Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/206

 

   2024            02           15                                         2024/ДШМ/206

Г.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Цы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Цд холбогдох 2307000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ц;

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 24-ний дуусгавар болсон;

Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны гадаа Ч.Отай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Цыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цы цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ц нь иргэн Ч.От хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ яллагдагчаар татагдан шүүгдсэн бөгөөд ял сонсгож яллагдагчаар татсан хуулийн зүйл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт үйлдэлд гэм буруутайгаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хор уршиг арилсан, хохирогч Ч.О нь гомдолгүй болохоо прокурор, шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан шийдвэрлүүлэхийг хүсч, энэхүү хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж байна. Г.Ц нь үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, гэм буруугийн талаар ямар ч маргаан байхгүй, төрийн хуульд зааснаар шүүхээс ял шийтгэл хүлээлгэсний дагуу шударгаар шийтгэлээ эдлэхэд ямар ч байдлаар гомдол саналгүй байгаа бөгөөд гагцхүү хуульд заасан хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэлийг хэрэглэн шийдвэрлэж өгөхийг хүсч, энэхүү хүсэлтийг өмгөөлөгчийн хамт давж заалдах журмаар гаргаж байгаа болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан ял шийтгэлийг минь хугацааны хувьд 5 жил 2 сарын хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын ялыг биечлэн эдлүүлэхээр хөнгөрүүлэн магадлан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. Мөн Г.Ц нь эрүүл мэндийн хувьд сахарын өвчний 4 дүгээр зэрэглэлтэй. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх нь хуульд харшлах зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Цы гэм буруугаа хүлээн зөвшөөрөх санкц дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хамааралтай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учраас шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны гадаа Ч.Отай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ч.Оын “...надруу дайраад гараараа миний цээж рүү цохих шиг болоод цаашаагаа машиндаа суугаад зугтаагаад явчихсан. Тэгсэн гэнэт миний цээж хэсэгт халуун оргиод байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд цээж маань цус болчихсон байсан. ... Одоо надад ямар нэгэн гомдол санал алга, Г.Цд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” /1хх 12, 14/,

иргэний нэхэмжлэгч Ж.Гын “...Ч.О нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.780.700 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Цаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 99/

Г.Цы яллагдагчаар өгсөн “...Отгонбаатарыг айлгаж явуулах гээд түүн рүү очсон чинь Отгонбаатар миний нүүр рүү гараараа цохьчихсон, тэгэхээр нь би хутгаараа түүн рүү доороосоо дээш нь чиглэлтэй далайсан чинь миний хутгатай гарыг Ч.О цохиж таараад хутга маань Ч.Оын цээжийг оноод зүсчихсэн юм. ...түүний биед учирсан гэмтлийг би учруулсан юм. ...” /1хх 66/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар шинжээчийн “...Ч.Оын биед цээжний гол дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 47/ гэсэн дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-4/, хутгыг хураан авсан ажиллагааны гэрэл зураг /1хх 7/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8/, өвчний түүх /1хх 26, 28-32/, яаралтай тусламжийн хуудас /1хх 27, 35/, гэмтлийн эмчийн үзлэг /1хх 32, 38/, Ч.Оын хүсэлт /1хх 91, 2хх 52/, хохирол төлбөр төлсөн баримт /2хх 53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Цыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Цы хохирогч Ч.Отай хардалтын улмаас маргаан үүсгэж, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан 5 жил 2 сарын хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч Г.Цы зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Ч.Оын гомдол саналгүй гэсэн хүсэлт, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорих ялыг багасгах талаар гаргасан түүний болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Цы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Цыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Цыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР