Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/144

 

    

 

С.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, З.Цэнгэнбаяр,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, Б.Дагиймаа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, З.Цэнгэнбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Гт холбогдох 2303001560399 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын зам, 326 дугаар цэргийн ангийн баруун замд Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт С-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлсийг устгахаар, хэрэгт хавсарган ирүүлсэн 5 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 630,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гаас 7,937,620 төгрөгийг, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Гээс 7,937,620 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 15,875,241 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Гэрч М, С, Э нарын мэдүүлэгт амь хохирогч нь 19 цагт согтолтын зэрэг бага, эрүүл гарч явсан. 19 цагаас хойш хаагуур юу хийж явсан болохыг тогтоолгох.

2. Амь хохирогчийн гэмтлийг нарийвчлан тогтоох.

3. 113-5 мм урагдал ямар байрлалаас автомашины юунд урагдаж, яаж гэмтсэн болохыг тогтоох.

4. Хоёр шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү.

...Миний бие тухайн өдөр Цын нүүрс аваад өгөөч гээд гуйхаар нь машинаараа нүүрс хүргэж өгсөн. Ингээд буцах замдаа ямар нэгэн осол гаргаж, гэмт хэрэг үйлдээгүй. Миний унаж явсан Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөгч дур мэдэн хураан авсан байсан. Уг нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах байсан юм байна лээ. ...Мөрдөгч надаас байцаалт авахдаа намайг буруутгах, тулгах маягтай асуулт асууж байсан. Энэ тухай өмгөөлөгч Г.Мөнхбатад хэлсэн. Би гэмт хэрэг үйлдээгүй, тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл явж байсан. ...” гэв. 

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолд гэм буруутай гэж үзэх үндэслэлээ шийтгэх тогтоолын 18-26-р талд нэрлэн заасан. Үүндээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тухайн зам дээр явсан жолооч нарын мэдүүлэг, дуудлагаар очиж ажилласан болон үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудын мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан дүгнэлт зэргийг тоочин бичсэн. Энэ олон гэрчийн мэдүүлгээр хүнийг дайрч амь насыг бүрлэгсэн гэх мэдүүлэг нэг ч байхгүй. Зарим нь бүр тэр замаар яваагүй ч хүмүүс байна. Хэл ярианы чадвар байхгүй гацаа ээрүү, боловсрол мэдлэг нимгэн, замын компанид хүнд механизмийн засварчин хийдэг хүнийг гэрчээр өмгөөлөгчгүй байцааж машинд нэг юм түг хийсэн, миний нүд рүү гагнуурын баас орсноос хараа тааруу гэх мэдүүлгийг авч түүнийгээ үндэслэл болгон шийтгэсэн. Тухайн Био комбинатаас Шувуун фабрик орох замын урд хэсэг нийтдээ шахуу /Туул голын эргээс/ 13-н хайрганы компани ажилдаг. Хүнд даацын олон машин зам, барилгын гол түүхий эд болох хайргыг өдөр шөнөгүй зөөвөрлөдөг. Зам нь эвдрэл ихтэй. Унаж явсан машины тээш, хойд суудлын хэсэг тэр чигтээ багаж ачиж явсан. Хавтаст хэргийн 1-28 талуудад зураг нь байгаа. Муу зам дээр сул тараагаад ачсан багаж эд юмс дугарсан гэж хэлсэн нь өөрийгөө буруутгасан мэдүүлэг болсон. Магадгүй өөрийгөө хэлний бэрхшээлээс болоод гүйцэд илэрхийлж чадаагүй байж болно. Мөн 2 дугаар хавтасны 31-р талд 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4764 дүгээр шинжээчийн дүгнэлтээр харааны бэрхшээл байхгүй гэж дүгнэсэн.

С.Гийн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өөрийн хамт ажилладаг Цын гэрээс карьер хүртэл нийт 4.9 км замыг 15 минутад туулж өнгөрсөн байдаг.

...С.Гийн Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр туулсан зам, хугацааг харуулсан бүдүүвч зураглал...

Энэ зам дээр байх “Мандал хайрхан” хүнсний дэлгүүр камертай. Тэр дэлгүүр нь замын хойно 100 метр байрладаг. Камер нь дэлгүүрийн аюулгүй байдлыг хянах зориулалтай. Дараагийн камер “Алтайн бор нуур” ХХК-ийн камер байдаг. Энэ нь замаасаа 200 метр хол мөн л өөрийн агуулахын доторх талбайг харах зориулалттай. Гурав дахь “Төмөр бетон хийц” ХХК-ийн камер нь А цэгээс 2.4 км зайтай. Өөрөөр хэлбэл “Алтайн бор нуур” ХХК-наас А цэг хүртэл 1,6 км, “Төмөр бетон хийц” ХХК нь А цэгээс 2,4 км байдаг. Шүүх хурал дээр шинжлэн судлаад байгаа баримт болох амь хохирогчийг 2 удаа хараад байгаа М.Мы /1-137/ Бонго портер 2431 УАК улсын дугаартай хар хөх өнгийн машин аль ч камерт бичигдээгүй. Мөн гэрч Б.Чийг А цэгт хүрэхээс хамаагүй наана гүйцэж түрүүлсэн хар өнгийн приус машин ч мөн адил камеруудад бичигдээгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч прокурорт google map үзүүлж зөвхөн энэ зам дагуу суурьшлын бүс их байна, үйлдвэр карьер замруу орж гарсан олон гарцууд байна. Камерууд нь хоорондоо 1-2 км зайтай хол байна. Камерт өртөхгүй ороод гараад байх боломж байна гэж тайлбарлаж байсан. Үүний дагуу прокурор зураг хийлгэж өгсөн. /хх 2-209/ Энэ зургийг хийхдээ өөр өөр зургийг нийлүүлж наагаад хийсэн байсан. Энэ зургаас харахад олон орц гарц байгаа нь тодорхой харагдаж байгаа.

Гэрч П.Дгийн мэдүүлгээр /хх 1-217/ амь хохирогчийн амьд байсан цаг тодорхой. С.Г тэр замаар явсан цаг тодорхой. Прокурорын осол хэрэг болсон цагийг тодорхойлсон байдал зэргээс энэ ослыг С.Г гаргаагүй юм. Шүүх С.Гийн жолоодож явсан тээврийн хэрэгслээс ул мөр илэрсэн... бусад тээврийн хэрэгслээс ул мөр илрээгүй гэж дүгнэж байна. Айлын хашаанд харанхуй шөнө гар чийдэнгийн гэрэлд зарим үзлэгийг хийсэн л байдаг. Зураг баримт нь хэрэгт байгаа. /хх 1-154-157 / Мөн өдрийн 22:01 цагт зам дээр хүн хэвтэж байна гэсэн дуудлагаар дүрсэлсэн хувцас гэрч М.Мы дүрслэн хэлж байгаа хувцастай адилхан байх нь тохиолдол уу. /хх 1-137, 1-194, 1-191, 1-196/ Гэрч Ж.М, Х.С, Д.Э нарын мэдүүлэгт олон удаа утсаар ярьсан, эмэгтэй хүн утсаар удаан ярьж байгаад 19 цагийн үед гараад явсан гэж ижил мэдүүлцгээдэг. Амь хохирогчийн утсанд үзлэг хийхэд тийм удаан цагаар, олон удаа ярьсан дуудлага алга байна. Гэрчүүд санаатай худал хэлээд байна уу, утсан дээрх дуудлагын түүхийг санаатай устгав уу. /хх 1-99/ Амь хохирогчийн биед байсан зүйлийг хүлээлгэн өгсөн баримтад 15 эд зүйл хүлээлгэж өгчээ. Мөнгө, түрүүвч, банкны карт, бичиг баримт юу ч байхгүй байна. /хх 1-103/ Автын осолд орсон бол эдгээр зүйлсээс нь байх ёстой. Хэрэг учрал болсон газрын шороо, тэр зам дээр хэвтэж байсан хүний өмдөнд дээрх шороо, тэр замаар явсан машины шороо ижил байх нь хэнд ч ойлгомжтой. Тэр замаар биш дээгүүр нь нисээгүй л бол явсан машин болгон ижил л байна. Шинжээчийг байцаахад замын шорооны талаар ярихгүй хүүхэд хуурч байгаа мэт машин кузовын тостой газар, тосгүй газрын шороо өөр өөр байдаг гэж хариулах юм. Тэр мэдээж шүү дээ тостой шороо, тосгүй шороо хоорондоо өөр өөр байна шүү дээ. Тэр газрын шороо нь элсний нүүдэл шиг өөр өөр газар нүүгээд явчихна гэж байхгүй юм. Шүүхийн шийдвэрт хийсвэр дүгнэлт байж болохгүй. Шүүгдэгчийн хараа зүйн байдал нөлөөлсөн байж болох нөхцөл байдал байх ба... дүгнэж байгаа хууль зөрчиж байна. Мөн Баянзүрх дүүргийн авто тээврийн үндэсний төвийн 1139352388 тоот дүгнэлтэд: Асуулт 3-т хариулахдаа ... тухайн осол гарахад нөлөөлөхийг үзлэгийн тоног төхөөрөмжөөр тогтоох боломжгүй гэж тодорхой хариулсаар атал ... бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох үүргээ зөрчиж замын хөдөлгөөнд оролцож ...хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэхэд мөн л эрхийг нь зөрчих нь зөрчсөн юм байна. Мөрдөн байцаалтад буцаагаад үр дүн гарахгүй гэж хийсвэр таамаглалд үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хууль заасан үндэслэл журмыг зөрчиж авсан мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэлд”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасан. Прокуророос шүүхэд ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хууль зөрчиж цуглуулсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцэхгүй гэж хүлээн авахаас цааргалсан. Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд хурлын дараалал болон энэ асуудлыг оруулсан та аваад завсарлаж шийдвэрлэж өгөх ёстой гэж маргаж байж өгсөн. Үр дүн нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хуульд заасан журмаар нотлох баримаа цуглуулаач гэж хяналтын прокурор, дээд шатны прокурорт нь гомдол гаргаад амжилт олоогүй. /хх 2-226, 2-231/ Шүүхдээ ханд гэж хариу өгсөн. Шүүхэд хандаад хүлээж аваагүй. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагт С.Гийг нэг хэсэг цагдаа нар бариад Тээврийн цагдаагийн газар аваачсан. Машин байгаа газрыг С.Гаар заалгаад өөр цагдаа нар машиныг байгаа газраас нь өмчлөгч эсхүл жолоодож явсан гэх С.Г нарт мэдэгдэлгүй хураагаад аваад явсан. Тэр машины барааг дахин 2023 оны 5 дугаар сард үзлэг хийлгэнэ гэж өмчлөгч Б.Г, жолоодож явсан С.Гийг дуудахад харсан. Сүүлд хэрэг танилцуулахдаа байцаагч зур гэж олон юман дээр зуруулсан. Ийм үр дагавартайг мэдээгүй гэдгээ хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар хангалттай яригдсан. Прокурор ч машиныг аваад явснаа хурал дээр тайлбарлаж байсан. Шүүх машин журмын хашаанд хийхэд С.Г гарын үсэг зурсан гэж зориуд дурдсан байна лээ. Хууль зөрчиж хурааж аваад хийсэн гэх шинжилгээнүүдийн дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасах эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгох ёсгүй юм.

2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2470 дугаар дүгнэлтэд дугуй, явах эд анги зэрэг бүхий л газраас цус биологийн эд эс илрээгүй гээд дүгнэлт гаргасан байна. /1 дүгээр боть 75/ Гэтэл түүнээс хэдэн сарын дараа өөрт нь болон өмгөөлөгчид шинжээч томилсон тогтоол танилцуулалгүй өөрөөр хэлбэл нууж, нууцаар дүгнэлт гаргуулсан. Хэргийн оролцогч нарт шинжээч томилох тогтоолыг танилцуулж байгаа нь шинжээчийг татгалзах, шинжээчид асуулт тавих, шинжээчид баримт сэлт гаргаж өгөх гэх мэт амин чухал эрхүүдийг нь санаатайгаа хясан боогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. /1-124/ Шүүх өмнө нь шинжээч томилсон тогтоолтой танилцаж байсан юм билээ, тийм болохоор энэ тогтоолтой танилцах шаардлагагүй гэж дүгнэж байна. Мөн шүүхээс гэм буруутайд тооцоод хууль заасан эрхийн дагуу завсарлага авахад ганцхан хохирогчийн өмгөөлөгчийн наад хүн чинь шүүхээс оргоод алга болчихно өөр шүүхүүд дээр тэгээд оргоод байгаа цагдан хорих таслан сэргийлэх гарга хэмжээ аваач гэж санал гаргахад миний үйлчлүүлэгчийг цагдан хорьсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн өмгөөлөгч гэсэн үг үсэг байхгүй. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй боловч хуульд эрх олгоогүй оролцогчийн хууль бус хүсэлтийн дагуу шийдвэр гаргасан. Шүүх гэм буруутайд тооцоод хохирол төлбөрийн тооцоог танилцуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж 630.000 төгрөг төлөх тухай шийдвэрлээгүй. Харин 5 хоног завсарласны дараа хариуцлагын хурал дээр прокурорыг энэ талаараа хэл гэж байгаад хэлүүлээд шийтгэх тогтоол дээрээ бичсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр байх ёстой.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦ/768 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “ ... Би тухайн өдөр Цыг нүүрс авчирч өгөөч гэхээр нь машинаараа нүүрс авч, явж гэрт нь буулгаж өгсөн. Би энэ авто ослын гэмт хэргийг үйлдээгүй. Надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэжээ. С.Гийн жолоодож явсан Ланд круйзер-80 маркийн 9856 УБН улсын дугаартай автомашиныг жолооч С.Г болон эзэмшигч эзнийх нь зөвшөөрөлгүй, хүлээлгэж өгсөн хүнгүй, гарын үсэг зуруулалгүйгээр 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Г дур мэдэн хураан авчээ /хэргийн 1-р хавтас 23 /. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан: “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ Мөн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, ... эсхүл ... эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд ... заасан нэгжлэг хийнэ” гэж заасныг тус тус зөрчжээ. Хүний автомашиныг хурааж аваад журмын хашаанд хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хураан авах ажиллагаа” бөгөөд прокурорын зөвшөөрөл аваагүй нь мөн л хуулийг ноцтой зөрчсөн байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэжээ.

Улсын дээд щүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар” 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлд тусгах шаардлагатай нөхцөлүүд нь эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэхийг шалгах нөхцөл болно” гэжээ. Мөн тогтоолын 7 дахь хэсэгт: “Эд мөрийн баримтыг олж авсан арга, эх сурвалж тодорхойгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэжээ.

Ийнхүү нотолгооны эх сурвалж, эд мөрийн баримт болох хурааж авсан автомашинтай холбоотойгоор удаа дараа, олон удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа бөгөөд хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэрлэлтэй, эхний дүгнэлтүүдийг бүхэлд нь үндэслэлгүй гэж эргэлзээтэй байдлаар дүгнээд байгаад өмгөөлөгчийн зүгээс хууль бус боллоо гэж үзэж байна. Тоёота Ланд Круйзер 80 маркийн 0000 УНБ дугаартай тээврийн хэрэгслийн талаарх шинжээчийн дүгнэлтүүд:

1. Шинжээч Ө.Тамирмаагийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1441 дүгээр дүгнэлтэд: “...тээврийн хэрэгслийн доод ангиас хувцасны сэмрэлт илэрсэнгүй /хэргийн 2-р хавтас 39 дүгээр хуудас/,

2. Шинжээч Б.Тэнүүний гаргасан 2023 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтэд: “...тээврийн хэрэгслээс бэхжүүлэн авсан гэх арчдас, цус, эд болон биологийн бусад ул мөр илрээгүй, амь хохирогч М.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын 16 локусаар тогтоов /хэргийн 2-р хавтас 68 /,

3. Шинжээч Б.Тэнүүний гаргасан 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2470 дугаар дүгнэлтэд: “ 1. ...тээврийн хэрэгсэлд биологийн ул мөр илрээгүй. 2. Цус болон биологийн ул мөр илрээгүй тул асуулт 2, 3-т хариулах боломжгүй /хэргийн 2-р хавтас 75 /,

4. Шинжээч Б.Даваанямын гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1671 дүгээр дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснаас бэхжүүлэн авсан 2 ширхэг арчдас дээрх шороо нь хэмжих хязгаарт хүрэхгүй тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй /хэргийн 2-р хавтас 82 /,

5. Шинжээч Б.Тэнүүний гаргасан 2023 оны 8 дугаар  сарын 9-ний өдрийн 2810 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь Ү хромосомын ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч М.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /хэргийн 2-р хавтас 127 / гэжээ.

Дээрх нийт 5 удаа гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдийг үзвэл: Шинжээч Ө.Тамирмаа 1 удаа, шинжээч Б.Давааням 1 удаа, шинжээч Б.Тэнүүн 3 удаа тус тус дүгнэлт гаргажээ. Үүний дотроос шинжээч Б.Тэнүүн нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1357, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2470, 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 2810 дугаар дүгнэлтүүдийг тус тус гаргажээ. Шинжээч Б.Тэнүүний гаргасан эхний хоёр дүгнэлтэд “тээврийн хэрэгслээс бэхжүүлэн авсан гэх арчдас, цус, эд болон биологийн бусад ул мөр илрээгүй” гэж гарчээ. Харин сүүлчийн дүгнэлтдээ “илэрсэн” гэж гаргажээ. Ийнхүү эсрэг тэсрэг, эргэлзээтэй баримтаар шүүгдэгч С.Гийг яллаж шийтгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан: “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж шийдвэрлэж өгнө үү.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэлэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэжээ.

Хэрэгт:

1. Гэрч М.Мы мэдүүлэгт: “Бонго портер маркийн 2431 дугаартай автомашин жолоодон Мөнхбат, Өсөхөө нарын хамт Шувууны цагдаагийн пост өнгөрөөд 400-500 метр явж байхад 50 орчим насны эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. Эргээд 00.20 цагийн үед ирэхэд нөгөө ах мөн л гар өргөөд зогсож байсан” гэжээ.

2. Гэрч Ц.Агийн мэдүүлэгт: “Тоёота Акуа маркийн 93-40 дугаартай автомашин жолоодон нөхөр Ганзоригийн хамт 00.30 цагийн үед Шувуун фабрика руу Мод үржүүлгийн урд замд явж байхад 40-50 орчим насны эрэгтэй хүнтэй таарсан. Өөр хүнтэй тааралдаагүй гэжээ.

3. Гэрч Э.П, Г.Б нарын мэдүүлэгт: “Т.Пассо маркийн 4444 УБЧ дугаартай автомашиныг нөхөр Г.Б жолоодон 00.00 цагийн үед Шувуун фабрика руу явсан. Буцаад явахад зам дээр олон цагдаа зогссон, замын голд машинд дайруулсан бололтой хүн хэвтэж байсан гэжээ.

4. Гэрч Э.Э, М.А нарын мэдүүлэгт: “Тоёота приус-11 маркийн 0000 УБЧ дугаартай автомашиныг нөхөр Э.Э жолоодон Шувуун фабрикийн зам 326 дугаар цэргийн ангийн урд зам дээр явж байхад миний явж байгаа чиглэлд хар бараан өнгийн хувцастай хүн зам голлосон байдалтай хэвтэж байхаар би хурдаа хасаад /огцом дараад/ тойроод, хажуугаар нь өнгөрч эсрэг урсгалд ороод зөрөөд өнгөрсөн. Замд түргэний машин зөрсөн. Гэртээ харихад 1 цаг болж байсан гэжээ.

5. Гэрч Б.Ч, Т.У нарын мэдүүлэгт: “Тоёота приус-41 маркийн 2760 УББ дугаартай автомашиныг Б.Ч жолоодон Биогоос Шувуун фөбрикаруу явж байхад авто замын зорчих хэсэг дээр хүн хэвтэж байсан. Хажуугаар нь /жолоог гэнэт огцом хажуу тийш эргүүлж, хурдаа сааруулж тойрч/ өнгөрөхөд эрэгтэй хүн байсан. Замд түргэний машин зөрсөн. Араас Тоёота Акуа маркийн автомашин ирсэн. Тэр жолоочтой замын зорчих хэсэг дээр хүн хэвтэж байсан талаар бид ярилцсан. Тэр үед 01.00 цаг болж байсан болов уу гэж бодох юм гэжээ.

6. Гэрч З.Дгийн мэдүүлэгт: Түргэний 3611 УАР дугаартай автомашиныг жолоодон явсан. Замд хүн хараагүй гэжээ.

7. Гэрч М.Х, Г.С, Г.Э нарын мэдүүлэгт: Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан гэжээ.

8. Гэрч Ж.М, Х.С, Д.Э нарын мэдүүлэгт: Талийгаач 2023 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 0.5 граммын архитай Мөнхбатынд ирсэн.

Өдрийн 12 цагийн үед Х.С, Д.Э хоёр 0.75 граммын “Хараа” архитай ирсэн. 19-20 цагийн үед биднийг унтах гэж байхад талийгаач гараад явсан гэжээ. 

Дээрхээс үзвэл, авто замын зорчих хэсэг буюу замын гол дээр хүн хэвтэж байсныг харж, хажуугаар нь дайрчих шахаад гарсан гэрч Э.П, Г.Б, Э.Э, М.А, Б.Ч, Т.У нар Монгол Улсын иргэний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, харамсалтай байна. Тэдгээрт Эрүүгийн хуулийн 15.2-т заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоох ёстой байжээ. Түүнчлэн гэрч Ж.М, Х.С, Д.Э нар талийгаачтай хамт архи уучихаад түүнийг ганцаараа гараад явахад нь /2.8 промилли буюу хүнд зэргийн согтолттой байхад/ хориглоогүй нь буруу байна. Ер нь талийгаач оройн 19-20 цагаас шөнийн 01 цаг хүртэл хаана, хэнтэй байсан, юу хийж байсан зэргийг тогтоогоогүй нь буруу болжээ. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслэн С.Гийг гэмт хэрэгт холбогдолтой гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 болон 35.14 дэх хэсэгт зааснаар гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг нягтлалгүй дутуу, буруу үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Дөрөв. Хэргийн материалын 1 дүгээр хавтас 64-85 дугаар хуудсанд нэр бүхий 3 байгууллагаас буюу “Алтайн бор нуур” ХХК, “Манал хайрхан” хүнсний дэлгүүр, “Төмөр хийц” ХХК-иудын гадна байрлах камерын бичлэгүүдийг хураан авчээ. Дээрх камерын бичлэгүүдэд авагдсан цаг, минут өөр өөр байх бөгөөд цагийн зөрүүг нэг мөр болгон нягталж, баталгаажуулаагүй байна. Харин нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд, С.Гийн жолоодож явсан Тоёота Ландкруйзер-80 маркийн 0000 УНБ дугаартай тээврийн хэрэгсэл камерын бичлэгүүдэд тусгагдаагүй байна.

Тав. Анхан шатны шүүхээс С.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж байна.

С.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байдлыг бүхэлд нь дүгнэвэл, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан: “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, “...Гэмт хэрэг үйлдсэн хүн ...-ийг, олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх ...” зарчмууд алдагдсаны гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйл дэх “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7| дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүх “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг шүүгдэгчийн үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хөндлөнгийн байр сууринаас хандаж тусгаагүйн гадна үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөнгөн гоомой хандаж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хоёр хүүхэд, эхнэр нарын хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 34 дэх талд “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой байсан хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж хуульчилжээ. Иймд амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой байсан хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг харгалзан оршуулгын зардлын хэмжээг багасгах үндэстэй гэж үзэв. Ингэхдээ шүүхээс оршуулгын зардалд нотлох баримтад үндэслэн гаргуулахаар тооцсон 22,678,675 төгрөгийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан 30 хувиар багасгаж, үлдэх 70 хувь болох 15,875,241 төгрөгийг шүүгдэгч С.Г, иргэний хариуцагч Б.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 7,937,620 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Л.Мт олгох нь зүйтэй байна“ гэжээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан ба дээрх тохиолдолд заавал хохирлын хэмжээг багасгахаар хуульд тусгаагүй.

Мөн амь хохирогчийг зөвхөн хүнд зэргийн согтолттой байсныг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэглэхдээ хохирогчийн өөр бусад болгоомжгүй ямар үйлдэл байсныг тодорхойлох нь зүйтэй.

Ийнхүү дээрх үндэслэлээр оршуулгын зардалд тооцсон 22,678,675 төгрөгийг 30 хувиар багасгаж тогтоосон нь мөн л үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1. дэх хэсэгт гэм хорын хэмжээг зөвхөн багасгаж болохоор тогтоосон ч хэдэн хувиар хэрхэн багасгахыг нарийвчлан хуульчлаагүй ба шүүхээс оршуулгын зардлыг 30 хувиар тооцож багасгасан буюу тухайн 30 хувиа хэрхэн тооцсон үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул оршуулгын зардалд тооцсон төлбөрийг бүхэлд нь гаргуулах нь зүйтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгууллагадаа цалингийн өрөнд аваад 1 сар болоогүй байхад С.Г нь унаад ирье гуйгаад байсан тул түлхүүрээ өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирээд машинаа үзэхэд хэвээр байсан. Орой нь цагдаа нар ирээд осол гарсан байна гэхэд мэдсэн. С.Г нь ямар нэгэн осол аваар гаргасан бол машин гэмтэж, өөрөө эрүүл мэнд нь эрсдэх байсан. Ямар нэгэн гэмтэл өөрчлөлт гараагүй тул осол гаргаагүй гэж үзэх боломжтой. Тухайн үед С.Г нь хэдэн км/цаг хурдтай явсанг зайлшгүй тогтоох шаардлагатай. Мөн машинд эвдрэл гэмтэл гарах, хохирогчийг хэвтсэн байхад дайрсан бол машин донсолж жолоочид мэдрэгдэх байсан. Гэтэл прокурор мэдээгүй дайрсан байх, босоо байрлалаас аарцаг, дунд чөмөг хугардаг гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэнээр тогтоож чадаагүй юм. Миний бие Б.Гээс 7,937,620 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул дахин нягталж, өөрчилж өгнө үү. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Цэнгэнбаяр өмгөөлөгчийн хувьд н.Тамираа шинжээчийн, н.Тэнүүн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байна гэдэг зүйлийг ярьж байгаа учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбараа хэлье. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд энэ хэрэг дээр нийт 12 удаагийн шинжээчийн дүгнэлт гардаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд дээр мэргэжлийн байгууллага буюу хээрийн судалгааны төвийн дүгнэлтүүд гээд олон удаагийн дүгнэлтүүд гардаг. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр н.Тамираа шинжээчийн дүгнэлт дээр 0000 УНБ тээврийн хэрэгслийн доод эд ангиас хувцасны сэмжилт илрээгүй гэсэн дүгнэлт гардаг.  2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн н.Тамираа шинжээчийн дүгнэлт хохирогчийн хувцсан дээр хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой ч юм уу, хохирогчийн хувцаснаас гаргаад байгаа 2 өөр дүгнэлт биш юм. Нэг нь шинжилгээний объект, нэг нь хувцас, нэг нь тээврийн хэрэгсэл юм. Г.Мөнхбат өмгөөлөгч шинжээч томилох тогтоол гаргахдаа мэдэгдэхгүй байж байгаад удаа дараа шинжээчийн дүгнэлтүүд гардаг гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд шинжээчийг хэргийн оролцогч нар шинжээчийн томилох тогтоол болон дүгнэлтийг танилцуулна гэж заасан байгаа. Хэргийн оролцогч гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар үзэхэд С.Гийг 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр яллагдагчаар татдаг.  Яллагдагчаар татах буюу хэргийн оролцогч болохоос өмнө энэ хэрэг дээр бүх шинжээчийн дүгнэлтүүд гардаг. Тэгэхээр үүнийг заавал С.Гт мэдэгдээд шинжээч томилох гэж байна, дүгнэлттэй танилц гэж хэлэх шаардлага байхгүй. Мөрдөгч прокурор нар нь шинжээчийн дүгнэлтүүд гарсан даруйд С.Гтай холбоотой асуудлаар дүгнэлттэйгээ танилц, том шинжээч томилох гэж байна гэдгийг удаа дараа мэдэгддэг. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэлүүд байдаг. С.Г нь өөрөө хөдөө явж байна очих боломжгүй гэж удаа дараа шалтаг хэлээд шинжээчийн дүгнэлттэй танилцдаггүй. Г.Мөнхбат өмгөөлөгчийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад өмгөөлөгчөөр оролцдог. Үүнээс хойш шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлтийг Г.Мөнхбат өмгөөлөгчийн хувьд огт гаргаж байгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед дахин шинжээч томилуулъя гэж хэлж байгаагүй. Иймд шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуульд дахин шинжээч томилогдсон асуудал байдаггүй, нэмэлт шинжээч томилогдсон асуудлууд байдаг. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хавтаст хэргийн 24 дүгээр талд  байгаа тээврийн хэрэгсэлд анх үзлэг хийсэн. Үзлэгээр биологийн дээж буюу цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн зүйлийг биологийн шинжээч бэхжүүлж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эзэмшигчийг байлцуулна, байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулна гэж заасны дагуу үзлэгийг хийсэн. Хавтаст хэргийн 31 дүгээр талд байгаа 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэлд дахиад үзлэг хийхэд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасныг  баримтлан хөндлөнгийн гэрчийг байлцуулаад С.Гийг өөрийг нь байлцуулаад үзлэгийг хийсэн. Тухайн үзлэгээр шорооны дээжийг тээврийн хэрэгслийн доод эд ангиас авдаг. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч оролцож байсан. Үүн дээр мөрдөгч хууль бусаар нөхөж гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Өмгөөлөгч авснаас хойш хийгдсэн ажиллагаа юм. Хууль ёсоор бэхжүүлж авсан шороо болон цусан дээр шинжээчийн дүгнэлт гардаг. н.Давааням шинжээчийн дүгнэлтэд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1671 дугаартай дүгнэлтэд тээврийн хэрэгслийн доод эд ангиас аваад байгаа шороо болон амь хохирогчийн хувцсан дээр өмссөн шороонууд нь шинжилгээнд хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа удааширсан.  Шутис болон Нагоя их сургуулийн хамтарсан хээрийн судалгааны төв шинжилгээ хийх бүрэн эрхтэй байгууллага юм. Тухайн шороонуудын бүтэц, найрлага, элементийг нь тогтоогоод өгөөч гээд мөрдөгч хийж болох бүхий л ажиллагааг хийсэн. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шинжилгээнд хүрэхгүй байсан шорооны бүтэц найрлагыг тогтоосон үйл баримт гардаг. 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр н.Давааням шинжээчид тухайн элемент найрлагыг тогтоосон шороонууд дээр дүгнэлтээ гаргадаг. Тухайн тээврийн хэрэгслийн доод эд ангиас аваад байгаа шороо амь хохирогчийн хувцас дээрээс аваад байгаа шороо 2 нь бүтэц найрлага элементийн хувьд таардаг. Энэ дүгнэлтийг Г.Мөнхбат өмгөөлөгч хүлээн зөвшөөрдөггүй. Тухайн зам дээр явсан тээврийн хэрэгслийн шороо болгон адилхан байх боломжтой гэдэг зүйлийг тодруулдаг. н.Давааням шинжээч харьцуулахдаа газар болгоны шороо өөр байдаг, тухайн тээврийн хэрэгсэл болон амь хохирогчийн хувцсан дээр хоорондоо арчигдсан шүргэлцэлт үүссэн байх боломжтой учраас адилхан гарсан. Түүнээс нэг газрын шороо ч бүтэц найрлагын хувьд өөр гардаг юм гэж хэлсэн. н.Тэнүүн шинжээч 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр биологийн ул мөр илрээгүй гэдэг. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн доод эд ангиас биологийн дээжийг авсан. Нэгэнт авсан байгаа дээжийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслээс дахиж ямар нэгэн ул мөр гарахгүй.  2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэдрэг нарийвчлалтай тоног төхөөрөмжийн аппарат байдаг. Түүн дээр 2810 дугаартай дүгнэлтийг гарахад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  буюу осол гардаг өдөр улаан өнгийн цус мэт зүйл нь цус мөн байсан. Амь хохирогчийн цустай таарч байна гэсэн дүгнэлтүүд гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэ  аппаратаар үзлэг хийгээд шинээр баримтууд илэрсэнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтүүд нэмэлтээр нарийвчлалтай гарсан. Камерын бичлэг дээр  машин бичигддэггүй гэдэг. Хавтаст хэргийн 64 дүгээр талд камерын бичлэгт үзлэг хийсэн талаар баримт байгаа. Үзлэг хийхэд бодит цагаас 36 минутаар хоцорч явж байсан. Хавтаст хэргийн 106 дугаар талд жижиг цайвар өнгийн суудлын автомашин буюу доороо ногоон өнгийн гэрэлтэй пасо маркийн авто машин байдаг. 0000 УНБ улсын дугаартай 80 маркийн автомашиныг бараан өнгөтэй ачаатай жийп машин гэдэг. Тээврийн хэрэгслээр үзлэг хийхэд тухайн явж байсан бүх тээврийн хэрэгслүүдэд ямарваа нэгэн ул мөр илрээгүй зөвхөн тухайн 80 маркийн автомашинд ул мөр илэрдэг. Шүүх хуралдаан дээр С.Гаас ямар нэгэн хүн харсан уу гэхэд хараагүй гэж хэлдэг. Анхны өгсөн мэдүүлэг дээрээ ямар нэгэн юм цохигдох шиг болсон гэдэг. 80 маркийн автомашины дараа яваад байгаа 2 автомашины хувьд хүн дайрсан байдалтай хүн хэвтэж байсан гэж мэдүүлдэг. Дараагийн пост дээр н.Э, н.Х гээд цагдаа нарт дуудлага өгдөг. Гэрчийн мэдүүлэг камерын бичлэгүүд хоорондоо зөрүүтэй зүйл байдаггүй. Камерын бичигт үзлэг хийсэн талаарх нотлох баримтыг анхан шатын шүүх хурал дээр шинжлэн судлахад Г.Мөнхбат өмгөөлөгч тодорхой харсан. Алтайн бор нуур камерын бичлэг дээр ямар ямар машин зөрөөд яваад байгааг анхан шатын шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалхад бүгд харсан. Анхан шатын шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэн зөв үндэслэл бүхий шийдсэн. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг бол хэвээр үлдээж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж Г.Мөнхбат өмгөөлөгч дурддаг. Анхан шатын шүүх хуралдааны үед нотлох баримт хасуулах хүсэлтийг гаргаад шүүх хүлээж аваад зохих ёсоор шийдвэрээ гаргасан. Таслан сэргийлэх арга хэмжээний өөрчлөлттэй холбоотой асуудлаар хохирогчийн өмгөөлөгчид санал гаргах эрх нь байгаа. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд багасгаж болно гэсэн заалт байгаа хэдий ч багасгахгүй шийдэх боломжтой. Хохирлын хэмжээ нэмэгдсэн зүйл байхгүй. Оршуулгын зардлыг нэхэж байгаа учраас шүүх заавал хасахгүйгээр амь хохирсон үйл баримт, хохирогчийн гомдолтой байгаа үйл баримтыг харгалзан хохирлын хэмжээг 30%-иар багасгахгүйгээр шийдэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 77 насандаа 49 настай хүүгээ алдсан. Үүн дээр гомдолтой байгаа. Би төрийн хуулийг хүндэтгэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн -анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэж хүлээж авсан. Гэхдээ яллагдагчид тогтоосон ял шийтгэлийг бага гэж үзэж байна. Шүүгдэгч С.Г нь согтуу байсан учраас хэргийн газраас санаатайгаар зугтсан. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч С.Г би хоёр удаа н.Цынд нүүрс буулгасан гэж хэлсэн. Хоёр дахь удаагаа явахдаа архи уугаад, хүн алснаа мэдэхгүй, ухаан ороод зугтсан. Миний хүүгийн алтан амь 22,000,000 төгрөгөөр хэмжигдэхгүй. Хүү маань согтуу байснаараа буруутан болсонд ард нь үлдэж байгаа гэр бүл маань туйлын хохиролтой үлдэж байна. Шүүх, цагдаа, прокурорын байгууллага хүүгийн маань буруу байгаагүй гэдгийг нотолж өгсөн. н.Ц нэг дэх шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө архи уусан гэдэг хэр нь хоёр дахь шүүх хурал дээр архи уугаагүй гэж хэлсэн. н.Ц зөрүүтэй мэдээлэл өгсөн учраас хуулийн хариуцлага хүлээх ёстой. Өмгөөлөгч Г.Мөнхбат миний хүүг дайраад алсан машиныг төрсөн хүүд нь чи энэ машиныг ав гэж надаас нууцаар хэлсэн нь доромжлол юм. Энэ хүн өмгөөлөгч хийх ёсгүй. Миний хүү босоод ирэхгүй юм чинь хуульд сөгдөн мөргөж байна. ...” гэв. 

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тээврийн хэрэгслийг хураан авч байгаа ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заагдсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө ажиллагаа хийгддэг. Гомдол мэдээллийг хүлээж авснаас хойш мөрдөгч 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрвээ гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ажиллагаа хийхэд прокурорын зөвшөөрлөөр хийгдэнэ. Түүнээс өмнө гомдол мэдээлэлд шалгагдаж байгаа ажиллагаа дээр мөрдөгч өөрөө бие даагаад тухайн ажиллагаануудыг хийх боломжтой байдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад дээжийг хуулийн дагуу авсан. Дахин шинжээч томилоогүй тухайн үед анх дээж аваад шинжилгээ хийлгүүлэх гээд өгөхөд “манай багаж муу байгаа юм, шинэ багаж суурилуулагдах үед нь дахин шинжилгээг хийх боломжтой тэр үед нь ирээрэй” гэсэн дүгнэлт гарсан. Шорооны дээж авахад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн өөрийнх нь багажаар шорооны дээж хүрэлцэхгүй, нарийн тогтоож чадахгүй байна гэсэн учраас Шинжлэх ухаан техникийн их сургууль, Наяогийн их сургуулийн хээрийн судалгааны багийн тусгай тоног төхөөрөмжийг ашиглаад шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Шорооны найрлага хоорондоо яагаад өөр байдаг юм бэ гэхлээр тухайн хатуу бодисууд хоорондоо уусдаггүй. Харин уусдаг бодисууд нэгдмэл 1 найрлагатай гарах тохиолдол байдаг. Гэхдээ газар дээр байгаа уусдаггүй элементүүд тус тусдаа байдаг учраас яг тухайн цэг дээр заачихсан элемент тухайн хэсэг дээрээ өөр найрлагатай байдаг. Хохирогчийн хувцаснаас авсан дээж, автомашины доороос гарсан дээж таараагүй ч тодорхой нэг цэг дээр хүрэлцсэн учраас хоорондоо таарч байгаа юм. Үүн дээр өөр газраас дээж авахад адилхан гарна гэсэн ойлголт байхгүй. Тухайн зорчиж байсан автомашины жолооч нараас мэдүүлэг авсан. Тухайн камерын бичлэгүүдийг ашиглаад хаагуур явсан талаар мэдэж болно. Шүүгдэгчид шинжээч томилох гэж байна гэж танилцуулсан. Хоёр дахь удаагаа шүүгдэгч С.Гийг мөрдөгч дуудсан боловч “би хөдөө ажилтай явж байна” гэж хэлээд ирээгүй. Автомашины эх гэрэл стандартын дагуу байх ёстой. Монгол улсад мөрдөгддөг стандарт нь шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Авто машинаар хүн мөргөхөд тодорхой зүй тогтлын дагуу гэмтэл үүсэхгүй, тухайн хүний байрлал, хүндийн төв, тухайн хүн явж байсан уу, зогсож байсан уу гэх зэргээс хамаараад гэмтэл янз бүр гарна. Тэгэхээр энэ гэмтлийг шууд тогтоох боломжгүй. Өмнө нь шүүгдэгч С.Г нь хаагуур явсан нь хэрэгт ач холбогдол байхгүй. Тухайн үед амь хохирогчийг зам дээр явж байсан гэж хэлсэн. Өмнө нь цагдаагийн дуудлага ирээд шалгаж үзэхэд тухайн газар ямар нэгэн юм болоогүй гэдгийг үзсэн. Дарааллаар нь автомашинуудын үйлчлэлийн тогтоосон байгаа. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Гт холбогдох 2303001560399 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 00 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын зам, 326 дугаар цэргийн ангийн баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахын мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...”, 12.2 дахь заалт “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, 3 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт заасан “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...”, 3.5 дахь хэсэгт заасан “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт , ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;...”, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэргт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн М.Бгийн амь нас хохироосон, улмаар  тус хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:   

тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 20 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 8/,

гэрч М.Мы: “...Би 2023 оны 03 дугаар сарын 12-ны 22 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот гэрээсээ ...Бонго портер маркийн 0000улсын дугаартай хөх өнгийн автомашиныг бариад гарсан. Гэрээс гараад шувууны цагдаагийн пост өнгөрөөд 400-500 метр явж байхад шар цамц, хар бараан куртик, хөх жинсэн өмдтэй, согтуу байдалтай 50 орчим насны эрэгтэй хүн замын хажууд Шувуугаас био орох замд гар өргөөд зогсож байсан. Бид гурав Дүнжингаравын Чухаг 2 хотхоноос тавилга ачаад буцаад гэр рүүгээ харьж явахад 00:20 цагийн үед Биогоос Шувуу явах замд нөгөө гар өргөөд зогсож байсан ах замын ар талдаа гарчихсан, Шувуу явах зам дагуу гараа өргөөд ганцаараа зогсож байсан. Бид гурав машинд байсан болохоор машинд багтахгүй учраас зогсоогүй явсан. Ер нь бол согтуу гэдэг нь гаднаас нь мэдэгдэхээр байсан, айхтар гуйвж дайвсан зүйл байхгүй, хувцас хунар нь цэвэрхэн байсан...” /1 хх 137/,

гэрч М.Агийн: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 00 цаг 10 минутын үед өөрийн эзэмшлийн 9000 УАА дугаартай Тоёота Акуа маркийн автомашиныг би өөрөө бариад нөхөр хажууд суугаад гэртээ харихаар хөдөлсөн. Найзынхаасаа гараад гэр рүүгээ Шувуун фабрик руу явж байх хугацаанд мод Үржүүлгийн урд замд явж байхад 40-өөс 50 орчим насны эрэгтэй хүн замын урд талаас овгор шорооны тэндээс гараараа тулж гарч ирээд гараа гөвөөд замын хажуу руу ирж яваа харагдсан. Тухайн үед цаг 00:30 цаг орчим болж байсан. ...Тэр хүн замын урд талд байсан. ...яг дөнгөж замын хажуу руу гарч явсан. 40-50 орчим насны цэнхэр куртик, цамц юм уу гэмээр цайвар судалтай гэмээр байсан, малгайгүй, халимаг үстэй харагдсан. ...” /1 хх 140-141/,

гэрч Э.Пгийн: “...2023 оны 3 дугаар сарын 12-нд гэрээсээ шөнийн 00:00 цагийн үед ...Хан-Уул дүүргийн Шувуун фабрикаас наана хайрганы карьер орчим очоод ...би нөхрийн хамт буцаад гэр рүүгээ явсан. Буцах замд уг айлаас гараад удаагүй 1 километр орчим явахад олон цагдаа нар зам дээр зогссон байдалтай, замын голд машинд дайруулсан бололтой хүн хэвтэж байсан. ...” /1 хх 148-149/,

гэрч Г.Бийн: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...гэртээ байж байхад 13 цагийн үед шавь Э, О нар Шувуун фабрик гэх газраас хүүхдүүдийн хамт ...ирсэн. ...Э, О нар 23 цагийн үед явах гэсэн чинь машиных нь моторын маслоны шланк задарсан байсан. ..масло олдохгүй болохоор хүргэж өгөхөөр болоод өөрийн эзэмшлийн 49-53 УБЧ улсын дугаартай Т.Пассо маркийн машинд эхнэр П, шавь Э, О нарын хүүхдүүдийн хамт суугаад би машинаа жолоодоод, Шувуун фабрик гэх газар руу явсан. ...гэрт нь орж цай уучхаад буцаад гэртээ харих гээд явсан. Огийн гэрээс гараад 1-2 км явж байхад зам дээр 2-3 цагдаа зогсоод замын нэг урсгал хөдөлгөөнийг машинаар хаасан цагдаа нар яв яв гээд байхаар нь хажуугаар гараад явсан. ...” /1 хх 152/,

гэрч Э.Эын: “...2023 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 00:20 цагийн үед дүүгийн гэрээс өөрийн эзэмшлийн 3000 УБЧ улсын дугаартай тоёота приус-11 маркийн цагаан цэнхэр өнгийн автомашинтай, би өөрөө жолоогоо бариад ...Биогоос Шувууны замд 326 дугаар цэргийн ангийн урд автобусны буудлын тэнд байдаг хурд сааруулагч өнгөрөөд 2 км орчим явж байхад зам дээр хар бараан өнгийн хувцастай хүн яг миний байгаа чиглэлд зам голлосон байдалтай хэвтэж байхаар нь би хараад тойроод хурдаа хасаад өнгөрсөн, би бодохдоо согтуу хүн хэвтэж байгаа юм байлгүй гэж нэг их бодолгүй зөрөөд өнгөрсөн. Тэр хүнийг өнгөрөөд 200-300 метр орчим явж байгаад эмнэлгийн гэрэл дохиогоо асаасан машинтай зөрсөн. Тэр эмнэлгийн машиныг тэр хүн дээр ирж байгаа юм байна гэж ойлгосон. ...Би Морингоос дүүгийнхээсээ гараад шууд л харьсан болохоор нэг их удаагүй байх, 00:30-00:40 цаг л болж байсан байх.  ...” /1 хх 159-160/,

гэрч Б.Чий: “...27-60 УББ улсын дугаартай тоёота приус 41 маркийн хар өнгийн автомашинаар найз охины гэр Хан-Уул дүүргийн Яармагт байрлах Арцат-1 хотхон руу хөдөлсөн, тэнд очиход 00:20 цаг болж байсан. Би найз охиноо аваад хоёулаа хамт миний багийн гандаж муудсан багадсан хувцсыг шатаана, хуучин нисэхээс цаашаа хамт явж үзье гээд бид хоёр хөдөлсөн. ...Био комбинатаас Шувуун фабрик явж байх үед миний явж байх замын авто замын зорчих хэсэг дээр хүн хэвтэж байсан, хажуугаар нь өнгөрөхөд эрэгтэй хүн гэдгийг нь анзаарч харахад хар хөх жинсэн цэнхэр өнгийн гэмээр куртиктэй юм уу цамцтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Анх харанхуйд харахад бэлхүүснээс дээш хэсэг нь байхгүй юм шиг эвгүй харагдсан. ...би 60 орчим км цагийн хурдтай явж байсан, тухайн хүнийг хараад 30-40 орчим болтол хурдаа хасаад хажуугаар нь тойрч өнгөрсөн. Хажуугаар өнгөрсөн найз охинтойгоо бид хоёр ямар эвгүй юм бэ хоёулаа цагдаа дуудах уу гэж ярьж явтал өөдөөс 500 метр дотор гэрэл дохиогоо асаасан түргэний машин Шувуун фабрик талаас ирж явсан. Тэр түргэний машиныг тэр хүн дээр ирж байгаа юм байх гээд бодоод өнгөрсөн. Цааш явж байгаад голын толиндоо хартал нөгөө түргэний тэрэг тэр хүн дээр очоод зогсож байгаа юм шиг харагдсан. Төд удалгүй араас машин ирж байхыг хараад очоод зогстол нэг цагаан өнгийн Акуа маркийн машин миний ард ирээд буцаж эргээд гурван ТҮЦ-ний урд очоод зогссон. Би буугаад очтол тэр машинаас нэг хүн буугаад ирчихсэн зогсож байсан. ТҮЦ-ны хажууд нөгөө машины хүнтэй уулзахаар очиход тэр хүн нэг цагдаатай цонхоор нь яриад зогсож байсан. Би тэр цагдаагаас сайн байна уу, хувцас шатаах гэж яваа юм хаана шатаавал болох вэ гээд ...наашаа ирж байх замд дээр нэг хүн хэвтэж байсан,  түргэний машин очиж байсан арга хамжээ аваарай гэж хэлсэн, за ойлголоо гээд нөгөө цагдаа цонхоо хаасан. Эргээд хартал ард явж байсан машины жолооч 30-40 орчим насны эрэгтэй хүн ард зогсож байсан над руу хараад зам дээрх хүн хэвтэж байсан тээ гэж асуухад нь харин тиймээ ёстой эвгүй юм аа гэж хариулахад тэр хүн би энд хэлчихлээ хэлчихлээ гэж хариулсан. ...02:00 цаг өнгөрч байхад тэндээс буцаад гэртээ харихаар хөдөлсөн замдаа зогсоогүй. Явж байх замд нөгөө хүнийг анзаарахад цагдаагийн машин ирсэн, 2-4 цагдаа тойроод зогссон байхад нь хажуугаар өнгөрөхөд зам дээрээ цамц нь улаан толбо болсон хүн хэвтэж байсан. Би өөрөө 03:00 гэхэд гэртээ харьсан. ...Зам дээр хэвтэж байгаа хүнтэй тааралдахад 01:00 цаг л болж байсан болов уу гэж бодож байна. ...Био өнгөрөөд явж байхад хажуугаар нэг хөх бараан өнгийн приус 41 байж магадгүй нэг машин гүйцэж түрүүлээд явсан санагдаж байна. Цагдаагийн пост дээр очиж зогсоход миний ард цагаан өнгийн акуа машин ирж зогссон, ... Түргэний машин бол зам дээр хэвтэж байсан хүнийг өнгөрөөд 200-300 метр орчим явж байхад хажуугаар зөрж өнгөрсөн. Тэр түргэний машин ард урд ойрхон машин байгаагүй санагдаж байна. ...Тэр хүн ямар нэг хөдөлгөөн хийгээгүй, хөдлөхгүй байсан. Хөл нь над руу харсан байдалтай хажуугаар нь зөрөхөд нуруу нь харагдах байдалтай, толгой нь ерөнхийдөө замынхаа ертөнцийн зүгээр баруун тал руу буюу Шувуу фабрик явах зам дагуу гэмээр нуруугаараа нугаларсан бөхийсөн байрлалтай байсан. Замын хажуугаар гэрэлтүүлэг байхгүй, харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. ...Тухайн хүнийг 100 метр дотор холын гэрэлд харагдахаар байсан, би ер нь нэлээн ойртож байж хурдаа сааруулж тойрч гарсан. Тухайн хүний ойр орчимд хүн харагдаагүй. Замын хажуугаар ямар ч гэрэлтүүлэг байгаагүй...” /1 хх 171-173/,

гэрч Т.Уийн: “...2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 15 минутын үед найз залуу Ч өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай хар өнгийн Тоёота Приүс 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай гэрийн гадна ирж намайг аваад бид хоёр хамтдаа Шувуун фабрик гэх газар руу явж байхад яг хаана гэдгийг нь сайн санахгүй байна. Ч автомашиныхаа жолоог гэнэт огцом хажуу тал руу эргүүлэхэд би гайхаад “яасан бэ гэж асуухад” төв засмал зам дээр хүн хэвтэж байна гэж надад хэлэхэд, автомашины арын цонхоор харахад хүн газар хэвтэж байсан. Тэгээд бид хоёр цаашаа явж байхад эмнэлгийн автомашин ирж байгаа харагдахаар нь тэр хүнийг эмнэлгийн автомашин авах байх гэж ярилцаад хувцсаа шатаахаар явж байхад төв зам хоёр салсан байсан учир хаашаа явахаа сайн мэдэхгүй зогсож байхад марк, улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн автомашин бид хоёрыг гүйцэт түрүүлээд цагдаагийн пост нь дээр очсон, ардаас нь дагаж очоод тухайн саарал өнгийн автомашин урдаас нь харж зогсоход тэр автомашины жолооч та хоёр “нөгөө хүний талаар хэлэх гэж байна уу гэж асуухад тийм гэж хариулахад би хэлчихлээ гэж хэлээд тэр ах хөдлөөд явсан. ...буцаад Улаанбаатар хот руу явж байхад хүн хэвтэж байсан газар замын цагдаа нар ирчихсэн зам зохицуулаад зогсож байхаар нь хажуу талаар нь гараад ...гэртээ орж ирэхэд цаг 02 цаг өнгөрч байсан. ...Бид хоёр автомашинаас бууж хараагүй, хүн хэвтэж байна гэж надад хэлж байсан учир би автомашин арыг цонхоор харсан...” /1 хх 177-178/,

гэрч М.Хын: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Таван толгой”-н постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж ...байсан. ...00 цаг өнгөрөхөд бид нар нэг цагаар ээлжилж үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон. 01 цагийн үед гурван замын уулзвар дээр зогсож байтал, Биогоос Шувуу чиглэлд нэг приус болон болон акуа маркийн машин пост дээр ирчихсэн зогсож байсан. Би машиндаа суугаад очтол акуа нь чигээрээ яваад приус нь Био комбинатын чиглэлд явчихаар нь Э-аас асуутал зам дээр хүн байна гэнээ, хоёулаа очъё гэж хэлээд хэв журмын цагдаагаа үлдээгээд миний машинтай очтол постоос 2-3 км зайтай ертөнцийн зүгээр зүүн тийш замын зорчих хэсгийн хойд талд доошоо хараад хэвтчихсэн толгой болон чихнээс нь цус гарсан байдалтай 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. Э хэлтэс рүү яриад шууд эмнэлэг болон цагдаагийн тусгай дугаарт дуудлага өгсөн. ...гэрэлтүүлэггүй үзэгдэх орчин муу байсан...” /1 хх 188/,

гэрч Г.Сын: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 24 цагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эрхэс-114 дүгээр чиглэл буюу тус дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолооч цагдаа, ахлагч Б.Ариунтамирын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. ...шөнө хамт шалгасан замын цагдаа холбогдон “энд зам дээр хүн хэвтэж байна, толгойноос нь цус гарсан байна” гэж хэлэхээр нь очиж шалгаад 102 болон 103 руу дуудлага мэдээлэл өгсөн...” /1 хх 191/,

гэрч Г.Эын: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ...үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. ...би постод байж байтал 00 цаг 55 минутын үед 40 орчим насны эрэгтэй гадуур өмссөн хувцсыг нь санахгүй байна, постын цонхон дээр байхад хүрч ирээд Био тал руу явах замд зам дээр хүн хэвтэж байна гэж хэлсэн. Мөн тэр хүний араас 26-27 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд мөн адил хүн хэвтэж байна гэж хэлсэн. ...Тэр үед нь машинд дайруулчхаж магадгүй гэж бодоод гадаа үүрэг гүйцэтгэж байсан экологийн цагдаа Х-тай хамт заасан газарт нь очтол толгой, чихнээс нь цус гарсан байдалтай байхаар нь хамгийн түрүүнд 103 руу, дараа нь ээлжид гарч байсан бүсийн офицер болох ахлах дэслэгч Н-т мэдэгдсэн. Н АТ-руу яриад, 102-т дуудлага өгсөн. ...” /1 хх 196/,

гэрч Д.Эын: “...архи уугаад орой 19-20 цагийн үед бид нар унтацгаах гээд байж байтал талийгаач Баяндаваа би ерөөсөө харилаа гээд утсаа зүүн гартаа барьчихсан ганцаараа /согтолт бага/ гараад явсан...” /1 хх 206/,

гэрч П.Дгийн: “...22 цаг өнгөрөөд 23 цаг дөхөж байхаар нь би түүний утас руу дохитол удалгүй, над руу нэлээн согтуу залгаад би танайд очиж болох уу, намайг хүлээж авах уу гэж асуухаар нь чи өмнөх амьдралаа цэгцлээгүй байж яах гээд байдаг юм, өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлтэл өөдөөс ямар нэгэн зүйл хэлэлгүй утсаа салгачихсан. 2023 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 00 цаг 23 минутад “намайг хоол хийгээд байж бай, би сайхан шөл уумаар байна” гэж хэлэхээр нь би шөл хийчхээд хүлээгээд байж байхад тэр шөнөдөө ирээгүй, үүрээр 04 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад надад юу болсон талаар хэлсэн...” /1 хх 217-218/ гэх мэдүүлгүүд,

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутаас 23 цаг 58 минутын хооронд Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... зүүн урд дугуйн дотор талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг биологийн шинжээч бэхжүүлэн авав... Уг тээврийн хэрэгслийн зүүн урд буферын зүүн доод хэсэг, урд дугуйны чулакны хэсэгт, мөн чулак дээр арчигдсан мөрнүүд байв.Уг машины редуктерын хэсэг, зүүн талын дугуйны хөндлөн хэсгийн ерөнхий татуурга дээр арчигдсан мөр байв...” /1 хх 24-25/, гэрэл зургууд /1 хх 26-30/,

тус тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн дотор тал дахь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж авч шинжлээд гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2810 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь Ү хромосомын ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч М.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /2 хх 127-128/,

шинжээч Б.Тэнүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2810 дугаартай дүгнэлт нь ДНХ лабораторийн тоног төхөрөмжийн шинэчлэлийн дараа шинэ тоног төхөөрөмжөөр уншигдан гарсан шинжилгээний дүгнэлт байгаа юм. ...2810 дугаартай дүгнэлтийг ашигласан ABI3500XL Genetic analyzer тоног төхөөрөмж, wifiler plus урвалжийг ашиглаж дүгнэлтийг гаргасан. Тус төхөөрөмж урвалжийг ашиглахад өчүүхэн төдий биологийн ул мөрнөөс ДНХ-ийн тогтцыг гаргах боломжтой болсон. Мөн өмнө 16 үзүүлэлтээр тогтоож байсан бол шинэчлэл хийгдсэнээр 25 үзүүлэлтээр адилтган харьцуулах шинжилгээг хийдэг болсон. Иймд шинжилгээнд ирүүлсэн биологийн арчдасаас биологийн ул мөр илэрч байгааг тогтоосон, илэрсэн ул мөр нь амь хохирогчийхтой тохирч байгааг тогтоосон. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 10/,

 ШУТИС, Японы Нагоя Их сургуультай хамтарсан хээрийн судалгааны төвийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн сорилтын дүнгийн хуудас /2 хх 96-113/,

            2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: “...машины хойд редукторын доод хэсгээс 1 тоогоор арчдаснаас дээж, машины зүүн хойд хөндлөн татуурганаас арчигдсан хэсгээс дээж аван 2 тоогоор, машины зүүн урд татуургын арчигдсан хэсгээс дээж аван 3 тоогоор, машины урд тэнхлэгний чулакны доор арчигдсан хэсгээс дээж аван 4 тоогоор, талийгаачийн хөх жинсэн өмдний зүүн гуян дээрх шороо мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс дээж аван 5 тоогоор, хөх куртикны зүүн хойд далны доод хэсгээс дээж аван 6 тоогоор, хөх куртикны зүүн тохойны гадна хэсгээс дээж аван 7 тоогоор тус тус тэмдэглэв. ...“ /1 хх 31-38/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2873 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ ...Шинжилгээнд ирүүлсэн Тоуоta Land Cruiser маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд татуурганд үүссэн арчигдсан хэсгээс “3” гэж дугаарлан авсан дээж нь амь хохирогч М.Бгийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмдний зүүн гуя хэсэгт үүссэн шороо мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс бэхжүүлэн авсан “5” дугаартай дээжтэй элементийн найрлага болон агууламжаараа таарч тохирч байна. ...” /2 хх 120-121/,

Шинжээч Б.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Нэг замаар явсан ч бай, өөр замаар явсан ч бай шорооны бүтэц, агууламж, найрлага гэдэг хоорондоо адилгүй байдаг. Тийм болохоор нэг замаар явсан тээврийн хэрэгсэл болгоны шороо хоорондоо адилхан байх боломжтой юм. Бүр Т.Ланд маркийн машины доод эд ангиас бэхжүүлж авсан шороонууд хүртэл хоорондоо өөр өөр адилхан биш байх боломжтой. Яагаад гэвэл, нэг хэсэг нь тостой, нөгөө хэсэгт нь тосгүй байгаа учраас өөр өөр байдаг. Ийм учраас 3 дугаартай хэсгээс авсан дээжний элемент найрлага нь 5 дугаартай хэсгээс авсан дээжтэй арчигдсан байх боломжтой учраас хоорондоо тохирч байгаа юм. Тийм учраас бусад шороонууд хоорондоо таарах алба байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 6-7/,

            гэрч Б.Нгийн: “...Би Г ийн эхнэр юм. ...13-ны орой 22:00 цагийн үед цагдаа дээр мэдүүлэг өгч байна гэсэн. Тэгээд юу болсон юм бэ гэж асуусан чинь би өчигдөр орой Ц-ийнд нүүрс хүргэж өгөхөөр явсан, тэр цагаар мод үржүүлгийн тэр хавьд хүн машинд шүргүүлсэн юм шиг байна. Миний явсан цаг яг таараад байгаа юм байна гэж хэлсэн. ...” /1 хх 225-226/, гэрч М.Цын: “...Би Гтай 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед утсаар яриад манай гэрт нүүрс түлээ хүргээд ирээч гэж хэлсэн. Г 23:40 минутын үед ажлын газарт унаж хэрэглэдэг Тоёота Ланд Круйзер 80 маркийн 0000УНБ дугаартай тээврийн хэрэгслийг унаад ирсэн. Тэгээд манай гэрт түлээгээ буулгачихаад, би галаа түлчхээд тэр хооронд жижиг аягаар нэг удаа айраг хийж өгөөд, тэрийг Г уусан, тэгээд рүнкээр монгол нэрмэл архи өгсөн, тэрнээс Г нэг рүнк архи уусан. Тэгээд жоохон юм ярьж сууж байгаад 00:10 минутын үед ажил руугаа явна гээд машинаа унаад явсан. Явахад нь 1 литрийн саваар айраг өгч явуулсан. Тэгээд би унтсан. ...Би тухайн машиныг мэднэ, тухайн машиныг унаж жолооддог. Машин нь техникийн хувьд муу, ойр ойрхон эвдрэл гэмтэл учирдаг болохоор ойр зуурдаа унаж хэрэглэдэг. Гэрлийн хувьд тааруу харагдах орчин тусгал муу машин байгаа юм. Тоормосны ажиллагаа хэвийн ажилладаг. Гэрэл л муу машин байгаа юм. Явах эд анги муутай. ...Г манай гэрээс жижиг аягаар айраг нэг удаа, жижиг рүнкээр нэрмэл нэг удаа уучхаад гараад явсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 233-234/, гэрч О.Эийн: “...2023 оны орой манай нөхөр Гийг ажил дээрээсээ нүүрс авчраад өгөөч гэж гуйгаад орой 23:30 цагийн үед Г ганцаараа ланд 80 машинтай ирж нүүрс буулгаж өгөөд гэрт цай ууж ойр зуур юм ярьж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гарч явсан. Г манай гэрт 20-30 минут орчим л болсон...” /1 хх 237/ гэх мэдүүлгүүд,

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03 цаг 05 минутаас 05 цаг 30 минутын хооронд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам, тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-16/,

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-18/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 19-22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №837 дугаартай дүгнэлт: “...Талийгаач М.Бгийн цогцост зулай, суурь яс, хоёр нүдний ухархайн дээд ханын хугарал, зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, дагзны дэлбэн, суурь, бага тархины орой хэсгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, дагз, зулай, духны хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн 3,4,5,6,7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй далд хугарал, булчин, зөөлөн эдэд цус хуралт, баруун чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, зүүн сарвуунд няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн мөр, сарвуу, гуя, өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост хийсэн 2023.03.13-ны өдрийн 06:10 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Талийгаач нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна. Цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цөсөнд 2.7, шээсэнд 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /2 хх 16-20/, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 22-23/,

шинжээч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Талийгаач  М.Бгийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр машины эд анги болон замын хатуу хучилт зэрэгт биеийн гэмтэл тус бүрт хүч үйлчилснээр үүсч буй гэмтлүүд байна. ...зүүн дунд чөмөгт ясны дээд 3/1 хэсэг буюу хүзүү хэсгийн гурвалжин бяцарсан хугарал гэмтэл нь машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Мөн гавлын ясны хугаралаас үзэхэд гавал тархинд учирсан гэмтэл нь хүчтэй дарагдал шахагдлын үед үүссэн байх боломжтой, бусад гэмтлүүд нь цохигдох, мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсэх боломжтой. ...дээрх гэмтлүүдээс зүүн дунд чөмөгт ясны хугарсан гэмтэл нь босоо, суугаа байрлалаас мөргөгдөх үед үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь хэвтээ байрлалд гавал тархи хүчтэй дарагдах шахагдах үед үүсэх боломжтой, бусад гэмтлүүд аль ч байрлалд үүсэж болно. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 2-3/,

Авто тээврийн үндэсний Төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1139352388 дугаартай: “...Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000УНБ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд гупер замаск хуурсан хуучин сэвтэй, зүүн урд их гэрлийн ламп хол дээрээ асахгүй, дуут дохио ажиллахгүй, улсын дугаарын гэрлийн лампууд асахгүй, ...хурд хэмжигч ажиллахгүй (спидометр), зүүн хойд дугуйн тоормос ажиллахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

 Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн, EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6.7мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангахгүй байна. Урд дугуйны тоормосны хүч зүүн талдаа 3.3кН, баруун талдаа 3.3кН зөрүү нь 0,0% стандарт (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,3кН, баруун талдаа 2.8кН, зөрүү нь 18.0% (стандарт <30%) зүүн хойд тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос бүрэн зогсоогүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800 cd, хол дээрээ 0 cd. Баруун гар талын гэрлийн тусгал тусгалын чадал ойр дээрээ 3100 cd, хол дээрээ 2500 сd (стандарт 10000-225000сd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл гэж үзэж байна.

Тухайн осол шөнийн цагт болсон тул замын гэрэлтүүлэггүй хэсэгт болсон бол гэрлийн тусгалын хүч муу байгаа нь үзэгдэлт муу байх байдлаар нөлөөлнө, хурд хэмжигч болон зүүн хойд тоормос ажиллахгүй тэнхлэг тохиргоо алдаатай зэрэг нь тухайн осолд хэрхэн нөлөөлөхийг үзлэгийн тоног төхөөрөмжөөр тогтоох боломжгүй. Зогсоолын тоормос бүрэн зогсоогүй байна. Жич; Урд хоёр дугуйн тоормос, баруун хойд дугуйн тоормос хэвийн ажиллаж байсан. Харин зүүн хойд тоормос тодорхой хэмжээний хүч зааж байгаа хэдий ч бүрэн зогсохгүй байсан. Уг автомашины спидометр (хурд хэмжигч) ажиллахгүй байна. Зүүн гар талын их гэрлийн ламп хол дээрээ асахгүй байсан...” гэсэн дүгнэлт /2 хх 135-140/,

2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №876 дугаартай мөрдөгчийн магадлагаа  “...1. Жолооч С.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахын мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүүргийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт , ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Б нь Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...”  /2 хх 143-147/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын зам, 326 дугаар цэргийн ангийн баруун замд Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бг мөргөж, дайрсны улмаас М.Бгийн амь нас хохирсон байх ба С.Гийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон... гэсэн шинжийг,

- тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.  

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй С.Гийн үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан осол болох хугацаанд, тус осол гарсан газраар тээврийн хэрэгслээ жолоодон өнгөрсөн жолооч нарын мэдүүлгүүд, гэрч П.Дгийн мэдүүлэг зэргийг үнэлэн хохирогчийн амь хохирсон цаг хугацааг 2023 оны 3 дугаар сарын 12-оос 13-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын үе гэж тогтоосон ба С.Г тухайн осол хэргийн газраар тухайн цаг хугацаад Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчсон, түүний жолоодож явсан Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2023 оны 3 дугаар сарын 13-ны 22 цаг 40 минутын үед үзлэг хийхэд тус тээврийн хэрэгслийн “...зүүн урд дугуйн дотор талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, ...” /1 хх-ийн 29 дүгээр тал зураг №14/ байснаас дээж аван улмаар шинэчлэгдсэн аппаратаар 25 үзүүлэлтээр нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд илэрсэн цус нь Ү хромосомын ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч М.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон /2 хх 127-128/, мөн үзлэг хийхэд илэрсэн зүүн талын дугуйны хөндлөн хэсгийн ерөнхий татуурга дээр арчигдсан мөр /1 хх 29 дүгээр талын ар тал зураг 16/ хэсгээс авсан дээж нь амь хохирогч М.Бгийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмдний зүүн гуя хэсэгт үүссэн шороо мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс бэхжүүлэн авсан дээжтэй элементийн найрлага болон агууламжаараа таарч тохирсон /2 хх 120-121/ байх тул шүүгдэгч С.Гийг тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгээд шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...С.Г гэмт хэрэг үйлдээгүй...” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг сонгож 3 жилийн хугацаагаар шийтгэж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож 3 сарын хугацаагаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан “...гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн хийсэн “...зам тээврийн осол хэрэг гарахад амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой байсан нь нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл гэм хор учрахад нөлөөлсөн гэж үзэн багасгасан...” дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан “...Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 30 хувиар багасгасан нь үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

С.Г нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Тоуоta Land Cruiser 80 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Гээс зөвшөөрөл авч ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон иргэний хариуцагч Б.Гийн мэдүүлгээр /1 хх 120, шүүх хуралдаанд/ тогтоогдсон тул С.Гийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын амь насыг хохироосон хэргийн төлөгдөх хохирол /70%/-ыг шүүгдэгч С.Г, иргэний хариуцагч С.Гансүх нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнээд, иргэний хариуцагч Б.Гийн гаргасан “...хохирлыг надаас гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Л.М нь баримтаар 31,953,970 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хянаад 30,953,970 төгрөгийн хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд 70% болох 21,667,779 төгрөгийг шүүгдэгч С.Г, иргэний хариуцагч Б.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв. Бусад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч С.Г нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гаас 7,937,620 төгрөгийг, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Гээс 7,937,620 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 15,875,241 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мт олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гаас 10,833,890 төгрөгийг, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Гээс 10,833,890 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 21,667,780 /хорин нэгэн сая зургаан зуун жаран долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мт олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, З.Цэнгэнбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, иргэний хариуцагч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ