| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/06428/И |
| Дугаар | 191/ШШ2025/03886 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03886
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 191/ШШ2025/03886 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тоотод байрлах, С-УХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Банкны гудамж дугаар байр, дүгээр давхар, тоотод байрлах, Хат ББСБ ХХК /РД:...../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 30,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эн
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ал
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С-УХХК нь хариуцагч Хат ББСБ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани юань солиулж монгол мөнгө болгохоор 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банк дахь өөрийн эзэмшлийн юанийн ...... дугаартай данснаас 975,000 юанийг вальют арилжааны Хат ББСБ ХХК-ийн ХААН банкин дахь юанийн ..... дугаартай данс руу шилжүүлсэн.
Хат ББСБ ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ханш болох 1 юанийг 507,90 төгрөгөөр тооцон 495,202,500 төгрөгийг манай компанид өгөх байсан боловч 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 10 удаагийн шилжүүлгээр нийт 464,802,500 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн бөгөөд одоо үлдэгдэл нь 30,400,000 төгрөгийг өгөөгүй байна.
Иймд үлдэгдэл болох 30,400,000 төгрөгийг хариуцагч Хат ББСБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Хат ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хат ББСБ ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу 2007 оноос хойш Зээлийн үйл ажиллагаа, Гадаад валют худалдах, худалдан авах ажиллагаа, Цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулга, итгэлцлийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу явуулж байна. Манай байгууллага нь банк бус санхүүгийн салбарт 17 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хувьд энэ салбартаа харилцаж буй байнгын харилцагч нартай болж, зарим харилцагч нартай өмнө бий болсон итгэлцлийн хүрээнд цахимаар төлбөр тооцоог хийж гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнө харилцаж байгаагүй шинэ харилцагч нартай бол харилцагч нь өөрөө манай байгууллагын буюу Чингэлтэй дүүргийн, 1 дүгээр хороо, 8 тоот хаягт байрлах Хат ББСБ ХХК-ийн байранд биечлэн ирсний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдэг.
Хат ББСБ ХХК нь нэхэмжлэлд дурдагдсан 975,000 юанийг өөрийн ХААН банкны ..... дугаартай юанийн дансаар хүлээн авч байсан нь үнэн боловч нэхэмжлэгч С-УХХК-тай харилцаж, Валют арилжаа хийхээр харилцан тохиролцож байгаагүй, тус компанийн гүйцэтгэх захирал, эсхүл бусад ажилтантай харилцаж байгаагүй, С-УХХК-д компанийнхаа валютын болон төгрөгийн дансыг цахимаар эсхүл биет хэлбэрээр, амаар илгээж байгаагүй.
Харин манай байнгын үйлчлүүлэгч, ижил төрлийн бизнес эрхлэгч болох .... ББСБ ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан юань зарах хүсэлтийн дагуу түүнд Хат ББСБ ХХК-ийн юанийн дансыг вичатаар өгч, Д.Аийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 975,000 юань зарах талаар манай компанид мэдэгдсэний дагуу дансанд шилжин орсон 975,000 юанийг тухайн өдрийн ханшаар /1 юань 508.5 төгрөг/ тооцож, нийт 495,787,500 төгрөгийг Даваажав овогтой Алдартөгсийн өөрийнх нь өгсөн .....дугаартай ХААН банк ХК-ийн Д.Аийн дансанд шилжүүлснээр гүйлгээг хаасан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд ч гэсэн хэргийн бодит байдлын талаар тусгах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл С-УХХК нь манай Хат ББСБ ХХК-тай шууд харилцаж байгаагүй, валют худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй атлаа манай компанийг 1 юанийг 507.9 төгрөгөөр тооцож, 495,202,500 төгрөгийг өөрт нь шилжүүлэх үүрэг хүлээсэн байсан мэтээр тусгасан байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Манай компани нь С-УХХК-ийн ямарваа нэгэн дансанд мөнгө шилжүүлж байгаагүй бөгөөд тус компанид төлбөр шилжүүлэх үүрэг хүлээгээгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хат ББСБ ХХК нь иргэн Д.Атэй 1 юанийг 508.5 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, Д.Аийн шилжүүлсэн гэх 975,000 юанийг хүлээн авч, түүнд 975,000*508.5 төгрөг буюу нийт 495,787,500 төгрөгийг өөрийнх нь дансаар шилжүүлсэн байдаг. Харин Д.А нь харилцан тохиролцож, манай байгууллагад худалдахаар тохиролцсон юанийг С-УХХК-аас шилжүүлүүлж, өөрөө тухайн байгууллагатай аливаа нэгэн тохиролцоонд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан юанийн ханшны зөрүүтэй холбоотой тооцож үзэхэд Д.А нь өөрөө манай байгууллагад зарсан юанийг хямд үнээр С-УХХК-д төлснөөр 585,000 төгрөгийн ашиг олох нөхцөл байдал харагдаж байна.
Компанийн зүгээс Д.А нь хэзээ компанийн юанийн дансыг авсан талаар тодруулан шалгахад 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өдөр Хат ББСБ ХХК-ийн захирал М.Монхортой харилцсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд дээрх өдөр манай байгууллагын юанийн дансанд 1,950,000 юанийн гүйлгээ шилжин орж, юанийн төлбөрийг тухайн өдрийн ханш 510 төгрөгөөр тооцож, нийт 994,500,000 төгрөгийг мөн адил Д.Аийн өөрийнх нь өгсөн .....дугаартай ХААН банкны Д.Аийн дансанд шилжүүлсэн байгаа юм.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлд Гэрээ байгуулах санал, 196 дугаар зүйлд Гэрээ байгуулсанд тооцох талаар хууль зүйн зохицуулалтуудыг хуульчилсан байх ба Хат ББСБ ХХК нь нэхэмжлэгч С-УХХК-тай нэг ч удаа харилцаж байгаагүй, аливаа нэгэн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулах санал, саналын хариу зэрэг гэрээ байгуулсанд тооцох аливаа нэгэн эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд орж байгаагүй тул тус компанитай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин иргэн Д.Атэй харилцан тохиролцоонд хүрч түүнтэй гэрээний харилцаа үүсгэсэн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Хат ББСБ ХХК-ийн юанийн дансанд юань шилжиж орсон, буцаан Д.Аийн дансанд шилжүүлсэн үйл явдал нь 2023 оны 4 дүгээр сард болсон байхад нэхэмжлэгч С-УХХК нь дээрх асуудлаас хойш 1 жилийн дараа буюу 2024 оны 3 дугаар сард анх удаа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан, шүүхэд дээрх асуудлаас хойш 1 жил 6 сарын дараа хандаж байгаа нь С-УХХК-тай тохиролцоо хийсэн, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан жинхэнэ этгээд болох Д.А нь өөрийнхөө үүргийг биелүүлэхгүйгээр 2023 онд нас барсан үйл баримттай холбоотойгоор талийгаачаас мөнгөн хөрөнгөө гаргуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул манай байгууллагыг гүтгэж буй гүтгэлгийн шинжтэй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-7/, Санхүүгийн зохицуулах хорооноос Хат ББСБ ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-8/,
4 Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-14-17/, дансны хуулга /хх-18-22/,
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: ХААН банк ХК-аас Д.Аийн .....тоот дансны хуулга /хх-36-46/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Даваажав овогтой Алдартөгсийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-47-48/, Үзлэгийн тэмдэглэл /хх98-107/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С-УХХК нь хариуцагч Хат ББСБ ХХК-д холбогдуулан 30,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С-УХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Манай компани юань солиулж төгрөг болгохоор 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банк дахь өөрийн эзэмшлийн юанийн данснаас 975,000 юанийн валютыг Хат ББСБ ХХК-ийн ХААН банкин дахь юанийн данс руу шилжүүлсэн.
Хат ББСБ ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ханш болох 1 юанийг 507,90 төгрөгөөр тооцон 495,202,500 төгрөгийг манай компанид өгөх байсан боловч 10 удаагийн шилжүүлгээр нийт 464,802,500 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн бөгөөд одоо үлдэгдэл нь 30,400,000 төгрөгийг өгөөгүй тул шаардах эрхтэй. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Хат ББСБ ХХК нь нэхэмжлэлд дурдсан 975,000 юанийг өөрийн ХААН банкны юанийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч нэхэмжлэгч С-УХХК-тай нэг ч удаа харилцаж, Валют арилжаа хийхээр харилцан тохиролцож байгаагүй, аливаа эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд орж байгаагүй.
Харин манай байнгын үйлчлүүлэгч, ижил төрлийн бизнес эрхлэгч болох .... ББСБ ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан юань зарах хүсэлтийн дагуу түүнд Хат ББСБ ХХК-ийн юанийн дансыг вичатаар өгч, Д.Аийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 975,000 юань зарах талаар манай компанид мэдэгдсэний дагуу 1 юанийг 508.5 төгрөгөөр тооцож, нийт 495,787,500 төгрөгийг Д.Аийн дансанд шилжүүлж гүйлгээг хаасан байдаг.
Д.А нь нэхэмжлэгчтэй аливаа тохиролцоонд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан юанийн ханшны зөрүүтэй холбоотой тооцож үзэхэд Д.А нь 585,000 төгрөгийн ашиг олох нөхцөл байдал харагдаж байна.
Д.Аийг хэзээ компанийн юанийн дансыг авсан талаар тодруулан шалгахад 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өдөр Хат ББСБ ХХК-ийн захирал М.Монхортой харилцсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд дээрх өдөр манай байгууллагын юанийн дансанд 1,950,000 юанийн гүйлгээ шилжин орж, 994,500,000 төгрөгийг мөн адил Д.Аийн өөрийнх нь дансанд шилжүүлсэн байдаг.
Түүнчлэн Хат ББСБ ХХК-ийн юанийн дансанд юань шилжиж орсон, буцаан Д.Аийн дансанд шилжүүлсэн үйл явдал нь 2023 оны 4 дүгээр сард болсон байхад нэхэмжлэгч С-УХХК нь дээрх асуудлаас хойш 1 жилийн дараа буюу 2024 оны 3 дугаар сард анх удаа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан, шүүхэд дээрх асуудлаас хойш 1 жил 6 сарын дараа хандаж байгаа нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан этгээд болох Д.А үүргээ биелүүлэхгүйгээр 2023 онд нас барсан үйл баримттай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Д.Аөөс мөнгөн хөрөнгөө гаргуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул манай байгууллагыг гүтгэж буй гүтгэлгийн шинжтэй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1 Хариуцагч Хат ББСБ ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ба үйл ажиллагааны чиглэл нь Гадаад валют худалдах, худалдан авах, Зээлийн үйл ажиллагаа, Цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулга, итгэлцлийн үйлчилгээ болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан.
4.2 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч С-УХХК нь өөрийн эзэмшлийн ХААН банк ХК дахь юанийн ...... дугаар харилцах данснаас хариуцагч Хат ББСБ ХХК-ийн ХААН банк ХК дахь юанийн ..... дугаар дансанд 975,000 юанийг шилжүүлсэн байна.
4.3 Нэхэмжлэгчийн дансанд Д.Аийн ХААН банк ХК дахь .....дугаар данснаас 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 305,202,500 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 45,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 19,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 4,600,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11,000,000 төгрөг нийт 464,802,500 төгрөгийг арилжаа, Cny ariljaa, Sayn uul xxk cny ariljaa зэрэг гүйлгээний утгаар шилжүүлжээ.
5. Зохигч талууд дээрх үйл баримтад маргаагүй боловч тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
6. Нэхэмжлэгч С-УХХК нь хариуцагч Хат ББСБ ХХК-аас 30,400,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны худалдах худалдан авах гэрээний үүрэгт шаардсан гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч Хат ББСБ ХХК нь нэхэмжлэгч С-УХХК-аас 975,000 юанийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн боловч Д.Атэй харилцан тохиролцож амаар худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар 975,000 юанийг авч, 1 юанийг 508.5 төгрөгөөр тооцон 495,787,500 төгрөгийг Д.Аөд буцаан шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн талаар тайлбарлаж байна.
Шүүхээс явуулсан Үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгчээс хариуцагчид 975,000 юань шилжүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Д.Аөөс хариуцагчид өөрийн ХААН банк ХК дахь .....дансны дугаарыг явуулж, За энэ данс руу төгрөг авна шүү... гэх дуут зурвасыг илгээсэн нөхцөл байдал тогтоогдсон.
7. Д.А 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр нас барсан талаарх бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан ба талуудаас Д.Атэй холбоотой зөрүүтэй тайлбарыг гаргасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Д.А өөрийгөө Хат ББСБ ХХК-ийн захирал гэсэн ойлголт төрүүлж, Ард кино театрын орчим уулзан, хамтдаа оффис руу нь орж дансны дугаараа солилцож, банк орж юанийг шилжүүлсэн, Д.Аийн данснаас мөнгө орж ирсэнд маргахгүй, юанийг шилжүүлэхэд хариуцагчийн данс байсан тул хариуцагчтай эрх зүйн харилцаанд орсон гэж ойлгосон, гэсэн бол хариуцагч нь манай байнгын үйлчлүүлэгч, ижил төрлийн бизнес эрхлэгч болох .... ББСБ ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан юань зарах хүсэлтийн дагуу валютын гүйлгээ хийсэн, нэхэмжлэгчтэй харилцаж байгаагүй гэж тайлбарлав.
8. Валют худалдах, худалдан авах буюу валютын гүйлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий этгээд эрхлэх талаар Валютын зохицуулалтын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зохицуулсан.
Тодруулбал, Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Валютын арилжаа хийх зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Валют худалдах, худалдан авах, хадгалах, зээлдэх, шилжүүлэх, байршуулах, барьцаалах, улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой үйл ажиллагааг валютын гүйлгээ гэнэ гэж,
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т гадаад валютын гүйлгээгэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагааг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно, 7.1.7. гадаад валютын арилжаа гэж тус тус заасан.
Хариуцагч нь гадаад валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хувьд дээрх хууль болон холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүрэг, хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй.
9. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам-ын 2.3.12-т зааснаар Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хаягаас өөр байршилд гадаад валют худалдах, худалдан авах, харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй шаардлагыг тавигдана.
Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас Д.Аийг байнгын харилцагч, их хэмжээний арилжаан дундаас ашиг хүртэж бизнес хийдэг, их хэмжээний юань солиулах харилцагчийг өөрөө олоод юанийг нь манайхаар дамжуулж солиулдаг талаар тайлбарлах тул хариуцагч талыг дээрх журамд заасан харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй шаардлагыг биелүүлээгүй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч нь гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох хариуцагчтай өөрийн харилцагч банкаар дамжуулан өндөр дүнгээр валютын арилжааг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 30,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч С-УХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хат ББСБ ХХК-аас 310,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-УХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хат ББСБ ХХК-аас 30,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-УХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгч С-УХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хат ББСБ ХХК-аас 310,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-УХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ