Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2021/00022

 

 

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2021/00022

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Хэргийн индекс: 150/2021/00003/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.******* /цахим/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/

Хариуцагч Б.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 26.690.895 төгрөг гаргуулах тухай 150/2021/00003/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид 2014 оны 07 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 20 дугаар байрны 16 тоот 37,78 мкв талбайтай 3 өрөө байрыг 58,000,000 төгрөгт тооцон худалдан авахаар болж, өөрийн өмчлөлийн орон сууц болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг Гавшгай 22 дугаар байрны 35 тоот 28,95 мкв 2 өрөө байрыг 45,000,000 төгрөгт тооцон зөрүү 13,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2014 оны 08 сарын 14-ны өдөр урьдчилгаа төлбөрт 16,400,000 төгрөгийг олж банкинд байршуулах шаардлага гарсан учир энэхүү мөнгийг Б.*******аас хүүтэй зээлж банкинд байршуулсан.

2014 оны 08 сарын 14-ны өдөр ХХБ-тай № ЗГ-ВВС2014081318-1 тоот жилийн 8 хувийн хүүтэй ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ байгуулж 33,600,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө миний гарт ч олгогдоогүй, Б.*******ын ХХБ дахь дансанд 2014.08.15-ны өдрийн орой шилжин орсон.

...Миний бие 2020 оны 11 сард байраа зарахаар шийдээд банкнаас зээлийн үлдэгдлээ асуухад 28,082,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн. Би банкны эдийн засагчаас дансанд байршуулсан 16,400,000 төгрөгөө авч болох уу би байраа зарах гэсэн юмаа гэхэд тэр мөнгө чинь таньд байраа зарсан хүний дансанд манай банкнаас авсан зээлийн чинь хамт тухайн үед нь ордог юм шүү дээ гэсэн. Ингээд би дансаа шүүлгэж урьдчилгаа төлбөр 16,400,000 төгрөг, орон сууцны зээлийн гэрээний дагуу авсан 33,600,000 төгрөгийн хамт Б.*******ын дансанд орсон гэдгийг ойлгож мэдсэн.

2020 оны 11 сарын 13-ны өдөр Б.*******тай уулзаж 16,400,000 төгрөгийг 2 удаа тооцон надаас авсан байна, урьдчилгаанд төлсөн мөнгө дансанд байж байдаггүй юм байна гэдгийг хэлэхэд банк чи бид хоёрын хоорондын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Би чамаас илүү мөнгө авахгүй гээд ойлголцохыг хүсээгүй.

...Тухайн үед Б. ******* миний дансанд чамаас урьдчилгаатайгаа нийлээд бүгд 50,000,000 / тавин сая / төгрөг орж ирлээ гээд хэлсэн бол би Дарханд байхдаа урьдчилгаа мөнгө байршуулах шаардлагын дагуу түүнээс зээлсэн 16,400,000 төгрөгийнхөө зөвхөн хүүг нь *******т төлж, түүнээс 18,900,000 төгрөг авах ёстойгоо ойлгох байсан.

Тийм учир миний бие хариуцагч Б.*******аас 16,400,000 төгрөг, 75 сарын хугацаанд банкинд төлсөн 16,400,000 төгрөгийн хүү 3.290,895 төгрөг, бүгд 26,690,895 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед ийм наймаа бол хийгдсэн. Энэ нэхэмжлэгч 16,400,000 төгрөгийг ямар данс руу яаж хийсэн гэдгийг мэдэхгүй байна гэж хэлж байна. Би энэ хүний өмнөөс банктай уулзаад яах уу гэхгүй би мэдэхгүй шүү дээ. Энэ хүн над руу ийм данс руу мөнгө байршуулах юм байна гэж данс өгсөн. Тэр дансанд би ямар азаар ахаараа хийлгүүлсэн юм. Хэрвээ би энэ хүнд өөрт нь өгөөд байршуулчихсан байсан бол энэ хүн өнөөдөр надад өөрт мөнгө байсан юм гэж яриад зогсож байх ийм л хүн байгаад байна. Өнөөдөр би Отгонбаяр гээд ахаараа хийлгэсэн болохоор энэ нотлох баримт болж байгаа юм. Дээрээс нь би 16,400,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж байршуулсан. Үлдэгдэл 33,600,000 төгрөгөөсөө 13,000,000 төгрөгийн зөрүү, миний авах авлагууд ус сувгийн өр, сөх, хүүгийн зөрүү, татварын 740,000 төгрөг, бэлэн өгсөн, зээл хаасан зэрэг суутгагдаад бэлэн 10 гаруй сая төгрөг өгсөн байдаг юм. Одоо болохоор 16,400,000 төгрөгийг би чамаас аваагүй гээд яриад байна. ....Тухайн үед байрны зээл авахад бүх санхүүгийн туслалцааг би зуун хувь үзүүлсэн. Анх надад байраа зарах сонирхол байгаагүй. Хотоос шилжиж ирсэн ах эгч хоёр хүүхдүүдтэй нь байлгая гэхэд би Нандиа танайх байраа зарах гэж байгаа юм уу гэхэд яах вэ би үнэ тохирвол би зарна гэж ярьж байсан чинь байрыг чинь орж үзье гэсэн. Байр орж үзэнгүүтээ үнэхээр таалагдаж байна, үнэхээр сайхан засвартай гурван өрөө байр байна гэхээр нь би үнэхээр чамайг авна гэвэл гал тогооны өрөөний ком, зочны өрөөний стенк, хоёр болор авжур гэх мэт зүйлүүдээ би дагалдуулаад өгчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь Нандиа тэгвэл найз нь зээл хөөцөлдөөд үзье хоёр байраа хооронд нь солино гэсэн асуудал гарсан. Хоёр байраа хоорондоо зөвшилцөөд 45 сая 58 сая гэж тохиролцоод Нандиагийн зээл бол хурдан шуурхай гарсан. ...Д.*******ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас 16,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,290,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 239,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж үндэслэлгүйгээр надаас 16,400,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: миний 2021 оны 01 дүгээр сарын 21 -ны өдөр гаргасан тайлбарт тусгагдсан найруулгын алдаатай бичигдсэн зүйлийг үндэслэн намайг 33,600,000 төгрөгнөөс 16,400,000 төгрөгийг хүүтэй нь суутган тооцоо нийлсэн гэж хариу тайлбартаа тусгасан, үүнийгээ өөрчлөн гаргасан тайлбараараа нотлоогүй, тооцоо нийлээд хэдэн төгрөгөө нэхэмжлэгчид бэлнээр өгсөн болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна:

Шүүхийн шийдвэрт намайг хэдэн төгрөгийг бэлнээр өгсөнөө нотолж чадаагүй гэж үзэв гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч миний гаргаж өгсөн нотлох баримтанд тулгуурлаж тооцож үзэлгүйгээр, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч *******ийн ямар ч нотлох баримтгүй хэлсэн үг, тайлбарыг /зөвхөн түүний амаар / үндэслэлтэй гэж үзээд байгаад гомдолтой байна. Миний хувьд тооцоог, нотлох баримттай нь гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч Д.******* нь өөрөө дипозит дансны хуулгуудаа шүүхэд гаргаж өгөхдөө надаас 5,000,000 төгрөгөө шилжүүлж авсан дансаа зориуд санаатай нуусан байсан. Миний хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар ХААН банкнаас гаргуулсан *******ийн шүүхэд гаргаж өгөөгүй дансанд нь 2014 оны 08-р сарын 18-ны өдөр миний өмнөөс эгч Будмаа нь 5,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байгаа болно. Гэтэл шүүх ХААН банкны дипозит дансны хуулгаар нотлогдож байгаа энэ нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн юм бэ? огт үнэлээгүй юм бол ямар үндэслэлээр унэлээгүй талаараа шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна. Би шүүх хурал дээр цалингийн зээлийг нь хаасан, гэрээ байгуулахтай холбоотой татвар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт төлсөн мөнгө,16.400.000 төгрөгийн хүү , Гавшгай -Ус ХХК-д төлсөн хэрэглээний зардал СӨХ-ийн төлбөр, ломбарданд тавьсан өр зэргийг хаасан мөнгө байрны үнийн зөрүү 13,000,000 төгрөг зэргийг тооцоод тооцоогоо нийлээд 7,370,000 төгрөгийн бэлнээр аваад явсан 8 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нийтдээ 12,370,000 сая төгрөгийг ******* авсан гэдгийн тооцоотой, нотлох баримттай нь мэдүүлсээр байхад намайг хэдэн төгрөг өгснөө нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн ойлгомжгүй байна.

2. Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ дуусгавар болсон байх тул ******* нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа гаргах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ХХБ-аас авсан ипотекийн зээлийн урьдчилгаанд надаас авч банкинд байршуулсан зээлийн 30 хувийн урьдчилгааг өөрийнх нь авсан 33,600,000 төгрөгийн зээлээс хасагдах ёстой байтал хасагдаагүй, намайг уг мөнгийг давхардуулан авчихсан учир банкинд төлсөн хүүгийн хамт гаргуулах гэсэн нэхэмжлэл байхад шүүгч нь маргааны үндэслэл, гэрээний зүйлийг илтэд буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Хавтаст хэрэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн ХХБ тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар, зээлийг шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй байгаа бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгч нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг унэлэхдээ болон бидний хооронд үүссэн маргааны үндэслэл, гэрээний зүйлийг буруу тогтоож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул маш их гомдолтой байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, маргааныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Зохигчдын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ харилцааны үндсэн дээр нэхэмжлэгч нь орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авахын тулд хариуцагч *******аас хүүтэй 16,400,000 төгрөгийг зээлж банкинд байршуулсан, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай холбоотой маргаан үүсгэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

...Нэхэмжлэгч нь 58 сая төгрөгөөр байр худалдан авах гэрээ байгуулсан, банкнаас 50 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэж үзсэн учраас л урьдчилгаа 30 хувийг төлүүлж үлдэх 33,600,000 төгрөг дээр нь банк гэрээ хийж байгаа. Байрыг *******аас худалдан авч байгаа гэсэн материалыг бүрдүүлж банкинд өгсөн учраас зээл, урьдчилгаанд байршуулсан мөнгө бүгд *******ын дансанд орно гэдгийг зээлдэгч буюу ******* нь мэдэхгүй байх, төөрч будилсан гэж үзэх ямар ч боломжгүй, энэ нь үндэслэлгүй юм.

Түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдэг нь түүний нэхэмжлэлдээ 16,400,000 төгрөгийг *******аас хүүтэй зээлж банкинд байршуулсан гэж дурьдсанаар болон ХХБ банктай байгуулсан зээлийн гэрээ түүний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хувиар зэрэг нотлох баримтаар /хх10-11-р талд/ нотлогдож байхад шүүх арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 16,400,000 төгрөгийг гаруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх ИХШХШТХ -ийн 116 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 21 -ны өдөр гаргасан тайлбарт 33,600,000 төгрөгнөөс 16,400,000 төгрөгийг хүүтэй нь суутган тооцоо нийлсэн гэж хариу тайлбартаа тусгасан, үүнийгээ өөрчлөн гаргасан тайлбараараа нотлоогүй, тооцоо нийлээд хэдэн төгрөгөө нэхэмжлэгчид бэлнээр өгсөн болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа болно.

Нэхэмжлэгчийн хувьд 16,400,000 төгрөгийг 2 давхардуулж авсан байна, би 2,500,000 төгрөг л авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн түүний тайлбар мэдүүлэгт хөтлөгдөж , хэтэрхий нэг талын барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч нь би 2,500,000 төгрөг авсан өөр мөнгө аваагүй гээд байгаа боловч энэ нь 2014 оны 8 сарын 18-ны өдөр Бундмаагаас 5,000,000 төгрөгийг *******т шилжүүлж өгсөн дипозит дансны хуулга, *******ын гаргаад буй тооцоо, Бундмаагийн мэдүүлэг, нотариатаар гарын үсгээ баталгаажуулж ирүүлсэн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй байна.

Талуудын хооронд 2, 3 өрөө байраа зөрүүг тохирч худалдах, худалдан авсан, зөрүү мөнгө төлөхийн тулд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ 2014 оны 7 дугаар сард байгуулсан, Ипотекийн зээлийн гэрээг ХХБ байгуулж зээлээ авч мөнгө төгрөгөө авч өгөлцсөн хугацаа нь 2014 оны 8 сарын 15 гэдэг дээр талууд маргаагүй учир энэ хугацаагаар тооцож хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Иргэнийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж хуульчилсан байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 8 дугаар сарын 15 -ны өдрөөс эхлэн тоолоход 2020 оны 8 дугаар сарын 14 -нд дууссан байхад шүүх энэ асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

НЭГ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тухай:

Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийн дагуу болон тэдний шүүхэд гаргаж өгсөн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж бүрдүүлсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэдэг гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсанаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

1.хх-12 дугаар хуудсанд авагдсан - Нэхэмжлэгч *******ээс хариуцагч Б.*******т шилжүүлсэн 2014.08.14-ний өдрийн банкны шилжүүлгийн баримт,

2.хх-35 дугаар хуудсанд авагдсан - Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар,

3.хх-49, 50 дугаар хуудсанд авагдсан - Гэрч Ч.Будмаагийн мэдүүлэг гэх 3 нотлох баримтыг үнэлж, түүндээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарлахдаа зээлийн урьдчилгаа 16 400 000 төгрөгийг хүүтэй зээлээд буцааж авсан, сүүлд орж ирсэн 33 600 000 төгрөгөөс 13 000 000 төгрөг байрны зөрүү, 740 000 төгрөг татвар, 200 000 төгрөг нотариат, үл хөдлөхийн хураамж, 4 925 000 төгрөг банкны зээл хаасан, 371 900 төгрөг ломбард тооцоо, 64 000 СӨХ-ийн төлбөр, 1 384 145 төгрөг ус суваг байрны төлбөр, 198 500 төгрөг цалингийн зээл хаалтын хүү, 346 800 төгрөг байршуулсан мөнгөний хүү, 5 000 000 төгрөг хаан банкаар шилжүүлсэн үлдэгдлийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай тайлбарладаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд хүсэлт гарган цуглуулсан байдаг. Үүнээс шүүх дараах хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг огт үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаагүй байна. хх 85-86 хуудаст авагдсан Г.Болдын тодорхойлолт, дансны хуулга тус баримт нь нэхэмжлэгч Д.*******т мөнгө зээлсэн гэж үзэх хөдөлбөргүй нотлох баримт мөн эсэх, хх 68-69 хуудас нэхэмжлэгч Б.*******ийн цалингийн болон зээл хаасан баримт хариуцагчийн татгалзлыг нотлох боломжтой эсэх, хх 103 хуудас Будмаагаас орлого гэж хийсэн 5 000 000 төгрөгийн дансны хуулга, хариуцагчийн татгалзлыг нотлож байгаа эсэх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрхэн яагаад үнэлээгүй талаараа дурьдаагүй нь хариуцагчийн татгалзлаа нотлох баримтыг шүүх бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

ХОЁР. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухай:

Анхан шатны шүүх Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д 75.1. Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх -дэслэлгүй юм гэжээ. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагчийн өмгөөлөгч тодорхой үндэслэл дэвшүүлж мэтгэлцсэн бөгөөд энэ тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх хугацааг яагаад ерөнхий хугацаагаар тооцож байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар дүгнэлт хийх учиртай гэтэл анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар дүгнэлт хийгээгүйгээр шийдвэрлэсэн тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нөхцлийг бүрдүүлж байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийн зохицуулалтын аль тохирох заалтыг маргааны үндэслэл нэхэмжлэлийн шаардлагатай холбон тайлбарлах учиртай. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааны зүйл нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25 ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн асуудал юм. Энэхүү гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаа тохиолдолд ИХ 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр тооцох ёстой, тус гэрээний цаана үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц байгаа мөн бодит байдал дээр Арилжааны гэрээ хийгдсэн арилжааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө гэж үзэх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг ИХ 75.2.2 дахь хэсэгт зааснаар 6 жилээр тооцох бүрэн боломжтой. Хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох тухайд Д.*******ийн нэр дээр 2014.08.14-ний өдөр Орон сууц зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон цагаас эхлэж тоолох бөгөөд тус цаг хугацаанаас 6 жилээр тооцоход 2020.08.14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2020.12.21-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд буюу зохигчид хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр маргаантай байгаа тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх аль хугацааг хэрэглэх тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж улмаар хэтрүүлсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх улмаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудал хөндөгдөх ёстой байтал анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хуулийн тус заалтыг хэрэглэхэд хууль хэрэглээний дараах урьдчилсан 2 нөхцлийн аль нэг зайлшгүй бүрдсэн байх учиртай. Үүнд:

1. үүрэг үүсээгүй байх,

2. үүрэг дуусгавар болсон буюу үүрэг хүчин төгөлдөр бус болсон байх Эдгээр тохиолдлуудаас Д.*******, Б.******* нарын хооронд яг аль нөхцөл нь тохирч байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Үл хөдлөх хөрөнгө өгөлцөж авалцаж байгаа асуудал нь үүрэг үүссэний илэрхийлэл, мөн тэдний хоорондох үүргийг хүчин төгөлдөр бус байсан тухай ямар нэгэн шийдвэр байхгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой хуулийн заалтыг дээрх хэрэг маргаан, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хуулийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

ГУРАВ. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 38.9 дэх заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дараах нотлох баримтыг хэрэгт авч хэргийг шийдвэрлэх учиртай байсан тухайд:

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар утга агуулгын хувьд нийцдэг дараах 2 зүйл дээр л маргадаг. Үүнд:

1.Зээлийн урьдчилгааг бүрдүүлсэн 16.400.000 төгрөгийг хариуцагч Б.******* давхардуулан 2 удаа авсан эсэх,

2.Нэхэмжлэгч Д.******* ямар шалтгаанаар 50.000.000 төгрөгөөр зээлээ судлуулсан болох улмаар байрны төлбөрөөс илүү гарсан мөнгөнөөсөө хариуцагч Б.*******т өгөх ямар ямар тооцоог хэрхэн өгсөн эсэх,

Дээрх 2 нөхцөл байдлыг тодруулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нөхцлийг бүрдүүлэх учиртай иймээс шүүх талуудын гаргасан эргэлзээтэй, зөрүүтэй тайлбарыг нэг мөр шийдвэрлэхийн тулд зээл гаргасан банк, түүний эдийн засагчийг гэрчээр асуух, Д.*******ийн нэр дээр ямар зээлүүд байсан, тус зээлүүд ямар эх үүсвэрээр хэрхэн хаагдсан талаарх нотлох баримтуудыг гаргуулж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэвч шүүх ИХШХШТХ 38.9 дэр заалтыг хэрэглэж дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021.05.07-ны өдрийн 61 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 16,400,000 төгрөгийн талаар байраа зарах болоод банкнаас зээлийн үлдэгдлээ асууж хуулга аваад л мэдсэн юм. Би уг мөнгөө авч болох талаар асуухад энэ мөнгийг Б.*******ын дансанд орсон талаар хэлсэн. Урьд өмнө нь шүүхийн байгууллагад хандаж үзээгүй тул таньдаг хүнээс зөвлөмж аван нэхэмжлэл гаргасан байдаг гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гол нэхэмжилж буй зүйл бол Б.*******ын дансанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 50,000,000 төгрөг орсон. Үүнийг талууд аль аль нь хүлээн зөвшөөрдөг тул маргалдах зүйл байхгүй. Харин маргалдаж буй зүйл нь 16,400,000 төгрөгийг манай үйлчлүүлэгч урьдчилгаанд байгаа гэж ойлгож байсан. Хамгийн гол үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээнд биш байршуулсан гэх 16,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ... Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Б.******* гэдэг хүн 16,400,000 төгрөгийг өөрийнхөө дансанд байршуулж 7 жил гаруй хугацаанд ашигласан байгаа нь нотлох баримтаар нотлогдоно. Мөн анхан шатны шүүхийн хариуцагчийн тайлбарыг дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд худалдах, худалдан авах гэрээний тооцоо нэгэнт дууссан учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 10 жил байна гэж үзсэн нь мөн үндэслэлтэй юм. Мөн Будмаагийн асуудлын хувьд гэрчээр асууж, шүүх хуралдаанд хүртэл гэрчээр оруулахад энэ талаар тодорхой мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Б.Содболд өмгөөлөгчийн хэлж буй Б.*******ыг 16,400,000 төгрөг 2 удаа авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан Б.*******ын дансанд 2 удаа орсон хуулга байгаа. Ямар шалтгаанаар 50,000,000 төгрөгийн зээл авсан эсэх нь ач холбогдолтой зүйл биш юм. Энэ талаар ч нэхэмжлэгч өөрөө хэлсэн байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, зохигчдын маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 26.690.895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 08 сард нэхэмжлэгч Д.******* нь 2 өрөө орон сууцаа хариуцагч Б.*******ын 3 өрөө орон сууцаар сольж зөрүүд нь 13.000.000 төгрөгийг Б.*******т өгөхөөр Арилжааны гэрээ байгуулахаар тохирчээ.

Тус гэрээг байгуулахын тулд 3 өрөө орон сууцны зөрүүд тооцон хариуцагч Д.*******т төлөх 13.000.000 төгрөг байхгүй тул түүнийг гаргахын тулд нэхэмжлэгч Д.*******т Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах, банкнаас авсан цалингийн зээлээ төлөх, зээлийн урьдчилгаанд төлбөл /банканд байршуулах/ зохих мөнгө зэрэг шаардлагатай болсон тул зохигчид хоорондоо дахин хэлцэл байгуулан хариуцагч Б.******* дээрхи төлбөрийг гаргахаар тохиролцсон гэж талууд тайлбарладаг.

 

Ийнхүү зохигчид нь өөр хоорондоо болон бусадтай хэд хэдэн төрлийн хэлцэл хийсэн байх ба тус хэлцлийнхээ явцад хоорондын тооцоолол дээр алдаа гарснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг хангалттай тогтоогоогүй, зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл тус бүрд зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т зааснаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр зөвхөн зохигчдын шүүхэд гаргасан тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос маргаан шийдвэрлэхэд зайлшгүй холбоотой санхүүгийн баримтуудыг банкнаас гаргуулахаар хүсэлт гаргасан байх боловч тухайн хүсэлтийн заримыг шүүх шийдвэрлэхгүйгээр орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн зохигчдын хооронд хэлцэл хийгдсэнээс хойш даруй 7 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд зохигчдын хэн аль нь урьд байгуулсан хэлцлийн талаар шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан байхад тус хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн татгалзалд буюу хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form