Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 120/ШШ2025/0015

 

2025 оны 08 сарын 04-ний өдөр Дугаар 120/ШШ2025/0015 Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Болд-Эрдэнэ нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр тодруулан маргаж байна.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар С.*******ийг мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар С.*******ийг үндсэн ажилтнаар томилж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллуулжээ.

2.2. Биеийн тамир, спортын Улсын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар албан бичгээр тус аймгийн Биеийн тамир, спортын газарт Зөвлөмж хүргүүлснээр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга /албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.*******/ нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/43 дугаар тушаалаар ...хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон гэх үндэслэлээр С.*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

2.3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109 дугаартай албан бичгээр ...өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан тул таны гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй... гэх хариуг өгчээ.

2.4. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/ШЗ2025/0007, 120/ШЗ2025/0021 дугаартай захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тус тус тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн.[1]

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр 2015-2022 он хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүний дараа Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний Б/05 тушаалаар анх туршилтын хугацаагаар томилогдсон бөгөөд тухайн үед Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу тусгай шалгалт өгөх боломжгүй байсан учраас ажил олгогчийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

2023 оны Шүүр ажиллагааны хүрээнд Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******г зөрчилтэй томилгоотой гэж албан тушаалаас чөлөөлөх шийдвэр дээд газраас ирж Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Т.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаар захирамжаар намайг томилж, миний бие 2023 оны 09 дүгээр сар дуустал байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 529 дүгээр тогтоолын дагуу Биеийн тамир, спортын улсын хорооноос бүтэц орон тоог шинэчлэх, төрийн захиргааны албан хаагч ажиллуулах чиглэл ирсэн. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан. Орон тооны бүтэц батлагдсанаас хойш Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.******* эргэн томилогдож, би үндсэн ажлаа хийсэн. Томилогдсон дараа нь батлагдсан бүтцийн дагуу орон тоогоо бүрдүүлье, төрийн захиргааны албан тушаалуудаа зарлуулъя гэж удаа дараа шаардсан боловч цалингийн сан хүрэхгүй гэх шалтгаанаар зарлуулаагүй. Улмаар үүрэг гүйцэтгэгч Т.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа мэдэгдэх хуудсыг бичиг хэргээр дамжуулж надад өгсөнд өдөрт нь багтааж хариу тайлбараа өгсөн. Т.******* нь надад мэдэгдэх хуудас өгч тайлбар авсан боловч сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан зүйл байхгүй.

Төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байгаа нөхцөл байдлыг дордуулахгүй шийдвэр гаргах байтал зохих хууль журмын дагуу мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байсан намайг хууль зүйн үндэслэл хангагдахгүй байхад томилогдсон гэсэн үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр болсон. Намайг албан тушаалаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ямар шаардлагыг хангаагүй талаар огт дурдаагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснөөрөө төрийн захиргааны албан хаагч миний төрийн албанд ажиллах эрх, Төрийн албаны тухай хуулийн заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх болон хөдөлмөрлөх зэрэг эрхийг зөрчиж байна.

Иймд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.*******ийг албан тушаалаас чөлөөлсөн тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсгийг үндэслэсэн. Уг хуулийн заалт нь Биеийн тамир, спортын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг албан бичиг хэвлэмэл хуудас хэрэглэх зохицуулалттай заалт, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн, уг заалт нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллахыг хориглоно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд төрийн албанд тавигдах үндсэн шаардлага болон тусгай шаардлагуудыг заасан. Уг заалтын аль заалтыг С.******* хангаагүй гэдэг нь тодорхойгүй байна. Мөн уг тушаалд Төрийн алба албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг барьсан. Уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас чөлөөлөх талаар зохицуулсан заалт байна.

Биеийн тамир спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр С.*******ийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хэсгийг үндэслэжээ, Төрийн захиргааны албан тушаалд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан гэх үндэслэлээр томилсон, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй, түүнийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шаардлагыг хангаагүй байна гэснээс биш энэ хүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байгаа тул чөлөөл гэсэн зөвлөмж биш. Үүнийг өөр аргаар зохицуулах боломжтой байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хэлсэн, сонгон шалгаруулалт ерөөсөө зарладаггүй, төсөв байхгүй гээд зарлахгүй байсаар намайг ажлаас халсан гэж хэлсэн. Орон тооны сонгон шалгаруулалтыг зарласан бол тухайн албан тушаал дээр 2 жил ажилласан хүн шалгалтад тэнцэх байсан байх, тэнцэхгүй байсан ч сонгон шалгаруулалтыг зарлаж, орон тоог нөхөн ажиллуулах боломжийг хангаагүй, шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа. Дээрх тушаалын нэг дэх хэсэгт хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон гэж байгаа, ямар хууль зүйн үндэслэл хангагдаагүй гэдэг тодорхойгүй. Тиймээс С.*******ийг албан тушаалаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй.

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Биеийн тамир, спортын газрын даргын зүгээс С.*******т мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт гардуулсан. Гэтэл тухайн өдрийн 18 цагаас өмнө хариу тайлбар, мэдэгдлээ өг гэж мэдэгдэл дээр дурдсан байдаг. С.******* ажлаа дуусгаад тухайн өдөртөө хариу тайлбараа өгсөн, байгууллагын дарга тухайн үед Улаанбаатар хотод явж байсан гэж хэллээ. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.2-т зааснаар тайлбар мэдүүлгээ хангалттай өгөх боломж олгоогүй. 27 дугаар зүйлийн 27.5, 27.6-д зааснаар сонсох ажиллагааны үед гаргасан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй байдаг.

Хавтаст хэрэгт сонсох ажиллагааг явуулсан эсэх, хариу тайлбарыг үндэслээд яг ямар шийдвэрт хүрсэн, С.*******ийн гаргасан тайлбарыг яагаад үнэлээгүй талаар баримт байхгүй. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, тусгай шалгалт өгөөгүй байсан. Хэрвээ тусгай шалгалт өгөөгүй байсан бол 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалдаа үүнийг үндэслэж бичих байсан. Хууль зүйн үндэслэл хангагдаагүй гэж ерөнхийлж бичсэн. Нэгэнт буруу гаргасан тушаалаа яаж ч зөвтгөж болно, тэрнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тушаалыг гаргах болсон хууль зүйн үндэслэлээ ажил олгогч нар заавал бичдэг. Энэ шаардлага хангагдаагүй.

Корона вируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд тодорхой хэмжээний албан тушаалтнуудыг төрийн албанд авч ажиллуулсан. Эдгээрийг чөлөөлөх эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал байна. Гэхдээ ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд хууль, журмыг баримталж тушаал гаргах ёстой. Хамгийн гол нь тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас нэхэмжлэгч гомдол гаргаад байгаа. Биеийн тамир спортын улсын хорооноос ирсэн зөвлөмжид энэ зөрчлийг арилга гэж заасан, С.*******ийг ажлаас чөлөөлж байж заавал энэ зөрчил арилах нөхцөл байдал байгаагүй. Тусгай шалгалтаа тэр дор нь зарлаад, энэ хүнийг ажилдаа тэнцэх эсэхийг тогтоосон бол болох байсан. Энэ бол байгууллагын даргын хувийн үзэмжээр шийдэгдсэн асуудал. С.*******ийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Б/03 дугаартай захирамжаар Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон. Тухайн цаг үед Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул төрийн албаны тухай хууль, холбогдох төрийн албаны шалгалт зохион байгуулах, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй нөхцөл байдалд байсан.

С.******* нь төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Б/05 дугаартай тушаал гарган С.*******ийг тухайн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ, хариуцсан мэргэжилтнээр, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/08 дугаартай тушаал гарган үндсэн ажилтнаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохыг зөвшөөрч тус тус томилсон.

Биеийн тамир, спортын Улсын хорооны ажлын хэсэг манай байгууллагад ажиллаад 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай албан бичиг болон Зөвлөмж-ийг ирүүлсэн. Манай байгууллагад Шүүр ажиллагааг хэрэгжүүлэх явцад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ тайлан, мэдээ, хариуцсан мэргэжилтнийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэж төрийн захиргааны албан тушаалд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож түүнийг хамгийн сайн хангасан гэх үндэслэлээр томилсон байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна гэж зөрчил байгааг дурдсан байдаг.

Улмаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан албан хаагч, ажилтныг чөлөөлөх процессыг хэрэгжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр С.*******т Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн. С.******* нь мөн хариуг ирүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн С.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/43 дугаар тушаалыг гаргасан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэсэн. С.******* мэргэжилтнийг чөлөөлөх тухай тушаалыг дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад нийцүүлэн гаргасан бөгөөд холбогдох сонсох ажиллагааг явуулж, хууль зүйн үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал байхаар, мөн хуулийн 10.4-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал байхаар заасан.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна, 33.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ төрөлтэй байна гэж заасан тул С.******* нь төрийн албаны тусгай буюу сул орон тооны тухайн албан тушаалын шалгалтыг өгч байж томилогдох ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж тусгай шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, мөн төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журам зөрчигдсөн болох нь баримтаар тодорхой харагдаж байгаа, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн тухайд:

Т.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өмнөговь аймгийн Засаг даргын Б/03 дугаар захирамжаар ажилд томилогдсон. Тухайн үед Корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тухайн үед Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны шалгалтыг зохион байгуулах, сонгон шалгаруулалтыг зарлах боломжгүй байсан.

С.*******ийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тухайн өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт-шинжилгээ үнэлгээ тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр түр, ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохоор, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/08 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж тогтоол шийдвэрийн биелэлт хяналт-шинжилгээ үнэлгээ тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн ТЗ-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохоор томилсон.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгож албан хаагчийг ажлаас чөлөөлөх болсон нөхцөл байдлын тухайд:

Биеийн тамир спортын улсын хорооны ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай албан бичиг болон зөвлөмжийг ирүүлсэн. Тус зөвлөмжид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 дугаар албан бичгийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын төрийн байгууллагуудад чиглэл хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуульд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчиж томилогдсон этгээдийг хууль журамд заасны дагуу ажлаас чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар дурдсан, улмаар С.*******ийг томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна гээд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт ...хяналт шалгалтын явцад хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжиж байгааг сануулах нь зүйтэй гэдэг зөвлөмж ирсэн. Хариуцагчийн зүгээс Биеийн тамир спортын улсын хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласан. Биеийн тамир спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар зөвлөмжид дээр дурдсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлж ажиллана уу гэсэн чиглэлийн дагуу Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль хуульд заасны дагуу албан хаагчийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэн ажилласан.

Эхлээд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тогтоол шийдвэрийн биелэлт хяналт- шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн С.*******т мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн, мөн өдөр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******гийн мэдэгдэлд хариу ирүүлсэн. Үүний дараа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг гаргасан. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С.******* нь Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан. Үүний хариуг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.*******т хүргүүлсэн энэ хариу албан бичигт Эрүүл мэндийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар таныг ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн, мөн Биеийн тамир спортын, газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн тогтоол шийдвэрийн биелэлт хяналт-шинжилгээ үнэлгээ тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Дээрх томилгоо хийгдсэнээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж тусгай шалгалт өгөөгүйгээр иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, мөн төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журам зөрчигдсөн байна. Та төрийн жинхэнэ албанд орох бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу сул орон тооны тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөх ёстойг анхаарна уу. Харин тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан байх тул таны гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье гэсэн хариу өгсөн.

Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлийн тухайд:

1. Цаг үеийн нөхцөл байдал буюу Корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан.

2. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 мерит зарчмыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар бүхий Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг тус тус үндэслэн томилсон. С.******* мэргэжилтнийг чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, Биеийн тамир спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэсэн. С.******* мэргэжилтнийг чөлөөлөх тухай тушаалыг дээр дурдсан эрх зүйн актуудад нийцүүлэн гаргасан бөгөөд холбогдох сонсох ажиллагааг явуулж хууль зүйн үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, 12 дугаар зүйлийн 12.1.8, 25 дугаар зүйлийн 25.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т тус тус заасны дагуу С.******* нь төрийн албаны тусгай буюу тухайн албан тушаалын шалгалтыг өгч байж томилогдох ёстой. Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хариу бичигт өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн, сүүлд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн гээд мэргэжилтнээр томилогдсон, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийг тус тус зөрчиж тусгай шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, мөн төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах томилох журам зөрчигдсөн болох нь баримтаар тодорхой харагдаж байна.

Харин тус газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн албанд тавих тусгай шаардлага хангаагүй албан хаагчийг хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлсөн тул захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Сонсох ажиллагааг хууль бусаар хийсэн, сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийн хувьд нэхэмжлэгчид тухайн өдрийн өглөө нь мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө 17 цагт танилцаад, хариу тайлбараа өгсөн. Үүнээс харахад, сонсох ажиллагаанд оролцох хэлбэрийг нь хангасан байна. Нэхэмжлэгч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөөд, сонсох ажиллагаанд тайлбараа бичгээр гаргаж өгсөн гэдэг нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасны дагуу саналыг бичгээр авах боломжтой учир үүний дагуу ажиллагаа хийгдсэн тул сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн. Нэхэмжлэгч хэрвээ сонсох ажиллагаанд тайлбар өгөх боломжгүй нөхцөл байдалд байсан бол маргааш нь эсхүл нөгөөдөр сонсох ажиллагаанд тайлбар өгөөд, ийм нөхцөл байдлын улмаас би сонсох ажиллагаанд хуульд заасан хугацаанд тайлбар өгч чадсангүй гэдгээ тайлбарлах боломжтой байсан.

Корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Уг хуулийн хэрэгжилт дуусгавар болсноос хойш Монгол Улсын хэмжээнд төрийн албанд энэ төрлийн маргаан нэлээдгүй гарах болсон, төрийн албанд хууль бусаар томилогдсон хүнийг буцаагаад төрийн алба томилох шийдвэр гаргах эрх нь захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч тодорхой хуулийн шаардлага хангасан байх ёстой, мерит зарчмыг хангасан байх ёстой. Нэхэмжлэгч өөрийгөө би хамгийн сайн шаардлага хангасан хүн гэж хэлж байгаа боловч энэ бол шалгалтаар тогтоогдох ёстой нөхцөл байдал. Нэхэмжлэгч өөрийгөө тодорхойлоод тогтоох ямар ч боломжгүй.

Мөн нэхэмжлэлд хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй, нотлогдох боломжгүй үйл явдал, болоогүй тодорхой нөхцөл байдлууд байгаа. Тухайлбал нягтлан бодогчийг би ажилд авсан, Т.******* дарга энэ хүнийг чөлөөл гэсэн гэх мэт зүйлс баримтгүй, тухайн үйл баримт болоогүй, ийм бодит үйл явдал болоогүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Орон тоо зарлахгүй байсаар намайг ажлаас чөлөөлсөн гэх зүйлийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг төрийн албанд хуулиар ажиллуулах боломжгүй. Мөн Биеийн тамир, спортын улсын хорооноос Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газарт ирсэн зөвлөмж дээр төрийн албан хаагчийг буруу томилсон бол түүнтэй холбогдох зардал хохирлыг тухайн албан хаагч төлнө гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тушаал гарах болсон нэг шалтгаан үндэслэл нь энэ хүн албан тушаалд буруу томилогдсоноос болоод үр дагавар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа даргад нөлөөлөхөөр байна.

Сонгон шалгаруулалт зарлахыг шаардсан ч юм шиг, шаардаагүй ч юм шиг тайлбарыг нэхэмжлэгч хэлээд байна. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт зарлахыг удаа дараа шаардаж байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй. Хэрвээ байгууллагын удирдлага хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлахгүй байна гэж үзвэл энэ хүн бичгээр шаардлага тавих ёстой, бичгийн шаардлагад хариу өгөхгүй байвал төрийн захиргааны дээд шатны байгууллагад мөн адил бичгээр шаардлага тавих ёстой гэх мэтчилэн бодит байдал дээр шийдүүлэх боломжтой нөхцөл байдал байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр маргаж байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар:

3.1. Нэхэмжлэгч С.******* нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн, улмаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн,[2]

3.2. Үүний дараа Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр 3 сарын хугацаатай, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар уг албан тушаалд үндсэн ажилтнаар /Төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд, ТЗ-6 зэрэглэлтэй/, мөн аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар ...Биеийн тамир, спортын газрын даргын сул орон тоо нөхөгдөх хүртэлх хугацаа /аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Т.*******г Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон/-нд С.*******ийг тус газрын даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилон ажиллуулсан,[3]

3.3. Биеийн тамир, спортын Улсын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар албан бичгээр[4] ажлын хэсгийн Зөвлөмж-ийг тус аймгийн Биеийн тамир, спортын газарт хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн,

3.4. Үүнээс хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдэлд холбогдох хариу тайлбарыг нэхэмжлэгч мөн өдөр нь хариуцагчид хүргүүлсэн байх ба хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/43 дугаар тушаалаар ...хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон гэх үндэслэлээр С.*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн,[5]

3.5. Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамж /Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/-аар Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/ гэж хоёр тусдаа орон тоотой байхаар батлагдсан, үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг томилогдох үед тухайн байгууллагад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байгаагүй, харин Хүний нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх орон тоог баталсан байжээ,[6]

3.6. Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар С.Одончимэгийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-ний албан тушаалд томилсон[7] зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд хүн томилогдоогүй, энэ орон тоо сул байгаа... гэх тайлбарыг гаргасан ба С.Одончимэгийг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-ээр томилсон хариуцагчийн шийдвэр болон тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрүүдтэй холбогдуулан талууд маргаагүй.

5. Харин нэхэмжлэгч талаас ...анх тухайн ажлын байранд шаардлага хангасан гэж томилсон байж ажлаас хууль бусаар чөлөөлсөн, ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй, байгууллагын дарга хувийн үзэмжээрээ хууль зөрчиж уг тушаалыг гаргасан, Биеийн тамир, спортын Улсын хорооноос ирүүлсэн зөвлөмжид зөрчил арилгах талаар зааснаас биш ажлаас чөлөөл гэсэн агуулгагүй, мэдэгдэх хуудас өгч тайлбар авсан боловч сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулаагүй, баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар хангаагүй, сул орон тоог зарласан бол сонгон шалгаруулалтад оролцоод үргэлжлүүлэн ажиллах боломж байсан, төрийн албанд ажиллах хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж,

6. Хариуцагч талаас ...төрийн албанд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй албан тушаалтныг томилсон өмнөх хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг арилгасан, С.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль, эрх зүйн актуудад нийцүүлэн зөвлөмжийг хэрэгжүүлж гаргасан тул хууль зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.

7. Маргаан бүхий захиргааны акт болох Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/43 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэн Хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Санжжавын *******ийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон тухайн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно, 27 дугаар зүйлийн 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус хуульчилсан.

9. Гэтэл Биеийн тамир, спортын газрын дарга 2022 оны Б/05 болон Б/08 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албаны /хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад/ гүйцэтгэх буюу уг албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр нэхэмжлэгчийг шууд томилсон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд хууль, журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

9.1. Зүй нь, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн сул орон тоог хэрхэн нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж зохицуулсан байна.

10. Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ, 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж тус тус заасан.

10.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл энэ хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон, харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг үл харгалзан төрийн албанд шууд томилох агуулгагүй, хуулийн үйлчлэлтэй хугацаа /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал/-нд төрийн албан тушаалд томилогдсон хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй, уг хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүнийг тухайн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох үр дагавар үүсэхээр байна.

11. Биеийн тамир, спортын Улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газарт хүргүүлсэн ажлын хэсгийн зөвлөмжид ...Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй албан тушаалын тодорхойлолтгүй, хуулбар, хэзээ, хаана, хэн баталгаажуулсан нь тодорхойгүй, энэ нөхцөлөөс шалтгаалан төрийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангагдахгүй, албан хаагчдын чиг үүрэг эзэнгүйдсэн, давхардсан, хийдэл гарсан..., ...Шүүр ажиллагааны хэрэгжилтийг шалгах явцад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр С.С-ийг Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар томилсон, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл хангагдаагүй, сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт хэрэгжиж байгааг сануулах нь зүйтэй... гэж дүгнэсэн.

11.1. Мөн Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 48 дугаар албан бичигт[8] ...С.******* нь Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад оролцож байгаагүй... гэжээ.

11.2. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад оролцоогүй, шалгалт өгөөгүй нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдсон, энэ үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5-д зааснаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагч Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

12. Түүнчлэн нэхэмжлэгч талаас захиргааны байгууллагаас мэдэгдэх хуудас өгч надаас тайлбар авсан боловч сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулаагүй, баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар хангаагүй гэж тайлбарлан маргах боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухай маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох эрх хэмжээтэй.

13.1. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн албан тушаалд хууль зөрчин томилогдсон болох нь тогтоогдсон, хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь түүнийг төрийн албанд ажиллах хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

14. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй буюу нягтлан бодогчийг би ажилд авсан, Т.******* дарга энэ хүнийг чөлөөл гэсэн, Т.******* даргаар томилогдсон болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, дараа нь байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон гэх зэрэг үйл баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 46.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******аас гаргасан Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ