| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00140/И |
| Дугаар | 310/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00288
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 310/ШШ2025/00288 | Дундговь аймаг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р баг Сэмжид хайрханы 04-01 тоотод оршин суух Балдорж овогт Цэвээнравдангийн Энхмаа /РД:ЗЛ73062607/
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Дорждэрэм агсны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00140/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Энхмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дундговь аймгийн Сайхан-овоо сумын 3-р багийн иргэн Ц.Энхмаа миний бие нь 1973 онд төрсөн, 51 настай эмэгтэй, хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүн Э.Дорждэрэм нь 2024 оны 08 сард өвчний учир нас барсан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаатай. Насанд хүрээгүй 2 хүүхэд байдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл талийгаачийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй ажилласан жилийг шүүхээр тогтоолгох гэсэн тул улсад ажилласан жилийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Талийгаач Э.Дорждэрэм нь Дундговь аймгийн Сайхан-овоо сумын Ерөнхий Боловсролын дунд сургуулийн 8-р ангийг 1981 оны 06 сард төгссөн. Улмаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн Найз бригадад малчнаар 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад цэргийн албанд татагдаж малчнаас чөлөөлөгдсөн. 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1985 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл цэргийн алба хаагаад өвчний учир цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Цэргийн алба хааж ирээд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн Найз бригадад 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл малчин байсан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан. Дундговь аймгийн архиваас тасгаас анх илгээлтээр хөдөө гарч малчин болсон тушаал нь гарч ирсэн. Дундговь Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги гал түймэрт өртсөн байдаг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж байсан. Иймд Ц.Энхмаа миний бие нь талийгаач Дорждэрэмийг 1981 оны 07 сарын 01-ний өдөр 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн Найз бригадад малчнаар, 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1991 оны 02 сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги болон "Онги" хоршоонд манаачаар тус тус ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг архивын лавлагаа зэрэг материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Дорждэрэмийн эхнэр нь байна. Дорждэрэмийн ажилласан жилийг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Дундговь аймгийн Социализмын зам нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл манаачаар, 1991 оны 02 сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги хоршоонд манаачаар ажиллаж байсныг нь тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэв.
3. Нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 08/110 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 08/109 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/,, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/, Э.Дорждэрэм Д.Энхмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Лхагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/, Э.Дорждэрэмийн цэргийн батлахын хуулбар /хэргийн 10-р хуудас/, Э.Дорждэрэмийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-12-р хуудас/, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн даргын 1981 оны 11 сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/, гэрч Б.Цэрэндуламын мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 27-28-р хуудас/, Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хэргийн 32-33-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 258 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 34-36-р хуудас/, гэрчээс мэдүүлэг авхуулахад төлсөн зардлын баримт /хэргийн 37-р хуудас/ баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь Э.Дорждэрэм агсны хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу шаардлага хангахгүй тул 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг Дундговь аймгийн Социализмын зам нэгдэлд хүртэл малчнаар, 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 02 сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги ХХ-д манаачаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 08/110 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 08/109 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, Э.Дорждэрэм Д.Энхмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Лхагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар, Э.Дорждэрэмийн цэргийн батлахын хуулбар, Э.Дорждэрэмийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн даргын 1981 оны 11 сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, гэрч Б.Цэрэндуламын мэдүүлэг, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 258 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Энхмаагийн Э.Дорждэрэм агсны ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Майхант овогт Эвийхүүгийн Дорждэрэм /РД:ЗЛ65012710/ агсан нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл, 1985 оны 02 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Социализмын зам нэгдэлд малчнаар, 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 02 сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги хэрэглээний хоршоонд манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардалд 189750 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ