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн У.Б.Х-т компанийг үүсгэн байгуулагч Э.Ц өргөдөл гаргаж, үүндээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Д.Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр “Д.Ө” хоршооны хэлбэрийг  өөрчлөн байгуулахтай холбогдуулан Э.Цад өмчлөлийн эрхийг шилжүүлж, “Д.Ө” ХХК-ийн дүрмийг баталсан тогтоол, 02 дугаар “Цэвэгсүрэнгийн Б-ыг “Д.Ө” хоршооны даргаас чөлөөлсөн” тогтоол, 03 дугаар “Д.Ө” ХХК болон өөрчилсөнтэй холбогдуулан хоршооны бүх гишүүд нийт 26.050.000 төгрөгийн үнэ бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийг Э.Цад шилжүүлэхийг зөвшөөрсөн” тогтоолууд, хурлын тэмдэглэл,  хоршооны гишүүдийн хөрөнгө, гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлүүд, компанийн дүрэм зэргийг хавсаргажээ.

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ...баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/ хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, ... улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргах”-аар заасан, мөн зүйлийн 22.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасан, тухайн тохиолдолд, “Д.Ө” хоршооноос хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтууд нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна.

            Иймд Улсын бүртгэлийн ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн” гэж улсын бүртгэлийн төрлийг тогтоосон болон мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т улсын бүртгэгч “...хуулийн этгээдээс бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”-аар заасны дагуу “Д.Ө” хоршоо хэлбэрээ өөрчлөн “Д.Ө” ХХК болсонтой холбогдуулан хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлүүд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

            Нөгөөтээгүүр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зөвхөн “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, “үүсгэн байгуулах баримт бичиг уг хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” тохиолдолд л улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заажээ.  

            Захиргааны хэргийн шүүх нь “Д.Ө” хоршооны бүх гишүүдийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний болон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэл, “Д.Ө” хоршооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01,02,03 дугаар тогтоолууд, “Д.Ө” ХХК болон өөрчилсөнтэй холбогдуулан хоршооны бүх гишүүд нийт 26.050.000 төгрөгийн үнэ бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийг Э.Ц-д шилжүүлсэн болон Ц.Б-ын хоршооны хөрөнгө, гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдөл нь Хоршооны тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийхгүй, уг асуудлаар нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү иргэний хэргийн шүүхэд маргасан талаарх болон эрх бүхий этгээдээс тогтоосон баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн талаар баримтгүй байхад уг асуудлыг хянах, дүгнэлт хийх эрх улсын бүртгэлийн байгууллагад байхгүй юм.

            Дээр дурдсанаар “Д.Ө” хоршооноос хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, өргөдөл гаргагчийн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичгүүд нь хуурамч, эсхүл хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон гэх, үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй гэх асуудлаар маргаангүй тул маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгчээс компани болгоход гишүүн тус бүрээс хөрөнгөнөөс, гишүүнчлэлээс татгалзсан, эсхүл өөр гишүүнд шилжүүлсэн өргөдөл бичгээр гаргах, гэрээний үндсэн дээр  хуулийн дагуу явагдах үйл ажиллагааг зөрчсөн гэж маргаж байгааг шүүх хүлээж авах боломжгүй юм. Учир нь: “Д.Ө” хоршооны гишүүн Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр У.Б.Х-т “тус аймгийн “Д.Ө” хоршоо нь аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчлөн бусдад худалдагдаж байгааг зөвшөөрч гишүүнчлэлийн бүртгэлээс намайг хасаж өгөхийг хүсье. Би цаашид үл маргах журмаар шийдвэрлэсэн болно” гэсэн өргөдлийг гарган өгсөн, мөн Ш.Д-д би хөрөнгө болон гишүүнчлэлээсээ татгалзсан өргөдлийг өгч байсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Сүхбаатар аймгийн У.Б.Х-т 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д нь гаргасан өргөдөлдөө “... хоршооны гишүүн Ц.Б нь хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө надад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн болно, нотариатчийн газраар баталгаажуулсан өөрсдийн гараар бичсэн хэлцлийг, гишүүнчлэлээс хасагдахыг хүссэн хүсэлтийг эх хувиар нь хавсаргав ...” гэснээс үзэхэд Ц.Б нь хоршоонд хувь нийлүүлсэн хөрөнгөө бусдад буюу Ш.Д-д шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

            Хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “гишүүн өөрт оногдох хувь хөрөнгөө бусдад бүхэлд нь шилжүүлсэн” бол хоршооны гишүүнээс гарна гэж, мөн “Д.Ө” хоршооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “гишүүн өөрт ногдох хувь хөрөнгөө бусдад бүхэлд нь шилжүүлсэн” бол хоршооны гишүүнээс гарахаар мөн Хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “гишүүн оруулсан хувь хөрөнгөө өөр гишүүнд шилжүүлсэн бол тухайн гишүүнтэй тооцоо хийх шаардлагагүй” гэж зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

            Түүнчлэн Ц.Б-ын “тус аймгийн “Д.Ө” хоршоо нь аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчлөн бусдад худалдагдаж байгааг зөвшөөрч гишүүнчлэлийн бүртгэлээс намайг хасаж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт нь түүний хоршооны гишүүнчлэлээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд маргаан бүхий бүртгэлийг хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл бүрдээгүй, бүртгэл хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас намайг хоршооны гишүүнээс хууль бусаар хассан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

            Дээрх үндэслэлээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай / шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан маргаан бүхий бүртгэлийг бүртгэхээс татгалзах нөхцөл үүсээгүй, уг бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Улсын бүртгэлийн ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын Сүхбаатар аймгийн  У.Б.Х-т холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Ө” хоршоог 3676056 регистрийн дугаартай “Д.Ө” ХХК болгосон улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

          

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ