Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Иргэний нэхэмжлэгч П.М, Б.Э,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1838000150055 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр .... ХӨҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ..... ХӨА улсын дугаартай УАЗ-3962 маркийн автомашинтай мөргөлдөж П.Т, П.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр ..... ХӨҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас .... ХӨА улсын дугаартай УАЗ-3962 маркийн автомашинтай мөргөлдөж П.Т, П.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Хохирогч П.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөрөнд ирээд байж байтал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөдөө Хужиртад байдаг дүү Мөрөнд ирсэн орой буцна гэхээр нь нөхрөө агаарт гаргаж ганц нэг хонуулъя гээд явахаар болоод үдээс хойш М-тай уулзаад явахаар болсон. М тэндэхийн Э гэдэг хүнтэй цагаан өнгийн фургоноор явна гэсэн. Бид нар орой 17 цагийн үед Мөрөнгөөс гарсан. Би машины урд талын суудалд суусан. Нөхөр маань хойно суугаад явсан. Мөрөнгөөс гараад нэг их удалгүй нэг өгсүүр газар руу өгсөх маягтай явж байтал өөдөөс нэг их хурц гэрэлтэй машин гараад ирэх шиг болсон. Жолооч ороод ирлээ гэх шиг болсон. Тэгээд мөргөлдсөн. Үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би охин Х-н хамт Мөрөнд гэртээ байж байтал манай нутгийн хүүхэд болох Б манайд машинтайгаа ганцаараа ирсэн. Б ирээд юм ярьж сууж байгаад охин бид хоёрыг гэртээ аваачиж нутгийн минь бичлэгийг үзүүлэх юм болоод охин бид хоёрыг гэр рүүгээ аваад явсан. Бид нар Б-н гэрт очоод зурагтаар нутаг орныхоо бичлэгийг үзэнгээ нэг нэг лааз пиво ууцгаасан. Тэгээд сууж байтал намайг аваад салхинд гарах юм болоод, Хатгал явах юм болоод эхэлсэн. Тэгээд өдөр үдийн алдад Хатгал руу явсан. Б машинаа унаад, би урд суудалд суугаад, охин маань арын суудалд суугаад явсан. Бид нар Хатгалд очоод Жанхай явахаар, айлд очихоор болоод дэлгүүр ороод чихэр, боов, архи авсан. Тэгээд усан замын тэнд очоод хэсэг болцгоогоод нөгөө айлдаа ч очихгүй шууд Мөрөн рүү хөдөлсөн. Мөрөн рүү явахад Б өөрөө машинаа бариад, би хажууд нь суугаад охин ард суугаад явсан. Замдаа надад нэг лааз пиво өгсөн, би тэрнийг нь бариад явсан. Харин нөгөө хоёр Хатгалаас авсан архиа задлаад бага бага уугаад яваад байсан. Тэгээд Хужиртын даваа уруудаад явж байтал машинууд нэлээд зөрөөд яваад байсан. Явж байгаад машиных нь милийг харсан чинь 100 гарчихсан их хурдан явж байхаар нь чи удаан яваач, татаач гэж хэлэхийн зуургүй өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. ...Надад эмчилгээний мөнгө төгрөгийг өгсөн. Би Д.Б-с нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ ээжийнхээ хамт байж байтал барагцаагаар 10 цагийн үед манай гэрт Б машинтайгаа ирсэн. Б гэрт ирээд юм ярьж сууцгааж байгаад Б-ийн гэрт очиж нутгийнхаа бичлэгийг үзэхээр болоод би ээжийнхээ хамт Б-ийн гэр рүү явсан. Б гэртээ ганцаараа байсан ба гэрт нь очоод бичлэг үзэнгээ ярьж хөөрч нэг нэг лааз пиво ууцгаасан. Тэгээд ярьж байгаад салхинд гарч Хужиртын даваа давахаар болоод барагцаагаар 14 цагийн үед Б машинаа унаад ээж бид нарыг аваад явсан. Бид нар Хужиртын даваа даваад явж байснаа Алаг-Эрдэнэ суманд байдаг хамаатныхаа айлд очъё гэж явж байснаа болиод Хатгал орж хөлдсөн далай үзье гээд шууд Хатгал явсан. Хатгал орж Жанхай давж нэг айлд очихоор болж дэлгүүр орж нэг шил “Болор” архи, нэг нэг лааз пиво, чихэр печень аваад явах гэсэн чинь орой болсон болохоор Жанхай явахаа болиод усан замын тэнд очиж хэсэг  сууцгааж байгаад харуй бүрий болж байхад Мөрөн рүү хөдөлсөн. Мөрөн рүү явж байхдаа Б бид хоёр Хатгалаас авсан архиа задлаад бага зэрэг уугаад явж байсан. Тэгэхэд Б машинаа жолоодож, ээж хажуугийн суудалд суусан, би арын суудалд нь сууж явсан юм. Бид нар Хужиртын даваа уруудаад явж байтал Б хурдлаад 120 километр цагийн хурд хүрээд байхаар нь би тойрог дээр аажуухан яваач гэж хэлж байсан. Тэгэхэд Б хурдаа хасаад олон машин хажуугаар зөрөөд яваад байсан. Тэгж байтал нэг тойрог дээр нэг тод гэрэл өөдөөс гараад ирэх шиг болоод тас няс гээд явчихдаг юм байна лээ. Тэрний дараа юу болоод байгааг сайна мэдэхгүй орон гаран балай хүн шиг байгаад байсан. Тэгж байтал цагдаа, эмнэлэг ирээд бид нарыг Мөрөнгийн төв рүү оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,    

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр Э-н хамт Мөрөнд байж байгаад 17 цаг өнгөрч байхад өөрсдийн пургон маркийн автомашинаар Хужиртын давааны тэнд байдаг айлын хүмүүс хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед манай нөхөр машинаа жолоодоод хажуугийн суудал дээр нь Т эгч суусан. Арын суудал дээр нь би Н гэдэг эгчтэй хамт суусан. Арын суудал дээр Т гэдэг эгч бас нэг бие муутай эрэгтэй хүн сууж явсан. /машин дотор 6 хүн сууж явсан/ Бид нар Мөрөнгөөс гараад хар замаараа Хужиртын даваа чиглэлд явсан. Бид нар жаахан өгсөх маягтай явж байтал өөдөөс нэг хурц гэрэл гарч ирээд мөргөлдөх шиг болсон. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө нь би Э болон тэдний эхнэрийн хамт тэдний пургон автомашинаар Мөрөнгийн төв рүү орж ажил хөөцөлдчихөөд орой нь гэртээ харихаар болсон. Мөрөнгөөс гарахдаа Э-н машинаар явсан ба энэ автомашиныг Э жолоодоод жолоочийн хажуу талын суудалд миний төрсөн эгч Т суусан. Арын суудлуудын урагшаа харсан дунд талын суудал дээр би хүргэн ах Б-н хамт сууж явсан. Бид нар Мөрөнгөөс 17 цаг өнгөрч байхад гараад Хужиртын даваа чиглэлд засмал замаараа явж байтал өөдөөс нэг хурц гэрэлтэй машин давхиж ирээд мөргөлдөх шиг болоод их чимээ гарсан. Мөргөлдсөний дараа бид нар буух гэхэд дунд талын хаалга онгойхгүй байхаар нь бүгдээрээ арын хаалгыг онгойлгож бууцгаасан. Би урагшаа жолоочийн хаалгаар буусан. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. ...Нэг их хурдлаагүй, бид нарын машин явж байсан талаасаа зам нь өөд газар байсан болохоор тэгж их хурдлаагүй, харин өөдөөс ирсэн автомашин их хурц гэрэлтэй, маш хурдтай давхиж ирээд урд талаас мөргөх шиг болсон. Тэр автомашин урсгал сөрж ирээд мөргөсөн байх гэж бодож байна. Мөргөлдсөний дараа тэр Приус маркийн автомашины жолооч залуу шал согтуу хөл дээрээ ч тогтохгүй унаж босоод, зам голлоод явж байсан чинь эсрэг урсгал руу орчихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө би өөрийнхөө .... ХӨА улсын дугаартай пургон маркийн автомашинаар эхнэр Д болон нэг газар нутагладаг хүмүүсийн хамт Мөрөн суманд 11 цагийн үед орж ирсэн. Бид нар зах дээгүүр хоол хүнснийхээ зүйлийг базааж явж байгаад орой 17 цаг өнгөрч байхад буцахаар болсон. Мөрөнгөөс гарахдаа би машинаа жолоодоод, миний дэргэд урд талын суудал дээр Галт сумын гэсэн нэг эмэгтэй суусан. Арын суудлууд дээр хүмүүс яаж сууж явсан гэдгийг мэдэхгүй байна. Би Мөрөнгөөс гараад 15 орчим километр газарт жаахан өгсүүр газарт явж байтал өөдөөс хурц гэрэлтэй жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирэхээр нь би мөргөлдөх нь гэж бодоод тоормосоо гишгээд замын аль зайтай газрын хэрээр жолооныхоо хүрдийг зүүн тийш нь дарахын зуургүй ирээд мөргөсөн. Тэр машин миний машины зүүн урд талын дугуйн орчим руу мөргөсөн болохоор машинууд мөргөлдсөн газраа яг хөдөлгөөнгүй зогссон. Мөргөлдөх үед би машиныхаа жолоочийн хаалгаар шидэгдээд гадагшаа гарсан байсан. Тэгээд би машин дотор байсан хүмүүсийг машинаас гаргаад дараа нь эмнэлэг, цагдаа дуудсан. ...Би өөрийнхөө машиныг хэвийн байдалд оруулж авмаар байна. Би өөрөө засуулаад сэлбэг авахад дор хаяж 2.000.000 төгрөг хэрэг болохоор байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 59 дугаартай:

1.2. П.Т-н биед дух болон баруун хацарт зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. П.Т-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай:

1.2. Д.Б-н биед эрүүнд цус хуралт, баруун дунд чөмгөнд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.  Д.Б-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай:

  1. Тээврийн хэрэгслийн хурдыг тоормозны мөрөөр тогтоодог учир хурдыг тогтоох боломжгүй
  2. Тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 80 километрээс хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцох дүрэмтэй байдаг.
  3. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б тухайн замд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн хурдыг хэрэгт авагдсан нотлох баримтаар хэтрүүлсэн гэж үзэв.
  4. Тухайн зам тээврийн осол нь Тоёота Приус маркийн .... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б нь зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн, урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоноос үүссэн.
  5. Тоёота Приус маркийн .... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлийн 25.7.2-т “Тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1, 7.3, 7.14, 16а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цаг 60 километр, суурин газрын гаднах замд цагт 80 километр, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг болсон гэх газрын бүдүүвч зураг /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Т-йн нэхэмжилсэн 1.350.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч П.Т, шүүгдэгч Д.Б нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Хохирогч П.Т-ийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт “...эмчилгээний зардалд 1.350.000 төгрөгийг бэлнээр авсан учир жолооч Д.Баярмагнайд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад эмчилгээний мөнгө төгрөгийг өгсөн. Би Д.Б-ас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.М- эмчилгээний зардалд 150.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт “...эмчилгээний зардалд 150.000 төгрөгийг авсан тул цаашид Д.Б-д гомдол саналгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Э өөрт учирсан хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилснээс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт “...Бид хоорондоо эвлэрүүлэн зуучлах замаар тохиролцож, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлж хохирлыг барагдуулахаар тохиролцов” гэх өргөдөл хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Б-г хохирогч П.Т, Д.Б, иргэний нэхэмжлэгч П.М, Б.Э нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгч Д.Б нь урьд 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 04 сарын хорих ял оноож, 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн 10 сар 22 хоногийг тэнсэж суллаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 1838000150055 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Б-н ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1838000150055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Б-н ... дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР