Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0334

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0334

Улаанбаатар хот

Н А С ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н А С ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н А С ТББ-ын Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн С Т ХХК-д холбогдох хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 15/R007 тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснийг шүүх зөрчсөн.

2.Дээрх байдал байхад шүүх зориудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан хувийн ашиг сонирхол нөлөөлсөн шийдвэр гэж ойлгогдохоор байна.

3.Энэ шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг хянуулах боломжгүй.

4.Дараа нь манай байгууллага гэрээгээ сунгуулсан байсан ч нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах боломжгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөл байна гээд л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болно.

5.Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар гэрээг сунгах асуудлыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байдал арилж газрын гэрээ сунгагдах нөхцөл бүрдэхэд дахин шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг хаан өгч нийслэлийн Засаг даргын тус хүргэж байгаа хуйвалдааны шинжтэй шийдвэр байлаа.

Иймд шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарлан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн тул хэргийг бүхэлд нь хянаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

            Н А С ТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дугаартай захирамжийн С Т ХХК-д холбогдох хэсгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 00/R000 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... С Т ХХК-д Нийслэлийн Засаг дарга манай ашиглалтын талбайтай давхцуулан газар олгосон тухай мэдээллийг сонсоод Нийслэлийн Засаг даргаас лавлагаа хүсэхэд 23 хуудас материалыг манай итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлснээр үнэхээр давхцалтай болохыг мэдсэн. Дээрх Нийслэлийн Засаг даргын газар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж тайлбарлан маргах боловч энэ нь ... Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарагдах уг талбайд анхан шатны шүүлтийн дагуу ямар нэгэн давхцал гараагүй тул тус талбайд хүсэлт гаргасан С Т ХХК-ийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар хүргүүлэхэд тухайн аж ахуйн нэгжид хайгуулын талбай олгох боломжтой гэсэн хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутагт Элстэйн зуун модонд 116 га газрыг Н А С ХХК-д цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд уг газар ашиглах эрхийн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон, газар ашиглах эрхийн хугацаа сунгагдаагүй байна.

            Харин гуравдагч этгээд С Т ХХК-ийн тухайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу гаргаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Ашигт малтмалын газраас холбогдох дүгнэлтүүдийг авсан, мөн газрын давхцал, тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай эсэх талаар дүгнэлтүүдийг авч, эдгээрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Элсэн тасархай нэртэй газарт С Т ХХК-д 48.04 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлгэх гэж заасан бөгөөд гуравдагч этгээд С Т ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь уг хуулийн заалттай нийцсэн байна.

            Өөрөөр хэлбэл, Н А С ТББ-ын газар ашиглах эрх дуусгавар болсны дараа маргаан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байх тул гуравдагч этгээд С Т ХХК-д бусдын эзэмшил, ашиглалтад байсан газрыг давхцуулан олгосон гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснийг шүүх зөрчсөн гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

            Н А С ТББ-ын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр Ш.Ж-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон байх ба үүний дагуу Ш.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч тус маргаанд хэрэглэгдэх хуулийн зүйл заалтыг баримтлаагүй орхигдуулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 гэсний дараа 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.7 гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ