| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/61 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Н.Б,
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.О-д холбогдох эрүүгийн 1838000870063 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.О.
Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд иргэн Н.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд иргэн Н.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цэцэрлэг сумын төв орж ирээд сумын захиргаа орж архивчтай уулзаж малын А данс шүүлгээд захиргаанаас гарч явтал урдаас О ирээд ах дүүгээ ёстой хөөрхөн хийсэн байна аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байна даа дүү минь” гэж хэлтэл “чи намайг гахай алсан гэж матсан байсан, мөн тэр жил 4 морио алдахдаа намайг хулгайлсан гэж ярьж явсан байсан. Тэр 4 морийг чинь Д авсан шүү дээ гээд чи надаар их оролдож байна даа, муу овжин зальтай, чиний овжин зальтай амьдардаг чинь надад хамаагүй шүү тавьчихсан пизда” гэж над руу дайрч доромжилж гараараа салаавч гаргасан. Би хариуд нь “чамайг хэн матсан юм бэ, би чамайг гахай алсан гэж мэдээгүй юм байна, тэгж хэлсэн эсэхийг ороод байгаль хамгаалагч нартай уулзъя гээд зууралдаад захиргааны хаалгаар ороод маргалдаад явж байтал над руу салаавч олон удаа гаргаад байхаар нь би зөрүүлээд салаавч өгтөл миний тэр гарыг амаараа хүчтэй мөргөсөн. Тэгээд уруул амаа гараараа арчиж үзсэнээ амнаас нь бага зэрэг цус гарчихсан байсныг хараад “чи намайг цохилоо” гэж хэлээд намайг баруун гараараа бүснээс барьж өөр рүүгээ татаж байгаад зүүн гараараа миний баруун нүд рүү цохисон. Миний нүднээс гал манарах шиг болоод би ухаан балартаад суусан. Тэгээд нэг мэдэхэд намайг татаад ямар бааштай пизда вэ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сумын захиргаа орж байгаль хамгаалагчтай Г-тай уулзахаар ажлын өрөөнд нь ортол гадуур ажилтай байсан тул хамт нэг өрөөнд суудаг Д-тэй уулзчихаад гадаа үүдэнд гараад Г гуайг хүлээхээр гарч явтал захиргааны үүдэнд манай нутгийн Н.Б гэдэг хүн тааралдахаар нь “та дүүгээ гахай агнасан гэж байгаль хамгаалагч нарт матсан юм уу, юунд дүүгээ гоочилж явдаг юм бэ” гэж хэлтэл “чи юу солиороод байгаа юм бэ, хэн чамайг матсан юм бэ, би матаагүй шүү” гэж хэлээд намайг заамдаж авсан. Би зөрүүлээд заамдаж авсан. Тэгээд маргалдаж байтал миний уруул руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун нүд рүү нь цохисон. Тэгээд бид хоёр хэрэлдээд зууралдаад байж байтал цагдаа ирээд цагдаагийн кабон руу авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчим шиг санагдаж байна. Манай сумын Засаг даргын Тамгын газрын коридорт согтуу хүмүүс маргалдаад байх шиг чимээ гараад байхаар нь би хэсгийн төлөөлөгчийн утас руу залгаж мэдэгдсэн. Би гарч хараагүй болохоор хэн хэн маргалдаж байсныг нь мэдээгүй. Удалгүй сумын цагдаа Э ирээд аваад явсан байсан. Дараа нь хүмүүсийн ярих нь Цэцэрлэг сумын 1-р багийн иргэн Б гуай, О нар маргалдаж зодолдсон сурагтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай:
7. Н.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.
8. Н.Б-н тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
9. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
10. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
11. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
12. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 54 дүгээр хуудас/, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ш.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Н.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээг шүүгдэгч Ш.О-тай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байх тул шүүгдэгч Ш.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838000130041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1838000870063 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН