| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 147/2020/00673/и |
| Дугаар | 007 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 007
“ГБ СҮА”-ын
нэхэмжлэлтэй Ш.Н-д
холбогдох иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “ГБ СҮА”-ын захирал О.А
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Г.Э-н давж заалдах гомдлоор ГБ СҮА-н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 35957884 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Ш.Н-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У Ш.Н нар нь 2018 оны 11 сарын 29-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан манай банкнаас 29.000.000 төгрөгийн зээл авсан юм. Зээлдэгч зээлийн гэрээгээ зөрчин зээлийн эргэн төлөлтийг хийхгүй 500 гаруй хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргасан. Зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг 2 удаа албан шаардлага хүргүүлж мэдэгдсэн юм. Мөн Н-тэй 2 удаа уулзсан. Хүсэлтээ өгөөд зээлийнхээ хүүг зогсоолгох арга хэмжээ ав гэж хэлсэн боловч хүсэлтээ гаргаагүй болохоор зээлийн хүүг нь зогсоох боломж байхгүй байгаа юм. Энэ хүнтэй уулзаж байхад нөхрийн нас барсанд “ЦМ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ асуудлыг шийдэхээр зээлийг нь төлнө гэж байсан юм. Цайртаас мөнгөө авсны дараа уулзахад төлөх боломжгүй гэсэн. Ш.Н бол зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан тул хамтран зээлдэгч, У-н гэр бүлийн хүн нь тул үндсэн зээлийн төлбөрт 28,328,462.48 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7464972.72 төгрөг ,зээлийн торгуулийн хүүгийн төлбөрт 164449.63 төгрөг нийт 35,957,884.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк намайг үндсэн зээлдэгч мэтээр нэхэмжлэл гаргажээ. Би бол үндсэн зээлдэгч биш. Талийгаач зээл авахдаа цалингаа барьцаалан зээл авсан. Би тухайн үед банкнаас тэтгэврийн зээл авсан байсан. Зээлийн болон барьцааны гэрээний ар талд хамтран зээлдэгчээр надаар гарын үсэг зуруулсан байна. Талуудын эрх, үүрэг дээр хамтран зээлдэгчийн хүлээх эрх, үүрэг байхгүй байна. Би амьдралын боломжгүй учраас энэ зээлийг төлж чадахгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н-г зээлээ төлөөгүй 500 гаруй хоног хэтрүүлсэн гэж байна. Ш.Н бол зээл авах шаардлага хангасан хүн биш. Барьцааны зүйлгүй хүн. Энэ хүн банкнаас зээл авсан байсан. ГБ зээлийн гэрээ хийхдээ Төв банкнаас гаргасан баримтын дагуу гэрээ байгуулж байгаа. Цалингийн зээлийг цалинтай хүнд л олгодог гэтэл Ш.Н-н хувьд цалингүй, барьцаа ч тавиагүй. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаагаар нь хангуулахаар хуульд заасан байдаг. Ямар ч төлбөрийн чадваргүй хүнд зээл олгосон байна. Хамтран зээлдэгч гэж хуульд байхгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заасан байдаг. Энэ хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь банкны зээлд хамаарахгүй, зөвхөн барилга барих мэт ажил гүйцэтгэхэд хамтарч ажиллахыг зохицуулсан заалт. Банкны холбогдолтой хуулинд хамтран зээлдэгч гэж заагаагүй, харин батлан даагч гэж заасан. Зээлдэгч бол У, энэ хүн нас барсан. Энэ тохиолдолд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно. Гэрээнд эрсдлийн санд 1 хувийн шимтгэл авсан байгаа. Зээл төлөгдөх боломжгүй тохиолдолд эрсдлийн сангаас төлүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ш.Н-с 35,957,844.83 төгрөг гаргуулж ГБ-ны Сүхбаатар салбарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид 337,739 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ш.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 337,739 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ-ны Сүхбаатар салбарт тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: Ш.Н нь 2017 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн. Талийгаач нөхөр нь тухайн үед цалингийн орлого барьцаалж ГБ-ны Сүхбаатар салбараас цалингийн зээл авсан. Банк цалингийн зээл олгохдоо аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллаж байгаа, тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан хүнд олгодог. Гэтэл Н нь дээрх шаардлагыг хангаагүй, өөрийн орлогын эх үүсвэр болох өндөр насны тэтгэврээ барьцаалан ГБ-с зээл авсан байсан. Шүүх Н-г зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарыэ үсэг зурсан тул үндсэн зээлдэгч мөн гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийг төсөөтэй хэрэглэж Нийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Банк нь тусгайлсан хууль болох “банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилладаг. Дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно” гэж заасан байна. Үүний дагуу банк нь зээл олгохдоо заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Гэтэл Нийн өмчлөлийн ямар нэгэн барьцаа хөрөнгө, хөрөнгийн эрх, орлогыг дээрх зээлд барьцаалаагүй байна. Иймд Н-г цалингийн зээл авах шаардлага хангасан зээлдэгч гэж үзэх, түүний орлогыг барьцаанд аваагүй учраас зээлийг төлөх үндэслэлгүй байна. Ийм учраас Н-г зээлдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Иргэний хууль, Банкны тухай болон банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд хамтран зээлдэгч гэсэн нэр томъёо байхгүй, харин батлан даагч гэдэг нэр томъёо байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
ГБ-ны Сүхбаатар салбар нь Ш.Н-с цалингийн зээлийн үлдэгдэл 28328462.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7464972.72 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 164449.63 төгрөг, нийт 35957884.83 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “би өндөр насны тэтгэвэрт байдаг, цалингийн зээл аваагүй” гэж маргажээ.
ГБ-ны Сүхбаатар салбар Ч.У, Ш.Н нартай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цалингийн зээл болон барьцааны гэрээг “29000000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлж, зээлээ эргэн төлөх, төлөх хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, 5905107622 дугаартай харилцах дансыг цалингийн зээлд барьцаалах” нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулжээ. /хх- 7/
Нэхэмжлэгч нь “ЦМ” ХХК-нд худгийн насосчин ажилтай Ч.У-н “цалингийн зээл авах тухай” хүсэлтийн дагуу цалингийн зээл олгохдоо түүний ГБ-н дахь ................ дугаар харилцах дансыг барьцаалсан ба тус дансанд зээлийн 29000000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээл болон барьцааны гэрээ, зээл авах хүсэлт, зээлийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч
үндсэн зээлдэгч Ч.У-г 2019 оны 2 сард нас барсан тул Ш.Н-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-7, 36, 65, 66/
Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Н-г зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндсэн зээлдэгч гэх боловч хариуцагч зээл авах хүсэлт гаргаагүй төдийгүй түүнд зээл олгох эсэх талаар судалгаа хийгээгүй, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д түүнтэй холбоотой эд хөрөнгө, данс барьцаалаагүй, хамтран зээлдэгчийн/үүрэг гүйцэтгэгч/ эрх, үүрэг, хариуцлагын талаар гэрээнд тусгаагүй байтлаа Ш.Нийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж үндсэн зээлдэгчтэй адилтгаж үзэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,” гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн банк бусдад цалингийн зээл олгохдоо тухайн байгууллагад ажилласан хугацаа, хүссэн зээлээ цалингаараа хэдий хугацаанд төлөх боломжтойг нь судалж, ирээдүйд авах цалинг нь барьцаалж, цалингаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх нөхцөлөөр олгодог журамтай. Цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэх ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ажилтан хөдөлмөрлөж цалин хөлс авах нь тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх, нөгөө талаас өөрийн цалингаа барьцаалж цалингийн зээл авах нь хувь хүний эрхтэй салшгүй холбоотой үүрэг үүсгэдэг. Зээлдүүлэгчийн олгох цалингийн зээлд хөдөлмөрлөж, цалин авч буй ажилтанд дээр дурдсан нөхцөлөөр хамрагдах боломжтой байдгаас биш, ажилгүй, түр ажилтай, өндөр насны тэтгэвэрт байдаг иргэд хамрагдах боломжгүй юм.
Анхан шатны шүүх хариуцагч Ш.Н-г Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг түүнийг нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй цалингийн болон барьцааны гэрээ, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагджээ.
Тухайлбал: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “ үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болдог байна.
Иймд энэ талаар бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч Ш.Н-д холбогдуулан гаргасан ГБ-ны Сүхбаатар салбарын 35957884.83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 –д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Хоёр.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА