| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2017/0767/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж /¹0032/, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Болдын Оюунтуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1364 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Б О, 1994 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, боловсролгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 28-600 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ¹134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэгдсэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ¹290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг. /РД:НМ94070200/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь Т.Отгонцэцэгтэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд Г.Анугийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-15/, мөрдөн байцаалтын шатанд О.Одцэцэгийн гэрчээр өгсөн /хх-16/, мөрдөн байцаалтын шатанд Б.Болормаагийн гэрчээр өгсөн /хх-17/, мөрдөн байцаалтын шатанд А.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн /хх-20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийсайханы гаргасан хүсэлт /хх-126/, ял шалгах хуудас /хх185/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 290 дугаартай Шийтгэх тогтоол /хх190-194/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас шүүгдэгч Б.Ог Т.Отгонцэцэгтэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.О нь Т.Отгонцэцэгтэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэнд байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс 5 маркийн гар утас, бэлэн 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд Г.Анугийн хохирогчоор өгсөн: “…гутал өмсөж үзчихээд эргээд харсан чинь миний барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод дотор нь байсан түрийвчтэй мөнгө, утас авчихсан байсан. Би дэлгүүрийн эгчээс камер байгаа эсэхийг асуухад “…байхгүй, цаана чинь цагдаа байгаа, мэдэгдчих” гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тухайн үед цагдаа нэг эмэгтэйтэй юм яриад байхаар нь лангуу руу буцаад гарч ирэхэд нөгөө цагдаа юм яриад зогсож байсан эмэгтэйгээс миний түрийвч, гар утсыг авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-15/,
Мөрдөн байцаалтын шатанд О.Одцэцэгийн гэрчээр өгсөн: “…Тэр өдөр 17 цагийн үед “Sunday” худалдааны төвийн гадна нөхөртэйгээ явж байгаад найз Оюунтуяа, Оюунцэцэг нартай тааралдсан. …Ингээд Оюунцэцэг бид 2 гутал үзээд зогсож байтал Оюунцэцэг, Оюунтуяа 2 гарчихсан, үүдэнд цагдаатай юм яриад зогсож байсан.”…гэх мэдүүлэг /хх-16/,
Мөрдөн байцаалтын шатанд Б.Болормаагийн гэрчээр өгсөн: “…Тэр өдөр 18 цагийн үед гутлын дэлгүүртээ гутлаа зараад байж байтал гаднаас хохирогч гэх эмэгтэй орж гутал үзэж байгаад 2 гутал худалдаж авахаар сонгоод надад мөнгөө өгөх гээд цүнхээ ухсан чинь түрүүвч нь байхгүй болчихлоо гэхээр нь “…үүдэнд цагдаа байна, мэдэгдчих” гэсэн чинь нөгөө охин цагдаад очиж хэлсэн. …Манайх тухайн үед маш их хүнтэй байсан. Би бараа руугаа анхаараад хүний цүнхийг анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-17/,
Мөрдөн байцаалтын шатанд А.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Sunday” худалдааны төвийн ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх хугацаанд Ану гэгч нь “290.000 төгрөг, гар утастайгаа хулгайд алдлаа” гэж таарсан. Тэгэхээр нь ойр хавьд байсан хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй Отгонцэцэг, Оюунтуяа нарыг шалгахад Отгонцэцэгийн куртикэн дотроос нь хохирогчийн гар утас болон хэтэвч 290.000 төгрөг нь гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-20/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Анугийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийсайхан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “…Б.О нь хохирогчоос уучлал гуйж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж гэм хороо арилгасан зэрэг байдлыг харгалзан түүнтэй эвлэрсэн.” /хх-126/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Ог энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ нь 6 сар, ялын дээд хэмжээ нь 5 жил, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ нь 2 жил, ялын дээд хэмжээ нь 5 жил болж ялын доод хэмжээ нэмэгдсэн байгаа хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 6 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн ба 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдсэгдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Огийн дээрхи үйлдэл нь 2016 оны 6 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн өмнөх үйлдэл болох 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор /хх1190-194/ тогтоодож байна.
Иймд шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.”, 6.2 дахь хэсэгт "...тухайн гэмт хэрэгт нь зөвхөн 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасан зарчмыг баримтлан шийдвэрлэв.
Шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “...Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Огийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон байх тул энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Од ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн болон түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ог 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн...түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно “ гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Боржигон овогт Болдын Б.О бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Од эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Од 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг болох 3 /гурав/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Од хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ