Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/328

 

Д.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Д.Ш-ийн өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ш-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2302 00561 0377 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Д-ийн Ш, 1998 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, өвөө, эмээ, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан;

Д.Ш нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын бодисын агууламжтай “Fuze Tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, мөн өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Д.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: Шүүгдэгч Ш овогт Д-ийн Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан “Fuze Tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 17.7 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан “Jacobs” гэсэн бичиглэлтэй шилэн савтай шаргал өнгийн шингэн зүйл, “4” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ш давж заалдах гомдолдоо: “...Би урьд өмнө нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж байгаагүй. Өөрийн буруу бодол, буруу шийдвэрээс болж ийм зүйл хэрэглэсэндээ харамсаж, гэмшиж байна. 7 сартай охин, бие муутай эмээ минь үлдэж, миний хийсэн гэм бурууг хамт эдэлж, сэтгэл санааны хямралд орж, өөрийн буруугаас иймд байдалд ар гэрээ хүртэл хүнд байдалд оруулж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Ш-ийн өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон тул хувийн байдалтай холбоотой баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийнхээ ялыг хөнгөрүүлэх болон хувийн байдалтай холбоотой баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр баримтууд нь Д.Ш-ийн гэрлэлтийн баталгаа болон 8 сартай охиных нь төрсний гэрчилгээ зэрэг болно. Миний үйлчлүүлэгч өвөө, эмээтэй хамт амьдардаг, эх нь гадаадад байдаг. Д.Ш энэ хэрэгт холбогдсонтой холбогдуулан түүний эмээгийнх нь бие муудаж, эмнэлгийн хяналтад байгаа. Д.Ш-ийг яагаад өмгөөлөгчгүй анхан шатны шүүх хуралдаанд оролцсон талаар асуухад хэргийг хурдан шийдвэрлэж, эхнэр, хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ уулзах зорилгоор өмгөөлөгчгүй оролцсон талаараа хэлсэн. Тэрээр хамаатны ахынхаа шөнийн цэнгээний газар ажиллаж, гэр бүлээ тэжээх гэж яваад буруу хүмүүсийн ятгалгаар энэ хэрэгт холбогдсон. Иймд шүүх бүрэлдэхүүн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ш анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргаж шүүх хуралдаанд оролцсон. ...LSD гэх бодис нь шээсний шинжилгээнээс илэрсэн. ...Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээнд багтсан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ёстой. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүрэг болгох талаар санал гаргаж байгаа. Энэ байдал хэвшмэл болсон боловч зарим тохиолдолд дээрх байдлаар шийдвэрлэж байгааг цаашид анхааръя. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Д.Ш нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “Fuze tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, мөн өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17,7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • шүүгдэгч Д.Ш-ийн биед хийсэн үзлэгээр “Fuze tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ногоон өнгийн шингэл зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 15-17/,
  • Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот буюу шүүгдэгч Д.Ш-ийн гэрт хийсэн нэгжлэгээр цэнхэр өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл, цагаан өнгийн гялгар ууттай нойтон ногоон өнгийн өвс гэх зүйл, “Jacobs” гэсэн бичиглэлтэй шилтэй ногоон өнгийн шингэн зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 10-13/,
  • шүүгдэгч Д.Ш-ийн биед болон гэрт хийсэн үзлэг, нэгжлэгээр хураан авсан шилэн, хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, цэнхэр, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлсээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаардаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3575 дугаар дүгнэлт /1хх 47-50/,
  • шүүгдэгч Д.Ш-ийн биеэс биологийн дээж олгон авсан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаардаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3576 дугаартай дүгнэлт /1хх 53-55/,
  • шүүгдэгч Д.Ш-ийн биед болон түүний гэрт хийсэн үзлэг, нэгжлэгээр хураан авсан зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 44/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Ш-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Ш-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Д.Ш-ийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр биедээ, гэртээ хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Д.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

  1. Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар, шилэн савтай шаргал өнгийн шингэн зүйл, ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх, биелүүлэхээр заасан байхад хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргийн бус байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч Д.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.” гэснийг “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ