Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2021/00021

 

 

нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Хэргийн индекс: 148/2021/00111/И

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Л.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Л.Алтан-Эрдэнийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцуулах тухай 148/2021/00111/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.******* нь Моностойн нуруу" ХХК-ны хувьцааны 50% -ийг Өвлөх эрхийн гэрчилгээ-ний дагуу эзэмшигчээр тогтоолгох, компаний дүрэмд өөрчлөлт, шинэчлэлт оруулах, шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчийн эрхийн гэрчилгээг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаар татагдсан Л.******* би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зөрчин олгогдсон, хууль бус гэрчилгээ гэж үзэж байна.

Тухайлбал: Энэхүү гэрчилгээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа МУ-ын Иргэний хууль, Монгол улсын Нотариатын тухай хууль, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын заалтыг ноцтой зөрчсөн байна. Иргэний хуульд Өвлөх эрхийн талаархи харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 531-р зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг хуульчлан заахдаа 531.2-д Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж маш тодорхой хуульчлан тогтоожээ. Иймд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтын хүрээнд өвлөх эрхийн гэрчилгээ нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа олгогдох ёстой байтал энэ хугацаанаас өмнө олгогдсон нь өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тодорхой нотлогдож байна. Иймд Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан... гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие Монгол улсын Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 531 дүгээр зүйлийн 531.3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171-р тушаалаар батлагдсан "Нотариатын үйлдэл эрхлэх заавар"-ын 8-р зүйлд заасны дагуу өвлүүлэгч Б.ын "Моностойн нуруу" ХХК-д оруулсан хөрөнгийн 50 хувийг эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч хүү П.******* өвлөх эрхтэйг гэрчилж, бүртгэлийн 093-т бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Миний бие П.*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тус үйлдлийг хуулийн дагуу хийсэн. Нэхэмжлэгчийн шаардлага нь хууль зүйн үндэслэл огт байхгүй, Нотариатч хуулийн ямар зүйл заалт, ямар заавар зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр тус өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид олгосноор хууль ёсны өвлөгч бус нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж зөрчигдөж, хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Иймд 2020 оны 93 дугаартай бүртгэлд бүртгэгдсэн "өвлөх эрхийн гэрчилгээ" хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.3 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А.*******д холбогдох өвлөх эрхийн 0093 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Алтан-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр би эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь нотариатч А.*******г Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчин хууль бусаар Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг Моностойн нуруу ХХК-ны хувьцаа эзэмшигч Б. нь 2020 оны 10-р сарын 17-нд нас барсан байна. Улмаар талийгаачийн нас барснаар Монгол улсын Иргэний Хуулийн 518-р зүйлд зааснаар өв нээгдсэн байна. Талийгаач нь нийт 11 хүүхэдтэй байсан ба түүний эхнэр мөн 4 хүүхэд нь талийгаачаас өмнө нас барсан байх бөгөөд үлдсэн 7 хүүхэд нь 520-р зүйлийн 520.1.1-д заасан өвлөх эрх бүхий этгээдүүд мөн юм. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг Иргэний хуулиар зохицуулсан байх бөгөөд тухайн хуулийн 531-р зүйлийн 531.2-дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж хуульчлан тогтоожээ. Энэ заалтыг Монгол улсын Нотариатын тухай хуульд мөн тусгасан байх бөгөөд Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зааварт ...өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн газрын нотариатч өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа олгоно журам болгон тогтоосон байна.

Гэтэл нотариатч Иргэний хуулийн 531.3-д зааснаар Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т зааснаас өмнө олгож болно гэсэн заалтыг баримтлан гэрчилгээ олгосныг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй санал огт нийлэхгүй байгаа юм. Хуульд ...өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэж ойлгомжтой, тодорхой хуульчилсан, өөрөөр хэлбэл өвлөх эрх бүхий өвлөгч нар нь ...өөрт оногдох хэсгээсээ татгалзсан, өөр бусдад шилжүүлэхээ илэрхийлсэн бол..., хугацаанаас өмнө олгоно гэсэн заалт огт байхгүй юм.

Мөн нотариатч А.******* нь нас барсан П.*******ийг амьд, өвлөх эрхээсээ татгалзсан гэж өвлөх эрхийн гэрчилгээнд бичсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талын хүсэлтээр баримт бичигт шүүгчийн захирамжаар үзлэг хийхэд дээрхи байдал тогтоогддог. Гэтэл үзлэг хийхээс өмнө хариуцагч шүүхэд анх тайлбар гаргахдаа хамт өгсөн баримтдаа өвлөх эрхийн гэрчилгээ-г хавсаргасан байсан нь нэхэмжлэгч талын гаргаж өгснөөс өөр засварласан баримт байсан юм.

Энэ талаар хавтаст хэрэгт 2 өөр Өвлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан байна. Ингэж дахин гэрчилгээ бичиж олгохдоо өмнөх гэрчилгээ олгосон огноо, цаг минут, дугаарыг нь огт өөрчлөөгүй яг тэр хэвээр нь бичиж шүүхэд ирүүлснийг хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн авч шүүх энэ байдлыг огт хайхарч үзээгүйд гомдолтой байна. Мөн дээрхи үзлэгийн явцад гэрчилгээг хугацаанаас нь өмнө хууль зөрчин олгохдоо нотариатын үйлдэл хийх заавар-ын дагуу бүрдүүлбэл зохих баримтууд дутуу байхад хууль, журам зөрчин хуулиар тогтоосон хугацаанаас нь өмнө гэрчилгээг олгосон нь тогтоогдсоор байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны 2021 оны 04-р сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Отгонбаяр өмгөөлөгчтэй нэг байр сууртай оролцож байна. А.Отгонбаяр өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж хэдэн зүйл хэлье. 2 гэрчилгээ олгосон гэдэг асуудлын хувьд эхний гэрчилгээ нь хууль ёсны өвлөгч П.*******т гардуулан өгсөн бөгөөд үүнийг анхан шатны шүүхэд өгсөн. Дараагийн гэрчилгээ нь нотариатчид үзлэг хийхэд баримт дотроос нь гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгч П.******* өвлөх эрхийн хүсэл сонирхолгүй байхад өөрөө шинээр үйлдэж гаргасан байна. Тэгэхээр энэ үйлдэл нь хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан гэх эргэлзээг төрүүлж байна. Мөн өөр хууль ёсны өвлөгч гарч ирж магадгүй гэж ярьж байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Моностой нуруу ХХК-н дүрмийн 5 дугаар зүйлийн 9-д зааснаар Компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүн болон бусад өвлүүлэх харилцаанд энэ хуулийн дагуу шилжүүлнэ. Гэхдээ энэ давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ гэсэн байдаг. Гэр бүлийн гишүүд гэж хэн бэ? гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан байгаа. Тэгвэл хэн талийгаачтай хамт амьдарч байсан гэвэл түүний бэр Л.*******, ач хүү *******, ач охин ******* нар 20 жил хамт амьдарсан байдаг. Тэгвэл энэ хүмүүс өв залгамжлагч болох боломжтой юм. Ийм байдал үүсэх боломжтой эсэхэд нотариатч тооцож үзсэнгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо энэ асуудлыг заавал шалгаж үзэх ёстой байсан. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 43.7-д зааснаар эрх бүхий байгууллага өвлөгдөх хөрөнгийг битүүмжилсэн бол уг хөрөнгийг өвлүүлэхийг хориглоно гэж заасан. Тэгвэл Моностой нуруу ХХК нь зээлийн гэрээ байгуулж, компанийн хөрөнгөө барьцаалсан байдаг. ямар эрх ашиг хөндөгдөж байна гэвэл Моностой нуруу ХХК-н 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд одоо компанийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болж байна. Нотариатч Нотариатын тухай хуулийн 8, 43 дугаар зүйлийг бүрэн шалгаж байж өвлөх эрхийн гэрчилгээг олгох байсан. Гэтэл 2 удаагийн үйлдлээр дараагийн өвлөгч гарч ирнэ гэж тооцолгүйгээр хуульд заасан үндэслэлийг тооцолгүй гэрчилгээ олгосон. Өнөөдөр анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Учир нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ... хариуцагч нотариатын үндсэн архивын баримтаас нотлох баримтыг шинжлэн судалъя. Хавтаст хэргийн 206-240 тал гэсэн байдаг. Тэгтэл хавтаст хэрэгт ийм дугаартай материал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-04-20-ны 180 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1.2021 оны 12-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг Буурагчин гэрэлт хайлааст гудамж 12 тоот хаягт оршин суух хууль ёсны өвлөгч Буудай овогт ын ******* нь төрсөн эцэг өвлүүлэгч Буудай овогт *******ийн ын Моностойн нуруу ХХК-д оруулсан 50%-н хөрөнгийг өвлөн авах хүсэлт гаргасан. Нотариатч миний бие Монгол улсын Нотариатын тухай хууль-н 25 дугаар зүйлийн 25.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 531 дүгээр зүйлийн 531.3, Хууль зүй,дотоод хэргийн сайдын 2011 оны 171-р тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэх заавар-ын 8-р зүйлд заасны дагуу өвлүүлэгч Б.ын Моностойн нуруу ХХК-д оруулсан хөрөнгийн 50 хувийн эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч хүү П.******* өвлөх эрхтэйг гэрчилж, бүртгэлийн 093-т бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

-Өвлүүлэгч Б. нь 2020 оны 10-р сарын 17-ны өдөр нас барсанаар өв нээгдсэн байна. /Иргэний хуулийн 518/ Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1-д заасны дагуу өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгчдийн талаарх мэдээллийг шалгахад өвлүүлэгч нь 1962-12-31-нд Боржигин овогт Дэмбэрэлийн *******тай гэр бүл болж, 11 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020-11-09-ны өдрийн 3906/000265 тоот, 2020-11-06-ны өдрийн 510/000861 дугаар бүхий лавлагаагаар нотлогдож байна.

-Өвлүүлэгч Б.ын эхнэр Д.******* 2013-09-18-ны өдөр, охин П.Алтанцэцэг 1968-05-12нд П.******* /төрөөд 1 сар болоогүй нас барсан, хүү П.Төгсзориг 2011-06-21-нд, хүү П.Чинзориг 2013-04-9/-нд тус тус нас барсан байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020-11-06-ны 510/000852, 510/000849, 510/000853, 2020-12-17-ны 465/005324, 465/005323, 2020-11-09-ны 3906/000266 дугаар бүхий лавлагаануудаар тус тус нотлогдож байна.

-Хууль ёсны бусад өвлөгчид болох охин П.Оюунцэцэг, П.Нарангэрэл, П.Наранцэцэг, П.Оюунгэрэл, хүү П.Батзориг, П.Бүрэнзориг нар тус тусын оногдох хэсгээ өвлөхөөс татгалзаж, П.*******т өвлүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа тус тус нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн байна. Иймд хууль ёсны өвлөгч П.*******оос өөр өвлөгч байхгүй байгаа нь дээрх баримтаар нотлогдож байгаа учир Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

2.Өвлүүлэгч Б., түүний эхнэр Д.******* нар нь 11 хүүхэд төрүүлсэнээс 4 хүүхэд нас барсан, 6 хүүхэд нь өөрт оногдох хэсгээсээ татгалзсан. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо, өвлөгч охин П.******* нас барсан гэж бичихийг өвөөс татгалзсан гэж бичиж бичилтийн буюу техникийн алдаа гарсаныг залруулж, цахим системд залруулга хийгдэж бичилтийн алдааг засварласан. Энэ нь тухайн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.Шүүх эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэг үүсгэн, зөрчигдсөн эрхийг нь сэргээн, хамгаалах үүрэгтэй. /ИХШХШТХуулийн 12дугаар зүйлийн 12.1.1/

Гэтэл нотариатч миний бие хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор хууль ёсны өвлөгч бус нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэдгийг шүүх анхааралдаа авах бизээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч өмгөөлөгч А.Отгонбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Иргэний хуулинд өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгч нас барснаас хойш нэг жилийн дараа олгохоор заасан, мөн өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол хугацаанаас өмнө олгож болно гэж заасан болохоос бусад өвлөгч нар өвөөсөө татгалзвал хугацаанаас нь өмнө олгож болно гэсэн заалт хуулинд байхгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Моностойн нуруу ХХК нь 2 гишүүнтэй үр тариа тариалах, улаан буудайн гурил үйлдвэрлэх, модоор зүсмэл материал гаргах, ойжуулалтын ажил эрхлэх зэрэг ашгийн төлөө үйл ажиллагааны чиглэлтэй аж ахуйн нэгж бөгөөд хувьцааны 50 хувийг Б., 50 хувийг Л.******* нар эзэмшдэг байсан ба тус бүр 500 ширхэг хувьцаатай, хувьцааны нэг бүрийн үнэ нь 16.936,4 төгрөг, 500 ширхэг хувьцаа бүгд 8.468.200 төгрөгийн үнэлгээтэй байжээ.

Уг компанийг үүсгэн байгуулагч *******ийн нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд түүний хүү П.******* 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эцгийн үүсгэн байгуулсан Моностойн нуруу ХХК-ий 50 хувийг өвлөж, Өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж авах хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамтаар Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А.*******д гаргажээ.

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А.******* П.*******оос ирүүлсэн нотлох баримтуудыг хүлээн авч үнэлж үзээд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-д заасны дагуу П.*******оос өөр өвлөгч этгээд байхгүй нь лавтай баримтаар тогтоогдсон гэж үзэж Моностойн нуруу ХХК-ий 50 хувь буюу 8.468.200 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг өвлөх эрхийн 0093 тоот гэрчилгээг олгожээ.

 

Өвлүүлэгч Б. нь эхнэр Д.*******тай гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 11 хүүхэд төрүүлснээс охин П.Алтанцэцэг, П.*******, хүү П.Төгсзориг, П.Чинзориг нар нь нас барсан бөгөөд охин П.Оюунцэцэг, П.Нарангэрэл, П.Наранцэцэг, П.Оюунгэрэл, хүү П.Батзориг, П.Бүрэнзориг нар өөрт оногдох хэсгээ өвлөхөөс татгалзаж, /ах, дүү/ П.*******т өвлүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлж ирүүлсэнд үндэслэн дээрх шийдвэрийг нотариатчаас гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Өвлөгч П.******* болон түүний дээр нэр дурьдсан ах дүүс нь өвлүүлэгч Б.ын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч нар болох нь баримтаар нотлогдсон, эдгээрээс өөр энэ хуулийн дээрх зүйл заалтанд багтах өвлөгч байгаа болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээг П.*******т олгосон нь нэхэмжлэгч хуулиар олгогдсон ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй, харин нэхэмжлэгчийн хувьд Моностойн нуруу ХХК-ий удирдлага, үйл ажиллагааны талаарх маргаан нь тухайн компаний дүрэм болон Компаний тухай хуулиар зохицуулагдах боломжтой.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нотариатчийн зүгээс өвлүүлэгч Б.ын охин П.*******ийг төрөөд нэг сар болоогүй нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эрхээс татгалзсан гэж ташаа бүртгэн тус гэрчилгээнд тэмдэглэсэн байснаа засварлан дахин хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан 0093 тоот гэрчилгээ олгосон нь тогтоогдож байгаа боловч энэ нь тус гэрчилгээ хууль бусаар олгогдсон гэж үзэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГTop of Form