Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Б.Одонтунгалагт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Алтантүлхүүр,

цагаатгагдсан этгээд Б.Одонтунгалаг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Одонтунгалагт холбогдох эрүүгийн 2016 2503 0652 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Бямбаагийн Одонтунгалаг, 1989 оны 12 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЧ89122201/,

Б.Одонтунгалаг нь согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж, 130 тоотод бага насны /3 сартай/ хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж хайхрамжгүй хандсаны улмаас О.Азжаргалыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Одонтунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Одонтунгалагт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Одонтунгалагийг цагаатгаж, Б.Одонтунгалаг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Алтантүлхүүр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1/ Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнх-Од “...2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим манай найз Одонтунгалаг над руу утсаар яриад найз нь танай гэрт очлоо шүү тосоорой гэж хэлсэн юм. ...би дэлгүүр орж 1 жижиг пиво авчихаад бид хоёр мартын 8-аар уулзаагүй юм чинь ганц, хоёр пиво ууя гэж яриад уг пивийг ууж дуусчихаад орой хоолоо хийхээр болсон. Хоолоо хийж идчихээд найзтайгаа юм яриад сууж байгаад дэлгүүр хаахаас өмнө гарч ганц хоёр пиво аваад ирье гээд гэрээсээ гарсан. ...дэлгүүр ороод 3 шил пиво аваад ...орой 22 цагийн орчимд манай найз өөрийн талийгаач хүүгээ орон дээр өлгийдөж унтуулчихаад бид хоёр юм ярингаа 3 шилтэй пиво хувааж уугаад ярьж сууж байхад ...01 цаг болж байсан...” /хх-ийн 23-24/, Б.Одонтунгалагийн сэжигтэн, яллагдагчаар 2 удаа өгсөн “...Мөнх-Одын ...гэрт ...цай унд уучихаад юм ярьж байгаад гадагшаа гарч яваад дөрвөн шил пиво авч орж ирээд ...би нэг шил пивийг уугаад дараа нь хоол ундаа хийж идчихээд юм ярьж сууж байгаад ороо засаад охиноо унтуулчихаад шөнө 01 цагийн үед охиноо хуурайлчхаад зурагт үзэж байгаад унтаж амарсан...” /хх-ийн 38-39, 40-41/ гэж өөр хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Түүнчлэн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч балгасан пивондоо согтсон эсэх, согтсон бол хэмжих багажаар хичнээн хувийн согтолттой байсан...” зэргийг нягталж шалгах шаардлагатай гэж дурдсан байх тул үүнийг тодруулж шалгах. Өөрөөр хэлбэл Б.Одонтунгалагын өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, үүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна. 2/ Гэрч Б.Мөнх-Одын “...би очоод гар дээрээ доошоо харуулж байгаад ар нуруу луу гараараа тогшсон юм. Тэр үед хамарнаас нь цагаан сүү мэт зүйл гарсан...” /хх-ийн 23-24/ гэж мэдүүлсэн бол Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 516 тоот актын /хх-ийн 28-31/ Дүгнэлт хэсэгт “...талийгаач нь амьсгалын дунд болон доод зам гадны биетээр /сүү/ бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас баржээ...” гэсэн бол шинжээч эмч Б.Болормаа “...ходоодонд байх агууламж буюу сүү гулгих болон бөөлжүүлэх явцад амьсгалын зам руу орж амьсгалын хурц дутагдалд орсон гэж үзнэ...” гэж /хх-ийн 27/ мэдүүлжээ. Гэтэл мөрдөн байцаалтаар талийгаачийн тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан, эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөл боломж байсан эсэх, талийгаач нь амьсгалын дунд болон доод зам гадны биетээр /сүү/ бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас барсан нь амьсгалын дутагдалтай холбоотой эсэх шалтгааныг бүрэн шалгаагүй орхигдуулж мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийж гүйцэтгэсэн байна. 3/ Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнх-Од “...өглөө 06 цаг өнгөрч байхад манай найз Одонтунгалаг миний хүүхэд хөдлөхгүй байна гээд орилоод байхаар нь 103 ...дуудсан ...өглөө очоод харахад өлгийтэйгээ дээшээ хараад хэвтсэн байрлалтай байхаар нь би очоод гар дээрээ доошоо харуулж байгаад ар нуруу луу гараараа тогшсон юм. Тэр үед хамарнаас нь цагаан сүү мэт зүйл гарсан...” гэх /хх-ийн 23-24/, Б.Одонтунгалагийн сэжигтэн, яллагдагчаар 2 удаа өгсөн “...Өлгийдөж байгаад хажуудаа тавиад унтуулсан. Шөнө 3 цагт би хэвтэж байгаад талийгаачид мөөмөө 10-15 минут хөхүүлээд хажуудаа дээшээ харуулаад тавьсан. Өглөө босоход талийгаач нь өлгийтэйгээ бие нь хөшсөн, амаа ангайсан байдалтай, хамарнаас нь цагаа сүү шиг зүйл гарсан байсан...” гэж /хх-ийн 38-39, 40-41/ мэдүүлжээ. Иймд шинэ нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгахын тулд, түүнчлэн урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд яллагдагч Б.Одонтунгалаг болон гэрч Б.Мөнх-Од нарын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах нь зүйтэй байна. 4/ Прокурорын яллах дүгнэлтэд бага насны /3 сартай/ хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж хайхрамжгүй хандсаны улмаас О.Азжаргалыг болгоомжгүй алсан гэжээ. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...яллагдагчийн үйлдсэн хэргийн товч арга, сэдэлт, санаа, зорилго...” эрс өөр хоорондоо зөрүүтэй байдлаар дурдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь заалтыг зөрчсөнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Одонтунгалагийн өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Прокуророос Б.Одонтунгалагийг хөхөөрөө дарсны улмаас хүүхэд нас барсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүүх хуралдаанд прокурор “Хөхүүлээд алсан үйлдэл нь болгоомжгүй алсан үйлдэл юм” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл прокурор яллах дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлсэн. Б.Одонтунгалагийн хүүхдээ хөхүүлээд хажуудаа тавьсан үйлдэлд нь бусдыг санаатай алсан үйлдэл болох нь тогтоогдохгүй байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд: “... Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

                                                                    ХЯНАВАЛ:

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг дахин нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай.

            Прокурорын яллах дүгнэлтээр “Б.Одонтунгалаг нь хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж, хайхрамжгүй хандсаны улмаас 3 сартай охин О.Азжаргалыг болгоомжгүй алсан” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх “талийгаач амьсгалын дутагдалд орж нас бараагүй, амьсгалын болон доод замд сүү орж бөглөрсөний улмаас бүтэж нас барсан” болох нь тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Охин О.Азжаргал бүтэж нас барсан нь эх нь хөхөөрөө дарснаас шалтгаалсан эсэх, эсхүл гэм буруугийн бусад хэлбэр байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

           

Прокурор Н.Алтантүлхүүр нь хэргийн бүрдэл хангагдаагүй, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Одонтунгалагт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Одонтунгалагт холбогдох эрүүгийн 201625030652 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Одонтунгалагт  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

        

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ