2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/02585

 

2025 04 02 192/ШШ2025/02585

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, тоотод байрлах ******* ханг******* ******* ******* байр ******* алуун ХХК /РД:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* худалдааны төвд байрлах ******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74,359,000 төгрөг гаргуулж, хариуцагчийн эзэмшилд байгаа 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 64,700,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Хангалуун ХХК нь 2023.03.29-ний өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах ******* худалдааны төвийн мозайкан шалны цутгалт, өнгөлгөө хийж гүйцэтгэхээр тохиролцож тухайн ажлыг ******* Хангалуун ХХК хийж гүйцэтгэж 2023.07.23-ны өдөр ажлыг бүрэн дуусгаж биетээр хүлээлгэн өгч ажлыг хүлээн авсан боловч ажил хүлээлцэх актад гарын үсэг зурахгүй гэрээний үлдэгдэл төлбөр болох 32,684,000 төгрөгийг өгөөгүй байна. Мөн ажлыг хийж гүйцэтгэж дуусахад тоног төхөөрөмж болох 7,3 kw өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 kw тоног төхөөрөмж 1 ширхэг, 220 kw тоног төхөөрөмж 1 ширхэг, 3 хосолсон мотортой тоос соруулагч 1 ширхэг, Бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин 1 ширхэг, кабель 3 ширхгийг склад өрөөндөө оруулж түгжиж өгөхгүй, учир шалтгааныг ч тайлбарлахгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ******* Хангалуун ХХК тоног төхөөрөмжгүй болсны улмаас ажил, үйлчилгээгээ явуулж чадахгүй байна. Удаа дараа төлбөр шилжүүлэхийг болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхийг шаардаж байсан боловч удахгүй өгнө удирдлагуудаас хариу хүлээж байна гэх мэтээр шалтаг тоочин бусдад маш их хэмжээний чирэгдэл учруулж байна. Иймд хариуцагч ******* ХХК-аас Иргэний хуулийн 351-р зүйлд заасан Захиалагчийн үүргийг гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,684,000 төгрөг гаргуулж, 7,3 kw өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 kw тоног төхөөрөмж 1 ширхэг, 220 kw бетон зуурагч миксер 1 ширхэг, 3 хосолсон мотортой тоос соруулагч 1 ширхэг, Хатсан бетон өнгөлөгч машин 1 ширхэг, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин 1 ширхэг, Кабель 3 ширхгийг техник тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэхээр анх нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-т зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр зохицуулжээ. Манай компани гэрээгээр тохиролцсон ажил үүргээ бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 32,684,000 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 32,684,000 төгрөгийн 50 хувь 16,342,000 төгрөгийн алданги шаардаж байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 32,684,000 төгрөг, алданги 16,342,000 төгрөг, нийт 49,026,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн эзэмшилд байгаа мөн компанийн техник, тоног төхөөрөмжүүдийг чөлөөлүүлж өгнө үү гэж 2024.09.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч компани нь манай компанийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн эзэмшлийн автомартын гараашинд хийгээд түгжсэн. Одоог хүртэл бид дээрх тоног төхөөрөмжүүдээ авч чадахгүй, ашиглаж ашиг орлого олох боломжгүй байгаа болно. Түүнээс шалтгаалж манай компани үйл ажиллагаа явуулахад бэрх болж, үйл ажиллагаа явуулахын тулд дээр дурдсан тоног төхөөрөмжүүдтэй адилхан тоног төхөөрөмжүүд буюу Нойтон бетон өнгөлөгч сэнсэн өнгөлөгч, 11 kw өнгөлгөөний тоног төхөөрөмж, 220 kw бетон зуурагч миксер зэрэг тоног төхөөрөмжүүдийг Битл ХХК, иргэн А.Энх-Амар нараас 2023.08.01-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 сар хүртэл төлбөртэйгөөр түрээсэлсэн. Мөн үйл ажиллагаандаа байнгын ашигладаг 7,5 kw өнгөлгөөний машин, 11 kw өнгөлгөөний тоног төхөөрөмжийг 11,500,000 төгрөгөөр иргэн Т.Дэлгэрмөрөнөөс худалдан авч хохирол амссан. Хэрэв хариуцагч ******* ХХК нь манай компанийн тоног төхөөрөмжүүдийг өөрийн байранд түгжихгүйгээр бидэнд өгсөн бол бид өөрт байсан тоног төхөөрөмжүүдийг бусдаас төлбөртэйгөөр түрээсэлж, худалдан авч хохирол амсахгүй байсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 32,684,000 төгрөг, алданги 16,342,000 төгрөг, нийт 49,026,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн эзэмшилд байгаа манай компанийн техник, тоног төхөөрөмжүүдийг чөлөөлүүлж, тоног төхөөрөмж өгөхгүй байгаатай холбоотой хохирол 25,333,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь ******* Хангалуун ХХК-тай 2023.03.29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажил гүйцэтгэн хүлээлгэн өгөх хугацаа 2023.04.01-ний өдрөөс 2023.04.30-ны хооронд байсан. Энэ ажил нь 30 хоногийн хугацаанд хийгдэх байсан. Чанарын өндөр түвшинд мозайкан шал хийнэ гээд гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй. Гэрээ байгуулсны дараа бараа материал татах, ажил эхлүүлэх мөнгөгүй гэсэн шахалтын дагуу гүйцэтгэгч талд 2023.03.31-ний өдөр урьдчилгаанд 45,038,000 төгрөг, 2023.04.28-ны өдөр 88,500,000 төгрөгт тооцон гүйцэтгэгч талын хүсэлтээр RX450 маркын автомашиныг шилжүүлэн, дундын санхүүжилтэд 13,930,000 төгрөг нийт 147,468,000 төгрөг төлсөн. Манай тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, Ажил гүйцэтгэх гэрээний 3.2 заалтыг үндэслэн ******* хангалуун ХХК-ийг ажлаа чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг удаа шаардсан боловч гүйцэтгэх захирал гэх Б.Төгөлдөртэй холбоо барих боломжгүй, компани тодорхой хаяггүй нь бидний ажилд маш их хүндрэл учруулж байсан. Арга буюу аавынх нь хашаанд байхад нь олж уулзан, ажлаа дуусган, хүлээлгэж өгөх шаардлыг тавин ирүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч талын хийсэн ажил чанаргүй хийсэн болох нь тогтоогдсон. Ийм ажил хүлээж авахгүй, танайх ажлынхаа 60 хувь орчмыг л хийсэн, нийт төлбөрийн 82 хувийг хүлээн авсан байгаа, танайх өөрсдийн зардлаар гэрээнд заасны дагуу бүрэн хийж дуусгаад ажлаа хүлээлгэн өг, бид чанарын шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч хүлээлцэх актад гарын үсэг зурна гэж зөвшилцөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2023.07.27-ны өдрөөр тохирсон. Гэтэл тэр өдрөөс хойш асуудлаа шийдвэрлэх талаар бидэнд хариу өгөлгүй багаж, тоног төхөөрөмжөө орхин явсаар өдийг хүрсэн. Уг ажлаас шалтгаалан бид шинэ салбарын нээлтээ хийх өдөр хойшлогдон тухайн хугацаанд хамтарч ажиллах ёстой байсан харилцагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалж их хэмжээний хохирол учирсан. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй байсан учир манай тал өндөр зардал гаргаж засварлах шаардлага үүссэн байгаа. Манайд ирүүлсэн гэх албан бичгийг бид хүлээн аваагүй ба нэхэмжлэлд хавсаргасан байдлаар бид мэдсэн. Гүйцэтгэгч тал нь Иргэний хуулийн 350.1.1-д заасан гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д заасан ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах, 2023 оны 4 сарын сүүлээр орхиж явсан зэргээр гэрээний 1.1, 4.7, 4.8, 4.9, 4.11-т заасан үүргээ биелүүлээгүй. ******* Хангалуун ХХК нь ******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,700,000 төгрөгийн хохирол учруулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч талын зүгээс бүх доголдлоо арилгаад чанарын шаардлагад нийцсэн ажлыг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй болно. Түүнчлэн тус компанийн зүгээс чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгээд түүнийгээ засаж янзалж өгөхгүйгээр тоног төхөөрөмжөө орхиж зугтааж явснаасаа хойш тоног төхөөрөмжөө авах талаар нэг ч удаа хандаж хүсэлт гаргаагүй болно. Манай компанийн зүгээс өмгөөлөгч Я.Энхжаргалаар дамжуулан 2024 оны 9 сард тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь тоног төхөөрөмжөө ирж авах талаар, эвлэрэх талаар, хэн хэн нь өөрсдөдөө учирсан хохирлоо хариуцах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Түүнчлэн тоног төхөөрөмжөө ч ирж аваагүй байж манай компанийг илтэд гүтгэн тоног төхөөрөмжийг нь өгөхгүй байгаа мэтээр түүнээс болж хохирол хүлээсэн мэтээр үндэслэлгүйгээр мөнгө нэхээд түүнийхээ үнийн дүнг ихэсгэж байгааг ойлгохгүй байна. Одоо ч ирээд тоног төхөөрөмжөө авахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй. Өөрсдөө ирж авахгүй байхад бидний зүгээс хүргэж өгөх боломжгүй гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК нь 2023.03.29-ний өдөр 3235 м.кв талбайд мозайкан шалны цутгалт, өнгөлгөөг 180,152,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ******* Хангалуун ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох ******* Хангалуун ХХК нь 2023.04.01-ний өдрөөс 2023.04.30-ны өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаанд шалны цутгалт өнгөлгөөг хийж гүйцэтгэж чанарын шаардлага хангасан талбайг хүлээлгэн өгч дуусгахаар тохиролцсон боловч энэ хугацаандаа хийж гүйцэтгээгүй. Манай компанийн зүгээс гүйцэтгэгч тал гэрээ байгуулсны дараа бараа материал татах, ажил эхлүүлэх мөнгөгүй гэсэн гуйлтын дагуу 2023.03.31-ний өдөр 45,038,000 төгрөг, 2023.04.28-ны өдөр 88,500,000 төгрөгт тооцон гүйцэтгэгч талын хүсэлтээр RX450 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, дундын санхүүжилтэд 13,000,000 төгрөг шилжүүлж нийт 146,538,000 төгрөг төлж барагдуулсан боловч ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч талын зүгээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; гэж заасныг үндэслэн ******* Хангалуун ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөрт ажлаа чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг арилгуулах, хугацаанд нь хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан материалаар мозайкан шал хийхгүйгээр бетонон шал хийснээс эвдрэл хагарал үүссэн, шалны ямар ч өнгөлгөө хийхгүйгээр хаа сайгүй цавуу нь халтардаж наалдсанаас маш өнгө үзэмжгүй болсон. Тийм учраас гүйцэтгэгч талыг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөртэй энэ бүх доголдлоо арилгаад чанарын шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч хүлээлцэх актад гарын үсэг зурна гэж зөвшилцөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2023.07.27-ны өдрөөр тохирсон. Гэтэл тус өдрөөс хойш асуудлаа шийдвэрлэх талаар бидэнд хариу өгөлгүй багаж тоног төхөөрөмжөө орхиж явсан. Уг ажлаас шалтгаалан бид шинэ салбарын нээлтээ хийх өдөр хойшлогдон тухайн хугацаанд хамтран ажиллах ёстой байсан харилцагч байгууллагуудтай гэрээгээ цуцалж их хэмжээний хохирол учирсан. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй шал хийж гүйцэтгэсний улмаас шал хагарч эвдэрсэн, өнгөлгөөг хийж гүйцэтгээгүй улмаас халтардаж өнгө үзэмжгүй болсон зэргийг дахин засварлуулахад 64,700,000 төгрөгийн зардал гарч байна. Иймд ******* Хангалуун ХХК-аас 64,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манай компанийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй шал хийж гүйцэтгэсний улмаас шал хагарч эвдэрсэн, өнгөлгөөг хийж гүйцэтгээгүйн улмаас халтардаж өнгө үзэмжгүй болсон гэж үзээд дахин засварлуулахад гарсан зардал 64,7000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Гэвч манай компани нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн биелүүлэх захиалагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн боловч гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зураагүй юм. Өөрөөр хэлбэл ажил хүлээн аваагүй мэт нөхцөл байдлыг зориудаар бий болгож, гэрээний үлдэгдэл төлбөр 32,684,000 төгрөг төлөхөөс зайлсхийсэн. Мөн биднийг ажлаа хүлээлгэж өгөлгүй, багаж тоног төхөөрөмжүүдээ орхиж явсан гэж байх боловч бодит байдал дээр ******* ХХК нь манай компанийн 8 төрлийн нэр бүхий 12 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг өөрийн байранд хийн цоожилсон байдаг. Ийнхүү бид үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй, тоног төхөөрөмжүүдээ авч чадахгүй байсаар арга буюу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба шүүхэд ажил хүлээлгэж өгснөөс хойш буюу 2023.07.23-ны өдрөөс хойш 2024.11.11-ний өдөр хүртэл 1 жил 4 сар орчим хугацааны дараа чанарын шаардлагатай холбоотой гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, ******* ХХК-д албан тоот хүргүүлэх тухай, ажил хүлээлцсэн акт, захиалагчтай харилцан байдал гэх бичигтэй фото зураг, 2023.12.08-ны өдрийн мэдэгдэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 262 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, фото зураг, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг, Хан-Уул өртөөний цаг агаарын мэдээ, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэх, зарлагын баримт, Б.Төгөлдөрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,

6. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2024.07.30-ны өдрийн Мозайкан шалны ажлын гүйцэтгэлийн дүгнэлт, хавсралтын хамт, ******* ХХК-ийн дүрэм,

7. Шүүхийн журмаар Ө.Наранбаатар, Г.Бат-, Б. нараас авсан гэрчийн мэдүүлэг, и-мэйл хаягт, вайбер зурваст тус тус үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* Хангалуун ХХК-аас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74,359,000 төгрөг гаргуулж, хариуцагчийн эзэмшилд байгаа 8 нэр төрлийн 12 ширхэг техник, тоног төхөөрөмжийг гаргуулах шаардлага гаргажээ. Шаардлагын үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн боловч үлдэгдэл төлбөр 32,684,000 төгрөгийг алданги 16,342,000 төгрөгийн хамт гаргуулах, нэхэмжлэгчийн дараах тоног төхөөрөмжийг өгөхгүй байх учир буцаан авах 1) 7,3 кв өнгөлгөөний машин 2 ширхэг, 2) нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 3) 11 кв тоног төхөөрөмж, 4) 220 кв бетон зуурагч миксер, 5) 3 хосолсон мотортой тоос соруулагч, 6) хатсан бетон өнгөлөгч машин, 7) Бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин, 8) кабель 3 ширхэг, түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжийг буцаан өгөөгүйн улмаас бусдаас түрээсэлж, шинээр худалдаж авсны улмаас учирсан хохиролд 25,333,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг буцаан өгөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, улмаар доголдлыг дахин засварлуулахад 64,700,000 төгрөг шаардагдана хэмээн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлийг ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн, хариуцагч ажлын үр дүнг хүлээн аваагүй, нэг жил ашигласны дараа дахин засварлуулах дүгнэлт гаргасан гэжээ.

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. ******* ХХК болон ******* хангалуун ХХК-ийн хооронд 2023.03.12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* хангалуун ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах авто худалдааны төвийн 3235 м.кв мозайкан шалны цутгалт, өнгөлгөө хийх, ******* ХХК нь 180,152,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохирчээ. /хэргийн 5-8 дугаар тал/

5.2. Талууд гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, гэрээний дагуу ******* хангалуун ХХК нийт 147,468,000 төгрөг, үүнд 90,076,000 төгрөгийг мөнгөөр, 54,045,600 төгрөгт автомашин оролцуулан хүлээн авсан, үлдэх 36,030,400 төгрөгийг хүлээн аваагүй гэх үйл баримтад маргаагүй.

5.3. Нэхэмжлэгч ******* хангалуун ХХК-аас хариуцагч ******* ХХК-д 2023.12.08-ны өдөр 23/10 тоот албан бичгээр 2023.07.15-ны өдрөөс хойш ажлаа хүлээж аваагүй, тоног төхөөрөмж буцаан өгөөгүйн улмаас үйл ажиллагаа доголдсон гээд үлдэгдэл төлбөр, тоног төхөөрөмжийг өгөөгүй тохиолдолд шүүхэд хандахаа мэдэгдсэн болох нь 2024.05.15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 79-83 дугаар тал/

5.4. Гэрээнд ажлыг 2023.04.01-ний өдрөөс 2023.04.30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч ажил эхлэх хугацааг бэлтгэл ажил болон цаг агаарын нөхцөлөөс хамаарч хойшлуулсан, мөн ажил үргэлжлэх хугацаа цаг агаарын нөхцөлөөс хамаарч удааширсан болох нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөрийн 83040411 дугаараас хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан Пүрэвээгийн дугаар бүхий вайбэр /viber/ зурваст хийсэн 2024.06.04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.Бат-, Б. нэрийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 92-94, 107-109, 110-138 дугаар тал/

5.5. Нэхэмжлэгч ажлыг 2023.07.29-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөхөөр санал гаргасан, 2023 оны 10 дугаар сарын 20-ны үеэр шалны өнгөлгөө хийсэн болох нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөрийн 83040411 дугаараас хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан Пүрэвээгийн дугаар бүхий вайбэр зурваст хийсэн 2024.06.04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ө.Наранбаатар, Г.Бат-, Б. нарийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 74-75, 92-94, 107-109, 110-138 дугаар тал/

5.6. Хариуцагч ******* ХХК-ийн эзэмшилд байгаа 8 нэр төрлийн 12 ширхэг дараах техник, тоног төхөөрөмж байгаа болох талаар маргаагүй. Үүнд: 1) 7,3 кв өнгөлгөөний машин 2 ширхэг, 2) нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 3) 11 кв тоног төхөөрөмж 1 ширхэг, 4) 220 кв бетон зуурагч миксер 1 ширхэг, 5) 3 хосолсон мотортой тоос соруулагч 1 ширхэг, 6) хатсан бетон өнгөлөгч машин 1 ширхэг, 7) Бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин 1 ширхэг, 8) кабель 3 ширхэг /2-р хавтас хэргийн 6-11 дүгээр тал/

6. Талуудын тайлбар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ажлын үр дүн доголдолтой эсэх, доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй эсэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Талууд Ажил гүйцэтгэх гэрээ гэх бичиг үйлдэн, хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч 3235 м.кв мозайкан шалны цутгалт, өнгөлгөө хийж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хариуцагч төлбөр төлөх үүрэг хүлээж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

8. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй ба хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн юм. Талууд гэрээний зүйл буюу ажлын үр дүнг 3235 м.кв мозайкан шалны цутгалт, өнгөлгөө хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Хэрэгт авагдсан 2023.07.29-ний өдрөөр огноолсон ажил хүлээлцсэн акт баримтад нэхэмжлэгч ******* хангалуун ХХК-ийн талаас гарын үсэг зурсан бол хариуцагч ******* ХХК нь ажлыг хүлээлгэн өгөөгүй, ажлаа хаяад явсан гэж маргаж байна.

9. Дээрх байдлаар ажил хүлээлцсэн акт баримтаар ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх асуудал маргаантай байх ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт . . . бид чанарын шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч хүлээлцэх актад гарын үсэг зурна гэж зөвшилцөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2023.07.27-ны өдрөөр тохирсон. Гэснээс үзэхэд талууд 2023.07.27-ны өдөр ажил хүлээлцэх хугацааг тохирчээ. Гэрээ ёсоор ажлыг 2023.04.01-ний өдрөөс 2023.04.30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч талууд харилцан тохирч ажлыг эхлэх, дуусах хугацааг хойшуулсан байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2023.07.29-ний өдрөөр огноолсон ажил хүлээлцэх акт, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлийг хариуцагчийн хариу тайлбартай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* хангалуун ХХК нь 2023.07.29-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* ХХК нь ажлын үр дүнг хүлээн аваагүй байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно. гэж зааснаар хэдийгээр захиалагч ажлын үр дүнг хүлээн аваагүй боловч талуудын тохирсон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол ажлыг хүлээн авсанд тооцно.

10. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ., 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж заажээ. Талуудын байгуулсан гэрээгээр мозайкан шалны цутгалт, өнгөлгөөний чанарын талаар тусгайлан тохироогүй тул зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь биет байдлын доголдлын шалгуур үзүүлэлт болсон гэж үзнэ.

Хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. гэж захиалагчийн доголдлын талаар шаардлага гаргах хугацааг тогтоожээ. Талууд гэрээгээр энэ шаардлага гаргах хугацааг тусгайлан тохироогүй байх тул шаардлага гаргахад хуульд заасан хугацааг баримтална.

Хариуцагч ажлын үр дүн биет байдлын доголдолтой болохыг, мөн 6 сарын дотор доголдлын талаар ажил гүйцэтгэгчид шаардлага гаргаж байсан тухайгаа нотлоогүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2024.11.11-ний өдөр шүүхэд гаргахдаа Мозайкан шалны ажлын гүйцэтгэлийн дүгнэлт гэх 2024.07.30-ны өдрөөр огноолсон баримтыг хавсаргасан ба энэ нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрсний дараа гаргасан учир Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан хугацааг өнгөрөөсөн буюу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Захиалагч тус хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар 1) гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; 2) доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; 3) доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэсэн шат дараалсан шаардлага гаргах эрхтэй юм.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр мозайкан шалыг дахин засварлуулахад гарах зардалд 64,700,000 төгрөг шаарджээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан "доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх арга хэмжээг шаарджээ. Уг шаардлагыг 1) ажлын үр дүн доголдолтой байх; 2) тогтоосон хугацаанд гаргах; 3) доголдлыг арилгуулахаар захиалагчаас тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой. Өмнө дүгнэсэн ёсоор хариуцагч эдгээр нөхцөлийг хангасан болохыг нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

11. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Мөн талуудын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т . . . Ажлыг бүрэн гүйцэтгэж, Захиалагчид хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөр 20% болох 36,030,400 төгрөгт автомашин тооцон олгохоор харилцан тохиролцов. гэж тусгасан тул захиалагч буюу хариуцагч 36,030,400 төгрөгийг төлөх үүргийг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн өмнө хүлээнэ.

12. Нэхэмжлэгч дээрх төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүйн алдангид 16,342,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 5.3-т Захиалагч тал нь үлдсэн санхүүжилтийг ажил дуусаж актаар хүлээлгэж өгснөөс хойш 2 хоногийн дотор барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө. гэж заасныг үндэслэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ.

Талуудын байгуулсан гэрээний анзын хэлцэлд алдангийг аль үнийн дүнгээс тооцохыг тогтоогоогүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул нэхэмжлэгч анз буюу алданги шаардах эрхгүй байна.

13. Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшилд дараах 8 нэр төрлийн 12 ширхэг техник, тоног төхөөрөмж байгаа гээд гаргуулахыг шаарджээ. Үүнд: 1) 7,3 кв өнгөлгөөний машин 2 ширхэг, 2) нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 3) 11 кв тоног төхөөрөмж, 4) 220 кв бетон зуурагч миксер, 5) 3 хосолсон мотортой тоос соруулагч, 6) хатсан бетон өнгөлөгч машин, 7) Бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин, 8) кабель 3 ширхэг. Уг шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрч, эдгээр эд зүйлсийг буцаан өгнө хэмээсэн болохыг дурдав.

14. Нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг хариуцагч буцаан өгөөгүйн улмаас бусдаас түрээсэлж, шинээр худалдаж авсан хохиролд 25,333,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажил гүйцэтгэгчийн аливаа хөрөнгийг барьцаалах эрхгүй. Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч эд зүйлсийг буцаан өгөөгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар шаардах эрхтэй.

Гагцхүү хохирлыг захиалагчийн үүргийн зөрчил, ажил гүйцэтгэгчид учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоотой нөхцөлд, мөн хохирол нэг бүр нотлогдсон тохиолдолд түүнийг хохирол учруулагчаас гаргуулах үндэслэлтэй.

Битл ХХК-аас 220 кв бетон зуурагч миксер, нойтон бетон өнгөлөгч сэнсэн өнгөлөгчийг 5,541,000 төгрөгөөр, иргэн А.Энх-Амараас 7.5 кв өнгөлгөөний машин, нойтон бетон өнгөлөгч сэнсэн өнгөлөгчийг 8,292,000 төгрөгөөр түрээсэлсэн, иргэн Т.Дэлгэрмөрөнөөс 7,5 кв өнгөлгөөний машин, 11 кв өнгөлгөөний тоног төхөөрөмжийг 11,500,000 төгрөгөөр худалдан авсан болох нь Б.Туулмаа гэх нэхэмжлэх, Б.Төгөлдөрөөс А.Энх-Амар, Б.Туулмаа, Т.Сэлэнгэмөрөн нарт мөнгө шилжүүлсэн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдоно гэжээ. /хэргийн 213-236 дугаар тал/

******* хангалуун ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувийн харилцах дансны зарлага нь тус компанид хохирлыг тодорхойлохгүй, мөн гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч эдгээр тоног төхөөрөмжийг түрээсэлсэн, худалдан авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

15. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч ******* ХХК-аас 36,030,400 төгрөг, 7,3 кв өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 кв тоног төхөөрөмж, 220 кв бетон зуурагч миксер, 3 хосолсон мотортой тоос соруулагч, хатсан бетон өнгөлөгч машин, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин, 3 ширхэг кабелийг гаргуулан нэхэмжлэгч ******* хангалуун ХХК-д олгож, үлдэх 41,675,000 төгрөгийн шаардлага болон 64,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 36,030,400 төгрөг, 7,3 кв өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 кв тоног төхөөрөмж, 220 кв бетон зуурагч миксер, 3 хосолсон мотортой тоос соруулагч, хатсан бетон өнгөлөгч машин, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин, 3 ширхэг кабелийг гаргуулан нэхэмжлэгч ******* хангалуун ХХК-д олгож, үлдэх 41,675,000 төгрөгийн шаардлага болон 64,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 677,385 төгрөг, хариуцагчаас төлсөн 481,450 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 338,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН