| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2206047701421 |
| Дугаар | 2024/ДШМ/230 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/230
2024 02 21 2024/ДШМ/230
Г.У, Э.А, П.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Болортуяа,
шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор Г.У, Э.А, П.О нарт холбогдох 2206047701421 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.У,
2. Э.А,
3. П.О,
Э.А, Г.У, П.О нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр болох 170.3 кг хуш модны самрыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.У, Э.А, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээгээр буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оын урьд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.У, Э.А, П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3 шуудайтай, 170.3 килограмм жинтэй Хуш модны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдан борлуулж хохирол төлбөрөөс хасаж тооцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нараас хохиролд 84.213.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У, Э.Аптангэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуулийн хэрэглээ болон эрүүгийн эрх зүйн үндэслэл: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнээс “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг хуульчилан заажээ. Энэ гэмт хэргийн заавал тогтоогдох үндсэн шинж нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектын шинжид хамаарах халдлагын зүйл буюу нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн байх бөгөөд эдгээр халдлагын зүйлийн шинжээрээ ижил төрлийн болон төсөөтөй гэмт хэргээс ялган зүйлчлэгдэнэ.
Халдлагын зүйлийн шинжид хамаарах: Нэн ховор ургамал гэдэгт: Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д заасан “байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал /энэ хуулийн хавсралтаар тогтоосон ургамал/ хамаарна.
Ховор ургамал гэдэгт: Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарах ба ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална. Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж нь дээрх халдлагын зүйлийг бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан идэвхитэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас учирсан хор уршгын шинж чанар, хэр хэмжээ, тоо ширхэг нь зүйлчлэлд нөлөөлөх талаар тухайлан хуульчилаагүй байна. Өөрөөр хэлбэл, объектив талд заасан үйлдлийг хэрэгжүүлснээр гэмт хэргийн шинж бүрэн төгсөнө.
Түүнчлэн, Зөрчлийн тухай хуульд “Байгалийн ургамлын тухай хууль зөрчих” зөрчлийг тухайлан хуульчилж “Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж түүж бэлтгэсэн, худалдсан бол” гэж заасан байна. Энэ зөрчлийн үндсэн шинж нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал буюу зохих зөвшөөрөлгүй эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа өнгөрсөн байхыг ойлгох ба зөрчил үйлдсэн зорилго нь байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн нь зөвхөн “ахуйн хэрэгцээ”-ний зорилго байхыг хуульчилсан байна. Зохих зөвшөөрөл гэдэгт: Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “иргэн ховор ургамлыг ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмыг дагуу олгохыг ойлгоно. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, Зөрчлийн хуульд заасан зөрчлийн объектив талын үндсэн шинж болох зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн үйлдэл ижил байна. Харин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн ялгагдах шинж нь гэмг хэрэг үйлдсэн зорилго, нөхцөл байдлаараа ялгагдахаар байна. Өөрөөр хэлбэл, хүн “зохих зөвшөөрөлгүйгээр” ховор ургамлыг “ахуйн хэрэгцээнд” түүж бэлтгэсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй, харин “ахуйн хэрэгцээнээс” бусад зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах үндэслэлтэй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А\372 дугаартай “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай тушаал, А\282 дугаартай тушаалаар батлагдсан “Ойн дагалтат баялагыг хамгаалах, зохистой ашиглах журам” зэрэг захиргааны актуудад заасан ахуйн хэрэгцээний самар /ховор ургамал/ түүх, бэлтгэх, журмыг зохицуулсан байна.
Өмгөөлөгчийн дүгнэлт: Миний үйлчүүлэгч Э.А, Г.У, П.О нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг өгч байна.
Хуулийн хэрэглээ болон эрүүгийн эрх зүйн үндэслэл, өмгөөлөгчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Э.Аийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 141/,
П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 134/,
Г.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 127/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...тээврийн хэрэгсэлд ачсан 3 шуудай самар байв” /хх 22-25/,
Хохирогч Г.Нийн мэдүүлэг /хх 34-35/,
Дээрх нотлох баримтуудыг хуулийн хэрэглээ, үндэслэлтэй харьцуулан шалгая:
Миний үйлчүүлэгч Г.У, П.О, Э.А нар нь “бид хамтаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 35-11 УАМ дугааргай тээврийн хэрэгсэл /амьжиргаа цагаан/-ээр Баянголын ам гэх газарт самар түүхээр явсан. Бид самар түүхэд зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй, тухайн үед хүүхэд сургуульд орох гээд мөнгөгүй, бас ахуйдаа нэмэр тус болох зорилгоор 3 шуудай самар түүж цайруулаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар миний үйлчүүлэгч нар зохих зөвшөөрөлгүй самар түүсэн нь тогтоогддог. Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч энэ үйл баримт дээр маргадаггүй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч нар 3 шуудай самарыг “ахуйн хэрэгцээ”-ний зорилгоор түүсэн, тээвэрлэсэн нь тодорхой байна. Энэ үйлдэл нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А/372 дугаартай “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай тушаал, А/282 дугаартай тушаалаар батлагдсан “Ойн дагалтат баялагыг хамгаалах, зохистой ашиглах журам” зэрэг захиргааны актуудад заасан “ахуйн хэрэгцээний” самар /ховор ургамал/ түүх бэлтгэх журмыг зөрчиж “ахуйн хэрэгцээний” зорилгоор самар түүсэн болох нь тогтоогдож байна. Нэр бүхий шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зорчиж түүж бэлтгэсэн, худалдсан” зөрчлийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл бүхий байна. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Байгаль орчны газрын хууль ёсны төлөөлөгч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт миний үйлчүүлэгч нарийн гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд ахуйн хэрэгцээнд самар түүх зөвшөөрөлтөй хугацаа байсан эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байна. /хх 34-35/,
Иймд миний үйлчүүлэгч Г.У, П.О, Э.А нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Энэ хэрэг дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох төрийн албан хаагч Г.Н гэх хүн мэдүүлэг өгөхдөө “жил болгон самар түүх талаар зөвшөөрөл нь өөр өөр гардаг, миний үйлчлүүлэгч нарт 2023 онд самар түүх зөвшөөрөл гарсан гэж амаараа хэлдэг” боловч энэ талаар тогтоогоогүй. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй. Үнэлгээг иргэний журмаар нэхэмжлэхэд миний үйлчлүүлэгч нарын эрх ашиг хөндөгдөнө. Иймд эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хамтран шийдвэрлэх хуульд заасан боломжийг орхисон гэж үзэж байна” гэв.
Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан халдлагын зүйлтэй ижил байгаа тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгалийн ургамлыг хууль бусаар авсан гэмт хэргийн шинж нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжээс хэд хэдэн шинжүүдээр ялгагдана. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүн дээр прокурор гэмт хэрэг болон зөрчлийн халдлагын зүйл нь юу вэ гэх агуулгаар эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар сибирь нарсны хуш модны цайруулсан самар нь Засгийн газрын тогтоолд заасны дагуу ховор ургамалд хамаарна. Тийм учраас гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Байгалийн ургамлын тухай хуульд зохицуулж, зөрчлийн шинжтэй асуудлыг Ойн тухай хуулиар зохицуулсан. Сибирь нарсны хуш модны самрыг тодорхой зориулалтаар ашиглахаар заасан. Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар ховор ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглана. Ашиглахдаа тодорхой эрх бүхий байгууллага албан тушаалтнаас зөвшөөрөл авахыг шаарддаг. Зөрчлийн тухай хуульд зааснаар хуш модны самрыг ямар хэмжээгээр түүх боломжтой талаар жил болгон зөвшөөрөл олгогддог. Зөвшөөрөл аваад хугацаанаасаа өмнө, эсхүл дараа нь заасан хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн тохиолдолд зөрчлийн шинжтэй болно. Харин Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал нь ховор ургамлыг ахуйн болон эрдэм шинжилгээний зориулалтаар бэлтгэхээр зөвшөөрөл аваагүй, шүүгдэгч нарын хувьд ашиг олох зорилгоор бэлтгэсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Зөрчил болон гэмт хэргийн шинжтэй асуудал дээр давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг анхан шатны шүүх дээр битүүмжилсэн. Тухайн тээврийн хэрэгсэл яллагдагчийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан учир улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоол гарсны дараа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад яллагдагч нь тээврийн хэрэгслийг дур мэдэн зарж борлуулсан учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хангуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Э.А, Г.У, П.О нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр болох 170.3 кг хуш модны самрыг бэлтгэж, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нийн “...2022 оны хувьд Нийслэлийн ногоон бүсээс самар бэлтгэхийг хориглосон учраас ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг манай байгууллагын зүгээс олгохгүй байгаа. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод нь Монгол оронд ургадаггүй. Тиймээс уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. ...Хуш модны самрын үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. ...” /1хх 35/,
Г.Уийн яллагдагчаар өгсөн “...Самар түүх зөвшөөрөл аваагүй. ...уулнаас 3 шуудай самар түүж цайруулаад 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улиастай амаар хот руу орж ирэхдээ цагдаад баригдаж, зөвшөөрөлгүй түүсэн гэж саатуулагдсан. ...” /1хх 127/,
П.Оын яллагдагчаар өгсөн “...Самар түүх зөвшөөрөл аваагүй. ...уулнаас 3 шуудай самар түүж цайруулаад 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улиастай амаар хот руу орж ирэхдээ цагдаад баригдаж, зөвшөөрөлгүй түүсэн гэж саатуулагдсан. ...” /1хх 134/,
Э.Аийн яллагдагчаар өгсөн “...уулнаас 3 шуудай самар түүж цайруулаад 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улиастай амаар хот руу орж ирэхдээ цагдаад баригдаж, зөвшөөрөлгүй түүсэн гэж саатуулагдсан. ...” /1хх 134/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2908 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ургамлын дээж нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн “Хуш” модны самрыг түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 32.16% байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-нь өдрийн А/677 тушаалын хавсралтад тусгасны дагуу Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour модны самрын 1 кг нойтон жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. 170.3 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 16.842.670 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 5x16.842.670=84.213.350 төгрөг байна” /1хх 48-49/ гэсэн дүгнэлт,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 5-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 22-25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарын Баянголын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр болох 170.3 кг хуш модны самрыг бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...миний үйлчүүлэгч нар 3 шуудай самарыг “ахуйн хэрэгцээ”-ний зорилгоор түүсэн, тээвэрлэсэн, ...энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зорчиж түүж бэлтгэсэн, худалдсан” заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл бүхий байна. Э.А, Г.У, П.О нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол ...” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйл /Байгалийн ургамлын тухай хууль зөрчих/-ийн 1 дэх хэсэг/зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж/-ийн 1.1 дэх заалтад “байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;” гэж,
мөн хэсгийн 1.2 заалтад “... түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол ...” гэж тус тус заажээ.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: үүнд нэн ховор, ховор, элбэг гэж ангилна., 4 дэх хэсэгт “ховор ургамал”-д байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулан ойлгоно. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан байна.
Г.У, Э.А, П.О нарын машинд тээвэрлэж явсан 170.3 кг хуш модны самрыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2908 дугаартай дүгнэлтээр “...Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр байна...” /хх 49/ гэж дүгнэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд “Байгалийн ургамлын тухай хууль зөрчих”-д хариуцлага хүлээлгэхээр заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд” гэж зааснаас үзэхэд байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрлийг зөрчиж ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэсэн үйлдэл хамаарахаар байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, тухайлбал худалдан борлуулахаар ахуйн хэрэглээнээс илтэд их хэмжээгээр ховор ургамлын үр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан нь дээрх Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зохицуулалттай давхардсан гэж үзэхгүй.
Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын 355-д “"Нарсны төрлийн модны үр” гэснийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэсэн 170.3 кг үр, идээ /самар/ нь “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /хуш/-Pinus sibirica Du Tour болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2908 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн тушаалаар баталсан “'Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”'-ын хавсралтын хүснэгтэд зааснаар тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээг “Ахуйн зориулалтаар /1 удаа/, Хуш модны самар 50 кг” гэж, мөн журмын хавсралтын 3.13-т “Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.”, 3.22-д “Байгаль хамгаалагч нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо иргэний үнэмлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлд зөвшөөрөл олгохдоо Засаг даргатай байгуулсан гэрээ, Ойн ангиас хүлээлгэн өгсөн нөөц ашиглах ойн тархалтын зураг, нөөц тогтоосон баримт бичиг зэргийг шалгаж, ойд нэвтрэх зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасан.
Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Г.У, Э.А, П.О нар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газраас Сибирь Хуш үр болон самрыг их хэмжээгээр түүж бэлтгэхдээ байгаль хамгаалагчаас тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичиг, зөвшөөрлийг аваагүй бөгөөд тэдэнд ойд нэвтрэх зөвшөөрөл олгогдоогүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-нь өдрийн А/677 тушаалын хавсралтад тусгасны дагуу Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour модны самрын 1 кг нойтон жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байх бөгөөд хэргийн газраас хураан авсан 170.3 кг самарт бүхэлд нь нөхөн төлбөр тогтоож, шүүгдэгч Г.У, Э.А, П.О нараас 84.213.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн байх боловч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэж хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.
Шүүгдэгч Г.У, Э.А нар Баянзүрх дүүрэгт, шүүгдэгч П.О Баянгол дүүрэгт тус тус оршин суух бүртгэлтэй байх бөгөөд тэдний хувийн байдлыг харгалзан тухайн дүүргүүдэд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжоор ханган зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын хууль бусаар түүж, бэлтгэж, тээвэрлэсэн 3 шуудай 170.3 килограмм хуш модны самрыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээгээр буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Э.А нарыг оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч П.Оыг оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглох үүрэг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Э.А нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч П.Оыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3 шуудайтай, 170.3 килограмм жинтэй Хуш модны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж хохирол төлбөрөөс хасаж тооцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3 шуудайтай, 170.3 килограмм жинтэй Хуш модны үр, идээг худалдан борлуулж, олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нараас хохиролд 84.213.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.У, Э.А, П.О нараас хохиролд 84.213.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР