Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/257

 

   2024           02            27                                        2024/ДШМ/257          

                       

М.А, Я.Т, Э.Б, Т.Э

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч Я.Т, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.А, Я.Т, Э.Б, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2206047042107 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.А,

2. Э.Б,

3. Я.Т,

4. Т.Э,

Шүүгдэгч Э.Б, Я.Т, М.А нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 18-наас 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Улиастайн голын ам” гэх газарт ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, худалдаж мөнгө олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон хуш модны самар буюу сибирь хушны үр 799.8 кг-ыг түүж бэлтгэн, 30-70 СБА улсын дугаартай фургон загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 79.100.220 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар 395.501.100 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн М.А, Т.Э нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний автомат машинаас, иргэн А.Бы итгэмжлэн хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 415032919 дугаартай виза картыг ашиглан 500.000 төгрөгийг авч, завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Т, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нарыг бүлэглэн “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”, шүүгдэгч М.А, Т.Э нарыг бүлэглэн “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.А, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Т, Э.Б, М.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нараас тус бүр хохиролд 131.833.700 төгрөг, нийт 395.501.100 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, шүүгдэгч Я.Тын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 дугаар дансанд байршуулсан 1.250.000 төгрөгийг гаргуулан хохиролд тооцохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 799.8 кг самрыг худалдан борлуулж шүүгдэгч нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар даалгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нараас тус бүр 1.333.333 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс 133.167.034 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг болгосон бөгөөд 2 жилийн хугацаанд тухайн төлбөрийг төлөх үнэхээр боломжгүй нөхцөл байна. Би хувийн болон эдийн засгийн байдлын хувьд, одоо 46 настай, өөрийн гэсэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, Орхон Ерөнхий боловсролын сургуульд жижүүр хийдэг, сарын 912.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг ба төрийн банкинд цалингийн зээл болох 364.000 төгрөгийг сар тутамд төлдөг, мөн оюутан хүүхдийн төлбөр болох 3.800.000 төгрөг төлдөг тул 130 гаруй сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал бодитоор харагдаж байгаа тул үүрэг хүлээлгэсэн хугацааг биелэгдэх боломжит хугацаагаар сунгаж өгөөч, миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэж хуульчилж өгсөн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэсэн заалт байгаа бөгөөд энэ хуулийн зүйл, заалтыг барьж 2022 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар буюу зах зээлийн үнэлгээний нэг килограмм самрын үнэ 8000 төгрөгөөр буюу 6.398.400 төгрөгөөр тооцож өгнө үү. Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан эдийн засгийн үнэлгээгээр тооцож, үүрэг хүлээлгэсэн хугацааг төлөх боломжит хугацаагаар сунгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Я.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд шүүхээс шүүгдэгч Я.Тт хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хугацаагаар тэнссэн бөгөөд уг хугацаандаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзэж байна.

Я.Тт 2 жилийн хугацаанд 131.833.700 төгрөгийг анхан шатны шүүхээс төлөх үүрэг болгосон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 799.8 кг самрыг худалдан борлуулж шүүгдэгч нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг даалгасан, гэтэл одоо гадуур самар авна гэсэн зараас харахад нэг килограмм самар 12.000-15.000 төгрөгийн хооронд авч байгаа бөгөөд 15.000x799.8=11.997.000 төгрөг болж байна. Я.Тын хувийн байдал, эдийн засгийн байдлыг тодруулбал шүүгдэгч нь одоо 58 настай, өөрийн гэсэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, “Өнөр” сууц өмчлөгчдийн холбоонд сарын 660.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг тул 131.833.700 төгрөгийг хоёр жилийн дотор төлөх боломжгүй нөхцөл байдал бодитоор харагдаж байгаа тул үүрэг хүлээлгэсэн хугацааг биелэгдэх боломжит хугацаагаар сунгаж өгөөч. 2012 оны Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг" гэж хуульчилж өгсөн.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэсэн заалт байгаа бөгөөд энэ хуулийн зүйл, заалтыг барьж 2022 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар буюу зах зээлийн үнэлгээний нэг килограмм самрын үнэ 8.000 төгрөгөөр буюу 6.398.400 төгрөгөөр тооцож өгнө үү. Учир нь, үнэлгээний хувьд 2 өөрөөр үнэлж байгаа бөгөөд шүүгдэгчид ашигтайгаар буюу зах зээлийн ханшаар үнэлж өгнө үү. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоосоо 1.250.000 төгрөг төлсөн, цаашид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан эдийн засгийн үнэлгээгээр тооцож, үүрэг хүлээлгэсэн хугацааг төлөх боломжит хугацаагаар сунгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Я.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирлын үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр тооцож өгнө үү гэж хүсэж байна. Мөн би сард 660.000 төгрөгийн цалин авдаг тул 2 жилийн хугацаанд 131.833.700 төгрөгийг төлж барагдуулах ямар ч боломжгүй” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, экологи эдийн засгийн үнэлгээгээр байгальд нийт 79.120.220 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” тогтооно гэж заасны дагуу байгаль орчинд нийт 395.501.100 төгрөгийн шууд бус хохирол учирсан гэж үзсэн. 799.8 кг самрыг худалдан борлуулсан. Мөн байгальд учирсан нийт хохирол 395.501.100 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 131.833.700 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б, Я.Т, М.А нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 18-наас 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Улиастайн голын ам” гэх газарт ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, худалдаж мөнгө олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон хуш модны самар буюу сибирь хушны үр 799.8 кг-ыг түүж бэлтгэн, 30-70 СБА улсын дугаартай фургон загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 79.100.220 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар 395.501.100 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

мөн М.А, Т.Э нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний автомат машинаас, иргэн А.Бы итгэмжлэн хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 415032919 дугаартай, виза картыг ашиглан 500.000 төгрөгийг авч, завшсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дийн “...Хуш модны самрын үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. Мөн самар нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалтад”-д багтсан Монгол оронд ургаж байгаа Сибирь хуш модны үр, идээ юм. ...” /1хх 77-78/,

иргэний нэхэмжлэгч М.Бгийн “...Төмөрбаатар над руу утсаар яриад түүсэн самараа Шархадны эцсээс хот руу үнэ хөлсийг нь өгөөд зөөлгөх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч, тухайн өдөр самрыг нь зөөж яваад цагдаад баригдсан. ...” /1хх 81, 98-99/,

гэрч К.Мын “...30-70 СБА улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон загварын тээврийн хэрэгслийг шалгахад, дотор нь жолоочоос гадна 3 хүн зорчиж явсан бөгөөд арын ачааны хэсэгт шуудайтай эд зүйл ачсан байхаар нь юу тээвэрлэж яваа талаар нь асуухад “цайруулсан самар байгаа юм” гэхээр нь зохих зөвшөөрөл, бичиг баримт байгаа эсэхийг нь асуухад ямар нэг гарал үүслийн бичиг баримт байхгүй гэхээр нь цаашид шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүргэж өгсөн. ...” /1хх 101/,

Я.Тын яллагдагчаар өгсөн “...Би “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 799.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн 30-70 СБА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 179-180/,

Э.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 799.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн 30-70 СБА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 184-185/,

М.Аийн яллагдагчаар өгсөн “...Би “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 799.8 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн 30-70 СБА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 189-190, 2хх 90-91/,

хохирогч А.Бы “...миний Худалдаа хөгжлийн банкны 415032919 дугаарын дансанд 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдэхээр нь би найз Энхжаргал руу залгахад утсаа авахгүй байсан, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...” /2хх 20/,

Т.Эын яллагдагчаар өгсөн “...хийсэн хэрэгтээ харамсаж байна, найз Батчулууны хохирлыг бүрэн барагдуулсан. ...” /2хх 58/,

М.Аийн яллагдагчаар өгсөн “...Т.Этай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний автомат машинаас иргэн А.Баас итгэмжлэн хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны 415032919 дугаартай виза картыг ашиглан 500.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 63-64, 90-91/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2915 дугаар “...Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 26.49% байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Дээрхи стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн хуш модны нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98900x5x799.8кг=395.501.100 төгрөг байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 134-137/,

илтгэх хуудас /1хх 38/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 48-51/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 58-67/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 111-125, 126-130/, “Хос итгэл төгс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 147-152/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай “Нийслэлийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоол /1хх 226/, “Улиастай голын эх” байгалийн цогцолборт газрын хилийн цэс /1хх 227/, “Улиастай голын эх” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын дэглэм /1хх 228-229/, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоол /1хх 232-234/, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаал, хавсралт /1хх 235/, 415032919 тоот Худалдаа хөгжлийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /2хх 22-23/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 24/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нарыг бүлэглэн “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг, шүүгдэгч М.А, Т.Э нарыг бүлэглэн “хөрөнгө завших” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нарын “Улиастайн голын ам” гэх газарт ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хуш модны самар буюу сибирь хушны үр 799.8 кг-ыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.А, Т.Э нарын бүлэглэн иргэн А.Бы итгэмжлэн хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний автомат машинаас 500.000 төгрөгийг авч, завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Б “...2022 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар буюу зах зээлийн үнэлгээний нэг килограмм самрын үнэ 8000 төгрөгөөр буюу 6.398.400 төгрөгөөр тооцож, ...үүрэг хүлээлгэсэн хугацааг төлөх боломжит хугацаагаар сунгаж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч И.Хонгор “...шүүгдэгчид ашигтайгаар буюу зах зээлийн ханшаар үнэлж, ...эдийн засгийн үнэлгээгээр тооцож, үүрэг хүлээлгэсэн хугацааг төлөх боломжит хугацаагаар сунгаж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө” гэж тус тус хуульчилсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг болно.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тушаалын хавсралтад тусгасны дагуу Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour модны самрын 1 кг нойтон жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байх бөгөөд хэргийн газраас хураан авсан 799.8 кг самарт бүхэлд нь нөхөн төлбөр тогтоож, шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нараас 395.501.100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Т, Э.Б, М.А нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын хууль бусаар түүж, бэлтгэж, тээвэрлэсэн 799.8 килограмм хуш модны самрыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч И.Хонгор нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 799.8 кг самрыг худалдан борлуулж шүүгдэгч нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар даалгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нараас тус бүр 1.333.333 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 799.8 кг самрыг худалдан борлуулж, олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Я.Т, Э.Б, М.А нараас тус бүр 1.333.333 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч И.Хонгор нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР