Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0436

 

2025 06 05 128/ШШ2025/0436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х******* ХХК, /РД:/,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*******, гуравдагч этгээд И.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ө******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Л.А******* үйлдсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Х******* ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан И.О*******эс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан ...нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн... асуудлаар гомдол гаргаснаар эрх бүхий албан тушаалтнаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг санаатайгаар бууруулсан үндэслэлээр тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 6,814,135 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Х******* ХХК гомдол гаргасныг тус шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 594 дугаартай захирамжаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг И.О нэхэмжлэлтэй, Хюманстейшн интернэшнл ХХК-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/******* дугаар шийдвэрээр Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын цалин 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хэргийг шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Х******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч Л.А нь тус компанид ажиллаж байсан И.О 2018 оны 08 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг санаатай бууруулсан үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 0******* тоот шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авсан.

3.2. И.О цалингийн тооцооллыг хэрхэн бодсон нь ойлгомжгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэс болгон таамаг дэвшүүлэн торгууль, нөхөн олговор тооцсон нь хууль бус байна. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин бүрэн эсвэл дутуу олгогдож байсан эсэх маргаан нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд И.О******* нь энэ талаар маргаан үүсгээгүй байхад Нийгмийн даатгалын Ерөнхий газар нь тэдэн төгрөгийн цалин авах ёстой байсан байна гэж таамаглаж торгууль оногдуулж болохгүй.

3.3. И.О цалин, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж манай байгууллага буруутай нь тогтоогдож, гэрээнд зааснаас дутуу цалин олгож байсан нь нотлогдсон тохиолдолд дутуу олгогдсон цалинд нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь хуульд нийцнэ. Гар дээр авах цалин, хөлсөө илүү авахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг багаар төлөх хүсэлт гаргасныг харгалзан үзэхгүйгээр ажил олгогчийн төлөх шимтгэл болон ажилтны төлөх шимтгэлийг хамтад нь зөвхөн ажил олгогчоос гаргуулахаар тооцож, алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

3.4. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр И.О нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн талаарх 2021 оны 01 дүгээр сард гаргасан зөрчилд манай компанид зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасныг зөрчсөн.

3.5. Хавтаст хэрэгт авагдсан 2018, 2019, 2020 оны цалингийн тооцоолол гэдэг зүйлийг нийгмийн даатгалын байцаагч өөрөө тооцсон. Юуг үндэслэж тооцсон гэхээр борлуулалтын маягт гэсэн баримтад үндэслэсэн гээд хариу тайлбартаа бичсэн байгаа. Нэгдүгээрт борлуулалтын маягт гэдэг хавтаст хэрэгт байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гэж байгаа бол эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан баримтад үндэслэх ёстой. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Тооцооллыг нь харахаар асуудалтай зүйлүүд байгаа. 2018 оны 08 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл зөрчил үйлдсэн гэж нийгмийн даатгалын байцаагч үзээд байгаа. Гэтэл шийтгэлийн хуудасны үндэслэл нь нийгмийн даатгалын хэмжээг бууруулах гэдэг үндэслэлээр гаргасан, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан огноог хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахаар 2019 оны 06 дугаар сараас эхэлж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 400,000 төгрөгийн цалин олгоно гэсэн тушаал байгаа. Тэгэхээр цалин бууруулсан огноо нь бол 2019 оны 06 дугаар сараас эхэлж байгаа. Тэгэхээр 2019 оны 06 дугаар сараас хойших зөрүү дээр нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох ёстой.

3.6. Хоёрдугаарт тооцож өгсөн баримтуудыг нь харахаар жишээ нь 2019 онд 2,247,159 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэж зөрүүнээс нь шууд тооцчихож байгаа. 2,247,159 төгрөгийг төлөх ёстой гэж бодож байгаа дүн ажил олгогч, ажилтан 2 төлөх ёстой. Гэтэл яагаад зөвхөн ажил олгогч төлж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн талыг нь ажилтан өөрөө төлөөд талыг нь ажил олгогч төлөх ёстой. Тэгэхэд энэ тооцооллоор шууд бүгдийг нь байгууллага төлөх ёстой гээд дүгнэсэн. Алдангийг шууд тултал нь бодоод 2019 онд 3,337,000 төгрөг, 2020 онд 921,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу байна гэж тооцоод бас л адилхан талыг нь ажил олгогч төлөх ёстой байтал бүгдийг ногдуулаад бодоод явчхаж байгаа.

3.7. Хүн хэдэн төгрөгийн цалин авах ёстой вэ гэдгийг нийгмийн даатгал байцаагч шийдэхгүй. Энэ бол хөдөлмөрийн гэрээнээс шалтгаална. Хөдөлмөрийн гэрээнд 15 хувиар бодохоор байна. Тэгэхээр гэрээний маргаан иргэний эрх зүйн харилцаа буюу хөдөлмөрийн маргааныг Иргэний шүүх шийднэ. Энэ хүн тэдэн төгрөгийн цалин авах ёстой гэдгийг Иргэний шүүх шийдэх ёстой болохоос нийгмийн даатгалын байцаагч шууд энэ хүнд тэдэн төгрөгийн цалин өг гэдэг байдлаар шийдэхгүй. Манай н.Г гэдэг байцаагч нягтлангийн цалингийн тооцоолол гээд гаргаад өгчихсөн эксел/excel/ баримт байгаа. н.Г гэдэг манай нягтлан гэрчийн мэдүүлэг өгөхөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбараа өгчихсөн байгаа. н.Ггийн тооцооллыг би өөрөө бодож үзсэн. Тэгэхэд өөр дүн гарч ирсэн. 2019 оны 06 дугаар сараас гэж тооцвол 2019 оны 06 дугаар сар 717,000 төгрөгийн цалин гэж н.Г тооцоолсон байсан. н.Ггийн тооцооллоор 400,000 төгрөгийн цалин тооцсон гэдгийг нь бодохоор 2019 онд 2,800,000 төгрөгийн зөрүү гэж байгаа. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч 2,200,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэсэн тооцооллыг гаргаад байгаа. Гэтэл цалингийнх нь зөрүү нь 2,845,205 төгрөг гэж байгаа. Тэгэхээр 2,800,000 төгрөгөөс нийгмийн даатгалаа бодохоор ажил олгогчийн хариуцах ёстой дүн нь 280,000 төгрөг болсон байна. н.Ггийн тооцооллыг хэрэв үндэслэлтэй гэж бодвол тийм байгаа. 2020 онд н.Ггийн тооцоолж ч өгсөн цалингийн зөрүүг нь бодохоор 2,088,360 төгрөгийн зөрүү үүсээд байгаа.

3.8. Тэгэхээр эндээсээ ажил олгогчийн төлөх дүн нь 100,000 орчим төгрөг. 2,800,000 төгрөгөөс 20 хувийг нь бодохоор 400,000 төгрөг гэхээр ажил олгогч 200,000 төгрөг орчмыг нь хариуцах ёстой байсан гэх мэтчилэн тооцооллыг нотлох баримтад үндэслээгүй таамагласан, хөдөлмөрийн гэрээг гэрээний харилцаа руу орсон гэрээний харилцааг дүгнэсэн үндэслэлгүй тооцоолол байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2 дахь үндэслэл 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн. Тэгэхээр энэ зөрчил нь хэзээ үүссэн гэдгийг зөрчил итгэлийн хуудаст 2021 оны 01 дүгээр сар гээд биччихсэн байгаа. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сарын хугацаатай байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа 2 сар хэтрээд дуусчихсан байна. Хариуцагчийн тайлбарыг сонсохоор прокурор болно гэж хэлсэн тийм учраас бид нар мэдсэн, өмнөх нь дуусчихсан энэ нь бол үргэлжилж байгаа гэж хэлээд байгаа. 2021 оны 01 дүгээр сараас үргэлжилсэн гэж тооцсон ч гэсэн 09 дүгээр сард зөрчлийн хэрэг нээж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусчихсан зөрчилд зөрчлийн хэрэг нээгээд ажиллагаа явуулаад байгаа нь буруу. Иргэн болон Захиргааны эрх зүйд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн ойлголт байдаг. Эрүүгийн болон Зөрчлийн эрх зүйд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол энэ зөрчлийн хэргийг шалгах ёсгүй. Үүнийг зөрчил гэж үзэж болохгүй. Тийм учраас энэ шийтгэлийн хуудас үндэслэлгүй байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

 

4. Хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Манай байгууллагад хандан 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Х******* ХХК-д ажиллаж байсан хугацааны буюу 2012-2016, 2018-2021 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй талаарх гомдлыг гаргасан. Дээрх гомдлын дагуу холбогдох хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийж 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу 2102000279 тоот Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлж 0******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зохицуулсан. Тогтоолын 4 дэх хэсэгт хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасан гарын үсэг зурсан гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагын төлөөлж, эрх бүхий албан тушаалтан мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ гэж тус тус заасан. Иргэн И.О******* 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилох бүхий тушаалаар ажилд орсон, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдсан нь нотлогдсон.

4.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 31.1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор-ыг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэж хуулиар зохицуулсан. Тус байгууллага иргэн И.О******* сар бүр хөдөлмөрийн гэрээнд заасан урамшууллыг ээлжийн гараатай үед олгож байсныг хохирогч И.О*******, гэрч менежер ажилтай Э.Ц нарын мэдүүлэг болон гэрчийн гаргаж өгсөн 2018 оны 08 сараас 2021 оны 02 сарыг дуустал хугацаанд бараа борлуулалтын маягтаар тооцоо хийж байсан баримтаар нотолж цалингийн тооцооллыг хийсэн.

4.4. Тухайн байгууллагын өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцоолол нь борлуулалтын орлогод нь үндэслэсэн. Гэрээн дээр нь борлуулалтын орлогын 15 хувийн урамшуулал, хоол унааны мөнгө гэсэн гэрээний заалт байгаа. Түүний борлуулалтын орлогод нь үндэслээд цалин хөлсийг нь авах ёстой гэж тооцсон байгаа. Тэгэхээр нотлох баримтын шаардлага хангагдаагүй үгүйсгэгдэж байгаа. Яагаад гэхээр өөрсдөө гаргаж өгсөнд тооцоо. Тийм болохоор ингэж, хэлж тайлбарлаж болохгүй байх. Ажилтан цалингаас 11,5 байна уу тодорхой хувиар шимтгэл төлөх ёстой байтал зөвхөн ажил олгогч даатгуулагч нийлсэн 24 хувийг ганцхан ажил олгогчид хариуцуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж ярьж байна.

4.5. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17.2-д нийгмийн даатгалын шимтгэлийг санаатай буурсан зөрчил үйлдсэн этгээдээр хохирол нөхөн төлбөр гаргуулна гэсэн заалт байгаа. Тэгэхээр үүнийг үндэслэж хариуцагчаар төлүүлэх шийдвэр гарсан байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс нь шууд эргэж тогтоохгүй гэж маргаж байна. Хөдөлмөрийн гэрээ 2 тал гарын үсгээ зураад тамга тэмдэг дарагдсан хүчин төгөлдөр баримт бичиг учраас үүнийг нотлох баримтын хэмжээнд тооцох учраас хөдөлмөрийн гэрээ нь үндэслэлтэй байгаа. н.Г мэдүүлэг өгөхдөө тооцоог нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн гэж байгаа. Хэлсэн нь бол хамаагүй. Өөрсдөө гаргаж өгсөн тооцоо борлуулалтын орлогод үндэслэж танилцуулга хийсэн. Энд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн асуудал яригдаж байна. Хавтаст хэргийн 37-43 дугаар хуудсанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын н.Г гэдэг даргад гаргасан хүсэлт байгаа. Түүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий газраас дүүргийн татварын холбогдох байгууллагуудад н.О*******тэй холбоотой асуудлыг шалгаж байгаа юу гэсэн утгатай бичгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр эдгээр баримтуудаар Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг нэлээн эрт хөөн хэлэлцэх хугацаандаа энэ ажиллагаа эхэлчихсэн. Тухайн байгууллага нь өөрсдөө бичиг өгсөн байдаг. Манайх санхүүгийн баримтуудаа татварт шалгуулж байгаа. Тийм болохоор шалгалтыг түр хойшлуулж өгөөч гэсэн утгатай албан бичиг өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо зөрчил үйлдсэн өдрөөс зөрчлийн гомдол мэдээлэл хүлээн авч шалгах ажиллагаа эхэлсэн өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацааг тооцох болохоос биш шийтгэлийн хуудас бичигдсэн өдрүүдийг тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

4.6. Түүнээс гадна байгууллагынх нь өөрсдөд нь гаргаж өгсөн байгаа хүснэгт, дүнгүүд нь хавтаст хэрэгт авагдсан байсан. Борлуулалтын орлогын задаргаа 1 дүгээр хавтаст хэргийн сүүл, 2 дугаар хавтаст хэргийн эхэнд хоёрт өөрсдийнх нь үйлдсэн бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтаар борлуулалтын орлогын дүнгүүд нь тооцооллын актын хавсралтад орсон. Тэр хүснэгтүүдийн дүнтэй баримтын бүрийн хүрээнд би тулгаж үзсэн. Тэр нь энэ тооцоололд таарч байгаа. Бүрэн борлуулалтын баримт материалаа гаргаж өгөхгүй олдсон баримтууд дээр нь зэрэг гаргасан тэр борлуулалтын орлогын дүн нь энэ актын хавсралтад заасан борлуулалтын орлогын дүнтэй яг таарч байна. Тэгэхээр хийсвэр тооцоо биш. Харин ч хоол унааны мөнгийг гэрээнд зааснаар 5000-7000 төгрөгөөр тооцож олгоно гэсэн гэрээний заалт байгаа. Гэтэл актын хавсралтад заасан тооцоололд хоол унааны мөнгийг оруулахгүйгээр тооцоолол хийсэн байгаа. Эдгээр үндэслэлүүдээс дүгнэхэд улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэжээ.

5. Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. И.О******* миний бие анх 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаасаа хөөгдөн гарсан. Миний бие хувийн зүгээсээ өмгөөлөгч авч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өргөдөл гарган Х******* ХХК-ийг шалгуулсан бөгөөд Л.А мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг уг өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж уг зөрчлийг илрүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэний хэрэгт Л.А байцаагч гэрчийн мэдүүлэг өгсөн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41491 дугаартай шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-ийн ..ажилтан И.О 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар дуустал хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг санаатайгаар бууруулсан... үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 6,814,135 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

3. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, гомдол гаргагч Х******* ХХК-аас ...нөхөн төлбөрийг тооцохдоо борлуулалтын орлогоос тооцож, цалин тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй, И.О*******эс гар дээр авах цалингаа нэмэгдүүлэхийн тулд шимтгэлээ багаар төлөх хүсэлт гаргасныг харгалзан үзэхгүйгээр ажилтны төлөх шимтгэлийг төлүүлэхээр шийдвэр гаргасан... зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан... гэж маргасан, хариуцагчаас ...ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлийг багаар төлөх хүсэлт гаргасан нь Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих үндэслэл болохгүй..., хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын орлогоос тооцож урамшуулал олгоно гэж зохицуулсны дагуу И.О хийсэн борлуулалтын орлогоос цалинг нэмэгдүүлж тооцсон... гэж, гуравдагч этгээдээс ...борлуулалтын орлогоос тооцож, цалин урамшууллаа авдаг байсан... гэж тус тус тайлбар гаргажээ.

4. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, зөрчил үйлдэгдсэн үйл баримтын тухайд маргаангүй, харин нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх орлогын хэмжээг зөв тогтоосон эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргаан үүссэн байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс И.Оийг борлуулагчийн ажилд томилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн, гуравдагч этгээд И.Оийг ажиллаж байх хугацаанд 400,000 төгрөгийн үндсэн цалин олгохоор хөдөлмөрийн гэрээг байгуулж, тухайн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, борлуулалтын орлогоос тооцож урамшуулал олгохоор байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан болох нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлал зэргээр нотлогдсон, тус үйл баримтын талаар маргаангүй.

6. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Х******* ХХК-ийн нягтлан бодогч О.Ггаас авсан мэдүүлэгт ...ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг багаар төлмөөр байна гэсэн хүсэлт гаргасан... талаар дурдаж, И.О*******д олгосон цалингийн хүснэгтийг улсын байцаагчид гарган өгсөн, тус үйл баримтыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайн хүснэгт дэх цалингаас тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх ёстой байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан бол Х******* ХХК-ийн гаргаж өгсөн цалингийн хүснэгтийг нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ хариуцагчаас ...хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын орлогоос тооцож урамшуулал олгохоор заасан тул И.О 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сард борлуулсан барааны үнийн дүнгээс тооцож авах ёстой цалинг тогтоосон... гэж тайлбарлаж байна.

7. Маргаан бүхий энэ тохиолдлын хувьд, нэхэмжлэгч Х******* ХХК зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, И.О*******д бодитоор олгосон цалингийн баримтыг гаргаж өгсөн, ажилтанд цалинг бэлнээр олгодог байсан тул энэ тохиолдолд үүнээс өөр байдлаар ямар хэмжээний цалин олгосон болохыг нотлох боломжгүй байхад хариуцагчаас борлуулалтын орлогоос хувь тооцож, И.О цалингийн хэмжээг тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасантай нийцэхгүй, энэ талаар гаргасан ...борлуулалтын орлогоос тооцож урамшуулал олгохоор хөдөлмөрийн гэрээнд заасан боловч ажил олгогч л тухайн ажилтанд ямар хэмжээгээр цалин олгохыг шийдвэрлэнэ... гэсэн тайлбар үндэслэлтэй.

8. Хэрэв хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасныг үндэслэн борлуулалтын орлогоос цалинг тооцох үндэслэлтэй гэж үзвэл, И.О үндсэн цалин 400,000 төгрөг, түүн дээр борлуулалтын орлогын урамшууллыг нэмснээр нийт цалингийн хэмжээ тодорхойлогдох атал хариуцагчаас зөвхөн борлуулалтын орлогоос тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх орлогын хэмжээг тодорхойлсон байхаас гадна И.Оийг тухайн хэмжээгээр цалин авч байсан гэж шууд дүгнэх боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

9. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ., 2.-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно. гэж заасны дагуу холбогдогчийн мэдүүлгээр бэхэжсэн, хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа цалингийн баримтыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Тус цалингийн баримтаас үзэхэд, Х******* ХХК-аас 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сард нийт 23,116,990 төгрөгийн цалинг гуравдагч этгээд И.О*******д олгосон байна.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 2.-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна: гээд 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн; гэж, 16 дугаар зүйлийн 1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ., 17 дугаар зүйлийн 1.-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: гээд 1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж тус тус зааснаар ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.

12. Гэтэл нэхэмжлэгч Х******* ХХК-аас хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний хэмжээг санаатайгаар бууруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөхөөс зайлсхийсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн /2021 он/ 10.17 дугаар зүйлийн 2-т Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь зөв байна.

13. Харин дээр дурдсанчлан хариуцагчаас нөхөн төлөгдөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 25,800,562 төгрөг гэж буруу тогтоосон байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн цалингийн баримтад үндэслэн И.О бодитоор авсан 23,116,990 төгрөгийн цалингаас тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох ёстой байсан, нотлох баримт үнэлэх үүргээ буруу хэрэгжүүлжээ.

14. Мөн шийтгэлийн хуудаст хавсаргасан И.О цалингийн тооцоо гэсэн баримтаас үзэхэд, 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сард хамаарах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай 2020 оны хууль, Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай 21 дүгээр тогтоолын дагуу шимтгэлийн хувь, хэмжээг багасгаагүй зэргээр тооцооллын хувьд алдаа гаргаж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

15. Шүүхээс И.О авсан 23,116,990 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог хийж үзэхэд, Х******* ХХК-аас нийгмийн даатгалын санд 3,472,077.60 төгрөгийн шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь доорх байдлаар тогтоогдоно.

Огноо

И.О авсан цалин

Шимтгэл төлөгдсөн цалин

Шимтгэл төлөгдөх цалин

Даатгуулагчаас

Ажил олгогчоос

Нийт төлөх нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатганы шимтгэл тооцсон хувь

2018-8

898,625

-

898,625

103,341.88

112,328.13

215,670

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгуулагчаас 11.5%, Ажил олгогчоос 12.5%

2018-9

1,062,475

-

1,062,475

122,184.63

132,809.38

254,994

2018-10

1,194,225

-

1,194,225

137,335.88

149,278.13

286,614

2018-11

871,475

-

871,475

100,219.63

108,934.38

209,154

2018-12

837,950

-

837,950

96,364.25

104,743.75

201,108

2019-01

1,100,850

-

1,100,850

126,597.75

137,606.25

264,204

2019-02

950,500

-

950,500

109,307.50

118,812.50

228,120

2019-03

1,111,225

-

1,111,225

127,790.88

138,903.13

266,694

2019-04

884,300

-

884,300

101,694.50

110,537.50

212,232

2019-05

622,575

-

622,575

71,596.13

77,821.88

149,418

2019-06

717,708

400,000

317,708

36,536.42

39,713.50

76,249.92

2019-07

781,033

400,000

381,033

43,818.80

47,629.13

91,447.92

2019-08

978,858

400,000

578,858

66,568.67

72,357.25

138,925.92

2019-09

734,033

400,000

334,033

38,413.80

41,754.13

80,167.92

2019-10

807,033

400,000

407,033

46,808.80

50,879.13

97,687.92

2019-11

661,825

400,000

261,825

30,109.88

32,728.13

62,838

2019-12

964,725

400,000

564,725

64,943.38

70,590.63

135,534

2020-01

826,325

450,000

376,325

43,277.38

47,040.63

90,318

2020-02

656,825

450,000

206,825

23,784.88

25,853.13

49,638

2020-03

668,175

450,000

218,175

25,090.13

27,271.88

52,362

2020-04

575,025

450,000

125,025

14,377.88

15,628.13

30,006

Даатгуулагчаас 2%, Ажил олгогчоос 2%

2020-05

653,525

450,000

203,525

23,405.38

25,440.63

48,846

2020-06

493,100

450,000

43,100

4,956.50

5,387.50

10,344

2020-07

586,700

450,000

136,700

15,720.50

17,087.50

32,808

2020-08

292,175

450,000

-157,825

-18,149.88

-19,728.13

-37,878

2020-09

548,900

450,000

98,900

11,373.50

12,362.50

23,736

2020-10

564,125

450,000

114,125

13,124.38

14,265.63

27,390

Даатгуулагчаас 5%, Ажил олгогчоос 5%

2020-11

476,975

450,000

26,975

3,102.13

3,371.88

6,474

2020-12

989,225

450,000

539,225

62,010.88

67,403.13

129,414

2021-01

606,500

450,000

156,500

17,997.50

19,562.50

37,560.

Даатгуулагчаас 8.5%, Ажил олгогчоос 8.5%

Нийт

23,116,990

8,650,000

14,466,990

1,663,703.85

1,808,373.75

3,472,077.60

 

16. Зөрчлийн тухай хуулийн /2021 он/ 10.17 дугаар зүйлийн тайлбар хэсгийн Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нуусан, эсхүл санаатайгаар бууруулсан орлогод төлбөл зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу төлөгдөх 3,472,077.60 төгрөгийн шимтгэлээс 50 хувиар алданги тооцоход 1,736,038.8 төгрөг, нийт 5,208,116.4 төгрөгийн нөхөн төлбөрийг Х******* ХХК төлөх ёстой байжээ.

17. Хэдийгээр хариуцагчаас нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн боловч энэ алдаа нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах; гэж заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээг багасгах шийдвэрийг гаргах боломжтой.

18. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41491 дугаартай шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 6,814,135 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг 1,606,018.6 төгрөгөөр багасгаж, 5,208,116.4 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

19. Нэхэмжлэгчээс маргасан ...ажилтны төлөх шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх үндэслэлийн тухайд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. гэж зааснаар ажил олгогч нь ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй тул хариуцагчаас ажил олгогчийн болон ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээгээр тооцож, төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Х******* ХХК-аас холбогдох нөхөн төлбөрийг төлсний дараа ажилтны төлөх шимтгэлийг И.О*******эс тусад нь нэхэмжлэх эрх нээлттэй.

20. Зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлийн тухайд, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн, 3-д Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж тус тус зааснаар хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг арав дахин нэмж дүйцүүлэн үзэхэд хуулийн этгээдэд зуугаас таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулж болохгүй байхаар зохицуулжээ.

21. Хариуцагч улсын байцаагчаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн, нэхэмжлэгч Х******* ХХК-аас И.Оийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн атлаа тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх тул зөрчил үйлдэгдсэн хугацааг тус хугацаанаас тооцож үзээд зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.6, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41491 дугаартай шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн хэмжээг 5,208,116.4 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ