Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 032

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сагсай сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сагсай сумын сонгуулийн хороонд холбогдох;

Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат, Х.Заманбек, М.Асылбек нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Сагсай сумын Ардчилсан намыг төлөөлж дарга Б.Бекболат, хариуцагч Сагсай сумын сонгуулийн хороог төлөөлж дарга О.Женисхан, нарийн бичгийн дарга Х.Ермек, гуравдагч этгээд Т.Мурат, М.Тилепберген, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сагсай сумын Ардчилсан нам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон намыг төлөөлж дарга Б.Бекболат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сумын сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 тоот тогтоолоор Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Т.Мурат, М.Тилепберген, 4 дүгээр багийн иргэн М.Асылбек, 6 дугаар багийн иргэн Х.Заманбек нарыг бүртгэхээс татгалзсан тул сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч эдгээр 4 хүний асуудлаар бид шүүхэд хандсан. Х.Заманбек, М.Асылбек хоёрын хувьд хуульд нийцэж байна гэж үзэж тэднийг нэр дэвшигчээр сонгуулийн хороо бүртгэж өгсөн ба одоо Т.Мурат, М.Тилепберген хоёрын хувьд бид гомдол гаргаж байна. Сонгуулийн хорооны 02 тоот тогтоолыг эс зөвшөөрч байгаа үндэслэл: 1. Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Т.Мурат нь өөрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" Б/455 тоот захирамжаар Сагсай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажил үүргээс чөлөөлөгдсөн ба уг хүсэлтэд сонгуульд оролцох талаар дурьдаагүй, өөрийн хүсэл зоригоор чөлөөлөгдсөн байх тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт түүнд нэр дэвшихэд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Т.Мурат ажил, албан тушаалаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөний дараа иргэний хувьд нэр дэвшиж байгаа боловч тус сумын сонгуулийн хороо хуулийг буруу хэрэглэж, түүнийг бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж байна.

2. Иргэн М.Тилепбергений хувьд зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас авах тодорхойлолт гараагүй байсан. Учир нь М.Тилепберген нь Сум хөгжүүлэх сангаас авсан 1115000 төгрөгийг өртэй байсан ба энэ хүн өөрөө хөдөө байдаг учраас материал өгөх өдөр холбоо барьж чадаагүй. Тэгээд 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу даваа гарагт түүнтэй холбогдож, тэрээрөрөө барагдуулсан ба үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлолт авахаар очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бусад сумуудад ч тодорхойлолт аваагүй хоцорсон хүмүүс байгаа,сонгуулийн хорооноос албан бичиг авч ирвэл М.Тилепбергений тодорхойлолтыг өгнө гэсэн. Жишээ нь :Баяннуур сумын Монгол ардын намаас нэр дэвшигч 27 хүний тодорхойлолтыг 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн байна.Ингэхдээ аймгийн сонгуулийн хорооны даргын тодорхойлолт авах тухайалбан бичгийг үндэслэж өгсөн байна. Тэгээд би тухайн өдөр энэ талаар сумын сонгуулийн хорооны дарга О.Женисханд утсаар хэлэхэд тэр болохгүй, нэгэнт хугацаа нь дууссан гэж хэлсэн.Мөн аймгийн сонгуулийн хорооны дарга А.Даримханд бичгээр хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Бусад хүмүүс аваад болоод байхад бидэнд яагаад болохгүй гэснийг ойлгохгүй байна. Уг өр зээлийг барагдуулж дахин хандахад хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Иймд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 хүнийг бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Сагсай сумын сонгуулийн хорооны хууль бус шийдвэрээс болж тус сумын Ардчилсан намын эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 тоот тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Сагсай сумын сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн болон сонгуулийн хороог төлөөлж дарга О.Женисхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сагсай сумын Ардчилсан нам болон уг намаас нэр дэвшигч М.Тилепберген, Т.Мурат нарСонгуулийн тухай хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. 1. Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн байх тухай шаардлагыг Т.Мурат хангаагүй.Т.Муратын хувьд Сонгуулийн тухай хуулийн 154.3, 154.4 дэх хэсэг, 157.2.7, 158.1.2, 158.1.3 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчиж байна. Тухайлбал: Сонгуулийн тухай хуулийн 154.3-т Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна", 154 дүгээр зүйлийн 154.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, 157.2.7-д Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг ирүүлнэ гэж заасан боловч Т.Мурат нь сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөр шалтгаанаар аймгийн Засаг даргад 2016 оны 08 дугаар сарын 19-нд буюу санал авах өдрөөс 2 сарын өмнө гаргасан байна. Тэгсэн хирнээ сумын сонгуулийн хороонд баримт бичиг өгөхөд, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2016 оны 03 дугаар сарын 30-ны буюу хагас сайн өдөр аймгийн Засаг даргад уламжилсан болгоод өргөдлийг хуурамчаар үйлдэн, нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу эсхүл хуурамч бол... бүртгэхээс татгалзана гэсэн заалтыг баримтлах үндэслэл болж байна. Т.Муратын энэ үйлдэлтэй холбогдуулан Монгол ардын намаас ирүүлсэн өргөдлийн дагуу сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Т.Муратын өгсөн өргөдлийн талаар лавлахад Т.Мурат нь уг өргөдлөө нэр дэвшсэний дараа буюу 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Тамгын газрын өргөдөл, санал, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэнд тулган бүртгүүлж байсныг мэргэжилтэн Х.Мереке хүлээн зөвшөөрч, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Тилеген баталгаажуулан албан тоот ирүүлсэн юм.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8.1-т ...өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. С.Ериягийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт ...Т.Мурат өргөдлийг хагас сайн өдөр авчирч өгсөн, үүнийг би хүлээж аваад сейфэнд хийсэн, нэгэнт миний хариуцсан салбарт холбогдолтой асуудал учраас хүлээж авсан гэсэн байна. Энэ асуудлын хувьд тухайн үед Т.Муратын С.Ерияд өгсөн нь худлаа, С.Ериягийн авсан нь худлаа, энэ асуудал нотлогдсон. Нэг хоногийн дотор бүртгэнэ гэж байгаа. Бүртгэлийн дэвтэрт энэ өргөдөл бүртгэгдээгүй. Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 8.2-т ирсэн өргөдөл, гомдолд албан тушаалтныг өөрийг нь холбогдуулсан, эсхүл өргөдөл, гомдол тухайн албан тушаалтны эрх хэмжээнд хамаарахгүй бол энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажилтанд хүлээлгэн өгнө гэж заасан. Сургуулийн захирлыг аймгийн Засаг дарга томилдог тул энэ нь С.Ериягийн өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудал юм. Өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудал учраас өргөдлийг өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн байх ёстой. Хүлээлгэж өгөөгүй гэдэг нь өөрөө хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн гэдгийг нотолж байна. Т.Муратын намтар доторх мэдээллүүдээс түүний хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар гэх баримтыг нэр дэвшигч сонгуулийн хороонд бүрдүүлж өгөх ёстой. Үүний 8 дахь заалтад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтын дагуу чөлөөлөгдсөн бол байгууллагын нэр, шийдвэрийн дугаар, огноо гэж байна. Т.Мурат нь би нэгэнт захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн, бүртгэлийн уг заалт надад хамааралгүй гэж үзсэн бол үүнийг бөглөх шаардлага байсан юм уу. Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтаар хоёр зүйлийг тодорхойлж өгсөн. Энэ нь 04 дүгээр сарын 01-ээс өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх ёстой, чөлөөлөгдсөнөөс хойш ажил, албан тушаалаа гүйцэтгэхгүй байх гэсэн. Т.Мурат нь аймгийн Засаг даргын 2016.08.19-ний өдрийн Б/455 тоот захирамжийг хавсаргав гэж намтартаа бичсэн байна. Үүнээс үзэхэд тэр өөрөө хүлээн зөвшөөрөөд намтарт тэгж бичсэн байна.

Иймд Ардчилсан намын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 заалт Т.Муратад хамаарахгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч сая Т.Мурат нь захирлын албан тушаалаас нь нэгэнт чөлөөлөгдсөн учраас сонгох, сонгогдох эрхтэй гэж тайлбарлаж байна. Үүнийг бид ч бас сайн ойлгож байгаа. Сонгох, сонгогдох эрхтэй, гэхдээ хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй юм. Т.Муратын хувьд тухайн үед удирдах албан тушаалтан хийж байсан нь үнэн. Тухайн үед ч Сонгуулийн хууль мөн адилхан үйлчилж байсан,хуулийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй учраас тухайн үед Т.Мурат гуай өргөдлөө гаргах ёстой байсан юм.2. Иргэн М.Тилепбергений хувьд Сонгуулийн тухай хуулийн 154.3.1-д заасан банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, 157.2-т зааснаар нэр дэвшүүлсэн нам нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1700 цагаас өмнө нэр дэвшигчдийн талаархи баримт бичгийг бүрдүүлэн сонгуулийн хороонд ирүүлэх ёстой боловч М.Тилепберген нь хуульд заасан хугацаанд баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирүүлээгүй, 157.2.5-д заасан мэдүүлгийг худал өгсөн, хуулийн 158.1.3 дахь заалтыг зөрчинхуурамч, дутуу материал бүрдүүлэн ирүүлсэн байна. Ардчилсан намаас нийт 27 хүний материал авчирч өгсөн ба үүнээс 3 хүний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авах тодорхойлолтыг дутуу өгсөн. Дараа нь 09 дүгээр сарын 05-ны өдөр байх хоёр хүний тодорхойлолтыг нэмж өгсөн, нэг хүний тодорхойлолтыг бас үлдээсэн байсан. Сонгуульд оролцож байгаа сөрөг намаас бидэнд М.Тилепбергений асуудлаар хандсан. Би өөрөө сум хөгжүүлэх сангийн нэг гишүүн тул М.Тилепберген нь Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөг авсан гэдгийг би сайн мэдэж байсан. Гэхдээ чухам хэзээ барагдуулж дуусгах ёстой байсан гэдгийг нь сайн мэдээгүй байсан. Сумын Засаг даргаас мөн тодорхойлолт өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас утасдсан ба би материал авах хугацаа дууссан, авахгүй гэж хэлсэнУчир нь бид намаас бүрдүүлж өгсөн материалын дутууг нь гүйцээдэг байгууллага биш, сонгуулийн хороо нь зөвхөн ирүүлсэн материалыг хянаж үзээд шийдвэр гаргадаг байгууллага юм. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад зарим тодруулах асуудлуудыг тодруулж бүртгэх ёстой. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэж заасан. Бид уг эрхийн дагуу аймгийн Тамгын газарт Т.Муратын асуудлаар, мөн М.Тилепбергений асуудлаар сумын Засаг даргад хандсан. Харин аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах шаардлагагүй гэж үзсэн. М.Тилепбергений хувьд одоо Сум хөгжүүлэх санд төлөх 733700 төгрөг байгаа. Энэ нь шүүхийн байгууллагын мэдээллийн санд орсон байгаа. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлсний дараа өр төлбөр, зээлээ барагдуулна гэсэн заалт байхгүй бөгөөд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусч, нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагаа дууссанаас хойш 5 хоногийн дараа бидэнд хандаж байгаа нь хуулийг гууль болгох үйлдэл гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.5, 158.1.3-ыг тус тус зөрчиж, өр төлбөргүй болох тухай нотлох баримтыг хуулийн хугацаанд сонгуулийн хороонд ирүүлээгүй, хуурамч материал бүрдүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 158.1.2, 158.1.3-т зааснаар бүртгэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, иргэн М.Тилепберген нь Сагсай сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 онд авсан зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөөгүй тул 2015 онд шүүхээс шийдвэр гарсан боловч зээлээ одоо хүртэл төлөөгүй явж байгаа талаарх нотлох баримтуудыг үндэслэсэн болно. Иймд М.Тилепбергенийг нэр дэвшигчээр бүртгэх үндэслэлгүй болно. 3. Цэргийн албыг хаагаагүй шалтгаанаар хасагдсан Х.Заманбек, М.Асылбек нарын хувьд Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг дахин нягталж үзээд урьдах гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон учир нэмэлт тайлбар гаргаагүй гэв. Гуравдагч этгээд Т.Мурат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сагсай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр /сонгуульд холбоогүй асуудлаар/ 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай Б/455 тоот аймгийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Ажил, албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгсний дараа жирийн иргэний хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр болж хуулийн хугацаанд нэр дэвших ажиллагааг явуулаад холбогдох материалыг тус сумын сонгуулийн хороонд гаргаж өгсөн боловч Сонгуулийн хуульд заасны дагуу 04 дүгээр сарын 01-ээс өмнө хүсэлт гаргаагүй, хуурамч баримт бүрдүүлсэн зэрэг үндэслэлгүй зүйлээр тус сонгуулийн хороо миний нэрийг бүртгэхээс татгалзсан юм.

Мөн миний бие орон нутгийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан тул аймгийн Засаг даргад хандан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэр дэвшигчээр бүртгүүлсэн тохиолдолд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх утгатай өргөдөл бичиж, уг өргөдлийг аймгийн Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Ерияд өгсөн бөгөөд 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын өдөр байсан. Би тухай үед сургуулийн захирлаар ажиллаж байсан ба захирлууд ажил, үүргийн хувьд Нийгмийн бодлогын хэлтсийн даргатай шууд харилцдаг. Иймээс тухайн өргөдлийг ажлын шугамаар ирсэн үед С.Ерия даргад өгөөд явсан ба хуурамч баримт үйлдсэн асуудал байхгүй болно. Харин С.Ерия дарга хүсэлтийг яаж бүртгэж авсан, хэзээ бүртгэсэн эсэх асуудлаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би сургуулийн захирлаар ажиллаж байсан нь үнэн. Өмнө нь намаас миний нэрийг аймгийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал болгож байсан нь үнэн. Харин дараа нь өөр хүн нэр дэвшихээр болсон учраас би нэр дэвшихээс татгалзсан. Тэгээд миний уг хүсэлт орхигдсон байсан. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр намайг аймгийн Засаг дарга дуудсан. Надаас өөр хэд хэдэн захирлуудыг дуудаж санал тавьсан байсан. Надад та сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөнө гэсэн санал тавьсан. Тэгээд би аймгийн Засаг даргын саналыг хүлээж авсан. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/455 дугаар захирамжаар намайг захирлын албан тушаалаас чөлөөлсөн. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.Женисхан даргаар ахлуулсан ажил хүлээлцэх комисс очиж миний ажлыг хүлээж авсан. Тэгээд би аймагт ирсэн. Ардчилсан намын дарга надад орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшүүлэх тухай санал тавьсан. Би саналыг хүлээж авч материал бүрдүүлэхээр Сонгуулийн хуулийн дагуу ажилласан. Би Сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу баримт бүрдүүлсэн, түүнээс биш ямар нэгэн хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй. Хариуцагч сая аймгийн Засаг даргын захирамжийг намтарт хавсаргав гэж бичсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Би худлаа хэлж болохгүй , 08 дугаар сарын 19-ээс өмнө захирлын албан тушаал эрхэлж байсан нь үнэн. Сонгуулийн тухай хуульд урьд өмнө удирдах албан тушаал хашиж байсан бол уг албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлт болон чөлөөлсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх зүйн актыг хавсаргана гэж тодорхой заасан. Өөрийн хүсэлтээр сургуулийн захирлын албан тушаалаас намайг чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамжийг хавсаргасан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн би ямар нэгэн ажилгүй хүн болсон. Монгол улсын жирийн иргэний хувьд сонгох, сонгогдох эрхтэй. Миний сонгогдох эрхийг сонгуулийн хороо маш бүдүүлгээр зөрчиж байгаа гэж үзэж байна. Миний бие нэр дэвшихээс өмнө ажил, албан тушаалаасаа бүрмөсөн чөлөөлөгдөж, сонгуульд иргэний хувьд нэр дэвшсэн учраас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт надад хамаарахгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд М.Тилепберген шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хуулийн хугацаанд нэр дэвших ажиллагааг явуулаад холбогдох материалыг тус сумын сонгуулийн хороонд гаргаж өгсөн боловч шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй гэсэн шалтгаанаар тус сонгуулийн хороо миний нэрийг бүртгэхээс татгалзсан юм.

Би сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг төлж чадаагүй байсан маань үнэн. Би хөдөө явж байсан учир төлбөрөө барагдуулж амжаагүй ба намаас надад мэдээлэл өгсөн даруйд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Одоо шүүхийн шийдвэрээр тогтоосон ямар нэгэн өр төлбөр, зээлгүй тул сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаартай тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат, Х.Заманбек, М.Асылбек нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сагсай сумын сонгуулийн хороо нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Х.Заманбек, М.Асылбек нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсанбичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Гуравдагч этгээд Т.Муратыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан асуудлын хувьд: Маргаан бүхий захиргааны акт болох Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[1] нэр дэвшигч Т.Муратыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шалгуурыг зөрчин, бичиг баримтыг хууль бус үйлдсэн гэсэн үндэслэлээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгөөгүй, мөн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэх ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь хуурамч гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Нэр дэвшигч Т.Мурат нь Сагсай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаж, аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/455 дугаар захирамжаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Ингэхдээ Т.Мурат нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших зорилгоор бус өөр хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт[2], аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/455 дугаар захирамжаар[3] тус тус нотлогдож байх тул шүүхээс гуравдагч этгээд Т.Муратыг сонгуульд өрсөлдөхөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж шууд дүгнэн үзэж хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гаргасан байх ёстой гэж буруутгах үндэслэл байхгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан ба энэхүү заалт нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан хүн сонгуульд нэр дэвшихэд хамаарах заалт бөгөөд дээрх тохиолдолд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэн Т.Муратад хамаарах заалт биш гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэр дэвшигч Т.Мурат нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн Хурлын сонгуульд /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль/ нэр дэвшихээр Сагсай сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргасан болох нь уг хүсэлт[4] болон гэрч нарын мэдүүлгээр[5] тогтоогдсон, мөн уг хүсэлт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй асуудалд түүнийг буруутгах үндэслэлгүй тул бүртгэлд бүртгэгдээгүй гэдгээр нь нэр дэвшигч Т.Муратын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хуурамч баримт бичиг гэж үзэх боломжгүй байна.

Дээр дурьдсанаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан бус иргэний хувьд нэр дэвшиж байгаа Т.Муратад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага хамаарахгүй хэдий ч сумын сонгуулийн хорооны нэр дэвшигч Т.Муратыг бүртгэхээс татгалзсан нэг үндэслэл болсон нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг хуурамч гэх асуудал нь дээрх үндэслэлээр үгүйсгэгдэж байгааг бас дурьдах нь зүйтэй байна.

2. Гуравдагч этгээд М.Тилепбергенийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан асуудлын хувьд:

Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор М.Тилепбергенийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх заалтын шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр тодруулбал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1-д зааснаар нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих, зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой.

Хариуцагч талаас Сагсай сумын Засаг даргаас ирүүлсэн 2016 оны оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж зэрэг баримт бичиг болон Сагсай сумын Ардчилсан намаас бусад нэр дэвшигчдийн өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн мөртлөө нэр дэвшигч М.Тилепбергений өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг ирүүлээгүйг үндэслэн өргүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн гэж тайлбарласан.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар нэр дэвшүүлсэн нам нь 157.2.1-157.2.7-д заасан 7 төрлийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг ирүүлэхээр зохицуулсан болохоос нэр дэвшигчдийн төлбөрийн талаарх тодорхойлолтыг ирүүлэх үүрэг нэр дэвшүүлсэн намд байхгүй, харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар ...шаардлагатай гэж үзвэлнэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авахаар, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.6-д зааснаар төлбөрийн талаар лавлагаа өгөх энэхүү эрх бүхий этгээд нь татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байхаар тус тус зохицуулжээ.

Хариуцагч сумын сонгуулийн хороо нэр дэвшүүлсэн нам нь М.Тилепбергенээс бусад нэр дэвшигчдийн өр төлбөрийн тодорхойлолтыг ирүүлсэн гэх тухайн тохиолдолд нэр дэвшигч М.Тилепбергений өр төлбөрийн талаарх лавлагааг эрх бүхий этгээд болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулж авах замаар хуульд заасан дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан.

Гэтэл сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор нэр дэвшигч М.Тилепберген нь өргүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж тодруулах боломжтой байсан боловч хуулиар олгосон энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан[6] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[7] тогтоогдсон. Түүнчлэн Сагсай сумын Ардчилсан намын даргаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэр дэвшигч М.Тилепбергений өр төлбөрийн асуудлыг эрх бүхий этгээдээс тодруулах талаар хүсэлт гаргасан, мөн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэр дэвшигч М.Тилепбергений өр төлбөрийн асуудлаар албан бичиг явуулах талаар тус сумын сонгуулийн хороонд хандахад эдгээр хүсэлтүүдийг хүлээн аваагүй мөртлөө уг маргаан бүхий асуудлын талаар тус сумын Засаг даргад хандаж, Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичиг болон бусад баримт бичгүүдийг үндэслэн М.Тилепбергенийг өр төлбөргүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгтэй нийцээгүй бөгөөд сумын сонгуулийн хороо мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3,5.1.5 дахь хэсэгт заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих,маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх гэсэн зарчмуудыг баримталж ажиллах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийгхүлээн авснаас хойш тав хоног буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд нэр дэвшигч М.Тилепберген нь нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаанаас өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өр төлбөрөө төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдсон болно.

Тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь гэсэн хэсэгт М.Тилепберген нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах тодорхойлолт дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзав гэж тусгасан, хариуцагч тал нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг хуурамч гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр үндэслэл нь маргаан бүхий захиргааны акт болох нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоолд тусгагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хурлын сонгуульд сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд нэр дэвшигч Т.Мурат, М.Тилепберген нар нь нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан шаардлага нь иргэн Т.Муратад хамаарахгүй, 157 дугаар зүйлийн 157.3.1-д заасан шаардлагыг М.Тилепберген нь хангасан байх тул гуравдагч этгээд Т.Мурат, М.Тилепберген нарыг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д зааснаар Монгол улсын иргэн нь ...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй,мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох тул дээрх үндэслэлүүдээр Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Т.Мурат, М.Тилепберген нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийнСагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолын иргэн Х.Заманбек, М.Асылбек нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сагсай сумын сонгуулийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1, 154.4, 157 дугаар зүйлийн 157.6, 157.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолын иргэн М.Тилепберген, Т.Мурат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Тилепберген, Т.Мурат нарыг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгасугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 


[1] Хэргийн 9-р хуудас

[2] Хэргийн 16-р хуудас

[3] Хэргийн 11-р хуудас

[4] Хэргийн 47-р хуудас

[5] Хэргийн 144,157-р хуудас

[6] Хэргийн 91,112-р хуудас

[7] Хэргийн 107,168-170-р хуудас

[8] Хэргийн 107-111-р хуудас