Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 006

 

                          

                                   “МГ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

                        Б.Б-Ө-д холбогдох иргэний хэргийн талаар         

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: “МГ” ХХК-ийн захирал М.М, түүний өмгөөлөгч Г.Э

хариуцагчийн өмгөөлөгч Д.З

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-н давж заалдах гомдлоор “МГ” ХХК-ийн “орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9700000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Б.Б-Ө-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч МГ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед аймгийн ШШГА жолооч ажилтай байсан Б.Б-тэй 62м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 34,100,000 төгрөгийн үнэ бүхий захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт материалыг бүрдүүлэн өгч ордерыг түүний нэр дээр гаргуулсан. Ордер гарснаас хойш 15 хоногийн дотор үлдэгдэл төлбөр болох 28,878,000 төгрөгийг өгч, авахаар тохиролцсон байсан. Гэтэл Б.Б нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, сар гаруйн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уг байрыг Э-д зарсан. Миний бие, С.С /аймгийн ШШГАны дарга байсан/, Б.Б, А.Э болон түүний нөхөр бид нар ярилцан тохиролцож, Б.Б-с А.Э-д орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3 өрөө байрыг шилжүүлсэн. Уг байр нь МГ ХХК-ийн мэдлийн байр юм. Дээрх тохиролцооны дагуу байрны 70 хувийн үлдэгдэл төлбөрийн зөрүү болох 15,700,000 төгрөгийг А.Э хариуцан төлөх үүрэг хүлээсэн боловч 6,000,000 төгрөгийг төлж, 9,700,000 төгрөгийг төлөөгүй. Өмнө нь уг байрыг худалдан авсан А.Э-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг хариуцагч биш гэж үзсэн. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 9,700,000 төгрөгийг Б.Бгөөс гаргуулахаар шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Би М.М-тай байр худалдан авах гэрээ хийгээгүй. Надтай хамаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МГ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-Ө-д холбогдох Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь аймгийн ШШГА нь тус компанитай харилцан тохиролцож 16 айлын орон сууцыг бариулж ашиглалтанд оруулах гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр тухайн компани дээрх 16 айлын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй. Харин ШШГА барилгын ажлыг өөрсдөө хүн хүчээ бүрдүүлж хийж дуусгасан. Хэдий тийм боловч гэрээний 5.1-д зааснаар тухайн 16 айлын байрны 4 байрыг МГ ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн. Үлдэх 12 айлын орон сууцыг аймгийн ШШГА ажилчиддаа өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. МГ ХХК-ийн мэдэлд очсон 4 өрөө орон сууцыг компанийн захирал М нь өөрөө хувь хүнд зарсан байдаг. Дээрх 4 орон сууцнаас Б.Б-Ө-д худалдаагүй юм. Харин БӨ-н хувьд ШШГА-ны мэдлийн 12 айлын орон сууцнаас байр авсан. БӨ нь албанаас өгсөн байрыг өөрийн нэр дээр болгохын тулд МГ ХХК-тай гэрээ байгуулсан. МГ ХХК-иас орон сууц худалдаж авсан бол байрны урьдчилгаа мөнгө төлөх ёстой. Гэтэл байрны урьдчилгаа төлсөн гэх асуудлыг хэн хэн нь ярьдаггүй юм. Ер нь ШШГА-с байр авсан хүмүүс бүгд МГ ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Уг байрны анхны захиалагч нь тус албаны өндөр настан Д юм. БӨ нь байрандаа ороод байрны мөнгө банкаар хөөцөлдөж чадалгүй ОХУ-д суралцахаар болсон тул өөрийн өмчлөлд байсан орон сууцыг Э-д худалдсан байдаг. Тухайн үед Д-с авсан гэдэг нь түүний гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, мөн Э-н шилжүүлсэн мөнгөнөөс буцаан шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. Мөн БӨ нь МГ ХХК-иас хэдэн төгрөгөөр орон сууц худалдаж авсан, түүнчлэн 9,700,000 төгрөг ямар үндэслэлээр гарч ирсэн нь хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-с 9,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч МГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 170,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МГ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад БӨ нь анх “МГ” ХХК-ийн захирал М-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Орон сууц, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хэрэв гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол гэрээ нь нотариатаар батлуулаагүй, хүчин төгөлдөр бус халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ байна. Учир нь нэхэмжлэгч А.Э нь байраа худалдахын тулд хариуцагч БӨ нэр дээр орон сууцаа шилжүүлж гэрээ байгуулсан. БӨ нь байраа өөрийн нэр дээр шилжүүлээд А.Э тухайн маргаж байгаа байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: А.Э нь ШШГАны 16 айлын орон сууцны 2 тоот 62 м.кв байрыг худалдан авах гэсэн боловч тэрээр байр худалдан авах болзол шаардлагыг хангахгүй байсан тул уг байрны гэрээ болон ордерийг БӨ-н нэр дээр гаргуулж БӨ-с А.Э худалдан авсан гэж мэдүүлсэн нь маргаж байгаа байр БӨ-д ямар ч хамааралгүй бөгөөд тэрээр маргаж буй орон сууцыг худалдан аваагүй учраас байрны үлдэгдэл төлбөрийг төлөх ямарч үндэслэлгүй гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Түүнчлэн БӨ нь тухайн байрыг “МГ” ХХК-тай гэрээ байгуулж худалдаж авсан тохиолдолд урьдчилсан төлбөрөө төлнө гэдгийг гэрээнд тусгасан байсан. Эдгээр асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч М мэдэж байсан атлаа тухайн үед нь ямар нэгэн гомдол гаргаагүй атлаа одоо болохоор гэнэт асуудал үүсгэн байрны үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн хэргийн нөхөцөл байдалд өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал БӨ-д байр худалдсан гэж байгаа боловч түүнээс нэг төгрөг ч аваагүй байж ямар үндэслэлээр байрны үлдэгдэл 9700000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцсон талаарх нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд 103 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “МГ” ХХК-ийн захирал М.М нь Б.Б-с “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 9700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч би М.М-тай байр худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Талууд орон сууцны урьдчилгаа  болон бусад төлбөрийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч “МГ” ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” бичгээр хийгдсэн ба гэрээнд захиалагч   БУ сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт захиалагчийн хөрөнгөөр баригдах ШШГАны  16 айлын  орон сууцны  .... тоотын  62 мкв 3 өрөө байрын урьдчилгаа 30 хувь буюу 10230000 төгрөгийг  гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор бэлнээр, үлдэгдэл 70 хувь буюу 23870000 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсан өдрөөс хойш 15 хоногийн дотор тус тус төлөхөөр тохиролцжээ.  /хх-6/

Хэрэгт цугларсан баримтуудад хариуцагч Б.Бн өмчлөлийн орон сууцны урьдчилгаа 13000000 төгрөгийг  анх тухайн байранд захиалга өгсөн өндөр настан Ш.Д төлсөн, А.Э-тай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “ Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, 77500000 төгрөгөөр худалдсан ба орон сууцны үнэ нь Б.Б-н дансанд  2017 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд шилжин орсон зэрэг нь гэрч Ш.Д-н мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, А.Э-н Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай гэрчилгээ, Б.Б-н Х банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагчийг уг байрыг А.Э-д өгөх зорилгоор авсан, түүнд хамааралгүй юм” гэсэн гомдол үгүйсгэгдэж байна. / хх-40,41,47-49,72/

Түүнчлэн Б.Б нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 3.2.9-д заасан “орон сууцны үнийг гэрчилгээ гарснаас хойш 15 хоногийн дотор төлөх, орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй нөхцөлд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэхийг хориглоно” гэсэн  заалтуудыг зөрчиж өөрийн өмчлөлийн орон сууцаа  бусдад худалдсан атлаа орон сууцны төлбөрийн үлдэгдэл 9700000 төгрөгөө  төлөөгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 –д заасан “... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ” гэсэнтэй нийцэж байна.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “МГ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ хийгээгүй байхад шүүх зохигчдын хооронд тус гэрээ байгуулагдсан гэж үзэн шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй гэж гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан  - “МГ” ХХК захиалагч Б.Б нарын хооронд  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан,

            -“МГ” ХХК гэрээний 3.1.10-т заасан үүргийн дагуу  Улсын бүртгэлийн хэлтэст “Б.Б нь орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр тус байгууллагын барьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 16 айлын орон сууцны 2 тоотын 3 өрөө байрыг 34100000 төгрөгөөр худалдан авсан тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно уу. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ” гэх  19 тоот албан бичиг /хх-59/,

 

-Б.Б-н Улсын бүртгэлийн хэлтэст “Миний бие 34100000 төгрөгийн үнэтэй 16 айлын 2 тоотын 62 мкв 3 өрөө орон сууцыг захиалгын гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг Улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож өгнө үү” гэх өргөдөл /хх-55/,

            -үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000493660 дугаар гэрчилгээнд “Б.Б нь БУ сумын 7 дугаар баг ШШГА-ны 16 айлын байр, ....тоот орон сууцны 62 мкв 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр” /хх-56/ гэх  нотлох баримтууд нь    бүгд  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бичигдэж, олгогдсон байна.

 

            Дээрх  нотлох баримтуудыг тал бүрээс нь, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны  захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх ба анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг худалдах худалдан авах гэрээ гэж  дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, түүний  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                     О.БААТАРСҮХ

                                                                                 Б.ДЭНСМАА