Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/194

 

2024            02              14                                       2024/ДШМ/194         

                       

М.Ц, Н.О, Х.Ч,

Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч М.Цын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч О.Сарантуул,

шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1042 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ц, Н.О, Х.Ч, Д.Б нарт холбогдох эрүүгийн 201525021185 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Ц,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

2. Н.О,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3. Х.Ч,

4. Д.Б,

Шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б, М.Ц нар бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур зочид буудлын хажуугийн пабад хохирогч Б.Э, Д.Б нартай уулзаж, барилгын арматур төмөр нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан тэднээс 25.000.000 төгрөгийг залилан авсан,

мөн шүүгдэгч М.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ тэрэг плазагийн 504 тоотод “хүчитгэлийн ажил хийж өгнө” гэж хохирогч Б.Саас 6.250.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын орчим бусдын 10-99 УНР улсын дугаартай Соната-5 маркийн автомашиныг хохирогч Г.Мд зарна гэж 905.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт,

тусгаарласан хэргийн яллагдагч Д.Этой бүлэглэн давтан үйлдлээр 78-78 УБИ улсын дугаартай НVR маркийн автомашин мехнизм ашиглаж 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Хавчиг ганга” гэх газар бэлчээрт байсан 3 тооны үхэрийг хулгайлж, хохирогч Н.Мт 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Гад 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Ад 2.500.000 төгрөгийн,

мөн Д.Э, Б.Д нартай бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө Төв аймгийн Аргалант сумын нутагт Жирмийн цагаан нуур гэх газраас иргэн У.Шгийн 13 тооны адууг хулгайлж, 15.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Цыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарыг бүлэглэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч М.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Цод оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б нарыг М.Цтой бүлэглэн залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Цын хулгайлах хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цын цагдан хоригдсон 610 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цоос 6.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ст, 584.875 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Гад, 584.875 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Мт, 1.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ад, 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эд тус тус олгож, шүүгдэгч Х.Ч, Д.Б, Н.О нараас тус бүр 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эд олгож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б нар нь тус бүр 5 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч М.Цод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Ч, Д.Б, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Оийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч М.Н.Оийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзээгүй, мөн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулах, тухайн нотлох баримтын эх сурвалжийг магадлан шалгаагүйгээс шүүхээс гарсан шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

“Гүсгээл” ХХК болон “Их тэргүүн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Б.Э, Д.Б нарын мэдүүлгээр /1хх 29-30, 245-246/ дээрхи компаниудын барилга угсралтын ажлын хэрэгцээнд арматур төмөр шаардлагатай болж, шүүгдэгч Х.Ч нь зуучлалын гэрээний дагуу эдгээр компаниудад арматур төмөр нийлүүлэгчийг олж өгөх, зуучлах үүрэг хүлээсэн болох нь нотлогддог.

Мөн “Эн Эй Жи Эйч” ХХК-ийн захирал, шүүгдэгч М.Ц нь өөрт байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бугат хотод үйлдвэрлэсэн 12.000 тонн арматур төмрийг худалдах, мөн худалдан авагчийг хайж байгаа талаар шүүгдэгч Д.Бтай уулзах үедээ хэлсэн, улмаар шүүгдэгч Д.Б, миний үйлчлүүлэгч Н.О нар шүүгдэгч М.Цтой арматур төмөр худалдах, худалдан авах гэрээнд зуучлахаар М.Цтой зуучлалын гэрээ байгуулсан үйл баримт дээрхи хүмүүсийн мэдүүлгүүд болон зуучлалын гэрээ /1хх 212, 213/, 12.000 тонн арматур төмөр нийлүүлэх тухай шүүгдэгч М.Цын гарын үсэг бүхий “Эн Эй Жи Эйч” ХХК-ийн албан тоот /2хх 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Ийнхүү талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсаны үндсэн дээр шүүгдэгч Х.Ч, Д.Б, миний үйлчлүүлэгч М.Н.О нар зуучлалын гэрээний үүргийн хүрээнд хэрэг гарсан өдөр хохирогч нарыг их хэмжээний арматур төмөр зарна гэсэн шүүгдэгч М.Цтой уулзуулсан, шүүгдэгч М.Ц нь хохирогч нартай уулзаж, тэднээс арматурын төмрийн үнэд 25.000.000 төгрөг авсан, улмаар М.Ц нь арматурын төмөр байгаа гэх газарт хохирогч нарын хамт тэдний машинд сууж явах замдаа хохирогч нараас зугтсан үйл баримт хохирогч нарын болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно.

Мөн миний үйлчлүүлэгч М.Н.О нь зуучлалын хөлсөнд авсан 250.000 төгрөгийг хэрэг гарсны дараа өдөр бусад зуучлагчдын нэгэн адил буцааж өгсөн нь мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдоно. /1хх 26 тал/

2. Хууль хэрэглээний талаарх гомдлын үндэслэл:

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч М.Н.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэж буюу гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн хэмээн дүгнэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн, тухайн нотлох баримт нь М.Н.Оийн оролцоо, үйлдлийг яаж нотолж байгаа талаар тогтоолд огт зааж тусгаагүй, шүүх яллах дүгнэлтийг хуулбарласан шинжтэй үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Б, Х.Ч, миний үйлчлүүлэгч Н.О нар нь мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Залилах гэмт хэрэг үйлдээгүй, ийм хэрэг үйлдэгдэх гэж байсныг мэдээгүй, зуучлалын гэрээний дагуу арматур төмөр худалдах, худалдан авах хүмүүсийг хооронд нь уулзуулсан. Шүүгдэгч М.Ц нь хохирогч нарыг болон биднийг хуурч мэхэлж байсныг мэдээгүй, гэмт хэрэг үйлдэх талаар түүнтэй урьдчилан үгсэж тохиролцсон зүйл байхгүй, М.Ц нь бусдыг залилах гэж байгаагаа бидэнд хэлээгүй” гэж анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч байсан.

Хохирогч Б.Э, Д.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд болон шүүх хуралдаанд хохирогч Д.Бын өгсөн мэдүүлгээр тэд миний үйлчлүүлэгч Н.Оийг бусадтай санаатай нэгдэж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх талаар зааж мэдүүлээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлан шалгаагүйгээс шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тухай дээр дурьдсан.

Тодруулбал:

Шүүх тогтоолдоо шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай дараах нотлох баримтыг шинжлэн судлав гээд хохирогч Б.Э, Д.Б, яллагдагч Д.Б, Д.М.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судалсан тухай заажээ.

Гэтэл шүүх өмгөөлөгч миний санал болгож, шинжлэн судалсан нотлох баримтууд тухайлбал, зуучлалын хөлсөнд авсан 250.000 төгрөгийг М.Н.О буцааж өгсөн тухай мөрдөгчийн тогтоол /1хх 26/, зуучлалын гэрээнүүд /1хх 212-213/, гэрч Галбадрахын мэдүүлэг, түүний мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Н.О нь шүүгдэгч М.Цыг хохирогч нараас мөнгө авч зугтсаныг сонссон даруйдаа тухайн хэрэг гарсан өдөр өөрийн найз Галбадрахад энэ тухай хэлж, түүнтэй хамт М.Цыг эрж хайсан үйл баримт нотлогддог. /5хх 147-148/, 12.000 тонн арматур төмөр нийлүүлэх тухай “Эн Эй Жи Эйч” ХХК-ийн захирал, шүүгдэгч Д.М.Цын гарын үсэгтэй албан тоот /2хх 42/ зэрэг нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон нотлох баримтыг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ шүүх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт заагаагүй нь шийтгэх тогтоолыг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч М.Цын мэдүүлгийг шинжлэн судлахдаа хэрэгт авагдсан түүний гаргаж өгсөн бусад баримтыг харьцуулж үнэлээгүй, мэдүүлэг өгөгч М.Ц нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг заасан эсэх талаар магадлан шалгалгүйгээр эх сурвалжаа заагаагүй, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Цын “...Би Д.Б, Х.Ч, Тунгалаг, Н.О нарт арматур төмөрний үнийн 50 хувийг надад өгчих, тэгвэл би Хөх хотоос төмөр оруулаад ирье гэхэд тэгж хэрэггүй, комбидчихъё, чи зүгээр л төмөрний эзэн болоод жүжиглээдэх гэсэн” гэх эх сурвалжаа заагаагүй М.Цын мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлсэн, ингэхдээ М.Цын дээрхи мэдүүлгийн худал, зохиомол болох талаар өгсөн бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд дүгнэлт өгөөгүй.

Түүнчлэн шүүгдэгч М.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хяналтын прокурор Даваасүрэнд гаргасан хүсэлтдээ “...2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би хохирогч нарт арматур төмөр нийлүүлнэ гэж 25.000.000 төгрөг авсан. Энэ хэрэгт холбогдоод байгаа Х.Ч, Н.О, Д.Б, Тунгалаг нарт ямар ч хамааралгүй, энэ гэмт хэргийг үйлдэхэд тэд оролцоогүй, мөнгө аваагүй. Гагцхүү хохирогч нартай холбож танилцуулж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт бүхий энэ нотлох баримтыг анхан шатны шүүх бусад нотлох баримттай харьцуулж үнэлээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, М.Цын мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгаагүй, эх сурвалжаа заагаагүй түүнийг мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлсэн.

Миний үйлчлүүлэгч М.Н.О нь 2 ба түүнээс олон хүнтэй бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг ухамсарлаж ойлгосон, түүнийг хүсч үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх субъектив шинж М.Н.Оийн хувьд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, харин үгүйсгэгддэг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Н.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч М.Н.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.” гэв.

Шүүгдэгч Х.Чы өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

... Болсон үйл явдал:

2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Гүсгээл компанийн хуулийн зөвлөх гэж өөрийгөө танилцуулсан Болдсайхан гэгч хүн Х.Ч руу залгаж 450 тн төмөр хэрэгтэй байна, яаралтай 100 тн төмөр хэрэгтэй гэж уулзаад 2015 оны 6 дугаар сарын 30-нд Х.Ч материал Импекс компани руу урьд төмөр худалдаж байсан тул тэндээс төмөр авья гээд дагуулж очтол уг компани нь төмөр гаргахгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн тул тэндээс төмөр авах компанийг Тамирын машинд эгчийнхээ хамт суугаад Дөлгөөн нуурын тэнд байдаг ажлынхаа ойролцоо буугаад явж байхад нь Мөнхөө эгчийнх нь танилцуулсан Н.О залгаж цайны газар уулзжээ. Тэнд Н.О нь Д.Бы хамт ирсэн байсан бөгөөд Н.О нь гарч утсаар ярьж төмөр боллоо, 450 тн байна гэж хэлсэн байна. Энэ үед Мөнхөө гэгч нь төмөр авах компанийн Тамираа болон Болдсайханыг дуудан, тэд нар ирсэн байна.

Н.О нь Д.Бтай бид 2 нөгөө хүмүүстэйгээ уулзаж ярилцана гээд түрүүлж гаран Ramada дээр уулзана гэж хэлжээ. 16 цагт Ramada дээр нь Х.Ч, Мөнхөө, Тамир, Болдсайхан, Гүсгээл компаний 2 эмэгтэй нар очсон. Д.Б тэнд байгаагүй. Н.О тэдгээр хүмүүсийг дагуулан Гурвалжингийн гүүрнээс зайтай газар очоод төмөр зарах хүнтэйгээ уулзчихаад ирье гээд явахдаа та нар аль төмрөөс ямар хэмжээтэй авах тоогоо гаргаад өг гэсний дагуу Гүсгээл ХХК-ийнхан төмрийн хэмжээ, тоогоо бичиж өгчээ.

Н.О ирж, бичсэн төмрийн хэмжээ тоог үзээд наад төмрүүд чинь бүгд байна, гэрээгээ хийе гэж хэлжээ. Гэрээ хийхээр болоод байж байтал компанийн хүмүүс зэвтэй төмөр байна гэсэн байна. Энэ үед М.Ц Тунгалаг гэгч мөнгө чинь хаана байгаа юм гэхэд компанийхан одоо мөнгөө аваад ирж байгаа гэхэд мөнгө ч үгүй байж, зээлээр төмөр авах гээд бас голлоо гэсэн яриа гарган, улмаар Тунгалагийн хэлсний дагуу манай нөгөө газар очьё гэсэнд шинэ төмөр байгаа гэж хэлэн бүгдийг нь Таван шар руу дагуулж яван хүмүүст бичиг үзүүлж, шинэ төмөр байгаа юм гэж хэлсэн.

Компанийхан орой болчихлоо, мөнгө гаргахгүй, маргааш өгнө гэсэн тул Тунгалаг нь тэгвэл явж байраа үзнэ, ядаж түлхүүрийг авна гэснээр байр үзэхээр бүгд явсан байна. Компанийхан бартерт тооцон өгөх байрыг үзүүлээд маргааш нь Х.Чы ажил дээр ирж гэрээ хийгээд /худалдах, худалдан авах/ тэнд компанийн хүн Б.Э 20 сая төгрөг Х.Чд өгснийг төмөр зарж буй М.Цод шууд өгч гарын үсэг зуруулжээ. Энэ талаар Х.Ч, Б.Э, Д.Б нарын өгсөн мэдүүлгээр тодорхой тогтоогдсон байна.

Төмрийг зарж буй хүн нь Тунгалаг, Цэрэндорж нар байжээ.

Д.Бын мэдүүлэгт Тунгалаг өөрийгөө энэ компаний захирал М.Цод төмөр гаргах зөвшөөрөл бичээд өгье гэж хэлж итгэн үнэмшүүлж байжээ.

Гүсгээл компанийн Б.Э болон мөнгөө нийлүүлж төмөр авч байсан Д.Б нараас М.Ц 25 сая төгрөгийг аваад төмрөө ачуулна гээд Гүсгээл компанийн 2 эмэгтэйтэй цуг гарч яваад замаасаа зугтаж алга болжээ.

Энэ үеэс М.Цтой холбоо бариж байсан хүн нь Н.О байсныг М.Цын Н.О, эгчийн дүү зугтаад байж байна шүү гэж ярьсан /хх 7-9, 8/ мэдүүлэг, Д.Бы мэдүүлэг нотолж /хх 47-48/ байна. Тунгалагийн мэдүүлэг, тайлбар гэсэн мэдүүлэг, мөн Н.Оийн /хх 31/ хуудсанд өгсөн Тунгалагтай ярьсан гэсэн.

хх 10 дугаар талын ар хэсэгт Н.О битгий, одоо төмөр ачуулах гэж байна, ачуулсныхаа дараа бардам хэлэх үгтэй гэж хэлж байсан тухай Х.Чы тайлбар,

хх 30 дугаар хуудас Б.Эын, Н.О М.Цын байрны орцноос гарч байгаад баригдсан гэсэн мэдүүлгүүдээр М.Ц, Тунгалаг нартай Н.О 2015 оны  6 дугаар сарын 30-наас хойш холбоотой байсан мэт яригдаад байна.

М.Цын авч явсан 25 сая төгрөгийг М.Ц нь өөртэй нь холбоотой байсан Тунгалаг, Н.О, Д.Б, Болдсайхан нартай хувааж авсан байхыг үгүйсгэхгүй юм. М.Ц болон Тунгалаг нар шүүх хуралд Х.Чыг анх удаа хүмүүстэй цуг төмөр үзэхээр ирэхэд харсан гэдэг.

Түүний удаа дараа өгсөн мэдүүлэгт Тунгалаг, Н.О, Д.Б 3 НӨАТ-ийн гэрчилгээ хэрэгтэй, танай компанид байгаа юу, тэр 3 тэгвэл комбидчихъё гэснээс үзэхэд эдгээр Тунгалаг, Д.Б, Н.О нар нь урьдны танил холбоотой байсан нь харагдана. Иймээс Х.Чы бүлэглэн өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид хохирол учруулсан нь 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бодит байдлыг нуух замаар бүгдийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангасангүй.

Хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэргийн сэдэл зорилго, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, 2.2-т шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, 2.3-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг, 2.4-т хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хуралдаанаар хэлэлцэх үед 25 сая төгрөгнөөс Н.О, Д.Б нар 2 сая төгрөг, 500.000 төгрөгөөс 250.000 төгрөг Х.Чд зуучилсан хөлс гэж өгсөн тухай яригдаад байхад хохирлыг 4 хүнд тэнцүү хуваан шийдвэрлэсэн, хэн нь ямар санаа зорилготой үйлдлээр оролцсон гэсэн дүгнэлт хийгдээгүй байхад тэнцүү хувиарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд 1042 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа бөгөөд залилан мэхэлсэн, бүлэглэсэн асуудал байхгүй. Энэ хэрэгт зуучлалын гэрээ хийж оролцсон нь үнэн. Арматур төмөр байна гээд байхаар нь зуучлалын гэрээ хийсэн байсан. М.Цоос 2 сая төгрөг аваад цагдаа дээр дуудагдаж байцаагдахдаа авсан мөнгөө өг гэхээр нь 2.000.000 төгрөгийг байцаагчид буцааж өгсөн байсан. Миний үйлчлүүлэгч Д.Б энэ хүмүүсээс Н.Оийг танина. Бусад хүмүүсийг танихгүй, харьцаж үзээгүй, найз нөхөд байгаагүй. Шүүх Д.Баас 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Д.Б энэ хүмүүсийг танихгүй, энэ хүмүүсээс ямар нэг мөнгө төгрөг аваагүй учир төлбөр ногдуулсанд гомдолтой байгаа юм. Харин М.Цоос авсан 2.000.000 төгрөгөө сайн дураараа цагдаад буцаагаад өгсөн.

Иймд дээр дурдсанаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, үндэслэлгүй ногдуулсан 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг бусадтай бүлэглэн залилж мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцож 5 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдсэнийг би зөвшөөрөхгүй байна.

Би өөрийн компани болох “Тэлмэн Тэнгэр” ХХК дээрээ үеэл эгч болох Ц.Мөнхбатын хамт 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хан Хур Холдинг” ХХК-тай 381 тн арматур төмөр нийлүүлэх гэрээ хийж нийлүүлсэн байгаа. Манай компани энэ “Хан Хур Холдинг” ХХК-д 2013 оны 6 сараас эхлэн барилгын тоосго, мөн арматур төмөр нийлүүлж хамтран ажилласан юм. Бид орлого, зарлага болох хоорондын тооцоогоо “Тэлмэн Тэнгэр” ХХК-ийн Голомт банкны 240010390 тоот дансаар харьцдаг байсан. Ингээд “Хан Хур Холдинг” ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 01 сараас эхлэн 10000 тн арматур нийлүүлэхээр харилцан тохироод арматур төмөр хайж эхэлсэн. Энэ үеэр үеэл Ц.Мөнхбат бас арматур хайж байхдаа Д.Б гуайг манай ажил дээр дагуулж ирж надтай танилцуулсан. Д.Б нь дараа нь Н.Оийг дагуулж ирээд бид танилуудаасаа арматур авахаар болсон гэж ирж уулзуулсан. Н.От төмөр борлуулдаг хүн байгаа үнийг нь ярьж байгаад жаахан буулгаад нийлүүлье гээд Н.Отэй бас гэрээ хийлгүүлж байсан. Гэтэл манай “Хан Хур Холдинг” ХХК нь 50 хувьд нь байр оролцуулна гэсний дагуу би Н.Оийг ерөнхий менежер Батбаяртай уулзуулж байсан. Ингээд бид байр оролцуулах болсон учир Н.О зөвшөөрөөгүй. Энэ ажил хийгдэлгүй хэсэг хугацаанд бид уулзалдаагүй. Тэгж байтал миний танил эгч над руу залгаад манай дүүд арматур хэрэгтэй болоод байнаа, чи олж өгч туслаач гээд гуйсны дагуу нөгөө эгчийн дүү хохирогч Д.Бын хамт ирж уулзсан. Би тэдэнд надад бэлэн байхгүй бид "Материал импекс" ХК-иас авч нийлүүлдэг юмаа, маргааш гуйгаад үзье гээд маргааш өглөө 10 цагт "Материал импекс" ХК-ийн захирал Зоригоо гуай дээр ороход манайх зээлээр борлуулахгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар зээлийн борлуулалт хийхгүй гэсэн шийдвэр гарсан гээд өгөөгүй. Ингээд бид салаад явцгаасан. Яг тэр үед Н.О танай ажлын ойролцоо байна, уулзмаар байна гэсэн мессеж миний утсанд ирээд үеэл эгч бид 2 Д.Б, Н.О нартай очиж уулзсан. Тэнд уулзаад Н.О нэг хүнтэй яриад болохоор боллоо, би уулзаад ирье гээд Д.Бы хамт явсан. Тэгж байтал 4-н замын Макс Молл дээр хүрээд ир, хамт явж төмрөө ачуулъя гэсний дагуу хохирогчид болон үеэл эгч бид хамт очсон. Нөгөө төмөр авах хүмүүсийн хамт гурвалжин даваад бөөн арматуртай хашаанд ортол Н.О за одоо машинаа оруул, төмрийнхөө хэмжээнүүдийг бичээд өг гэсний дагуу хохирогч Б.Э, Г.М нар бичээд өгсөн. Тэнд би анх удаа М.Ц, Тунгалаг хоёрыг харсан, үүнийг шүүх хурал дээр Тунгалаг, М.Ц хоёр хоёулаа анх удаа Х.Чыг харсан гэдгээ 2-уулаа хэлсэн. Ийм байхад намайг яагаад эдгээр хүмүүстэй бүлэг болгоод байгаа юм бэ, би үүнд гомдолтой байна. Арматурын хашаан дотор Тунгалаг захирал нь, М.Ц борлуулагч нь гэж ойлгогдохоор тэнд байсан хүмүүст тийм итгэл төрүүлж байсан. Нөгөө компанийнхан очиж төмрөө үзээд хуучин төмөр байна, авахгүй гэтэл тэгвэл манай нөгөө шинээр буусан төмрийг үз гээд 5-н шарын тийшээ дагуулж очоод шинэ шошготой арматур үзүүлээд, одоо машинаа дуудаад шууд ач, манайх ажилчидаа хүлээлгээд байна, хурдал гэсэн яриа болтол нөгөө компанийнхан бэлэн мөнгөгүй байж таараад маргааш ачихаар болоод байраа үзье гээд явцгаасан. Тал хувьд нь бэлэн мөнгө, тал хувьд нь байр барьцаалахаар ярилцаж байсан. Би тэдний яриа тохиролцоонд оролцоогүй. Байрыг нөгөө компанийнхан Н.От үзүүлсэн, би үзээгүй, хараагүй гадаа хүлээгээд зогсож байсан. Би арматур үзүүлэх, байр үзүүлэхэд ямар ч оролцоо байгаагүй, ямар ч яриа үүсгээгүй. Ийм байхад би бүлэглэж залилж мэхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааш нь буюу 2 дахь өдрөө манай ажил дээр ирж гэрээгээ хийгээд арматураа ачихаар болоод бэлэн банкны боодолтой 20 сая төгрөг гаргаад өгөнгүүт би Б.Эаар өөрөөр нь М.Цод өгүүлээд арматур авах “Гүсгээл” ХХК болон манай “Тэлмэн Тэнгэр” ХХК-ийн хооронд хийсэн гэрээний хамгийн арын хуудас болох 2 компанийн тамга дарсны доор урьдчилгаа 20 сая төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Хүлээн авсан М.Ц гээд гарын үсгээ зураад, хүлээлгэн өгсөн Б.Э өөрөө гарын үсгээ зурсан хуудас хавтаст хэргийн 223 дугаар тоот хуудсанд байгаа. Би энэ 20 сая төгрөгийг өгч авалцахад ямар ч хамааралгүй. Харин М.Ц мөнгөө өөрийн ногоон өнгийн цүнх шиг хэлбэртэй тор ч юмуу хавтас ч юмуу нэг юманд хийгээд аваад гарч явтал хохирогч Д.Бын хүмүүс тааралдаад 5 сая төгрөг нэмээд өгснийг харин би аваад М.Цод өгөхөд надад зөрүүлээд Н.О та хоёрын зуучилсны хөлс гээд 500.000 төгрөг өгснийг би аваад Н.От 250000 төгрөгийг нь өгсөн. Ингээд арматур ачуулах гэж яараад Б.Э, Г.М 2 дагуулаад өөрсдийн машиндаа суулгаад аваад явсан. Харин Д.Бд 2 сая төгрөг өгсөн байсныг сүүлд хавтаст хэргээс уншиж мэдсэн. Ингэж бичгээр үйлдсэн гэрээ болон мөнгө төгрөгөө өгч авсан хүмүүсийн гарын үсэг байсаар байхад яагаад үүнийг авч хэлэлцсэнгүй вэ, би үүнд гомдолтой байна. Яг энэ мөчийг бичсэн бичлэг хүртэл байгаа шүү дээ. Энэ бол мөнгө өгөлцөж авалцсан гарын үсэгтэй хамгийн чухал баримт юм шүү. Ингээд М.Цыг хохирогчид өөрсдийн машиндаа суулгаад арматураа ачуулахаар аваад явсан. Н.О бид 2-ыг хамт явъя гэхэд хэрэггүй, тэнд ажилчид байгаа, баяртай гэцгээгээд явцгаасан. Би М.Цыг тэгээд замаасаа алга болчихно гэж мэдэх боломжгүй шүү дээ, би танихгүй. Харин Д.Б, Тунгалаг, М.Ц, Н.О нар бол хоорондоо уялдаа холбоотой байсныг би хавтаст хэргээс уншиж мэдсэн.

Миний “Тэлмэн Тэнгэр” ХХК дээр гэрээ хийсэн учир нь хохирогч Б.Э, Г.М хоёр эхнээсээ бид барилгын ажил хийх тендер авсан юмаа, тиймээс манай компани бараа материалаа НӨАТ төлөгч компанитай хиймээр байна, танай компани байнга бараа материал нийлүүлдэг юм чинь НӨАТ төлөгч компани биздээ гэсний дагуу бид гэрээ хийсэн юм. Ер нь барилгын материал борлуулдаг болон барилга барьдаг компаниуд бүгд НӨАТ төлөгч байдаг. Би ч бас арматураа НӨАТ төлөгч компаниас авна шүү гэдгээ Д.Б, Н.О нарт хэлж байсан. Харин Д.Б, Тунгалаг, М.Ц нар надад зориулж намайг хуурах санаатай НӨАТ-ын гэрчилгээг хуурамчаар хийлгэж байсныг М.Ц хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд хэлж байцаалт өгсөн байна лээ. Эндээс харахад би эдгээр хүмүүстэй харилцаа уялдаа холбоо байхгүй гэдэг нь харагдана. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Энхтөр анх надаас байцаалт авсан орой миний шинэ Самсунг маркийн гар утсыг надад харах юм байна гэж хэлээд протокол үйлдээгүй хурааж авсан. Би үүнийг тухайн үед эд мөрийн баримт хайх гэж байна гэж ойлгосон. Миний утсан дээр Д.Б, Н.О нартай харьцаж байсан мессежүүд эхнээсээ байсан, би устгадаггүй байсан. Гэтэл миний утас сураггүй алга болсон. Тэнд намайг хэн болох, хэн байсныг гэрчлэх чухал баримтууд байсан. Би үүнд маш их гомдолтой явдаг. Мөн энэ мөрдөн байцаагчийн үед тухайн үед мөнгө өгөлцөж авалцаж байсан гарын үсэгтэй гэрээ алга болсон байсныг хамгийн сүүлд байцаалт өгсөн ахлах дэслэгч Буянбат намайг дуудаж энэ таны яриад явдаг гэрээ мөн үү, би үүнийг юм хайж байгаад оллоо гээд надад өгсөн. Ингэж би баримтаа олсон юмаа.

Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Энхтөрийн өрөөний үүдэнд зогсож байхад М.Ц, Н.Оийн утас руу залгасан. Тэгээд Н.О Энхтөр байцаагчид гүйж ороод үзүүлэхэд спикер дээр нь тавь, чимээгүй бай гээд сонссон. Тэгэхэд М.Ц Н.Отэй яриад юун сүртэй юм бэ, наад 20 саяыг чинь би одоо шилжүүлчихье, дансаа явуул гээд тасалсан. Н.О хохирогч Б.Эын дансыг бичүүлж аваад М.Ц руу явуулсан. Ингээд бид хүлээгээд банк хааж, ажил тарсан. Үүнийг Н.О шүүх хуралдаан дээр хэлээд байхад шүүх яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Ийм юм болсныг бид мэдэж байгаа. Гэтэл мөрдөн байцаагч огт тэмдэглэл хөтлөөгүй, хавтаст хэрэгт тэмдэглэгдээгүй байсан.

Мөн М.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 14-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлээр уламжлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Даваасүрэнд гаргасан хүсэлтэндээ 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг М.Ц миний бие үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч нараас арматурын төмөр нийлүүлнэ гэж 25 сая төгрөг авсан. Энэ хэрэг холбогдоод байгаа Х.Ч, Н.О, Д.Б, Тунгалаг нарт ямар ч хамааралгүй, гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, мөнгө аваагүй гагцхүү хохирогч нартай холбож танилцуулж өгсөн юм. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахыг илэрхийлж байна. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан байсныг яагаад шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй вэ, энэ хүн ганцаараа авсан болохоо хэлээд хүсэлт гаргасан байна шүү дээ.

Хохирогч Д.Б бол гэрээ хийсэн НӨАТ төлөгч компани гэдгээр нь над руу дайрч байгаа. Энэ 12 удаагийн шүүх хурал болон 2020-2023 онуудад Д.Б, М.Ц нар байнгын холбоотой ямар ч баримт гаргаж өгөхгүй мөртлөө миний мөнгийг өгч байгаа энэ 3-н хүнийг хориод өг гэдэг асуудлыг Д.Б тавьж байсан. Энэ нөхцөл байдлыг харахад ч гэсэн хоорондоо хуйвалдсан, М.Ц бол олон удаагийн хэрэг хийсэн ямар ч мөнгө төлөх чадваргүй гэдгийг Д.Б мэдэнгүүтээ над руу дайрч, над руу субьектив байдлаар, өөрөөр хэлбэл зөвхөн Х.Ч руу дайрч зулгааж байж мөнгөө олж авна гэсэн байдал нь энэ хандлагуудаас харагдана. Улмаар хохирогч Д.Б нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ миний 25 сая төгрөг гэж яриад байсан. Д.Б бол 5 саяыг л өгсөн. Харин ХААН банкинд хэлтсийн дарга гэж ярьж байсан Энхтөр гэж хүн 20 сая төгрөг бол миний мөнгө гэж над руу дайрч байсан. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа. Мөн шүүх хуралд орж гарах болгонд М.Цын авгай гэх эмэгтэй над руу дайрч элдвээр доромжилж бүр цохиод авах байдлаар надад хандаж байсан. Энэ баримтуудаас үзэх юм бол Х.Ч үнэхээр энэ хүмүүстэй хуйвалдсан юмуу гэдэг байдал харагдахгүй байгаа. Тийм учраас намайг бүлэглэж залиллаа гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Шүүгч бүлэглээд залиллаа гэж үзээд дүгнэлтээ гаргачихлаа, тэгвэл хохирлыг яагаад 5, 5-н сая төгрөг төлнө гэж, М.Ц ганцаараа аваад явсан мөнгийг 250.000 төгрөг авсан, би яахаараа төлөх ёстой юм бэ, тэнцүүлж хувааж байгаа тэр залилагчийн идсэн уусан мөнгийг би яахаараа төлөх ёстой юм. Би бол М.Ц гэдэг хүн урд нь иймэрхүү хэрэгт удаа дараа орж байсан гэдгийг би мэдэхгүй, мэдэх боломжгүй шүү дээ, тиймээс би Н.О, Д.Б нараар зуучлуулан түүнээс арматур авах гэж яваад ийм муухай юм руу орчихоод байна. М.Ц, Тунгалаг хоёртой нэг ч удаа харьцаж байгаагүй гэдгийг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Тунгалаг гэдэг хүн гэрчлээд мэдүүлээд байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ. Үүнийг би зөвшөөрөхгүй байгаа учраас энэ шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Ч намайг буруутайд тооцож 5 сая төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг бусадтай бүлэглэн залилан мэхэлсэн гэж гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгийн хохирол гаргуулахаар заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, би дээрх үйл явдалд зуучлалын гэрээнд заагдсан зуучлагчийн үүргээ л биелүүлсэн төдий гэж үзэж, ойлгож байна. Д.Б, Тунгалаг, М.Ц нар арматур төмөр байна гэж гаалийн бичигтэй арматурыг үзүүлж, авах тал болох Х.Ч гэгч компанийхаа өмгөөлөгчтэй ирж хоёр талыг би уулзуулж өгснөөр үүргээ биелүүлсэн гэж ойлгосон. Х.Ч зуучлалын хөлс гэж 250.000 төгрөг өгсөн.

Маргааш өдөр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Энхтөр дуудаж, энэ үйл явдал буруу байна, авсан мөнгөө эргүүлж өг гэсэн. Би тэр өдөр нь эргүүлэн төлсөн. Иймд миний бие бусадтай үгсэн тохиролцож бусдыг залилан мэхлэх ямар ч сэтгэл, сэдэл байгаагүйг ойлгон энэхүү 1042 тоот шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Цын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч М.Ц нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Түүний зарим үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Бусад шүүгдэгч нарын хувьд “энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж хэлдэг боловч М.Цын мэдүүлгээс гадна хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр бусад шүүгдэгч нар залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Миний үйлчлүүлэгч М.Ц нь “би 20.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг авсан” гэж мэдүүлсэн. Энэ талаар маргадаггүй. Хохирлоо төлж барагдуулсан. Харин үлдсэн мөнгийг хэн авсан эсэх нь тогтоогдоогүй. Учир нь, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Анхан шатны шүүхээс бусдад учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Учир нь, гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б, М.Ц нар бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур зочид буудлын хажуугийн пабад хохирогч Б.Э, Д.Б нартай уулзаж, барилгын арматур төмөр нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б.Эаас 20.000.000 төгрөг, Д.Баас 5.000.000 төгрөг залилан авсан,

мөн шүүгдэгч М.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ тэрэг плазагийн 504 тоотод “хүчитгэлийн ажил хийж өгнө” гэж хохирогч Б.Саас 6.250.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын орчим бусдын 10-99 УНР улсын дугаартай Соната-5 маркийн автомашиныг хохирогч Г.Мд зарна гэж 905.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг,

тусгаарласан хэргийн яллагдагч Д.Этой бүлэглэн 78-78 УБИ улсын дугаартай НVR маркийн автомашин мехнизм ашиглаж 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Хавчиг ганга” гэх газар бэлчээрт байсан 3 тооны үхэрийг хулгайлж, хохирогч Н.Мт 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Гад 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Ад 2.500.000 төгрөгийн,

мөн Д.Э, Б.Д нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө Төв аймгийн Аргалант сумын нутагт Жирмийн цагаан нуур гэх газраас иргэн У.Шгийн 13 тооны адууг хулгайлж, 15.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...Х.Чтай гэрээ хийсэн учраас Х.Чд бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн. ... М.Ц нь ганцаараа төмөр рүүгээ явж ачуулах болоод бусад нь ажилтай болоод үлдсэн. М.Цыг машиндаа суулгаад 21 дүгээр хорооллын ойролцоо явж байхад М.Ц энд түр зогсоодхооч, би ороод хувцасаа солиод жолоочийнхоо бичиг баримтыг аваад ирье гэж хэлээд буусан. ... бид нар нилээн удаан хүлээгээд М.Ц эргэж ирээгүй. ... Тэгээд маргааш нь бид нар бүгд рүү нь ярихад хэн ч холбогдохгүй, бүгд бие бие рүүгээ чихээд байсан. Тэгээд аргаа бараад Х.Ч руу залгаад 100.000.000 төгрөг олчихсон, төмрөө ачуулья, төмөр дээрээ хүрээд ир гэсэн чинь Х.Ч өө тэгье, төмрөө угаасаа өнөөдөр ачуулахгүй юм чинь их дэлгүүр дээр уулзья гэсэн. Тэгээд их дэлгүүр дээр ирээд бид нарт баригдсан юм. Д.Быг нөгөө компанийхан барьсан байсан, харин Н.Оийг тэр шөнө нь М.Цын байрыг Х.Чаар заалгуулаад очтол Н.О М.Цын байрны орцноос гарч байгаад баригдсан юм. ...” /1хх 29-30/,

хохирогч Д.Бын “...2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би жаахан ажилтай байсан учраас манай компанийн Ганболд гэх хүн 5.000.000 төгрөг бэлнээр аваад Дөлгөөн нуур явсан. Тэгээд Б.Э эгч, Ганболд нар мөнгөө М.Цод өгөөд М.Цыг аваад төмөр рүүгээ явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод “орчихоод гараад ирье” гэж хэлээд алга болсон гэж байсан. ... маргааш өглөө нь бид нар нөгөө төмөр үзсэн газраа очоод хүлээгээд ирэхгүй болохоор нь би ороод тэр төмөр дээр байсан хүнтэй нь уулзаад “бид нар танайхаас 500 тонн арматур төмөр ачуулья гэж гэрээ хийсэн юм, гэрээ нь энэ байна” гээд нөгөө гэрээгээ үзүүлтэл “ёстой тийм зүйл байхгүй, манайх гэрээ хийгээгүй” гэж хэлсэн. ...” /2хх 1/,

хохирогч Б.Сын “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ тэрэг плазагийн 504 тоот өрөөнд байж байтал үл таних М.Ц гэх хүн ганцаараа ирж уулзаад “танай байгууллагын барьж буй барилгын талаар сонслоо, танай байгууллагад ажиллах гэсэн юм, би өөрийн гэсэн 12 орчим хүнтэй бригадтай байгаа юм аа, би Дархан хотод яг танайх шиг барилгын ажил хийж байсан юм, би яаралтай хийгээд өгье, 1 м2-ийг нь 5000 төгрөгөөр тохироё” гэж итгэл үнэмшил төрүүлэн, урьдчилгаа 4.000.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би итгэж бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн. ...надад нийт 6.250.000 төгрөгийн хохирол учруулаад байна. ...” /4хх 174-175/,

хохирогч Г.Мын “... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай аав над руу залгаад “миний таньдаг хүн хямдхан машин зарах гэж байна, чи авах уу” гэхээр нь би тэгье гэж хэлсэн. ... манай аавын зүс таньдаг гэх хүн манай гэрт машингүй ирээд танайх руу машинаа үзүүлэх гээд ирж байтал замд машин эвдэрчихлээ, бэлэн мөнгө байвал 70.000 төгрөг өгөөч гээд машиныхаа гэрчилгээг үлдээгээд ааваас 70.000 төгрөг аваад явсан. Маргааш нь ... 250.000 төгрөг, ... 420.000 төгрөг, ...65.000 төгрөг, ...100.000 төгрөг аваад явсан ба надтай хамт ханийн материалын эцэс рүү машинтайгаа оччихоод намайг дэлгүүрээс нэг ундаа аваад ирээч гэхээр нь би за тэгье гээд дэлгүүр орсон хойгуур нөгөө залуу машинаа унаад явчихсан байсан. ... надад яг 905.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /5хх 188-189/,

хохирогч Д.Агийн “...би гэм буруутай этгээдээс үхрийн хохирол болох үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогдсон 2.500.000 төгрөгийг нэхэмжилнэ, ...гомдолтой байна. ... Ганбатын хамт хүү Гантулгыг явуулж хоёр давааны арын мод руу явуулахад “манай үхэр мөн байна, махлаад аваад явчихсан байна, толгой, шийр, арьсыг нь хаячихсан байна” гэж хэлсэн. ...” /2хх 202, 3хх 222/,

хохирогч Д.Гын “...манай үхэртэй хамт бэлчээрт яваад цуг алга болсон үхэрнүүдийн эзэн болох Мөнхөө, Тулгаа, Заяа бид нар хоёр давааны арын модон дотор очиход алдагдсан үхэрнүүдийг махлаад гэдэс дотор, толгой шийрийг нь бөөгнүүлээд ширээр нь хучаад, модны гишүүгээр дараад орхичихсон байдалтай байсан. ...” /3хх 219-220/,

хохирогч Н.Мын “...миний цагаан зүсний эр үхэртэй цуг Д.Агийн цагаан зүсний нас гүйцсэн сувай үнээ, Ганбатын улаан зүсний эр үхэр хоёрыг цуг махалж авсан байна лээ. ...” /3хх 224/

хохирогч У.Шгийн “...2014 оны 9 дүгээр сарын 28-наас 29-ний шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг “жирмийн цагаан нуур” гэх газраас 13 тооны адуу алдсан, ...дээрх 13 тооны адууг бүгдийг нь Баянцогт сумын нутаг Цагаан хөтлийн ченжийн хашаанд байхад очиж авсан. ...” /3хх 17-18/,

М.Цын яллагдагчаар өгсөн “...Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас энэ өдрөө гэгээ тасраагүй байхад Энхболд дээр очиж 3 тооны үхрийн мах очиж авсан. Мах авсан газар бол Батсүмбэр сумын амралтын газар гэсэн, нэрийг сайн мэдэхгүй байна, арьс шир толгой нь байхгүй байсан. ... 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Б нарын 25.000.000 төгрөгийг бусадтай бүлэглэн залилж авсан, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Содбаяраас 5.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Шархүүгийн 13 тооны адуу хулгайлсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” /3хх 125, 6хх 27-28/,

Х.Чы яллагдагчаар өгсөн “...2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр барилгын Гүсгээл ХХК-д манай Тэлмэн тэнгэр ХХК барилгын төмөр нийлүүлэхээр болсон. Тэгээд би төмөр хайгаад явж байгаад М.Ц, Д.Б, Н.О гуравтай танилцсан. ...энэ гурван хүн надад төмөр зарахаар болж, төмөр авах гэж байгаа компанийн хүмүүсийг дуудаад манай ажил дээр ирж гэрээ хийсэн. Гэрээ хийхэд Д.Б, Н.О нар гадаа, манай коридорт сууж байсан, би нөгөө төмөр авах гэж байгаа Гүсгэл ХХК-ийн Б.Э гэх хүүхэнтэй гэрээ хийсэн. ... Гүсгэл компанийн хүмүүс ирэхдээ 20.000.000 төгрөг авч орж ирээд надад өгсөн, би аваад шууд М.Цод өгсөн. ... Гүсгэл ХХК-ийн хамт төмөр авах гэж байсан хүмүүс мөн 5.000.000 төгрөг өгсөн, би тэр мөнгийг шууд М.Цод өгсөн. ... тэгээд бид нар салаад нөгөө хоёр явсан, би гэр рүүгээ явсан” /4хх 158-160, /,

Д.Бы яллагдагчаар өгсөн “... төмрийн урьдчилгаа гэж 20.000.000 төгрөгийг Х.Ч М.Цод өгсөн, М.Ц надад зуучилсан хөлсний урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг өгсөн. Би тэр өдөр хамт яваагүй, худалдан авагч төмрөө авна гээд М.Цыг аваад явсан, тэгтэл маргааш нь худалдан авагч нь М.Ц алга болсон гэж хэлээд цагдаад өргөдөл өгсөн. ...” /4хх 126,153-154/,

Н.Оийн яллагдагчаар өгсөн “...Тунгалаг төмрөө үзүүлсэн, тэр үед Х.Ч, М.Ц хоёр бие биенээ таньж байна, хуучин хамт ажиллаж байсан юм байна гэж хоорондоо яриад байсан. М.Ц нь би Тогтох байна гээд Х.Ч нь Чимэгээ байна гэж яриад тэгээд гэрээ хийж эхэлсэн. ...маргааш нь М.Ц алга болсон гээд цагдаад өгсөн. ...” /4хх 131, 155-156/ гэсэн мэдүүлгүүд,

хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /1хх 24/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 26/, эд зүйлийн үнэлгээ /2хх 107, 3хх 238/, адуун сүрэгт үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 8-9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 213, 215-218/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /4хх 199-204/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 215-216/, барилгын арматур худалдах, худалдан авах гэрээ /4хх 220-223/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 227-228/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх 233-234/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.Цыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарыг бүлэглэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч М.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Х.Ч, Н.О, Д.Б нартай бүлэглэн хохирогч Б.Э, Д.Б нараас “барилгын арматур төмөр нийлүүлнэ” гэж 25.000.000 төгрөгийг залилан авсан, хохирогч Б.Саас хүчитгэлийн ажил хийж өгнө гэж 6.250.000 төгрөгийг залилан авсан, хохирогч Г.Мд Соната-5 маркийн автомашиныг зарна гэж 905.000 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

тусгаарласан хэргийн яллагдагч Д.Этой бүлэглэн давтан үйлдлээр автомашин мехнизм ашиглаж Төв аймгийн Батсүмбэр сум Хавчиг ганга” гэх газарт бэлчээрлэж байсан 3 тооны үхэрийг хулгайлж, хохирогч Н.Мт 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Гад 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Ад 2.500.000 төгрөгийн, мөн Д.Э, Долгормаа нартай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуур гэх газраас иргэн У.Шгийн 13 тооны адууг хулгайлж 15.600.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.О “...5.000.000 төгрөг гаргуулахаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна, бусдыг залилан мэхлэх ямар ч сэдэл байгаагүй ...” гэсэн, шүүгдэгч Х.Ч “...бүлэглэж залилан мэхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, 5.000.000 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн, шүүгдэгч Н.Оийн өмгөөлөгч Б.Дамба “...Н.От холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн, шүүгдэгч Х.Чы өмгөөлөгч О.Сарантуул “...хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, 250.000 төгрөг Х.Чд зуулчилсан хөлс гэж өгсөн тухай яригдаад байхад хохирлыг 4 хүнд тэнцүү хуваан шийдвэрлэсэн, хэн нь ямар санаа зорилготой үйлдлээр оролцсон гэсэн дүгнэлт хийгдээгүй байхад тэнцүү хувиарлаж байгаа нь үндэслэлгүй байна, иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар “...шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж үндэслэлгүй оногдуулсан 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хохирогч Б.Э “...Тэгээд тэр хүнээс би төмөр нийлүүлэх хүн байна уу гэж асуухад надад Х.Ч гэх хүн гарч ирсэн. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тэр Х.Ч гэх хүүхэн Мөнхбат гэх эгчтэйгээ хамт “Материал импекс дээр ярьж байгаад уулзья гэж хэлсэн. Тэгээд тэр 29-ний өдөр уулзаад Материал импекс дээр уулзаад Х.Ч тэндээс төмөр зээлээр авна гэж хэлээд орж уулзаад тэр төмөр зээлэх асуудал нь бүтээгүй. Тэгээд тэндээсээ бид нар салж яваад байж байтал Х.Ч, Болдсайхан нар өдөр 13 цагийн үед над руу залгаад “төмөр нийлүүлэх борлуулагч олсон, өдөр 16 цагт Рамада дээр уулзья гэж хэлсэн. Тэгээд манай компаний инженер Г.М бид хоёр 16 цагийн үед Рамада дээр яваад очсон. Очиход Х.Ч, Болдсайхан, Н.О нар байж байсан. ...Тэгээд ер нь авахаар болоод байж байтал нөгөө Н.О, Тунгалаг, М.Ц, Х.Ч нар “өнөөдөр байраа очоод үзчихье” гээд байсан. Тэгээд бид нар барьцаанд тавих байраа үзүүлсэн. Тэгээд тэр өдөр цаг нилээн орой болсон байсан, маргааш нь төмрөө ачуулах болоод тэр өдрөө салцгаасан. Маргааш нь өглөө шууд нөгөө 5 шарын төмөр дээр уулзахаар болсон. Тэгээд маргааш нь Г.М бид 2 шууд төмөр дээрээ яваад очоод Н.О рүү ярихад “манай борлуулагч өнөөдөр гадуур ажилтай байна, бүгдээрээ хотын төвд уулзья” гэж хэлсэн. Тэгээд Н.О, Х.Ч, Д.Б нар хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо байна гэхээр нь бид 2 яваад очсон. Тэгтэл Х.Ч “эндээ гэрээгээ дуусгачихья” гээд байсан. Тэгэхээр нь би “энд юу гэж нэг цайны газар гэрээ хэлэлцээр мөнгө төгрөгийн асуудал хийж байдаг юм, танай оффис дээр очьё” гэсэн. Тэгтэл тэд нар уурлаад “энд л хийчихье” гээд байсан. Тэгэхээр нь би за ер нь больё, та нартай яриа тохирохгүй юм байна” гээд би тэнд кафенаас нь гараад явчихсан юм. Тэгтэл Н.О нь араас гүйж гарч ирээд “манай эгчийг, манай нөхрийг уучлаарай” гээд байсан. Тэгээд оффис дээр нь очихоор болоод оффис дээр очоод гэрээгээ хийсэн. ...” /1хх 29-30/,

Д.Б сэжигтнээр “...2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би Н.Отэй хамт хотын төвд хоол идээд сууж байхад Мөнхөө гэх хүн Н.О рүү залгаад “төмөр авах хүнээ олчихлоо, яаралтай уулзая” гэж хэлсэн. Тэгээд бид 2-ыг сууж байхад гаднаас Х.Ч, Мөнхбат нар орж ирсэн. Удалгүй араас нь төмөр авна гэсэн хүн болох нүдний шилтэй залуу орж ирсэн. Тэгээд хоол идээд сууж байтал Х.Ч нөгөө залуу руу заагаад “худалдан авагч нь энэ байна, одоо яаралтай төмрөө нийлүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл Н.О тэр хоолны газраас гараад М.Цтой яриад буцаж орж ирээд “за зарах төмөр байна гэж байна” гээд ороод ирсэн. Тэгээд л тэд нар орой нэг цаг товлоод төмрөө үзүүлье гээд хамтдаа тэр хоолны газраас гараад би тусдаа тэд нараас салаад, харин Н.О, Х.Ч, Мөнхөө нөгөө төмөр авах залуу нартай хамт яваад өгсөн. ...Тэгээд л бөөнөөрөө М.Цын нөгөө төмрийг үзэх болоод Сонгинохайрхан дүүргийн архан талд гурилын үйлдвэртэй ойрхон нэг газар ирсэн. Тэнд нь очиход бас л төмрүүд байсан. Тэр төмрүүд нь харин зэв багатай төмрүүд байсан. Тэгтэл Тунгаа нэг шошго барьчихсан “шинэ орж ирсэн төмөр байгаа биз дээ” гээд хүн бүрт үзүүлсэн. Гэрээний талаар яриа бол тэнд огт гараагүй, миний ойлгосноор тэд нар урьдчилаад гэрээгээ өдөр хийсэн юм шиг байна лээ. Тэгээд л тэнд мөнгөө маргааш нь өгөлцөж авалцах болоод “одоо тэгвэл байраа үзье” гээд 2 машинд хуваагдаж суугаад 13 дугаар хороолол руу нэг байр руу үзэхээр явсан. Тэгээд замдаа машин дотор явж байхад М.Ц Х.Чыг “би таныг мэдэх юм байна, 2-уулаа өмнө нь төмрийн наймаа хийж байсан, санаж байна уу” гэхэд Х.Ч “өө тийм, санаж байна, 2-уулаа өмнө нь наймаа хийж төмөр өгөлцөж авалцаж байсан юм” гэж хэлж байсан. ...” /1хх 46-47/,

Н.О сэжигтнээр “...2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед би Д.Бтай хамт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ойролцоо байрлах “Модерн номадс” ресторанд хоол идээд сууж байхад Х.Ч над руу залгаад “хаана байна, уулзья” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Мөнхөө, Х.Ч нар орж ирсэн. Тэгээд байж байтал тэд нарын араас нь нэг улаан футболктой залуу орж ирсэн. Удалгүй бас Болдсайхан гэх өөрийгөө хуульч гэж танилцуулсан залуу орж ирсэн. Тэгтэл Х.Ч “за энэ нөгөө төмөр авах хүмүүс байна, яг одоо очоод үзээд, өнөөдөр ачуулья гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би тэр хоолны газраас гараад Тунгаа руу залгаад “төмөр авах хүмүүс байна, яг одоо үзээд авья гэж байна” гэхэд “Тунгаа за тэгвэл хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би буцаж хоолны газраа ороод “за төмөр нь байгаа юм байна, одоо “Рамада” дээр хүрээд ир гэж байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Д.Б ганцаараа өөр тийшээ яваад, Болдсайхан бас тусдаа явсан. Харин Х.Ч, Мөнхөө, улаан футболктой залуу, бид 4 шууд “Рамада” руу явсан. ...Тэгээд тэндээсээ Д.Б, Х.Ч нар нөгөө төмөр авах гэж байсан 2 хүүхэнтэй хамт Х.Чы оффис руу “гэрээгээ хийж байя” гээд явсан. Араас нь М.Ц, бид 2 очсон. Тэгээд очоод М.Ц бид 2 иргэний үнэмлэхгүй байсан болохоор Д.Бы нэрээр байр шилжүүлэх гэрээгээ хийсэн юм. Тэгтэл М.Ц “за одоо мөнгөө” гэтэл нөгөө хүмүүс нь “бид нар мөнгөө цуглуулж байгаа, удахгүй” гэтэл М.Ц “та нар өнөөдөр 12 цаг гэхэд мөнгөө аваад ирнэ гэсэн яасан бэ” гэтэл, нөгөө хүмүүс “за одоо аваад ирье” гэсэн. М.Ц надад “та эд нартай хамт явчих, мөнгө нь үнэн юм уу, үгүй юу үзчихээд ир” гэсэн. Би тэгээд нөгөө хүмүүстэй нь хамт яваад нөгөө төмөр үзсэн газраа ирсэн. Тэр хүмүүс М.Цыг тэнд дуудах санаатай байсан юм шиг байна лээ. М.Ц руу яриад “энд хүрээд ир” гэхэд М.Ц “үгүй, би очихгүй, энд уулзалттай байна” гэсэн. Тэгээд л замаасаа мөнгөө аваад буцаад Х.Чы ажлын хажууд байрлах нэг пабд ирсэн. Ороход тэнд М.Ц, Д.Б, Болдсайхан, Х.Ч нар сууж байсан. Би гаднаас төмөр авах гэж байгаа компаниас 2 эмэгтэй, 1 эрэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс Х.Чд мөнгөө өгсөн. ...” /1хх 50-51/,

Х.Ч сэжигтнээр “...Тэгээд надад төмөр өгөх хүн олдохгүй болохоор нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хуурай эгч Мөнхбатын хамт, Болдсайхантай “Материал импекс” дээр уулзаад тэндээс төмөр асуугаад, төмөр нь бүтээгүй юм. Тэгээд Болдсайхан болон тэдний компанийханаас салцгаасан. Тэгээд би Мөнхбат эгчийн хамтаар хуучин Сүхбаатар дүүргийн ойролцоо явж байхад гэнэт Н.Оээс “уулзмаар байна” гэсэн мессеж ирсэн. Хаана байгаа юм гэж асуухад хуучин Сүхбаатар дүүргийн ойролцоо “Модерн номадс” ресторанд байна гэсэн. Хоолны газар ороход Н.О, Д.Б нар сууж байсан. Тэгээд бид нар мэнд мэдэлцээд байж байхад миний гар утас дуугарсан юм. Тэгээд тэр ресторанд их чимээтэй байсан болохоор би гадаа гараад утсаар ярьсан юм. Тэгээд утсаар ярьчихаад буцаад ороход Мөнхбат эгч аль хэдийн нөгөө Болдсайхан гэх хүн төмөр хайж байгаа талаар яриа эхлүүлсэн байсан. Тэгтэл Н.О “за би гараад утсаар яриадхая” гээд гарсан. Араас нь би бас утсаар ярихаар гарсан. Гадаа гарахад Н.О уг рестораны үүдэнд “125.000.000 төгрөг бэлэн байгаа юм байна, барьцаанд нь байр тавих юм байна, 400 тонн төмөр хэрэгтэй юм байна” гээд нэг хүнтэй ярьж байсан. ...Тэгтэл Н.О намайг гэрээ хийчих гээд шахаад байсан. Тэгэхээр нь би “ийм их хүнтэй газар яаж гэрээ хийх юм, манай оффис руу явъя” гэсэн. Тэгээд манай оффис дээр ирээд би тэр 2 эмэгтэйтэй гэрээгээ шинэчилж хийсэн. Өмнөх өдөр нь нөгөө төмөрний газар байхдаа машин дотроо бас гэрээ хийсэн юм. Тэр гэрээн дээрх төмөрнийх нь хэмжээ, тоо нь өөрчлөгдсөн юм шиг байна лээ. Тэгээд гэрээгээ шинэчилчихээд байрны ордероо шилжүүлэхээр болсон. Тэгтэл М.Ц “надад иргэний үнэмлэх байхгүй, иргэний үнэмлэхтэй хүн байна уу” гээд байсан. Н.О бас надад иргэний үнэмлэх байхгүй гэсэн. Тэгээд Д.Бы үнэмлэхээр байрны ордероо шилжүүлэх гээд Н.О нөгөө 2 эмэгтэйтэй хамт явсан юм. Би ажил руугаа орсон. Тэгээд жаахан байж байгаад Д.Б руу утсаар ярихад “би танай хажуу талын пабд сууж байна” гэж хэлсэн. Тэгээд би хажуугийнхаа пабд ортол М.Ц, Д.Б, Болдсайхан нар пиво уугаад сууж байсан. Тэгээд удалгүй Н.О араас нөгөө 2 эмэгтэйтэй хамт ороод ирсэн. Н.Отэй тэр 2 хүүхэн яриад урьдчилгаа нэг компаниас 20 сая, нөгөө компаниас 5 сая төгрөг өгөхөөр болсон юм байна лээ. Тэгээд нөгөө 2 эмэгтэй бид нарын сууж байсан ширээнд сандал тавьж суугаад бэлнээр 20 сая төгрөг гаргаж өгсөн. Тэгээд би тэр мөнгийг нь нөгөө 2 эмэгтэйн нүдэн дээр М.Цод өгсөн. Өгөхдөө гэрээн дээрээ М.Цоор гарын үсэг зуруулсан юм. М.Ц тэр мөнгийг аваад цүнх рүүгээ хийсэн. Тэгээд нөгөө 2 хүүхэн “за явья, төмрөө ачуулья” гээд байсан. Тэгтэл М.Ц “за одоохон, одоо дахиад хэдэн хүмүүс ирнэ, тэд нараас мөнгө авна” гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бөөнөөрөө уг газраас гарахаар шатаар доош бууж байтал нөгөө 5 сая төгрөг өгсөн хүмүүс нь хүрээд ирсэн. Тэгээд би тэр хүмүүстэй нь бас гэрээ хийгээд тэд нараас 5 сая төгрөг аваад М.Цод өгсөн. Би тэр пабад сууж байхдаа М.Цод “за би одоо ашигаа яах болж байна” гэхэд М.Ц “би танд энэ урьдчилгаа мөнгөнөөс 500.000 төгрөг өгье”, маргааш орж ирэх 100.000.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд М.Ц надад 500.000 төгрөг өгсөн. Тэрний талыг би Н.От өгсөн. Тэгээд тэр хүмүүс М.Цыг дагуулаад төмрөө ачуулахаар аваад явсан. Бусад нь тэгээд тэндээсээ тарцгаасан...” /1хх 54-55/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогчид худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах зэргээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн аргад хамаардаг.

Хуурах нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж юм.

Гэрээний хоёр тал нь түүний биелэлтэнд харилцан хяналт тавьж, мэдээлэл солилцох, гомдлын шаардлага гаргах зэргээр дүгнэж байсны эцэст эрсдэлд орвол үүнийг залилах гэмт хэрэг гэж үздэггүй болно.

Харин шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавч болгон ашигласан гэж үздэг.

Х.Ч, Н.О, Д.Б М.Ц нар нь хэн алиндаа  арматур төмөр байхгүйгээ мэдсэн буюу арматур төмөр олж, хохирогч Б.Э, Д.Б нарт худалдах зорилгоор “Материал импекс компаниас арматур төмөр зээлээр авах гэж орж уулзсан, уг компаниас арматур төмөр зээлээр авах асуудал нь бүтэх боломжгүй байхад бусдын эзэмшлийн арматур төмөр үзүүлэн шүүгдэгч Х.Ч өөрийн компанийн нэр дээр барилгын арматур худалдах, худалдан авах гэрээ /4хх 220-223/-г байгуулж, хохирогч Б.Эаас 20.000.000 төгрөгийг, хохирогч Д.Баас 5.000.000 төгрөгийг тус тус бэлнээр авсан болох нь хохирогч нарын болон шүүгдэгч нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч Х.Ч нь дээрх мөнгийг хүлээн авсан боловч “М.Цод өгсөн, зуучлалын мөнгө гэж 250.000 төгрөг л авсан” гэсэн тайлбар гаргаж байх боловч нэр бүхий хохирогч нартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санаа зорилгогүй байсан гэж дүгнээд түүний үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, тэд анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогч нарт амлан үүнийгээ гэрээ байгуулах байдлаар тэдгээрт итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, тэдний мөнгийг хууль бусаар авсан нь гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон нөхөн төлүүлэх төлбөрийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээдүүд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Энэхүү үүрэг нь тухайн этгээдүүдийн гэм буруутай, хууль бус үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас гэм хор учирсан бөгөөд уг үйлдэл (эс үйлдэхүй), хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд үүсдэг байна.

Тиймээс зөвхөн М.Цын үйлдэл (эс үйлдэхүй)-тэй холбоотой учраагүй, тэдний бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулсан санаатай үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгөнд учирсан, шүүгдэгч нарын мэдүүлгээр хэн нь хэдэн төгрөг авсныг тогтоох боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээс гарах үр дагаврыг харгалзан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарын үйлдсэн залилах гэмт хэргийг болон шүүгдэгч М.Цын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Гэхдээ, шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарын үйлдсэн залилах гэмт хэргийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байсныг 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсний дараа 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуулийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарын үйлдсэн залилах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгох үндэслэл үүссэн байхад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу болжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсны дараа тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөлийн хуульд заасан цаг хугацаанд хамаарсан, түүнчлэн уг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд шууд хэрэглэх хууль зүйн үндэслэл үүснэ гэж үзэв.      

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол ...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шүүгдэгч М.Ц нь олон тооны мал хулгайлсан болох нь тогтоогджээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Цыг  машин ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч түүнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, тусгаарласан хэргийн яллагдагч нарт холбогдох хэргийг өмнө нь шийдвэрлэхдээ машины хураах асуудлаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул энэ хэрэгт тухайн асуудлыг хөндөх шаардлагагүй байгааг дурдаж байна.

            Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1042 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Н.О, Х.Ч, Д.Б нарт холбогдох залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар,

мөн прокуророос шүүгдэгч М.Цод холбогдох хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Мижиддоржийн М.Ц /РД:ИВ81052410/-ыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, ...” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Боржигон овогт Мижиддоржийн М.Ц /РД:ИВ81052410/-ыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, ...” гэж,

2 дахь заалтын “Шүүгдэгч М.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Шүүгдэгч М.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б нарыг М.Цтой бүлэглэн залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Цын хулгайлах хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч, Н.О, Д.Б нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч М.Цод холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Энхбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР