| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 166/2019/0066/Э/ |
| Дугаар | 465 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 465
Б.Тт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Б.Тт холбогдох 1818002080361 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерийн 6-16 тоотод оршин суух иргэн М.Мын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 470.000 төгрөг хулгайлж, нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйпчилж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 25 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1818002080361 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 92 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 46 дугаар магадлалаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл гаргаж байна.
1.2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 870 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг мөрдөн шапгах ажиллагааны явцад гүйцэд хийгээгүй гэх асуудлын тухайд:
-Мөрдөгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд байшингийн гаднаас гутлын мөр илэрснийг тэмдэглэлд тусгаагүй, мөн тэмдэглэлд үзлэгийн явцад 10 кадр гэрэл зураг авч үзүүлэлт бэхжүүлсэн талаар дурьдсан байхад 11 кадр зураг бэхжүүлэгдсэн буюу гутлын мөр илэрсэн талаар фото зураг хэрэгт авагдсан нь зөрүүтэй байх тул тодруулж, энэ талаар нэмэлт ажиллагааг явуулах гэсэн заалтаар анхан шатны шүүхээс буцсаны дагуу, үзлэгийн тэмдэглэлд 2 зургийг /хх-ийн 5 дугаар хуудас 8, 9 дүгээр зураг/ нэг хавтгайд буулгаж угаасныг 1 зураг гэж буруу тоолж 11 зургийг 10 зураг гэж буруу тэмдэглэсэн тухай, мөн үзлэгийн явцад тэмдэглэлд тусгагдаагүй орхигдсон боловч гутлын мөр илэрсэн, үүнийг шинжээч гэрэл зургаар бэхжүүлсэн талаар мөрдөгчийн тэмдэглэлд /1 дүгээр хавтас 211 дүгээр хуудас/ тодорхой тусгасан ба мөн холбогдох гэрч нар болох Б.Б, Г.О, Б.Г, хохирогч М.М, гэрч П.Э, Л.О нараас гутлын мөр үзлэгийн явцад илэрсэн эсэхийг тодруулахаар мэдүүлэг авч нотлох ажиллагааг явуулсан. /1 дүгээр хавтас 169, 171,173, 41,141,45,142 дугаар хуудас/
2.Гэрч П.Эаас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 10 минутад мэдүүлэг авсан, гэтэл гомдол, мэдээллийг мөн өдрийн 14 цаг 35 минуганд хүлээн авсан тэмдэглэл зэрэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа асуудлын тухайд:
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллагын ажилтан Д.Саруулбямбыг гэрчээр байцаасан ба анх дуудлага өгөхдөө 13 цагийн үед хулгай орсон дуудлага өгсөн. Тухайн үед дуудлага давхцаж байсан тул дуудлагын бүрэлдэхүүн хожуу очсон. Уг дуудлага өгсөн хүн нь олон удаа шавдуулж ирж байгаа эсэхийг залгаж асууж байсан. Би тухайн үед дуудлага мэдээллийг хүлээн авах тэмдэглэлийг сүүлд нь бичихдээ хүлээн авсан цагийг нь буруу бичсэн байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 153 дугаар хуудас/ зэргээр дээрх цаг хугацааны зөрүүний асуудлыг тодруулж, гэрч П.Эг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 10 минутанд байцаасан болохыг тогтоосон.
-Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн гэрийн салхивчаар багтаж гарах эсэхийг туршилт хийх шаардлагатай гэж анхан шатны шүүх үзсэний дагуу Б.Тыг оролцуулан туршилтыг хийсэн болно. /1 дүгээр хавтас 137-140 дугаар хуудас/
-Шүүгдэгч Б.Ттай хамт явсан О.Т, Д.Н нараас мэдүүлэг авах ажиллагааг явуулсан /1 дүгээр хавтас 168,155 дугаар хуудас/
-Гэрч Б.Ц, Н.Н, Б.М нарын худал мэдүүлсэн, Б.Т гэрчүүдэд хууль бусаар нөлөөлсөн гэх асуудлыг шалгах талаар захирамжинд дурьдсаны дагуу холбогдох ажиллагааг явуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1 дүгээр хавтас 225-230 дугаар хуудас/ зэргээр анхан шатны шүүхийн 870 дугаар захирамжинд заасан ажиллагааг бүрэн хийсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэлт өгөөгүй.
3.2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Б.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч Д.О, Ж.Ч нараас мэдүүлэг авах тухай магадлалын заалтын тухайд:
-Уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан Д.О, Ж.Ч нараас мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд, тэд нар ...Б.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад цагдаагийн ажилтан загнаж, зааж зааварласан үйлдэл гаргаагүй, цагаан цамцтай залуу /Б.Т/ өөрөө зааж ярьж байсан... талаар тодорхой мэдүүлсэн. /1 дүгээр хавтас 154,146-147 дугаар хуудас/
-Дээрх гэрч нарын мэдүүлэг нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахад хохирогчийн гэрийг онгойлгож өгч хажууд байсан хохирогчийн ээж П.Цэндсүрэнгийн мэдүүлгээр давхар нотлогдсон. /1 дүгээр хавтас 144-145 дугаар хуудас/
-Мөн дээрх ажиллагаануудыг явуулсны дараа мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Т нь өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэгтээ “...би бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэн нэгэн хэрэг хүлээлгэсэн, дарамталсан асуудал байхгүй” гэж мэдүүлсэн. /1 дүгээр хавтас 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй, улмаар ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй.
4.Гэрч Э.Ааас тухайн орой тоглоомд хэн хэдэн төгрөг хожиж, алдсан болон тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг авах гэх асуудлын тухайд:
Шүүгдэгч Б.Т гэрчээр өгсөн /1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/ мэдүүлэгтээ “би нөгөө айлаас хулгай хийж авсан мөнгөнөөсөө 100 гаруй мянган төгрөгөөр тоглосон" гэж мэдүүлсэн тул үүнтэй холбогдуулан Б.Ттай хамт тоглосон Э.Ааас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд /1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/ энэ мэдүүлгээр Э.Алтанбаганы Б.Тыг мөнгө гаргаж тоглож байсан гэх мэдүүлгийг давхар нотолж байгаа болно. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Б.Т хулгайлсан мөнгөөрөө тоглоом /хөзөр/ тоглосон үйл баримт нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх тоглоомд хэд хэдэн төгрөг хожиж, мөн алдсан талаар хэрэгт огт хамааралгүй ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5.Мөрдөн шалгах туршилтаар хэрэгт авагдсан гутлын мөр байрлал тохирч байгаа эсэх болон гутлын мөрний байрлалыг ертөнцийн зүгээр аль зүгт харсан эсэх тодорхой болгох гэх асуудлын тухайд:
-Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд “гэмт хэрэгтнийг хэргийн газраас буюу хохирогчийн байшингийн салхивчаар гарч, хашаа давж зугтаахыг харсан” тухай гэрч П.Энхтуяа тодорхой мэдүүлсэн. /1 дүгээр хавтас 45-48 дугаар хуудас/
Мөн гэмт хэрэгтэн байшингийн салхивчаар гараад хашаа давж зугтах үед үлдсэн гутлын мөрийг бэхжүүлсэн болох нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд /10, 11 дүгээр зураг/, гэрч Г.О, Б.Б, Б.Г, Л.О, хохирогч М.М нарын мэдүүлгээр нотлогдсон, улмаар уг гутлын мөрийг шүүгдэгчээс хураан авсан гутлын мөртэй харьцуулсан 41 дугаар шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон /1 дүгээр хавтас 28-30 дугаар хуудас/ байхад давж заалдах шатны шүүх дээрх гутлын мөрний байрлалыг ертөнцийн зүгээр аль зүгт харсныг туршилтаар тогтоох гэсэн нь хэрэгт ямар ч нотолгооны ач холбогдолгүй байна.
6.Гэрч Л.Оийн гутлын мөр байсан гэх газраас өөр газар хэргийн газрын үзлэгээр гутлын мөр бэхжүүлсэн гэх асуудлын тухайд:
Гэрч Л.О нь “...цонхоор үсэрч буухдаа байшингийн гадна талд цонхны доор том пүүзний мөр үлдээсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийгээд тэр гутлын мөрний зургийг аваад байсан” гэж мэдүүлсэн. /1 дүгээр хавтас 142 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийхэд оролцсон криминалтистикийн шинжээч Б.Баттүвшингийн гэрчээр өгсөн "...Хэргийн газрын үзлэгээр уг хулгай орсон айлын жижиг өрөөний цонхны гадна талд ойр орчимд нь гутлын мөрнүүд байсан боловч шинжилгээнд тэнцэхгүй буюу бэхжүүлж авах боломжгүй мөрнүүд байсан. Үзлэгээр уг байшингийн цонхны гадна талд дэрс өвстэй, газрын гадаргуу хөрсний байдал нь чулуурхаг байсан. Цонхны харалдаа шонгийн модны хажууд сул шороон дээр 1 ширхэг тод гутлын мөр / № 05 дугаартай/ байсныг илрүүлж бэхжүүлж авсан” гэж тодорхой мэдүүсэн. /1 дүгээр хавтас 169-170 дугаар хуудас/
Гэрч Л.Оийн мэдүүлэгт ярьж байгаа гутлын мөрийг хэргийн газарт байсан боловч шинжилгээнд тэнцэхгүй тул бэхжүүлж аваагүй, харин үүнээс өөр газарт гарсан сул шороон дээрх /№ 05 дугаартай/ гутлын мөрийг бэхжүүлж авсан талаараа гэрч Б.Б маш тодорхой мэдүүлэг өгсөн байна. Мөн энэ байдал нь хэргийн газрын үзлэгийн зургаас тодорхой харагдаж байгаа болно.
Улмаар гэрч Л.Оийн харсан гэх цонхны доор байсан гутлын мөрөнд биш, харин гэрч Б.Бийн мэдүүлэгт дурьдагдсан сул шороон дээр гарсан 1 ширхэг гутлын мөрийг бэхжүүлж, /№ 05 дугаартай/ харьцуулах шинжилгээ хийж, гаргасан 41 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх гэрч Л.Оийн харсан гэх цонхны доор байсан гэх /шинжилгээнд тэнцэхгүй/ гутлын мөр нь 05 дугаартай гутлын мөрний байгаа газраас өөр газарт байсан талаар зөрүүтэй баримтыг шалгуулахаар заасан нь үндэслэлгүй буюу дээрх мөрнүүд нь нэг чиглэлд 2 өөр газарт байрлалтай байгааг зөвөөр дүгнэсэнгүй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тодорхойлох” хэсэгт хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж, бодитой дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Б.Тт холбогдох Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагаар хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Б.Т нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 6-16 тоотод оршин суух иргэн М.Мийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг, биет 470.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.
Мөрдөгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хохирогч М.Мийн байшингийн орчим үзлэг хийж, шүүгдэгч Б.Тын гарч зугтаасан гэх жижиг өрөөний цонхны харалдаа шонгийн модны хажууд сул шороон дээрээс илрүүлсэн 5 дугаартай гутлын мөр нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 41 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Тын өмсөж явсан NIKE гэсэн бичигтэй гутлын мөртэй тохирсноос гадна хэргийн газраас тухайн гутлын мөрийг бэхжүүлэх, Б.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгах, түүнийг жижиг өрөөний цонхоор багтаж гарах боломжтой эсэхийг туршилт хийж шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, түүнчлэн гэрч Б.Б, Г.О, Б.Г, хохирогч М.М, гэрч П.Э, Л.О, Д.О, Ж.Ч, П.Ц, Э.А нараас хэргийн талаар мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Б.Тт эрүү шүүлт хэрэглэж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх үндэслэлээр шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, прокурорын бичсэн үндэслэл бүхий эсэргүүцлийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН