Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 127

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй,

ДУА-ийн ЗД-д холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Х.Батсүрэн

                                          Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлагаГазрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0102 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мягмарсүрэн, Ц.Чулуунцэцэг, Б.Золбаясах нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 58.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Цэцэгмаа, Ц.Батжаргал, С.Отгон, А.Энхбаяр, Ц.Нямаажав, Д.Дуламсүрэн, О.Оргилсайхан, Э.Баасанхүү нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын Дархан-Уул аймгийн Засаг даргын нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг ДУА-ийн ЗД-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0102 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0102 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мягмарсүрэн миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана”, 58.6-д “эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч улсын болон аймаг, сумын тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга, бусад газрын төлөв байдал, чанарыг тухайн шатны Засаг дарга тус тус хариуцна” гэж заасан байдаг. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” заасан байдаг. Гэтэл О.Цэцэгмаа, Ц.Батжаргал, С.Отгон, А.Энхбаяр, Ц.Нямаажав, Д.Дуламсүрэн, О.Оргилсайхан, Э.Баасанхүү нарын өмчлөх эрхтэй газарт хянан баталгааг аймгийн Засаг даргад хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан байдаг. Гэтэл маргаан бүхий газарт хянан баталгаа анхнаасаа хийгдээгүй учир бодит нөхцөл байдалд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм.

6. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, хуулийг буруу тайлбарласан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0102 магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон зөрчигдөж болзошгүйг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой заах шаардлагатай бөгөөд энэ нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөл болно.

9. Гэтэл нэхэмжлэгч 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А- нь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, ...хувийн хэрэгт хадгалагдаж байгаа хянан баталгааны дүгнэлтийг Засаг даргаас гаргуулах” хэмээн өөр өөрөөр тодорхойлсон, нэхэмжлэгч нь ийнхүү өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас хариуцагч нь “...Засаг дарга дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш..”, “...гэрээ байгуулж материал аваагүй гэж үзэхгүй, материалаа авсан нь хувийн хэрэгт байгаа баримтаар тогтоосон...” гэх зэргээр маргажээ. 

10. Харин хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...эрх бүхий мэргэжлийн байгууллагаар газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулахыг даалгахыг хүсээгүй, ...харин гаргасан байгаа дүгнэлтийг өгөхгүй байгаагаас улсын бүртгэлийн байгууллагад  өмчлөх эрхээ баталгаажуулах боломжийг алдагдуулж байна...” хэмээн тайлбарлажээ.

11. Дээрхээс үзвэл, маргааны гол асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь шүүхээс нотлох үүргээ хэрэгжүүлж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэх, үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм.

12. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нэр бүхий 8 иргэд тус бүрийн тухайд газар эзэмших, өмчлөхтэй эрхтэй аль нь болохыг шалгаж тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллага албан тушаалтны ямар шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн  зөрчигдсөн, эрх нь хэрхэн сэргээгдэхийг дүгнэн, магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байна.

13. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                        Л.АТАРЦЭЦЭГ