Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01210

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01210

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01693 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 12 431 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК нь авто машины засвар, барьцаалан зээлдүүлэх, автомашины угаалга, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Б.Т нь 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай хоногийн 4 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлтийг манай компанид 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гаргасны дагуу тухайн өдөр 19/0711 дугаартай зээлийг гэрээг байгуулж Б.Тд уг 5 000 000 төгрөгийг түүний эзэмшлийн Х банк ХХК-ийн 5031849702 дугаар дансанд шилжүүлэн зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 19/0711 дугаартай барьцааны гэрээгээр 5945 УБА улсын, 02149572 гэрчилгээний дугаартай хар ногоон өнгийн 2005 оны Х5 маркийн автомашиныг барьцаалсан. Хариуцагч Б.Т нь зээлийн мөнгийг тохирсон хугацаандаа төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний 2.2.2-т хүүг 1 сарын хугацаатайгаар хоногийн 4 хувийн хүүтэй /206 666 төгрөг/, 2.2.3-д хугацаа хэтэрсэн бол төлбөрийг төлж дуусгах хүртэлх хугацааны сарын 5% байхаар тус тус харилцан тохиролцсон юм. Мөн 19/0711 дугаартай зээлийн гэрээний 5.1-5.4, 2.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон. Үндсэн зээл 5 сая, 1 сарын хүү 206 666 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хүү 4 725 000, алданги 568 хоногт 14 200 000 тул 50 хувиар бодоод 2 500 000, нийт 12 431 666 төгрөг нэхэмжилж байна. Анх 5 000 000 төгрөгийн зээл олгосон. Хүүг 4 хувиар олгосон. Зээлийн хугацааг 30 хоногоор тооцсон бөгөөд тухайн сард 31 хоногтой байсан тул уг хоногоор тооцож нэхэмжилж байна. Хариуцагч талаас 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 207 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 240 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг тус тус төлсөн. Иймд Б.Тгээс үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний 2.2.2,-т заасан хүү 206 666 төгрөг, гэрээний 2.2.3-т заасан хүү хугацаа хэтэрсэн хоног 568/30=18.9*250 000=4 725 000 төгрөг, алданги 568 хоногийн 0,5%-14 200 000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хүү үндсэн зээл 5 000 000 төгрөгийг 50 хувь 2 500 000 төгрөг, нийт 12 431 666 төгрөгийг гаргуулж, А ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Тээс 12 431 666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Б.Т нь Х банкны дансанд 5 удаагийн гүйлгээгээр 200 000 төгрөг, нэг удаа 240 000 төгрөг, нийт 1 240 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 760 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч Б.Тээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6 914 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 517 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213 857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125 574 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар үнэлж дүгнээгүйгээс гадна шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Хариуцагч Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А ХХК-тай 19\0711 тоот зээлийн гэрээний дагуу 4 975 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээний дагуу Х банкны 5019612189 тоот данснаас нэхэмжлэгчийн Х банкны 5920202085 тоот дансанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 207 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 240 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200 000 төгрөг зэргийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Хариуцагч Б.Т нь бусдын арилжааны банкны данснаас нэхэмжлэгчид 393 000 төгрөг төлсөн нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 184/Ш32021/01962 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тодорхойлолт хэсэгт хариуцагч нь 2019 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нотлогддог атал шүүх үнэлж дүгнээгүй болно. Нэхэмжлэгч А ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх бөгөөд компанийн дүрмийн 1.7-д компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг 3 жил байхаар заасан нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар нотлох баримт авагдаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн өмгөөлөгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч компани нь дүрэмд заасны дагуу татан буугдсан эсэх, Баянзүрх дүүргийн үйлдвэр худалдааны хэлтсээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хүсэлтийг шүүх ханган шийдвэрлээгүй нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагчид үүссэн үүргийг үндсэн зээл 4 975 000 төгрөг, хүү 199 000 төгрөг, алданги 2 587 000 төгрөг, нийт 7 761 000 төгрөг байна гэж дүгнэж хариуцагч Б.Тгийн 847 000 төгрөгийг төлснийг тооцож 6 914 000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхойлсон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зарчимтай нийцэхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12 431 666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 3 760 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Ттэй 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 18/0711 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 1 хоногийн 4,0 хувийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. /хх.10-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Зээлдэгч зээлийг хугацаанд нь буцаан төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Х банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн депозит дансны хуулгаас үзэхэд зээлдүүлэгч А ХХК-аас зээлдэгч Б.Тд зээлийн мөнгөн хөрөнгөд 4 975 000 төгрөг шилжүүлсэн, шүүх дээрх үнийн дүнгийн хэмжээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид зээл олгосон гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалттай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь үндсэн гэрээний үүрэгт 4 975 000 төгрөг, зээлийн 1 сарын хүүд 199 000 төгрөг нийт 5 174 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 847 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан бөгөөд уг заалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд хамааралтай.

Анхан шатны шүүх зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэтэрсэн хугацааны хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш юм.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн төлөх үндсэн үүрэг болох 5 174 000 төгрөгөөс түүний төлсөн 847 000 төгрөгийг хасч зээлийн гэрээний дагуу түүний төлөх үүргийг 5 174 000 төгрөгөөр /5 174 000 847 000=4 327 000/ тодорхойлох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэрээний 2.5-д Зээлдэгч нь зээл болон хүүг зээлийн эргэн төлөх графикийн хуваарьт өдөр төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-иар бодож алданги нэмж төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцжээ.

Иймд зээлдэгч буюу хариуцагчаас үндсэн зээлийн 4 327 000 төгрөг, алдангид 2 163 500 төгрөг нийт 6 490 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч компани нь татан буугдсан эсэх, Баянзүрх дүүргийн үйлдвэр худалдааны хэлтсээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахаар гаргасан хүсэлтийг хангаагүй нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж заажээ.

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08943 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01693 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6 914 000 төгрөг гэснийг ...6 490 500 төгрөг гэж, ...5 517 666.67 төгрөгт гэснийг 5 941 166.67 төгрөгт гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...213 857 төгрөг гэснийг ...118 798 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 126 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО