| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03571/И |
| Дугаар | 192/ШШ2025/03611 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03611
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 13 дугаар давхар, **** хаягт байрлах, **** ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 27 гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөр 69,483,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тоёота Ландкруйзер Прадо маркийн, хар өнгөтэй, **** УНВ улсын дугаартай автомашиныг эзэмшигч **** нь **** ХК-тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Даатгуулагч нь Стандарт нэмэх 2% төрлийг сонгон даатгуулсан бөгөөд уг даатгал нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэлийг 100 хувь хамгаалдаг. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо **** ХХК-ийн хойд замд зам тээврийн осолд өртөж даатгалын тохиолдолд бий болсон. Зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад **** ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан-аар 76,589,078 төгрөг болох нь тогтоогдсон. Даатгуулагчийн хүсэлтийн дагуу даатгалын нөхөн төлбөрт 71,996,869 төгрөг тооцогдож, 64,797,182 төгрөгийг түүний худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлж, хохирлын үнэлгээний хөлсөнд 4,686,000 төгрөгийг **** ХХК-д шилжүүлсэн.
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал-ын тэмдэглэл болон Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-гаар,
Патрол маркын УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** **** нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
Ингэснээр даатгуулагч **** нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу өөрийн автомашинд учирсан хохирлыг О.****аас гаргуулахаар шаардах эрх үүссэн байна. Гэвч даатгуулагч **** нь О.****аас гэм хорын хохирлоо шаардаагүй, даатгалаас нөхөн төлбөрөө гаргуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу шаардах эрх шилжсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч **** ХК даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан.
Иймд О.****аас 69,483,182 төгрөгийг гаргуулан **** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ****ын нэхэмжилсэн 69,483,182 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч О.****ад холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 69,483,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.**** нь нэхэмжлэлийн шаардлага 69,483,182 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд **** ХК-ийн нэхэмжлэлтэй О.****ад холбогдох Даатгалын нөхөн төлбөр 69,483,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй, О.****ад холбогдох даатгалын нөхөн төлбөр 69,483,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,365 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч О.****аас 505,365 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 505,365 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ