Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/143

 

 

 

 

А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор 17.3,

шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ат холбогдох 2218003120179 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.А- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 951 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар тогтоолоор хяналтын хугацаа дууссан;

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.А нь 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 20 удаагийн үйлдлээр “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж бусдад итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулж нэр бүхий 20 хохирогчоос 109,105,000 төгрөг шилжүүлж авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б овогт А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 105,705,000 төгрөгийг  гаргуулан хавсралтад заасан нэр бүхий 20 хохирогчид олгож, Эрүүгийн 2218003120179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие танил найз нөхдөөрөө дамжуулан энхийг сахиулах ажиллагаанд явах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл, бусад зүйлсийг өмнөөс нь бүрдүүлэн өгч, энэ ажлаа тодорхой үнээр үнэлж, өөртөө цалин хэлбэрээр авсан нь үнэн. Гэхдээ бодит байдал дээр хохирогчоор тогтоогдсон 20 хүний заримыг танихгүй, энхийг сахиулах ажиллагаанд ярьж, тохирч хэлсэний дагуу яваад ирсэн байгааг анхаарч үзвэл зохино. Эдгээр нэр бүхий 20 хохирогчоос Ч.Б, О.Ц, М.Б, О.Б, Б.Б, Б.М гэх зургаан хүн мөнгөнийхөө хариуд ажлаа бүтээлгэж амжаагүй. Ерөөс санаатайгаар залилан мэхлэх сэдэл үгүй, ажил төрлийг нь бүтээж өгөх хүсэлтэй байсан ч асуудал бүтээгүй юм.

Шийтгэх тогтоолд хэд хэдэн ойлгомжгүй зүйлс байна: Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн нэр 1-р нүүрэнд Ж.Ундармаа гэх атлаа 2-р нүүрэнд Д.Ж гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолын 7-р нүүрэнд хохирогч Л.Б гэх хүний тухай, мөн үнэгүй.мн сайтад байр түрээслэх талаар дурджээ. Надад ийм үйлдэл болон хохирогч байхгүй. Үүнийг ойлгомжтой болгож өгнө үү.   7-р нүүрэнд иргэний хариуцагч Ч.Мөнхтуяаг гэрч гэж нэрлэн, нэг мэдүүлгийг хоёр хуваан дурдсан байхыг анхаарч үзнэ үү.

Миний хувьд өөрийн гэм буруугаа ухаарч байна. Бусдын ажлыг бүтээгээд өөрт хэрэгтэй байдлаар ажиллах санаатай байснаас ерөөс бусдыг залилан мэхэлж боломжгүй зүйлийг зориудаар бий болгоогүй гэдгийг энхийг сахиулах ажиллагаанд миний тусламжтайгаар яваад ирсэн хүмүүсийн бодит жишээгээр харж, үүнийг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Эцэстээ залилан мэхлэх гэмт хэрэг болж хувирсанд гэмшиж байна. Гэм буруу болон гарсан асуудал, үр дүнтэй маргахгүй, маш их ичиж байна. Надад хувийн байдлын хувьд анхаарч үзвэл зохих нөхцөл бий бөгөөд өрх толгойлсон эх, зургаан хүүхдээ өрөө харж хандан, өсгөж хүмүүжүүлдэг юм. Энэ байдлыг анхаарч, энэрч үзнэ үү. 461-р ангид хоригдсоноос хойш хүүхдүүдийн маань сурлага, хүмүүжил, ахуй байдал, сэтгэл санаанд өөрчлөлт орж байна. Иймд нэг хоногийн өмнө ч гэсэн үр хүүхдүүд дээрээ очих хүсэлтэй байна. Миний хувийн байдал болон гэм буруугаа ухаарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасган өөрчилж, хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү. Надад гэмт хэрэг үйлдэх санаа агуулсан болон зохион байгуулалттай үйлдэл байгаагүй, цаашид хууль бус үйлдэл гаргахгүй, зөв шударга хөдөлмөрлөж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж амьдрахаа амлаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан /хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн/ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд явах нь өөрөө холбогдох хууль, дүрэм журмын дагуу тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд /бие бялдар, эрүүл мэнд гэх мэт/ холбогдох байгууллагаас тогтоосон журмын дагуу материалаа бүрдүүлэн өгч, тэнцсэнээр явагддаг ажиллагаа. Харин хэн нэгэн этгээд бусдаас мөнгө авч, бусдад өгч дундаас нь ашиг олох замаар явагддаг ажиллагаа биш юм. Хохирогч нарын хувьд дээрх нөхцөл байдлыг өөрсдөө бүрэн мэдэж, ухамсарлаж байсан боловч өөрсдийн ашиг сонирхолыг хангуулах зорилгоор хууль бус, зүй бус үйлдэл хийж шүүгдэгчийн фэйсбүүк хаяг, утас зэргийг танил талаасаа асууж олж аван холбогдож өөрсдийн эд хөрөнгө болох тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч А.Аийн хувийн байдлын хувьд ам бүл 9 /олуулаа/, өрх толгойлсон эмэгтэй. 2018 онд төрсөн 5 настай охин, 2016 онд төрсөн 7 настай хүү, 2011 онд төрсөн 12 настай хүү, 2013 онд төрсөн 10 настай хүү зэрэг өөрийн 6 хүүхэд болон өөрийн төрсөн дүү, түүний охин нарын хамт А дүүргийн 00 дүгээр хороо, 0 гудамжны 00 тоот байранд амьдардаг байсан ба уг байрыг нь шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хураан авч албадан чөлөөлжээ. Одоо шүүгдэгч А.Аийн хүүхдүүд, дүү нар нь А дүүргийн 00 дүгээр хороо, З гудамжны б байрны 00 тоот хөлсний байранд амьдарч байгаа болно. Шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэхийг хүсч байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Шүүгдэгч А.Ат оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоол хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ж.Ундармааг Ж.Жаргалмаа гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байгаа. Шүүгдэгч А.Ат хорих ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тухайн хохирогч нараас авсан мөнгийг амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцаснаас гадна хувийнхаа хэрэгцээнд зарцуулж байснаа шүүгдэгч А.А өөрөө хэлдэг. Хохирогч нарыг энхийг сахиулах ажиллагаанд явуулах талаар идэвхтэй үйлдэл хийсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх гэсэн заалт байгаа. Үүн дээр өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас бусдад учруулсан хохирол төлөгдсөн байдал байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр төлөгдсөн 3,400,000 төгрөгийг хасаад нийт 20 хохирогчид 105,705,000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан. Өнөөдрийг хүртэл хохирогч нарт төлөгдсөн зүйл байхгүй. Тийм учраас А.Ат хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Ат холбогдох 2218003120179 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч А.А нь 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 19 удаагийн үйлдлээр хохирогч Д.Оээс 6,000,000 төгрөгийг, Ц.Б 5,000,000 төгрөгийг, Ч.Б-д 6,000,000 төгрөгийг, П.Э-аас 6,000,000 төгрөгийг, Ү.Т-ээс 2,705,000 төгрөгийг, П.Ч-аас 5,000,000 төгрөгийг, Т.Г-аас 2,500,000 төгрөгийг, Ж.А-аас 6,000,000 төгрөгийг, Ц.М-оос 5,000,000 төгрөгийг, О.Ц-аас 6,000,000 төгрөгийг, М.Б-т 6,000,000 төгрөгийг, О.Б-өөс 6,000,000 төгрөгийг, Л.Б-ээс 7,000,000 төгрөгийг, А.Д-д 7,400,000 төгрөгийг, Б.Б-аас 3,000,000 төгрөгийг, Г.М-аас 4,800,000 төгрөгийг, Б.М-ээс 6,000,000 төгрөгийг, Э.Ц-ээс 5,800,000 төгрөгийг, Б.Э-аас 6,000,000 төгрөгийг “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Н.О-аас 3,500,000 төгрөгийг “...ажилд чинь буцааж оруулж өгнө...” гэж төөрөгдөлд оруулан хуурч, нийт 20 хохирогчоос 109,105,000 төгрөг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

хохирогч Д.Оийн: “...нөхөр бид хоёр мөнгө хайгаад олдохгүй болохоор нөхөр больё гэхэд нөгөө гадаад руу ажиллагаанд явуулна гэсэн эгч байнга залгаад байсан. Тэгээд манай нөхөр 1,000,000 төгрөг олоод нөгөө эгчтэй холбогдоход над руу явуулчих, би нэрийг чинь ажиллагаанд явах хүмүүсийн жагсаалд оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 570ххх5902 дугаарын Цэнгэлбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр би Төрийн банкны 14000........ тоот өөрийн эзэмшлийн данснаас 570ххх9645 тоот Азхишигт гэх нэртэй данс руу үлдэгдэл 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Холбогдох хүмүүс рүү яриад хувцсаа бэлдээд явахад бэлэн болоод байж байгаарай эргэж холбогдоно гэж хэлээд өдийг хүртэл янз бүрийн шалтгаан хэлж тайлбар тавьж ирсэн учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” /1-р хх-ийн 39/,

гэрч Г.Ө-ын: “...утсаар холбогдож ажиллагаанд явах талаар ярихад эрүүл мэндийн шалтгаан хамаагүй, асуудалгүй эгч нь явуулаад өгнө гэж хэлээд, тэр эгчтэй фейсбүүкээр найз болоод хоорондоо холбогдож харьцаж байгаад нөгөө эгч над руу мөнгөө шилжүүлчих нэрийг чинь ажиллагаанд явах хүмүүсийн нэрд оруулах гээд байна гээд намайг 6,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхэд боломжгүй байна гээд тэр эгчид хариу өгөхөд нөгөө эгч байнга залгаж байгаад намайг “эхлээд 1,000,000 төгрөг явуулчих, тэгээд нэрийг чинь оруулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би тэр эгчид эхлээд Хаан банкны 507хххх857 дугаартай данснаас нөгөө эгчийн над руу мессежээр явуулсан 570хххх902 дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд дараа нь удалгүй манай эхнэр Отгончимэг өөрийн 140ххххх3480 тоот Төрийн банкны данснаас 5,000,000 төгрөгийг 570хххх645 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш нөгөө эгчтэй утсаар холбогдоход надад худал хэлж ажиллагаанд удаахгүй явуулна гэж хэлдэг. ...” /1-р хх-ийн 41, 45/,

хохирогч Ц.Б-ийн: “...А нь өөрийгөө “найдвартай явуулж өгдөг, эрүүл мэндийн асуудал гарвал бүгдийг нь шийдээд өгнө, чи мөнгөө өгчих, тэгээд асуудалгүй, 5,000,000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Тиймээс Ат итгээд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 501хххх641 тоот данснаас өгсөн 570хххх902 тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Аээс асуутал цаад хүндээ өгчихсөн, явж л таараа цаад хүнээс асуу гэх мэт хэн нь мэдэгдэхгүй тодорхой бус хүн рүү бүх юм аа чихээд яваад байсан. Цаад хүнийхээ нэрийг ч хэлээгүй байж тухайн хүнээс асуу гэх мэт утга учиргүй юм яриад эхэлсэн.  ...”/1-р хх-ийн 202/,

хохирогч Ч.Б-н: “...тухайн эмэгтэйтэй холбогдож хэрхэн яаж энхийг сахиулах ажиллагаанд явах талаар асуухад “6.000.000 төгрөг өгчих манай ах Жанжин штабын дэд дарга” гэж ярьдаг байсан бөгөөд үнэхээр алба хаагч бид нараас илүү удирдлагуудын талаар мэдээ мэдээлэлтэй байдаг байсан. Тэгээд би итгээд 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Аийн 570хххх902 тоот данс руу мөнгийг шилжүүлсэн. Гэтэл А нь намайг өчнөөн ажил чирэгдэл болгож янз бүрийн шалгалтад оруулж байгаад явуулаагүй бөгөөд миний мөнгийг луйвардсан...” /1-р хх-ийн 223-224/,

хохирогч П.Э-ийн: “...өөрийгөө А гэж танилцуулаад чамайг энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулж чадна. Надад олон таньдаг хүн байгаа, 6,000,000 төгрөг байхад болно гэж хэлэхэд надад итгэл төрөөд өөрсдийнхөө фейсбүүк цахим хаягийг солилцон харьцаж эхэлсэн. Тэгээд харьцаж байх хугацаанд нийтдээ 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Анх надад хэлэхдээ 6,000,000 төгрөгийг яаралтай өг, олон дарга нарт хувааж өгдөг гэж байсан....” /1-р хх-ийн 244/,

гэрч П.Ж-ын: “...Манай төрсөн эгч П.Э нь 2022 оны 5 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанд явах гээд А гэх хүнд 6,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө 594хххх999 тоот данснаасаа А гэх хүний өгсөн 570хххх902 тоот дансанд хийсэн. Гэвч тухайн А гэх хүн нь манай эгчид хэлсэндээ хүрээгүй...” /1-р хх-ийн 247-248/,

хохирогч Ү.Т-ийн: “...Ээж бид хоёроос 2,705,000 төгрөгийг авч байсан. Тэр 2,705,000 төгрөгөө цааш нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр А гэх хүнд өгөхөөр түүний өгсөн 5704045902 тоот дансанд хийсэн байсан. Гэвч тухайн мөнгийг А нь авчхаад хэлж амласандаа хүрээгүй, энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгөөгүй.  ...” /2-р хх-ийн 29-30/,

хохирогч П.Ч-ын: “...2021 ондоо багтааж энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэсэн талаараа надад хэлсэн. Тэгээд надаас тэр хүн рүү 5,000,000 төгрөг явуулаад өгөөч гэж гуйсан бөгөөд би хүүдээ итгээд 5,000,000 төгрөгийг 570хххх902 тоот данс руу өөрийн 554хххх730 тоот данснаасаа 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “120 дугаар анги Сумъяабазараас” гэх утгатайгаар шилжүүлсэн.  ...” /2-р хх-ийн 49-50/,

хохирогч Т.Г-ийн: “...А нь өөрийгөө найдвартай явуулж өгдөг, эрүүл мэндийн асуудал гарвал 3,000,000 төгрөгөөр, бүгдийг нь шийдээд өгнө, ажиллагааны бэлтгэлд явуулахгүйгээр ч зохицуулж өгч чадна, тэгвэл 5,000,000 төгрөг болно гээд бүр тариф тогтоож байсан. Би эрүүл мэнд дээр бага зэрэг санаа зовниж байсан тул 2,500,000 төгрөгийг А надаас авахаар болоод би 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийн Хаан банкны 501хххх633 тоот данснаас Аийн өгсөн 570хххх902 тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Гэвч үүнээс хойш 2021 оны 12 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанд явах хугацаа болоход миний нэр ороогүй, явж ч чадаагүй, надад мөнгийг минь ч өгөөгүй. Тэгээд Аээс асуутал дараагийн ажиллагаануудад явах уу гэх мэт худлаа юм яриад байдаг. Мөнгөө авъя гэхээр мөнгийг чинь хүмүүст өгчихсөн байгаа гэдэг...” /2-р хх-ийн 69-70/,

хохирогч Ж.А-ийн: “...Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 568хххх963 тоот данснаас Хаан банкны 570хххх902 тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч үүнээс хойш хүүтэй минь хэн ч холбоо бариагүй, ажиллагаанд ч яваагүй, мөнгөө аваагүй. ...өөрийн эхнэр Сандагийн Гэрэлмаагийн данснаас 3,000,000 төгрөг шилжүүлсэн...” /2-р хх-ийн 89, 92-93/,

хохирогч Ц.М-ны: “...А 5,000,000 төгрөг өгчих удахгүй энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж хэлээд 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 5,000,00 төгрөгийг А.Аийн 570хххх902 тоот Хаан банкны данс руу би нөхрийгөө цалингийн зээл авхуулж байгаад шилжүүлсэн. Тэгээд удахгүй энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж хэлээд таг алга болчихсон бөгөөд ямар ч шалгалт өг энэ тэр гэж юм яриагүй болно л гэдэг үг хэлдэг байсан. Тэгээд болохгүй болохоор нь мессеж бичээд асуусан чинь намайг доромжлоод “мангар тэнэгээр” дуудаад байсан. Тэрнээс хойш холбогдохоо болиод фейсбүүкээр блок хийгээд алга болчихсон.  ...” /2-р хх-ийн 78-79/,

хохирогч Н.О-ны: “...Би 2010 оноос 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 305 дугаар ангид инженерийн салаан захирагчийн орлогчоор ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын хариуцлагын улмаас ажлаас халагдсан юм. А.А “болно бүтнэ ажилд чинь оруулаад өгье чи надад 5,000,000 төгрөг өгчих, харин 3,000,000 төгрөгийг одоо өгчих ажилдаа орсон хойноо 2,000,000 төгрөгийг өгөөрэй” гэхээр нь зөвшөөрсөн юм. 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх үедээ Хаан банкны АТМ ашиглаж эхнэр Н.Д-гийн 589хххх849 тоот данснаас А.Аийн өгсөн 570хххх902 тоот данс руу төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр А.А нь залгаж яриад яаралтай 500.000 төгрөг хэрэгтэй байна, тушаал гаргах хүмүүс чинь нэхээд байна гэхээр нь итгээд эхнэр Н.Дагийсүрэнгийн 5890633849 тоот данснаас А.Аийн өгсөн 570хххх902 тоот данс руу 500,000 төгрөгийг Баянгол дүүгийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 02 дугаар орцны 63 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглаж шилжүүлсэн...” /2-р хх-ийн 211-212, 221-222/,

хохирогч О.Ц-ийн: “...А нь намайг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжээр Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж хэлсэн болов ч явуулж өгөөгүй. Сүүлд нь худал яриад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /3-р хх-ийн 34-35/,

иргэний хариуцагч Ч.М-ийн: “...2022 оны 4 дүгээр сард манай нөхөр явахаа болилоо гээд мөнгөө буцааж авъя гэхэд за өөр явах хүн байвал хэлээрэй гэж А хэлсэн. Тэгээд манай ажлын Ц явна гэхээр нь 6,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр авсан. Тэгээд цаашаа А рүү өгөх гэсэн чинь чи нөхрийнхөө 1,000,000 төгрөгийг ав гэсэн. 5,000,000 төгрөгийг нь 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр А рүү шилжүүлсэн...” /3-р хх-ийн 38-39/,

хохирогч М.Б-ийн: “...Атэй холбогдоход “энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө, манай ах генерал Ганбямба” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 6,000,000 төгрөг нэхсэнийг нь Мөнхтуяа гэх хүний 502хххх984 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2,000,000 төгрөгийг Аийн өгсөн 570хххх902 тоот дансанд төгрөгийг хийсэн. Ингээд би нийт 6,000,000 төгрөгийг өгчхөөд байхад А нь намайг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хээрийн бэлтгэлд гаргана гэж хэлээд оруулаагүй. Миний шалгалт шүүлгийг зохицуулна гэж хэлчхээд ямар ч шалгалтад намайг оруулаагүй бөгөөд миний нэрийг оруулаагүй. Тэгээд л сүүлдээ худпаа юм байна гэдгийг нь мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн энхийг сахиулах ажиллагааны онгоцонд шууд суулгачихна энэ тэр гээд байсан худлаа байсан...” /3-р хх-ийн 69-70/,

хохирогч О.Б-ийн: “...би А гэх хүний өгсөн Хаан банкны Д гэх эзэмшигчтэй 551хххх303 тоот дансанд би өөрийн 537хххх890 тоот данснаасаа 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус хийсэн. Тэгээд би Л.Нйн эхнэр М-д 1,000,000 төгрөгийг өгснийг Мөнхтуяа нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А гэх хүний өгсөн 570хххх902 тоот дансанд төгрөгийг хийсэн. Мөн би өөрийн 537.......890 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А гэх хүний 570хххх902 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт А гэх хүнд 7,000,000 төгрөгийг би дүү Н-ийг энхийг сахиулах ажиллагаанд явуулахаар өгсөн. ...7,000,000 төгрөгийг А нь авахдаа эмчийн шалгалт болон тамирын шалгалт бусад шалгалтуудыг аргалахад зарцуулна гэж хэлж авч байсан...” /3-р хх-ийн 119-120/,

хохирогч Л.Б-ийн: “...Миний төрсөн дүү Л.Нямдорж нь Налайхын цэргийн ангид ахлагчаар ажилладаг юм, тэгээд энхийг сахиулах ажиллагаанд явмаар байгаагаа надад хэлсэн тэгээд А гэх хүнд 5.000.000 төгрөг өгөөд явдаг юм байна гэж хэлсэн, тэгэхээр нь би залилуулчих юм биш үү тэгж мөнгө төгрөг өгч явж яадаг юм бэ гээд хэлсэн чинь би амьдралаа дээшлүүлэх гээд байхад та туслахгүй юм гээд хэлсэн, тэгээд надаас өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь би А гэх хүний өгсөн Хаан банкны Даваадорж гэх эзэмшигчтэй 551.......03 тоот дансанд би өөрийн 53.........90 тоот данснаасаа 2021 оны 06 сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2021 оны 07 сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус хийсэн, тэгээд би Л.Н-ийн эхнэр М-д 1.000.000 төгрөгийг өгснийг Мөнхтуяа нь 2021 оны 10 сарын 29-ны өдөр А гэх хүний өгсөн 57.............02 тоот дансанд 1.000.000 төгрөгийг хийсэн, мөн би өөрийн 53...........0 тоот данснаас 2021 оны 10 сарын 22-ны өдөр А гэх хүний 57............02 тоот дансанд 1.000. 000 төгрөгийг шилжүүлсэн, ингээд нийт А гэх хүнд 7.000.000 төгрөгийг би дүү Н-ийг энхийг сахиулах ажиллагаанд явуулахаар өгсөн...” /3-р хх-ийн 119-120/,

гэрч Т.М-ийн: “...Над руу Б эгч 1,000,000 төгрөг хийгээд тэрийг нь цааш би өөрийн данснаас А гэх хүний өгсөн 570хххх902 тоот дансанд Нямдорж гэх утгаар шилжүүлсэн...” /3-р хх-ийн 123-124/,

хохирогч А.Д-ийн: “...А гэх хүний утасны дугаарыг олж аваад холбогдож үзсэн. Тухайн үеэр А нь өөрийгөө “найдвартай явуулж өгдөг, эрүүл мэндийн асуудал гарвал бүгдийг нь шийдээд өгнө, чи мөнгөө өгчих, тэгээд асуудалгүй, 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тиймээс Ат итгээд 2021 оны 6 дугар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл өөрийн Хаан банкны 551хххх303 тоот данснаас Аийн өгсөн 570хххх902 тоот данс руу 7,400,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Гэвч үүнээс хойш 2021 оны 12 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанд явах хугацаа болоход миний нэр ороогүй, явж ч чадаагүй, надад мөнгийг минь ч өгөөгүй...” /3-р хх-ийн 145/,

хохирогч Б.Б-ын: “...А гэх хүнд намайг өргөдөл бичээд өг гэж хэлсэн. Тэгээд өргөдлөө бичиж өгөөд байж байгаад А гэх хүнд 6,000,000 төгрөг өгөөд энхийг сахиулах ажиллагаанд явахаар болсон. Гэвч тухайн хүн нь огт намайг ажиллагаанд явуулаагүй. Тэгэхээр нь би мөнгөө нэхээд 6,000,000 төгрөгөөсөө 3,000,000 төгрөгийг нь авчихсан...” /3-р хх-ийн 167-168/,

хохирогч Г.М-ын: “...А гэх хүнтэй холбогдож ярьж үзсэн. Тухайн үеэр А нь өөрийгөө найдвартай явуулж өгдөг, хэрвээ шалгалт үзлэг, хугацаан дээр асуудал гарвал ийм ч генерал, ийм даргаар яриулаад бүгдийг нь шийдээд өгнө. Чи яаралтай 6,000,000 төгрөг олоод өг гэж хэлж байсан. Тиймээс Ат итгээд 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өөрийн Голомт банкны 281хххх481 тоот данснаас Аийн өгсөн 570хххх902 тоот данс руу 2 хувааж 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч үүнээс хойш 2021 оны 12 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанд явах хугацаа болоход миний нэр ороогүй, явж ч чадаагүй, надад мөнгийг минь өгөөгүй. Тэгээд Аээс асуутал намайг сүрдүүлж, чи зүгээр ажлаа хий, хууль хэнд үйлчлэх нь харъя гэх мэт зүйлсийг ярьж над руу давшилж эхэлсэн. Үүнээс хойш би энхийг сахиулах ажиллагаанд явж чадаагүй. Мөнгөө ч авч чадаагүй...” /3-р хх-ийн 195/,

хохирогч Б.М-ийн: “...А гэх хүнтэй утсаар холбогдоход “энхийг сахиулах ажиллагаанд явуулна, ямар ч асуудал байхгүй, манай ах Жанжин штабт ажилладаг их том албан тушаалтай, би өөрөө Нийслэлийн прокурорын газарт ажилладаг” гэж байсан. Тэгээд 2021 оны энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж хэлээд надаас 6,000,000 төгрөг авна гэж хэлж байсан. Тэгээд би маргааш нь хадгаламжаа цуцлаад 6,000,000 төгрөгийг өөрийнхөө 514хххх196 тоот Хаан банкны данснаас Аийн өгсөн Ц гэх эзэмшигчтэй 570хххх902 тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өөрийн гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгчхөөд хүлээгээд байж байтал намайг ямар ч шалгалтад оруулаагүй бөгөөд шалгалтууд явагдаад байхад яагаад шалгалт сургалтад оруулахгүй байгаа талаар А гэх эмэгтэйгээс асуухад “чамайг яг явахад онгоцонд суулгаж өгнө визэнд оруулна” гээд миний гадаад паспортыг авсан боловч ямар ч визэнд оруулсан зүйл байхгүй. Ямар ч онгоцны билет захиалж өгөөгүй. Тэгээд л худлаа яриад яваад байсан. Тэгээд 2021 онд бүх ээлж явж дууссан боловч би яваагүй. Тэгээд “мөнгөө авъя” гэсэн боловч 2022 онд явуулж өгье” гээд бас л алга болчихсон бөгөөд одоог хүртэл надаас авсан мөнгөө өгөлгүй намайг залилаад байна.  ...” /3-р хх-ийн 217-218/,

хохирогч Э.Ц-ийн: “...А.А гэх хүний хэлсэн данс руу 3 саяар 2 удаа гүйлгээ хийж нийт 6 сая төгрөгийг шилжүүлээд А.А гэх хаягтай харилцахад таныг ойрын хугацаанд дуудна, та гадаад пасспортоо захиалаад байж бай би Судан улс руу явуулж өгнө, танай анги байгууллагын удирдлага дарга нарт мэдэгдсэн байгаа гэж мэдэгдсэн. Одоог болтол ямар нэгэн шийд гараагүй...” /3-р хх-ийн 248-249/,

хохирогч Б.Э-ы: “...891........ гэх дугаарыг аваад ярихад 6,000,000 төгрөг, бичиг баримтаа над руу явуулаа гэхээр нь би тухайн үедээ тэр хүнд итгээд фейсбүүк чатаар Хаан банкны 570хххх902 тоот Ц гэх нэр бичээд явуулахаар нь би тухайн 6,000,000 төгрөгийг тэр дор нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн интернэт Хаан банкны 5040хххх418 тоот дугаарын дансаар шилжүүлсэн...” /4-р хх-ийн 32-33/,

А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тухайн ажиллагаанд бүртгэсэн мөнгийг манай цэргийн байгууллагад ажилладаг найзууд нээх авч байгаагүй, би хүмүүсээс орж ирсэн мөнгийг амьдралдаа буюу ногоо тариалалт, техник, ажилчдын хөлс, бордоо, ахуйн бараа, хүнс хэрэгцээндээ зарцуулж байсан. ...Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яаманд ажилладаг дэд хурандаа цолтой миний танил найзууд байдаг байсан. ...би тэдгээр хүмүүсээс гуйж бусдад туслах зорилготойгоор 2018 оноос эхэлж ахлагч цолтой хүүхдүүдийг энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгдөг байсан. ...Би тэр найзуудаасаа гуйж байгаад энхийг сахиулах ажиллагаанд нэрсийг нь оруулж өгдөг байсан. Манай найзууд надаас хүмүүсийн мөнгийг авч байгаагүй. ...Би энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж мөнгө авч байсан. Гэхдээ би энхийг сахиулах ажиллагаанд явуулах эрх бүхий албан тушаалтан биш. Би бусдаас авсан мөнгөө өөртөө зарцуулсан ...өөрийн хэрэглээний зүйлд зарцуулж байсан, ...ахуйн хэрэглээ, хоол унд, ногоо гэх мэт зүйлсэд ерөнхийдөө хэрэглээндээ зарцуулж байсан. Би бусдыг энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж авсан мөнгөө цааш хэн нэгэн хүнд өгч байгаагүй, бусдыг хуурч, мэхэлж итгэл төрүүлэх зорилгоор цааш хэн нэгэн албан тушаалтанд өгнө гэж худал хэлдэг байсан. ...2021 онд тарьсан ногоо ургацаа алдаад ...дампуурсан. ...тэгээд мөнгөгүй болоод асуудалд орсон болохоор бусдаас мөнгө авч тухайн хэргүүдийг үйлдсэн. ...Би хувьдаа зарцуулж дуусгасан. ...Би таньдаг хүнээр дамжуулж байгаад явуулах гэж байсан боловч 25 хүн хасагдаад миний ажил бүтэхгүй болсон. ...Жанжин штабт ажилладаг байсан би нэрийг нь хэлэхгүй..” /1-р хх-ийн 56, 58, 74-75, 78-79, 4-р хх-ийн 61/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч нарын дансны хуулгууд, Х.Ц-ын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 83-129/, Х.А-ийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 130-186/, Х.Ц-ын Хаан банкны 570хххх902 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 187-190/,

зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15/3101 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 5/, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Г, хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Г-р нарын тайлбар /3-р хх-ийн 6-7/,

иргэний хариуцагч Ч.М-н дансны хуулга /3-р хх-ийн 45-46/,

сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 181, 206-207/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч А.Аийн “...энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө...” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 19 хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулан залилж, “...ажилд чинь оруулж өгнө...” гэж нэг хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулан залилж 109,105,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Ат түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг сонгож, найман жилийн хугацаагаар оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Давж заалдах шүүх шүүгдэгч А.Аийн нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгааг болон өрх толгойлсон эх буюу 5-12 насны бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг хувийн байдлыг нь  харгалзан шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг ханган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...таван жилээс арван хоёр найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолд А.Аийн “...энхийг сахиулах ажиллагаанд явуулна...” гэсэнд нь төөрөгдөлд орж хууртагдан 7,000,000 төгрөгөөр хохирсон хохирогч Л.Бгийн мэдүүлгийг өөрөөр бичсэн /шийтгэх тогтоолын 7 дахь нүүр/ байгааг магадлалаараа зөвтгөсөн ба шийтгэх тогтоолын удирдлага болгох хэсэгт шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Жаргалмаагийн нэрийг Ж.Ундармаа гэж буруу бичсэн байгааг дурдаж байна.

Шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс магадлал гарсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 84 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ