Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/258

 

  

  2024            02              27                                       2024/ДШМ/258         

                       

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

цагаатгагдсан этгээд Б.У,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/18 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлээр Б.Ут холбогдох эрүүгийн 2307001850298 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У

Б.У нь эрүүгийн 2307000350090 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “...ноцолдож байгаад бид хоёр хамт газар унасан. Тэгээд би хашаанаас гар гээд босоод хашааны үүд рүү алхтал надтай хамт унасан залуу миний араас босож ирээд хавсарч унагаасан” гэж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Тэгээд унасны дараа босоод хашааны хаалганы зүг рүү алхаад явж байтал ардаас нөгөө залуу босож ирээд миний зүүн хөлийн өвдөг хавьцаа хөлөөрөө хүчтэй хавираад өшиглөчихсөн” гэж, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “түүнийг би анх хэрэг болдог өдөр намайг ардаас минь хавирч унагаасан залуу болохыг нь хараад л таньсан” гэж, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хашаанаас гар гээд буцаад алхахад араас хавсарч унагаагаад нэг унасан. Сүүд унахдаа би ерөөсөө босож ирж чадахгүй байсан.” гэж тус тус мэдүүлсэн атал мөн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “би дотроо бодохдоо энэ залуу намайг хавсарч унагаачихлаа гэж бодоод байгаа юм. Ноцолдож унасны улмаас би бэртсэн. Араас хавсрах шиг мэдрэмж төрсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Б.Ут холбогдох 2307001850298 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Уыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх Б.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрүүгийн 2307000350090 дугаартай Ш.Очир-Өлзийд холбогдох хэрэгт анх Б.Уын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд агуулгад өөрчлөлт орж, Ш.Очир-Өлзийг буруутгах шинж нь илүү болсон хэдий ч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт даргалагч шүүгчийн зүгээс хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5, 8.6, 9.2, 9.3, 9.4, 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлүүдэд заасан хуулийг сануулж авсан хохирогчийн мэдүүлэг /хх 7-13, 96/ болон шүүх хуралд судалсан дээрх нотлох баримтаас үзэхэд Б.Уыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Б.Уын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо, өөрт санагдсанаа мэдүүлсэн байх тул түүнийг Ш.Очир-Өлзийд холбогдох хэргийн талаар хохирогчийн зүгээс санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Б.У нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 6-08 тоотод үл таних залуу намайг хавсарч унагааж, зүүн хөлийг хугалсан тул шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан.

Түүний гаргасан дээрх гомдлын дагуу 2023 оны 1 дүгээр сарын 19, 2023 оны 2 дугаар сарын 28, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус тус хохирогчоор мэдүүлэг авахад “...Миний биед Очир-Өлзий гэх залуу араас босож ирээд зүүн хөлийн өвдөг рүү хавсарч өшиглөн учруулсан..." талаар мэдүүлэг өгсөн.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.У нь эрүүгийн 2307003500090 дугаартай Ш.Очир-Өлзийд холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдож удаа дараа мэдүүлэг өгөхдөө Ш.Очир-Өлзийтэй эхний удаа маргалдаад дээр доороо унасан. Газарт унаад босоод хаалга руу алхаад явж байтал Ш.Очир-Өлзий араас босож ирээд зүүн хөл рүү хавсарч газарт унагасны улмаас гэмтэл авсан талаар тогтвортой мэдүүлэг өгсөн. Гэтэл яллагдагч Б.У нь Ш.Очир-Өлзийд холбогдох эрүүгийн 2307003500090 дугаартай хэргийн гэм буруугийн хуралдаанд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5, 8.6, 9.2, 9.3, 9.4, 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлүүдэд заасан хуулийг сануулж хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авахад, мөрдөн байцаалтын явцад өгсөн 3 удаагийн мэдүүлэгт дурдсан “...Ш.Очир-Өлзий араас босож ирээд зүүн хөлийн өвдөг хавьцаа хавсарч өшиглөсний улмаас уг гэмтлийг авсан...” гэсэн мэдүүлгээ үгүйсгэж “...шүүгдэгч Ш.Очир-Өлзийтэй барьцалдаж газарт унахдаа уг гэмтлийг авсан, ноцолдож унасны улмаас би бэртсэн, гэхдээ ноцолдож унахдаа гэмтсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, түүний урьд 3 удаагийн хохирогчоор өгч байсан мэдүүлгээр тогтоогддог.

Тодруулбал, яллагдагч Б.У нь эрүүгийн 2307003500090 дугаартай Ш.Очир-Өлзийд холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдож удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Ш.Очир-Өлзий араас босож ирээд зүүн хөлийн өвдөг хавьцаа хавсарч өшиглөсний улмаас уг гэмтлийг авсан...” талаар буюу хэн гэдэг хүн, хаанаас босож ирсэн, ирээд ямар үйлдэл хийсэн талаар тодорхой үйлдэл, үйл баримттай, салаа утгагүй мэдүүлдэг. Түүнчлэн Б.У нь дээрх мэдүүлгээ тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас буруу зөрүү мэдүүлсэн байж магадгүй, надад тэгж бодогдсон, надад араас хавсарч өшиглөх шиг мэдрэмж төрсөн гэсэн байдлаар үгүйсгэсэн боловч энэ нь түүний хохирогчоор өгсөн 3 удаагийн тогтвортой өгч байсан мэдүүлгээр няцаагдсан, худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байхад илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хүчингүй болгох”-оор хуульчилсан.

Б.Уын эрүүгийн 2307003500090 дугаартай Ш.Очир-Өлзийд холбогдох хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн нь дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байна.

Мөн Б.Ут холбогдох хэргийг хянан хэлэлцэж цагаатгах тогтоол гаргасан атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь, дээрх зүйл, заалтыг шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргахад баримталдаг хуулийн зүйл, заалт болно. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/18 дугаар цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “Би тухайн үед болсон үйл явдлын талаар л мэдүүлсэн. Надад санаатайгаар худал мэдүүлсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...Б.Уын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо, өөрт санагдсанаа мэдүүлсэн байх тул түүнийг Ш.Очир-Өлзийд холбогдох хэргийн талаар хохирогчийн зүгээс санаатай худал мэдүүлэг өгсөн гэсэн шинж үгүйсгэгдэж байна гээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь гэрч, хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгснөөр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, яллагдагч Б.Уын хувьд мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тус тус хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэсэн мэдүүлгийг гэм буруугийн шүүх хуралдаанд өгснөөр дээрх гэмт хэргийн шинжийг хангасан” гэжээ.

Мэдүүлгийн нотлох баримтад хамаарах хохирогчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримтуудтай харьцуулахад нөлөөлөлд эмзэг баримт сэлтэд тооцогдох бөгөөд шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж, харин хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон хэрэг гарах үеийн цаг агаарын болон гэрэлтүүлгийн нөхцөл байдал зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсвэл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар Эрүүгийн хуулиар зохицуулсан.

Б.Уын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлгийн зөрүү нь тухайн үеийн маргаан, маргаан болж буй газар нь хазгай гэх, мөн цас орсон, согтуурсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг гүйцэт ойлгоогүй, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааг төөрөгдүүлэх зорилго агуулаагүй байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 19 /хх 52/, 2 дугаар сарын 28 /хх 54-55/, 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд /хх 54/, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаанд тус тус хохирогчоор “...Очир-Өлзий гэх залуу араас босч ирээд зүүн хөлийн өвдөг рүү хавсарч өшиглөн учруулсан...” гэсэн мэдүүлгүүд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Ш.Очир-Өлзийд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “...тухайн үед шүүгдэгчийг намайг хавсраад унагаачихлаа гэж бодсон, шүүгдэгчтэй барьцалдаж аваад унахдаа бэртсэн байх..., ...гэхдээ ноцолдож байхдаа гэмтсэн үү, араас хавираад унагаахдаа бэртсэн үү гэдгийг сайн мэдэхгүй байна...” /хх 71, 85/ гэсэн мэдүүлгүүд болон бусад баримттай харьцуулан үзэхэд зориуд худал мэдүүлж, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/18 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР