| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0267/э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Н,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д овогт Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0068 80326 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д овогт Ч.Б, 1973 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13-69 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/РЛ73032838/,
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэртэй нь Б нь өмнө нь танайд ташин тэргээ өгч байсан, та нарт тус болж байсан гээд л яриа өрнүүлсэн. Тэгээд эхнэртэй нь ярилцаж байтал хажуу талаас Б шууд миний нүүрэн тус газарт зүүн нүд орчим газарт олон удаагийн давтамжтай цохьсон...” гэх мэдүүлэг. /хх13-14/,
Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл миний араас Жамъянсүрэн дагаж орж ирээд манай эхнэр Ганчимэгийг чи муу гуйлгачин гээд л эхнэртэй хэрэлдээд байхаар нь би дундуур нь орж хэрэлдэлгүй тэр хоёрыг сонсоод байж байтал Жамъянсүрэн манай гэр дотор шүлсээ хаяхаар нь би уурлаад чи яахаараа миний гэр оронд нус цэрээ хаяад байгаа юм гэтэл Д.Жамъянсүрэн над руу чи тэгвэл намайг зодолдоо гээд нүүр амаа өгөөд дайраад байхаар нь би уураа дийлэлгүй түүний нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 5-6 удаа цохитол нүүр нь хавдчихаар нь больсон...” гэх мэдүүлэг. /хх29-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №602 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Жамъянсүрэнг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Ж нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Ч. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР